Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 32

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ба, 

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ат холбогдох эрүүгийн 18300003940017 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар: 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Хилийн Цэргийн 0146 дугаар ангид ахлах холбоочин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, охины хамт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг, Эрдэнэ голын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/: 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хилийн 0146 дугаар ангийн шуурхай жижүүрийн өрөөнд байсан Г.Мын “Самсунг жи 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хилийн 0146 дугаар ангийн шуурхай жижүүрийн өрөөнд байсан Ю.Бгын “Хуавей МЛ 10” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. Эрүүгийн 1830003940017 дугаартай хэргээс: 

- Шүүгдэгч Д.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 10- ны өглөө жижүүрээс буугаад гэр рүүгээ харих гэж байхад хилийн 03 дугаар заставын бензин авах зөвшөөрөл ирсний дагуу жижүүрийн офицер Мт өгөх гэж шуурхай жижүүрийн өрөө рүү очиход М ахмад байгаагүй ба цонхыг тогшиход жижиг цонх нь онгойсон юм. Тэгээд М ахмадын гар утас руу залгахад өөр дээрээ байлгаж бай би гадуур байна гэсэн. Тэгээд жижиг цонхоор нь гараа оруулаад хар өнгийн андройд утас байхаар нь өрөө рүүгээ ороод унтраагаад сейфен дээр тавьж орхисон. М ахмад над руу орж ирээд “чи утас харсан уу, миний гар утас өрөөнд байсан, байхгүй байна” гэхээр нь хариуд нь би мэдэхгүй гэж хэлсэн. Орой 20 цагийн орчим М ахмад манай өрөө рүү орж ирээд би камер шүүсэн чинь чи орж байгаа харагдсан гэхээр нь би нойл явсан гэж хариулсан юм. Би М ахмадын гар утсыг сейфэн дээрээ орхиод аймаг ажлаар 3 хоног яваад ирэхэд утас нь байж байсан юм. М ахмадын утсыг нь унтрааж байхдаа симийг нь газар унагаад хаясан. Би Мын эхнэр Мөд нь буцааж өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа 09 цагт очоод ХААН банкны цалингийн зээлийн тодорхойлолт бичээчээс аваад санхүүгийн даргаар гарын үсэг зуруулаад ангийн захирагчийн өрөө рүү орж бас гарын үсэг зуруулаад нууцын өрөө рүү орж тамга даруулсан. Тэгээд ажлаас гарч явахад шуурхай жижүүрийн өрөөний суурин утас нь дуугараад байхаар нь цонхоор нь шагайхад Баттулгын гар утас нь ширээн дээр нь байхаар нь нуугаад авсан. Гар утасны симийг нь салгаад гэртээ аваачиж нуусан гэжээ. /хх-ийн 35-37/ 

- Хохирогч Г.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шуурхай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр 17 цаг орчим шуурхай жижүүрийн өрөөнд өөрийн “Самсунг жи 7” маркийн гар утсаа орхиод гарсан юм. Би 20 орчим минутын дараа шуурхай жижүүрийн өрөөнд ороход миний гар утас алга болсон байсан юм. Тэгээд утсаа хайгаад олоогүй. Тухайн үед манай ажлын хүмүүс тоглож байна гэж бодоод Аээс хоёр удаа асуухад “би аваагүй” гэж хариулж байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд тухайн 20 минут орчим харагдсан хүмүүс бол ахмад Ж, дэд ахлагч Б, дэд хурандаа Ба, ахлагч А, энгийн ажилтан Д нар явж өнгөрч байгаа харагдсан юм.л Миний гар утсыг А хулгайлсан талаараа ярьж манай эхнэр Б.Мөд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр авчирч өгсөн байсан. Би гар утсаа 2018 оны 09 дүгээр сард 509 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь А миний гар утсыг эргүүлж өгсөн” гэх мэдүүлэг /хх- 3- 5/, 

Хохирогч Ю.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Өглөө 08 цагт жижүүрээ хүлээж авсан бөгөөд гадаа салхилахаар сүүдрэвч рүү очиход сургалтын албаны дарга Наранбаатар, ангийн жижүүр ахмад Эрдэнэцогт нартай юм ярьж байгаад 30 орчим минут болоод жижүүрийн өрөө рүү ороход миний гар утас хулгайд алдагдсан байсан. А миний гар утсыг бүрэн бүтэн өөрөө авчирч өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх- 9/ 

Гэрч Б.Мөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр М 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Самсунг жи 7” маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Тэгсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр А залгаад “өөртэй чинь уулзъя, гар утсыг чинь өгөх гэсэн юм” гээд надтай уулзаад манай нөхрийн “Самсунг жи 7” маркийн гар утсыг өгсөн юм. Утас эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, хоёр симтэй байсан нэг сим нь байхгүй байсан” гэх мэдүүлэг, /хх- 7-8/, 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын үнэлгээнүүд /хх-ийн 19, 38/ 

Д.Аийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай тодорхойлолт /хх-44/ зэрэг баримтууд болно. 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 11 сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хилийн цэргийн 0146 дугаар ангийн шуурхай жижүүрийн өрөөнөөс хохирогч Г.Мын “Самсунг жи 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500 000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хилийн цэргийн 0146 дугаар ангийн шуурхай жижүүрийн өрөөнөөс хохирогч Ю.Бгын “Хуавей МЛ 10” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.М, Ю.Ба, гэрч Б.Мө нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Эрдэнэцагаан сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Д.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Д.Аийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.А нь хохирогч Г.М, Ю.Ба нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Прокуророос Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Д.Аийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч Д.Ат ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Д.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Г.М, Ю.Ба нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ат хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр тогтов. 

Шүүгдэгч Д.Ариуцэцэг нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.М, Ю.Ба нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Д.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Ат мэдэгдсүгэй. 

4. Ялтан Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.М, Ю.Ба нарт хохирол төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА