Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
Хэргийн индекс | 174/2019/0022/э |
Дугаар | 24 |
Огноо | 2019-01-21 |
Зүйл хэсэг | 17.2.2., |
Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 24
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гд холбогдох эрүүгийн 1830003540233 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, мөн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 03 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан Т.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” дэлгүүрийн орчимд Б.Мд хүч хэрэглэж, довтлон эд зүйлийг нь дээрэмдэж 193000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой Б дэлгүүрийн ур талд хохирогчтой таараад Ц дэлгүүрийг асуусан. Тэгээд хохирогчийн цүнхийг булаасан. Цүнхэн дотор нь 2 гар утас байсан гэв.
Эрүүгийн 1830003540233 дугаартай хэргээс:
- Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр Т хоршооны хойно байдаг найзындаа очоод 20 цаг өнгөрөөгөөд гэрлүүгээ явсан. Тэгээд Далангийн гудамжны зүүн үзүүрт байдаг “Б” дэлгүүрийн баруун талаар хойшоо гараад явж байхад нэг залуу ирээд “Ц” дэлгүүр хаана байдаг вэ гэхээр нь зүүн урд байдаг гэж хэлж өгөөд явж байхад нөгөө залуу намайг түлхэж унагаад цүнхнээс татахаар нь өгөхгүй гэж оосроос нь татаад дийлээгүй. Босох гэтэл толгой дээр дарчихаад цүнхийг мултлаж аваад урагшаа зугтаасан. Араас нь харахад харагдахгүй байхаар нь Б дэлгүүр лүү орж цагдаад мэдэгдсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/,
- Гэрч Э.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 11 дүгээр сарын 13- ны орой 21 цаг 10 минутын орчим намайг “Б” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад гаднаас танихгүй эгч орж ирээд “Эгчийг нь танихгүй хүн түлхэж унагаад, цүнх аваад зугтчихлаа, гар утсаа өгчих, цагдаа дуудья” гэхээр нь утсаа өгч яриулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №003 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Гэс хураан авсан гутлын улны хээ нь шинжилгээнд тэнцэнэ, “1” цэгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Т.Гийн өмсөж явсан гэх гутлын зүүн өмсгөлийн гутлын мөр байна гэжээ.
- Баруун-Урт сумын үнэлгээний комиссын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9/644 дугаартай тодорхойлолт /хх-ийн 58/,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/
- Шүүгдэгч Т.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Б дэлгүүрийн орчим Б.Мд хүч хэрэглэн довтолж, эд зүйлийг дээрэмдэн 193000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.М, гэрч Э.Н нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 0003 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлын үр дагавар шууд шалтгаант болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Т.Гийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхэд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Г нь хохирогч Б.Мд хүч хэрэглэн довтолж эд зүйлийг дээрэмдэн 193000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Шүүгдэгч Т.Г нь бусдын биед хүч хэрэглэн эд зүйл авахаар довтолж 193000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Прокуророос Т.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Гийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Гд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Т.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтах тул түүнд хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамжаар 03 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Г цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Гийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Гийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Гд оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 11 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Гд оногдуулсан 3 жил 3 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ялтан Т.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА