Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 01018

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15-32 тоотод оршин суух, Хишигт овгийн Отгоны Долгорсүрэнгийн /регистрийн дугаар ФМ61070167/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Долгорсүрэн, гэрч Ч.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.Долгорсүрэн 1986 онд Эрдэнэт хотын 12-р цэцэрлэгт ажилд орж тасралтгүй 30 жил ажиллаж байна. 1986 оноос 1994 он хүртэл 12-р цэцэрлэгт байсан үеийн архивийн баримт болон бусад материал олдохгүй болсон тул намайг 1986 оны 10 сарын 10-наас 1994 оны 12 сарын 31 хүртэл Эрдэнэт хотын 12-р цэцэрлэгт асрагч ба багшаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. 12 дугаар цэцэрлэг 1995 оноос 16-р цэцэрлэг болон өөрчлөгдсөн.Би одоо ч 16 дугаар цэцэрлэгтээ туслах багшаар ажиллаж байгаа” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Долгорсүрэн нь 1986 оны 10 дугаар сарын 10-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл 12 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Отгоны Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрт

1. “1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 39 тоот тушаалаар Эрдэнэт хотын 1 дугаар цэцэрлэгт бохирын цэвэрлэгчээр авч ажиллуулав” гэжээ.

2. “1988 оны 12 дугаар сарын 14-ны 43 тоот тушаалаар Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгт багшаар авч ажиллуулав” гэжээ.

3. 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Орхон аймгийн 16-р цэцэрлэгийн багшаар хөдөлмөрийн дэвтэрийн нийгмийн даатгалын багц хуулийг үндэслэн 1194 оны 12 дугаар сарын 31-нй өдрөөр тасалбар болгон хаав” гэжээ.

4.Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгээс О.Долгорсүрэнд олгосон үнэмлэхэнд “Отгон овогтой Долгорсүрэн нь Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг тул үнэмлэх олгов.1993 оны 12 дугаар сарын 31 хүртэл хүчинтэй” гэжээ.

5.Гэрч В.Уранчимэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:”Би Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгт 1988 онд анх ажилд орсон.Тэгэхэд О.Долгорсүрэн үйлчлэгчээр ажиллаж байсан.Түүнээс хойш 25 жил бид 2 хамт ажилласан.Манай 12 дугаар цэцэрлэг 16 дугаар цэцэрлэг болж өөрчлөгдөж байсан” гэжээ.

6.Гэрч Ч.Цэндсүрэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”Би 1990 оноос Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр томилогдон ажилласан.Гок-д 12 цэцэрлэг гэж байсан учраас 12 гэсэн цэцэрлэг 2 байна гэж шийдвэрлэсний дагуу 1995 оноос манай Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэг 16 дугаар цэцэрлэг болж нэр, хаяг өөрчлөгдсөн.Би 1998 он хүртэл 12 дугаар цэцэрлэгт ажилласан.О.Долгорсүрэн одоо ч 16 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа.2016 оны 08 дугаар сараас тэтгэвэртээ гарах гэж байгаа” гэжээ.

Нэхэмжлэгч О.Долгорсүрэн нь 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн 12 дугаар цэцэрлэгт бохирын цэвэлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгээс О.Долгорсүрэнд олгосон ажлын үнэмлэх, гэрч В.Уранчимэг, Ч.Цэндсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр В.Уранчимэг, Ч.Цэндсүрэн нараас мэдүүлэг авсан ба гэрчүүд Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч О.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хишигт овгийн Отгоны Долгорсүрэнг 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн 12 дугаар цэцэрлэгт бохирын цэвэрлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын 12 дугаар цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Долгорсүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.ҮҮРИЙНТУЯА