Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2023/02168/И |
Дугаар | 210/МА2024/01308 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01308
Ш.С*******, Б.С*******, Б.Н******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01682 дугаар шийдвэртэй,
Ш.С*******, Б.С*******, Б.Н******* нарын нэхэмжлэлтэй,
Б.А*******од холбогдох
69,400,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Х******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Ш.С******* миний бие Б.А*******той 1999 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байгаад 2000 онд охин Б.Н*******г, 2003 онд охин Б.С*******г төрүүлсэн юм. Ийнхүү хамт амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас салж, тусдаа амьдрах болсон.
1.2. Улмаар З******* аймгийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Н*******, Б.С******* нарыг миний асрамжинд үлдээж, Б.А*******оос охидуудад хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгож байсан юм.
1.3. Б.А******* нь охидууддаа тэтгэлэгийг нь огт төлж байгаагүй бөгөөд одоо охидууд маань насанд хүрсэн ч сургалтын төлбөр болон цаашдаа гадаадад сурах зардал зэргийг би дангаараа төлсөөр байна. Охин Б.Н*******, Б.С******* нарын овгийг 2016 онд буюу сүүлд гэр бүл болсон нөхөр Б*******өөр овоглох болсон юм. Хэдийгээр овгийг нь өөрчилсөн ч эцэг хүн, өөрийн үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэж байна. Тийм ч учраас төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн гаргуулах мөн өнөөдрийг хүртэл төлсөн их сургуулийн төлбөрийн тал хувийг Б.А*******оос гаргуулахаар нэхэмжилж байна.
1.4. Шүүхийн шийдвэр гарснаас хойш охин Б.Н*******гийн тэтгэлгийн хэмжээ нь 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16,424,342 төгрөг, охин Б.С*******гийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 24,096,225 төгрөг болж байна. Мөн үүн дээр охин Б.Н******* Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцсан нийт төлбөр 22,610,000 төгрөг, Б.С*******гийн Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд төлсөн төлбөр нь 6,270,000 төгрөг болж байна.
Иймд Б.А*******оос охин Б.Н*******, Б.С******* нарын хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг 40,520,550 төгрөг, их сургуулийн сургалтын төлбөрт 28,880,000 төгрөг, нийт 69,400,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Охин Б.Н******* Б.С******* нар нь Б.А*******ын төрсөн охид мөн. 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ийг өдөр хүртэлх хугацааны хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг, их дээд сургуулийн сургалтын төлбөрийн хамт нийт 69,400,550 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
2.2. Учир нь 2007 онд З******* аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 16 нас хүртэлх, хэрвээ сурч байгаа бол 18 нас хүртэл 100 хувиар тогтоож эцэг Б.А*******оос охин Б.С*******д тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018 онд Б.А*******ын эд хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч Ш.С******* Б.А*******оос бэлнээр мөнгө авч тэтгэлгийн асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байдаг.
2.3. 2000 онд төрсөн Б.Н*******, 2003 онд төрсөн Б.С******* нар 2007 оноос хойш тэтгэлэг аваагүй гэж байна. 2013 онд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахад Б.С******* нь 10 настай, Б.Н******* 14 настай байсан. 2018 онд Б.Н******* нь 18 нас хүрч, эрх зүйн бүрэн чадамжтай болсон. Тиймээс үүнээс хойшхи сургалтын төлбөр зэрэг зардыг эцэг Б.А******* нь төлөх үүрэг хүлээхгүй. 2003 онд төрсөн Б.С******* нь 2021 онд 18 нас хүрсэн байдаг. 2013 оноос хойш тэтгэлэг өгөөгүй гэж яриад байгаа бол яагаад одоог болтол тэр талаараа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь үүргээ биелүүлээгүй.
2.4. 2016 онд нэхэмжлэгчийн хүсэлтээр хүүхдүүдийнхээ хувь заяаг бодоод овгийг нь сольсон. Түүнээс хойш өөр хүнээр овоглоод явсан учраас намайг эцгээ гэж бодох бодол нь байхгүй болсон. 2007 оны шүүхийн шийдвэртэй холбоотой хүүхдийн тэтгэлгийг нөхөж гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Сургалтын төлбөрийн хувьд ч мөн төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч Б.А*******оос 14,439,158 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.С*******, Б.Н*******, Б.С******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,960,742 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******оос 230,146 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Ш.С******* бид хоёр хүүхэд, сурагч ахуйдаа болон оюутан үедээ буюу одоогоос 24 жилийн өмнө үерхэж байхдаа хүүхэдтэй болсон болохоос огт гэр бүл болж, өрх тусгаарлаж, гэрлэлтээ батлуулж байгаагүй. Гэтэл Ш.С******* нь гэр бүл болж амьдарч байсан мэтээр ойлгогдохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Бид 1999 оноос 2003 он хүртэл хугацаанд аав, ээжийнхээ гэрээр орж, гарч уулзаж үерхэж байгаад нэгэнт таарч, тохирохгүй хүмүүс гэдгээ ойлголцоод хоёр тийш болж, тус тусын амьдралыг бодсон.
4.2. 2007 онд Ш.С******* З******* аймгийн шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж тус шүүхээс хүүхдийн тэтгэлэг тогтоосон байдаг. Гэтэл энэ 2007 оны шүүхийн шийдвэрийг гэрлэлт цуцалсан гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрт тусгасан байгаа нь огт үндэслэлгүй.
4.3. Охин Б.Н*******, Б.С******* нар нь одоо насанд хүрсэн бөгөөд Ш.С******* нь өөрийн нөхөр болох н.Б*******өөр овгийг нь аль эрт 2013, 2014 оноос сольсон байсныг би 2021 онд л өөрөө олж мэдсэн. Овог сольсныг би мэдэлгүй охидуудаа 2021 он хүртэл байнга харж, хандаж, мөнгө өгч байсан бөгөөд Б.Н*******г 9-р ангийг нь төгстөл өөр дээрээ байлгаж, сургуулийг нь төгсгөж байсан. Ш.С******* овог сольсон үйлдлээ надад огт мэдэгдээгүй, намайг залилж мөнгө авдаг байсан байна. Нэгэнт хүүхдүүдийг н.Б*******өөр овоглосон тул үрчилж авсан үеэс эхлэн хуулийн дагуу тэжээн тэтгэх асуудлыг н.Б******* хариуцах ёстой гэж би үзэж байна. н.Б******* нь хүүхдүүдийн асуудалд хариуцлага хүлээдэггүй гэж Б.Н******* надад ярьж байсан удаатай.
4.4. 2013 онд Ш.С******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж миний нэр дээр байсан машиныг хүртэл битүүмжлүүлж, хүүхдийн мөнгөний асуудлаар надаас мөнгө нэхэж, мөнгө ахиу өгвөл битүүмжлэлийг чинь гаргуулна, би байраа томруулах гэж байгаа, мөнгө хэрэгтэй байна гэж дарамталж тухайн үед би байсан хамаг мөнгө болон таньдаг хүмүүсээсээ мөнгө зээлж Ш.С*******д өгч хүүхдийн мөнгө дахиж нэхэхгүй гэж баталгаа бичиг гаргуулж нотариатаар батлуулж энэ асуудлыг хуулийн дагуу хаалгасан нь тус хэргийн материалд байгаа. Би тухайн үед өөрийн гэсэн орон гэргүй байсан хэдий ч Ш.С*******ийн нэхсэн бүх мөнгийг өгч байсан.
4.5. Одоо нэгэнт Б.Н*******, Б.С******* нар нь насанд хүрсэн, тэд өөр овогтой тул надаас мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн, зөв бодитой дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар бүгд оролцсон. 2007 онд гэрлэлтээ цуцлуулснаас хойш хариуцагч Б.А******* нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгэх үүргээ огт биелүүлээгүй.
5.2. 2013 онд банкнаас зээл авах шаардлагатай байна, дараагийн ангилалд ороход хүүхдийн тэтгэлэг саад учруулаад байна гэх гуйлтын үндсэн дээр Ш.С******* нь татгалзсан бичгийг хийж өгсөн ба хүүхдийн тэтгэлгийг бөөн төлсөн зүйл байхгүй. Ш.С******* нь хүүхдүүдээ өөр хүнээр овоглосон ч тэжээн тэтгэх үүргээ ганцаараа биелүүлж, тэднийг их сургуульд сургасан. Мөн их сургуульд сургасантай холбоотой орон нутгаас шилжиж ирээд маш их өр зээл тавьж, хүнд байдалд орсон учир аргагүйн эрхэнд хариуцагчаас нэмэлт тэтгэлгийг нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ш.С*******, Б.Н*******, Б.С******* нар нь хариуцагч Б.А*******од холбогдуулан төлөөгүй хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөрт гарсан зардлын хамт нийт 69,400,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. З******* аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр охин Б.Н*******, Б.С******* нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Б.А*******оос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин Б.Н*******, Б.С******* нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэрээр Ш.С******* болон Б.А******* нар гэрлэлтийг цуцлаагүй. Учир нь тэдгээр нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ. Иймд зохигчийн хэн алины тайлбарт гэрлэлт цуцалсан гэж бичсэн болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01682 дугаартай энэ шийдвэрт тэдний гэрлэлтийг цуцалсан гэж дүгнэсэн алдаатай болжээ.
3.1. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байсан бөгөөд нэхэмжлэгч Ш.С******* нь ...Б.А*******той хувиараа тохиролцож, тухайн асуудлыг шийдвэрлэсэн тул дээрх шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусган хааж өгнө үү гэсэн хүсэлтийг Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар уг ажиллагаа дуусгавар болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Ш.С*******ийн гараар бичсэн хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байгааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-32, 38/
3.2. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан.
Нэхэмжлэгч Ш.С******* нь Б.А*******той тохиролцож, хуулийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүсэлтээр дуусгавар болгосон тул Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан хариуцагч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.
3.3. Нэхэмжлэгч Ш.С*******, хариуцагч Б.А******* нарын дундаас төрсөн хүүхдүүд болох Б.Н*******, Б.С******* нарыг анх эцэг Б.А*******оор овоглож төрсний бүртгэлд бүртгүүлсэн бол нэхэмжлэгч Ш.С******* нь охидын 2016 онд өөрийн нэрээр овоглож, улмаар мөн ондоо тэдний овгийг өөрчилж н.Б*******өөр овоглосон үйл баримт талуудын тайлбар, Б.Н*******, Б.С******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсний лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон байна. Энэ тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн гэх үндэслэлээр мөн хуулийн 53.1-д зааснаар Б.А*******оос хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болжээ.
3.4.Түүнээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар мөн хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан бөгөөд тэжээн тэтгүүлэг Б.Н*******, Б.С******* нар нь энэ үүргийг үрчилсэн эцэг болох н.Б*******өөс шаардаж болно. Учир нь эцэг Б.А*******ын үүрэг Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.3-т зааснаар 2016 онд дуусгавар болсон байхаас гадна тэдгээрийн их, дээд сургуульд суралцсан сургалтын төлбөрт гарсан зардал нь тэдний овгийг өөрчилсөн 2016 оноос хойшхи цаг хугацаанд хамаарч байна.
Иймд хариуцагч Б.А******* нь охин Б.Н*******, Б.С******* нарын сургалтын төлбөрт гарсан зардлыг төлөх хуульд заасан үүрэггүй байна.
4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/01682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.А*******од холбогдох хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөрт гарсан зардал нийт 69,400,550 төгрөг гаргуулах тухай Ш.С*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,146 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА