| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0028/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 28
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,
Шүүгдэгч Ш.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Цд холбогдох эрүүгийн 1930000260020 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Худалдааны ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Ш.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/: Шүүгдэгч Ш.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Гын толгойн тус газар “Соёрхол” нэртэй 0.5 граммын архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн,
Эрүүгийн 1930000260020 дугаартай хэргээс:
- Хохирогч Ж.Гын мөрдөн байцаалтад өгсөн: ”... Ш.Ц намайг чи одоо хүний мууд дурлаад янхан эхнэрээ үхүүлсэн пизда гэх зэргээр хэл амаар доромжлохоор нь би Цд хандан чи одоо ахыгаа яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Ш.Ц чи хүний мууд дурласан гээд гартаа барьж байсан 0.5 граммын Соёрхол нэртэй шилтэй архиар толгойн тус газар цохиж гэмтэл учруулсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх- 3-5/,
Гэрч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “... Ц.Г ахыг архины шилээр цохиж байсныг хараагүй. Гэхдээ Ш.Ц Ж.Г ахыг хүний мууд дуртай, эхнэрээ үхүүлсэн гэж маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-8/,
Гэрч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үдийн хойно худаг руу усанд явж байхад “Бидний хишиг” дэлгүүрийн үүдэнд Ш.Ц ах таараад 20000 төгрөг өгөөд дэлгүүр лүү ороод нэг шил 0.5 граммын Соёрхол архи аваад өгчих гэхээр нь би дэлгүүр орж архи авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-9/,
Гэрч М.Дын мөрдөн байцаалтад өгсөн: ”... Ж.Г ахыг Ш.Ц архины шилээр толгойн тус газар нэг удаа цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-12/,
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаартай дүгнэлтэнд: Ж.Гын биед толгойн оройн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-15/,
Ш.Цы л шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/,
Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолт /хх-55/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Ш.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Гын толгойн тус газар “Соёрхол” нэртэй 0.5 граммын архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Цы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч Э.Э, Б.М, М.Д нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ш.Цд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ш.Цы бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Ц нь хохирогч Ж.Гыг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ш.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Ш.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ш.Цд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ж.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Ш.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Ш.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ш.Цд мэдэгдсүгэй.
5. Ялтан Ш.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА