| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0013/э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 21
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч П.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Цт холбогдох эрүүгийн 1830003820258 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, 1977 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг,Төмөртэйн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.Ц.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч П.Цнь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн ... тоотод согтуугаар, эхнэр Ө.Ог зодож, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Цшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эхнэр 2018 оны 11 дүгээр сарын эхээр аймгаас хойш 45 км-т байдаг “Х” гэх газар байдаг эгчийнхээ гэр рүү малыг нь хариулахаар явсан юм. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгээс надруу залгаж, “танай эхнэр эмээ уухгүй алга боллоо” гэж ярьсан. Тэгээд эмийг нь уулгах гээд арын хашаанд байдаг Д.Т ахыг мотоциклтой болохоор нь гуйж эхнэр Ө.О рүү явсан. Хөдөөнөөс ирэхдээ эгчийнхээс нэг ямаа авчирсан юм. Тэр ямаагаа ажиллах гэтэл манай гэрт тог байхгүй байсан болохоор Д.Т ахынд ажиллаад эхнэр бид хоёр арьсыг нь “Д” дэлгүүрт 20000 төгрөгөөр өгч 2 шил архи авч буцаад Д.Т ахын гэр рүү очиж хоёр шил архиа уусан. Шөнө 00 цагийн орчим унтаж амрахаар Ө.О бид хоёр орондоо орсон. Ингээд эхнэртэйгээ бэлгийн ажил хийх гэтэл дургүйцээд байхаар нь би уурлаад хэвлий орчимд нь хөлөөрөө өшиглөсөн. Шөнө унтаж байхад Ө.О нь гэдэс өвдөөд байна гээд бахираад байхаар нь 04-05 цагийн хооронд Ог өргөөд гэррүүгээ явсан. Тэгээд түргэн дуудсан.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
- Хохирогч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо надад гомдол байхгүй. Би хөдөө байхдаа вирусны эм ууж байгаад дууссан. Тэгээд энд ирсэн. Эр эм хүн муудах сайндах асуудал байдаг. Энэ бүхэн архинаас болсон. Манай хүнийг хөнгөн шийтгэж өгнө үү. Одоо бид хоёр хэвийн, сайн харилцаатай байгаа. Энэ хүн амьдрахын төлөө мал махны ярга хийж явдаг. Намайг эгчийнд байхад манай хүн ирээд эгч ямаа өгсөн. Тэр ямааг авч ирээд гэрт тог байхгүй болохоор нь Т ахынд ажилласан. Тэгээд арьсыг нь дэлгүүрт өгөөд тэр мөнгөөр нь архи авч уугаад хоносон. Тэгээд унтаж байхад О бэлгийн ажил хийнэ гэхээр нь нойрноосоо болоод дургүйцсэн.О намайг жийх шиг л болсон. Тэр үед мэдэгдээгүй, унтаад өгсөн. Тэгсэн жаахан байж байгаад дотор муухайраад эхэлсэн. Тэгээд түргэн дуудаж үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Одоо надад өвдөж байгаа зүйл байхгүй, гомдолгүй, нөхрийг минь хөнгөн шийтгэж өгнө үү гэв.
Эрүүгийн 1830003820258 дугаартай хэргээс:
- Гэрч Д.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой аймгаас хойш 45 км Цтай түүнийг эхнэрийг авчирахаар явсан. Ирэхдээ нэг ямаа авчирч, ирээд түүнийгээ ажилласан. Ямааныхаа арьсыг Д дэлгүүрт өгч “Ерөөл” нэртэй 0.75 литрийн 500 граммын 2 шил архи авч архиа манайд уусан. Орой 22 цагийн үед унтахаар болж П.Ц, Ө.О нар орондоо орж гэрлээ унтраасан. Гэтэл удалгүй О нь намайг гэрлээ асаагаарай, Ц алах гээд байна гэхээр нь гэрлээ асаасан. Гэрэл асаахад О нь орноосоо босч хоорондоо хэрэлдэж байсан. Хэрэлдэж байхыг нь сонсвол О нь Цынхаа гэрийнхэнийг муулж байсан. Ц нь Ог гичий банзал гэх мэтээр хэлээд байсан. Удалгүй орондоо орж унтаж амарсан. Шөнө унтаж байгаад 05 цагийн үед Ц нь Огээ өргөөд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ө.Огийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ.
- Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хх-ийн 20-43/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4/1097 тоот тодорхойлолт /хх-ийн 55/,
- Шүүгдэгч П.Цын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч П.Цнь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн ... тоотод согтуугаар, эхнэр Ө.Огийн хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Цмөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ө.О, гэрч Д.Тгийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 628 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Цт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч П.Цын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Цнь хохирогч Ө.Ог зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч П.Цнь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос П.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч П.Цгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.О гомдолгүй, нэхэмжлэх гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхээр тогтов.
Шүүгдэгч П.Цнь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П. Цыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан ялтан П.Цт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Ялтан П.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ялтан П.Цнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ө.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА