Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 27

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, 

Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр 

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох эрүүгийн 1830003730262 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 1996 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан. Х.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/: Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газар нутаглах иргэн Б.Эаас 100 тооны хонь, 6 тооны үхрийг зарж борлуулаад мөнгийг нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж амлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 20 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. 

Эрүүгийн 1830003730262 дугаартай хэргээс: Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын Дн гэх газар нутаглах Б.Этай малын наймаа хийсэн. Урьд нь түүнээс болон аав Бат-Өлзийгөөс нь ноолуур, мал мах худалдан авч байсан учраас таньдаг болсон. Б.Эаас 6 тооны үхрийг худалдаж авсан бөгөөд мөнгийг нь 2018 оны 07 дугаар сард өгнө гэж тохирсон юм. Мөн 1 хонийг 130000 төгрөгөөр тооцож нийт 100 тооны хонийг авахаар болсон. 2018 оны 07 дугаар сард 20000000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Үүнийг өгөөгүй байгаа гэв. /хх-ийн 21/ - Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2014 оноос 2018 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын нутгаар нутаглаж ирсэн. Энэ хугацаандаа Х.Бтэй танилцаж, хаврын цагт ноолуур, мал худалддаг болсон. 2018 оны 04 дүгээр сард Б нь манай саахалт айлуудаас мал худалдан авч байсан. Манайхаас нэг эр хонийг 130 000 төгрөгөөр тооцож 100 тооны эр хонь, нэг соёолон насны эр үхрийг 1 200 000 төгрөгөөр тооцож 5 тооны соёолон насны эр үхэр, хязаалан насны эр үхрийг 1 000 000 төгрөгөөр тооцож 1 тооны хязаалан эр үхэр нийт 20 000 000 төгрөгийн мал авсан. Гэтэл энэ мөнгөө өгөхгүй утсаар нь ярихаар заримдаа утсаа авахгүй, заримдаа энэ долоо хоногт өгнө, өөрөө ирж уулзахаар банкны зээл хөөцөлдөж байна гэх зэргээр худал хэлдэг. Х.Б нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хх- 5-6, 36/, 

Гэрч Ж.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... Б нь манай тэр хавиар ноос ноолуур аваад 2-3 удаа ирж байсан. Тухайн үедээ өөрийгөө боломжийн сайн наймаачин гэж танилцуулсан болохоор би итгээд малаа өгч явуулсан. Б нь тухайн үед манайд өөрөө ирээд мөнгийг нь сарын дараа өгье 20 сая төгрөгийн мал авья гээд гуйгаад байхаар нь би итгээд малаа өгч явуулсан. ... эхний үед мөнгөө нэхэхээр маргааш өгнө, долоо хоногийн дараа өгнө гэдэг байсан боловч одоо бүр таг болсон” гэх мэдүүлэг /хх-10-12/, 

Сүхбаатар аймгийн Асгат суман дахь эд зүйлийн үнэлгээ /хх-22/ 

Х.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 9/661 дугаартай тодорхойлолт /хх-23/ зэрэг баримтууд болно. 

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газар нутаглах хохирогч Б.Эын 100 хонь, 6 үхрийг зарж борлуулаад мөнгийг нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өгнө гэж амлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 20 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Э, гэрч Ж.Т нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Х.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. Шүүгдэгч Х.Бийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт үйлдлийн улмаас бодит байдлыг буруугаар ойлгож төөрөгдөлд орсон этгээд байх бөгөөд тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч хамаарна. 

Шүүгдэгч Х.Бийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Прокуророос шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Х.Бийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч нь Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Х.Бд торгох ял оногдуулахаар тогтов. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан. Иймд шүүгдэгч Х.Бээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Эт олгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 20 000 000 төгрөг төлөхөө илэрхийлснийг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Х.Бийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х.Бд мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Х.Б нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Х.Бээс 20 000 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг, Өргөө шанд гэх газар нутаглах Бат-Өлзийн Эрдэнэбаатарт олгосугай. 

6. Ялтан Х.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА