Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01282

 

Т*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01467 дугаар шийдвэртэй,

Т*******ийн нэхэмжлэлтэй,

Б.Б*******д холбогдох,

Төрд учирсан хохиролд 8,975,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******, хариуцагч Б.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч П.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Б******* нь Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус хэлтсийн Х******* эрхлэлтийн албаны дарга Б.А*******ийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/MA2019/0126 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсийн даргын 2018 оны Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.А*******ийг тус хэлтсийн Х******* эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн.

1.2. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 8,975,919 төгрөгийг Б.А*******т ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон.

1.3. Б.Б*******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 8,975,919 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өмнө нь төрийн албанаас чөлөөлөгдөж шүүхийн тогтоолоор Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсийн Х******* эрхлэлтийн албаны даргаар томилогдсон Б.А*******ийг байгууллагын Х*******ийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн, мөн төрийн өмчийг хувьдаа завшсан, төрийн байгууллагын албан бичиг баримтыг устгасан үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот тушаал гарган төрийн албанаас чөлөөлсөн боловч Б.А******* нь шүүхэд маргаан үүсгэж шүүхийн шийдвэрээр Х******* эрхлэлтийн албаны даргаар эргэн томилогдсон. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг Б.А*******т төлж барагдуулсан.

2.2. Байгууллагаас Б.А*******т олгосон 8,975,919 төгрөг нь төрд учирсан хохирол биш гэж үзэж байна. Учир нь энэ албан тушаалд 1 жил 4 сарын хугацаанаас 9 сар гаруй хугацаанд хэн нэгнийг томилон цалинжуулж ажиллуулаагүй, үлдсэн 6 сар гаруй хугацаанд Д.А*******ийг томилж Б.А*******ийн авч байсан цалин хөлснөөс 1 дахин бага хэмжээний цалин хөлс олгож ажиллуулсан. Дээрх нөхцөл байдлаас Б.А*******т олгосон нөхөн төлбөрийн 8,975,919 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол төрд учруулаагүй гэдэг нь харагдаж байгаа юм.

2.3. Б.А*******ийг Х******* эрхлэлтийн албаны даргын албан тушаалаас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/09 тоот тушаал гарган чөлөөлснөөс хойш Т******* хохирол төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцож үзэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Намайг Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хэлтсийн даргыг томилох эрх бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Х*******,******* ерөнхий газрын дарга, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд дүүргийн хэлтсийн дарга эд хөрөнгийн ямар нэг хариуцлага (бүрэн, хагас) хүлээх заалт огт тусгагдаагүй учраас би нэхэмжилж буй төрд учруулсан хохирол гэх 8,975,919 төгрөгийг төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй болно.

2.4. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжилсэн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б*******д холбогдох төрд учирсан хохирол 8,975,919 төгрөг гаргуулах тухай Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Ажлаас хууль бусаар халсан шийдвэр гаргасан этгээд нь Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсийн дарга Б.Б******* юм. Т******* Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг үндэслэн төрд учруулсан хохирол 8,975,919 төгрөгийг Б.Б*******гээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тодруулбал, хариуцагч Б.Б******* албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа тус хэлтсийн Х******* эрхлэлтийн албаны дарга Б.А*******ийг хууль бусаар төрийн албанаас халсан, уг халсан шийдвэрийг хууль бус болохыг шат шатны шүүх тогтоосон.

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрүүтэй хэрэглэж шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүх ...Б.А******* нь х*******ийн ноцтой зөрчлийг гаргасан болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан хэдий ч Б.А*******т шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байгаа ажилд томилж, ажилгүй байсан хугацааны олговор олгосон нь дан ганц хариуцагчийн гэм буруутай үйлдэл гэж үзэхгүй ... гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчижээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг тул Б.Б*******гийн гаргасан тушаал хууль бус болохыг шүүх тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, Б.Б******* нь өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй тул түүнийг төрд гэм хорын хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзнэ.

Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулсан, учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие төрд 37 жил 6 сар ажилласан ба уг хугацаанд 7 жил х*******ийн улсын байцаагч, 30 жил удирдах албан тушаал эрхэлсэн. Энэ хугацаанд хууль дүрэм зөрчиж, хэн нэгэн албан тушаалтныг халж, сольж, шүүхийн байгууллагаар явсан зүйл байхгүй.

Энэ хэрэг маргаан нь өөр тохиолдол юм. Би төрд хохирол учруулаагүй, төрийн албаны нэр хүндийг унагаасан, төрийн албан хаагчид ёс зүйгүй буруу үлгэрлэл үзүүлж, ноцтой зөрчил гаргасан учраас тухайн ажилтныг байгууллагын дотоод журмыг баримтлаад ёс зүйн хороогоор оруулж, сонсголыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хийж төрийн албанаас чөлөөлсөн. Б.А******* нь төрийн эд хөрөнгийг завшдаг, төрийн сан хөмрөгөөс өөрийн ах дүүст мөнгө авч өгдөг, төрийн ажлыг хийдэггүй, төрийн байгууллагын албан бичгийг урьж устгадаг ноцтой үйлдэл нь төрийн албан хаагчид сөрөг нөлөө үзүүлж байсан учраас байгууллагын дотоод журмыг баримталж чөлөөлсөн.

Намайг уг албан тушаалыг хашиж байхад Төрийн албаны ёс зүйн тухай хууль батлагдаагүй байсан. Тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үед Төрийн албаны тухай хуулийг барихад ажлын үр дүн нь 2 жил дараалан F үнэлгээтэй гарсан тохиолдолд ажлаас чөлөөлдөг байсан бөгөөд бусдаар ажлаас чөлөөлөх заалт байдаггүй байсан.

Иймд байгууллагын дотоод журмын заалтыг ноцтой зөрчсөн учраас х*******ийн харилцааг шууд дуусгавар болгосон. Тухайн ажлаас чөлөөлсөн тушаалын талаар Б.А******* Т*******д гомдол гаргасан. Т******* Б.А*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 6 сар судлаад үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Хэрэв Т******* тухайн гомдлыг 6 сар судалсны эцэст миний гаргасан тушаалыг буруу байна гэж үзсэн бол буцаагаад ажилд нь томилох байсан. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө гаргасан шийдвэрийг санамсаргүй, болгоомжгүй, хууль дүрэм мэдэхгүйгээс шалтгаалан алдаа зөрчил гаргаж Б.А*******ийг хохироосон буюу төрд хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Би хэн нэгэн хүнийг улс төр, хувийн харилцааны таагүй байдлаас улбаалан ажлаас чөлөөлөөгүй, улс төрөөр явдаг хүмүүс шиг намын нөхөр, танил талаа ажиллуулаагүй.

Б.А*******ийн ажлын ачааллыг өөр дээрээ авч ажилласан. Түүнчлэн, Иргэний хуульд заасан гэм хор учруулсныг төр хариуцаж төлсөн бол тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулна гэж заасан боловч Хан-Уул дүүргийн х************** хэлтэс надаас уг хохирлыг гаргуулахаар шаардаагүй. Аль нэг байгууллагаас намайг төрд хохирол учруулсан буруутан гэж үзсэн шүүхийн шийдвэр байхгүй.

Иймд анхан шатны шүүх хэн буруутай талаар зөв дүгнэлт хийж, Т*******ийн бурууг харгалзаж үзсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч Т******* нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан төрд учирсан хохирол 8,975,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч Б.Б******* Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот тушаалаар тус хэлтсийн Х******* эрхлэлтийн албаны дарга Б.А*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0769 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0126 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар тогтоолоор Б.А*******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,1021,025 төгрөгийг олгохыг Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, татвар шимтгэлийг суутгаж олговорт 8,118,922 төгрөгийг Б.А*******т олгосон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу Т******* Б.Б*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Т******* нь Б.Б*******гээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрд учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр мөн хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар буцаан шаардах эрхийн хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлж байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ.

Хариуцагч Б.Б******* хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 128/ШШ2018/0769 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0126 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар тогтоолоор тогтоогдсон, үүний улмаас төрөөс буюу Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсээс ажилгүй байсан хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл буюу 10,5 сараар тооцож 8,118,922 төгрөгийг гаргаж Б.А*******т олгосон тул төрд энэ хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон гэж дүгнэнэ.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн ...498.2, ...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй гэж зааснаар Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтэс нь хариуцагч Б.Б*******гээс хохирол шаардах эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар Т******* төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Харин Б.А******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлыг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Т*******ийн Х*******, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд гаргасан байх ба тус зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, энэ өдрийн 44 тоот албан бичгийг Б.А******* 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гардуулж өгсөн байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн үйлдлийг илтэд болгоомжгүй гэж дүгнэн, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг 8,118,922 төгрөгийн тал хувиар бууруулан 4,059,461 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Харин уг мөнгөн хөрөнгө Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтсээс гарч Б.А*******т олгогдсон байх тул хохирлыг мөн байгууллагад олгох учиртай. Иймд хариуцагч Б.Б*******гээс гэм хорын хохиролд 4,059,461 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтэст олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

8. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 гэсэн заалтыг 2 удаа бичсэн алдаа гаргасныг залруулж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 79,901 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулна.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б*******гээс гэм хорын хохиролд 4,059,461 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Х*******,******* хэлтэст олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 41.1.3-д заасны гэснийг хасч 41.1.3 гэсний дараа 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэж нэмж, дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч Б.Б*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 79,901 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЗОЛЗАЯА