Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 01016

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Нацэц” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн Хуучин тосгоны 12-04 тоотод оршин суух Хатиган овгийн Чойжилсүрэнгийн Энхмаа /регистрийн дугаар ИЖ7980702/-д холбогдох 302 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонцэцэг, хариуцагч Ч.Энхмаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Нацэц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Энхмаа нь 2014 оны 07 сарын 29-нд манай ломбарднаас 195,000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай барьцаагүй зээлж авсан боловч хугацаандаа төлж барагдуулсангүй.Энэ хугацаанд би өөрөө олон удаа утсаар ярьж ажлын газраар нь олон очсон/гэрийн хаягаар нь очиход уг хаяганд оршин суудаггүй/ боловч цалин буухаар өгье тооцоо хийнэ” гэж хоног хугацаа хожиж залилан мэхлэх үйлдэл үзүүлэн намайг сэтгэл санаа эдийн засгаар хохироож байгаа тул Ч.Энхмаагаас үндсэн зээл 195,000 төгрөг 7 хоногийн хүү 6800 төгрөг, алданги 100,900 төгрөг, нийт 302,700 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Нацэц ХХК хариуцагч Ч.Энхмаагаас 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс зээлсэн 195 000 төгрөгийг 7 хоногийн хүү алдангийн хамт нийт 302 700 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Энхмаа нь хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаан байхгүй тул 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 50 000 төгрөгийг төлж байхаар хүссэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө 6 сарын дотор дуусгахаар гэрээ байгуулав. Давж заалдах болон хяналтын журмаар шийдвэрлэхгүй болохыг талууд ойлгосон. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Сар бүрийн 50 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 407232701 тоот дансанд хийнэ үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Нацэц” ХХК нь хариуцагч Ч.Энхмаад холбогдуулан 302 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч Нацэц ХХК хариуцагч Ч.Энхмаагаас 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс зээлсэн 195 000 төгрөгийг 7 хоногийн хүү алдангийн хамт нийт 302 700 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Энхмаа нь хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаан байхгүй тул 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 50 000 төгрөгийг төлж байхаар хүссэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө 6 сарын дотор дуусгахаар гэрээ байгуулав. Давж заалдах болон хяналтын журмаар шийдвэрлэхгүй болохыг талууд ойлгосон. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Сар бүрийн 50 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 407232701 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид хугацааны хувьд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар өөрөөр тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 9730 гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Нацэц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 302 700 төгрөгийг хариуцагч Ч.Энхмаа нь хүлээн зөвшөөрч 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 50 000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Энхмаагаас 9730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нацэцэ” ХХК-д олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Р.ҮҮРИЙНТУЯА