Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01325

 

С.Б*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01724 дүгээр шийдвэртэй,

С.Б*******ы нэхэмжлэлтэй,

Э******* ХХК-д холбогдох

125,405,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Д.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие С.Б******* нь Э******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг 2006 оноос хойш эзэмшиж байгаад 2009 оны 04 дүгээр сараас больсон билээ. Тус компаниас гарах үед Ашигт малтмалын ашиглалтын 8*******, 1******* тоот тусгай зөвшөөрлүүдийн эх гэрчилгээ, геологийн баримт материал, тайлан зэрэг мэдээ, мэдээллүүд, зөвшөөрлүүдийг захиран зарцуулах эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцож, үүнээс хойш 2015 оныг хүртэл эзэмшсэн. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ээлжит жилийн төлбөр төлөх зорилгоор Ашигт малтмалын газарт очиж уулзахад 8*******, 1******* тоот тусгай зөвшөөрлүүд байхгүй, тусгай зөвшөөрлийн эх гэрчилгээг оффис нүүлгэхдээ алга болгосон гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, шинээр M*******, M тусгай зөвшөөрлүүдийн дугаар шинээр олгосон тухай мэдлээ.

1.2. Би Ашигт малтмалын ашиглалтын 8*******, 1******* тоот тусгай зөвшөөрлүүдийн 2009-2010 онд 6,061,314+7,746,228 төгрөг, нийт 13,807,542 төгрөг, 2010-2011 онд 5,100,400+6,503,300 төгрөг, нийт 11,603,700 төгрөг, 2011-2012 онд 7,239,900+5,678,000 төгрөг, нийт 12,917,900 төгрөг, 2012-2013 онд 4,158 ам.доллар+5,302 ам.доллар буюу 9,460 ам.доллар, 2013-2014 онд 4,950 ам.доллар+4,102 ам.доллар буюу 9,052 ам.доллар, 2014-2015 онд 7,692,700+9,284,350 төгрөг буюу нийт 16,977,050 төгрөг, 2015 онд 5,947,000 төгрөг, нийт 18,512 ам.доллар ба 47,445,650 төгрөг нийт 125,405,450 төгрөгийг Э******* ХХК-ийн нэрийн өмнөөс өөрийн тусгай зөвшөөрлийн төлбөр гэж үзэж Ашигт малтмалын газарт тус тус тушаасан байна.

1.3. Нэгэнт миний бие Э******* ХХК-иас 2 тусгай зөвшөөрлийг буцаан авах боломжгүй болж байгаа учир уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнөөс Ашигт малтмалын газарт төлсөн 2 тусгай зөвшөөрлийн 2009-2015 онуудын ээлжит жилийн төлбөр болох 125,405,450 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Э******* ХХК-иас гаргуулж, надад учирч буй хохирлыг арилгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гаргаж өгсөн байна. Уг компанийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хуучин хувьцаа эзэмшигч Ч.Ө нас барсны дараа хууль ёсны өвлөгч Н.Бгаас худалдаж авсан болно.

2.2. Өмнөх асуудлыг бид мэдэхгүй ба лицензийн төлбөрийг нэхэмжлэгч С.Б******* нь хувийн хөрөнгөөрөө төлж байсан гэж үзэхгүй байна. Тодруулбал банкны төлбөр тушаасан баримтын хуулбар нь тухайн хүнийг компанийн өмнөөс өөрийн хөрөнгөөрөө төлбөр төлж байсныг бүрэн нотлохгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э******* ХХК /2787989/-иас 125,405,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ногоон оройт овогт Сын Б******* /РД:/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 784,978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас 784,978 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б*******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 болон 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны алинаар тодорхойлж байгаа нь ойлгомжгүй. Уг заалтууд нь өөр, өөр байдлаар урьдчилсан нөхцөлийг шаарддаг. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хуулийн урьдчилсан нөхцөл болох нэхэмжлэгчийн хөрөнгийг Э******* ХХК өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан байхыг шаардана. Гэтэл хэргийн бодит байдал дээр Э******* ХХК нь С.Б*******ы хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт байхгүй.

4.2. Шүүх гэрээний бус үүргийн харилцаа үүссэн эсэх хариуцагч талын тайлбарт оновчтой дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт бусдын хөрөнгөөр үүргээс чөлөөлөгдөхөөр хуульчилсан ба 496 дугаар зүйлийн 496.3.2-т ердийн боломжит хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх талаар зохицуулсан. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Нотолгооны үүргийн хуваарилалтыг зөв тогтоож чадаагүй. Тодруулбал, Ашиг малтмал, газрын тосны газраас ирүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог. Гэтэл тухайн баримтууд дээр зурагдсан гарын үсэг нь гарын үсгийн тайлал байхгүй, С.Б*******аас өөр этгээдүүд төлсөн болох нь харагдаж байхад шүүх 2 баримт дээр С.Б******* гарын үсэг зурсан учир мөнгийг бүхэлд нь төлсөн гэж үзсэн нь хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар нотлох баримтыг үнэлсэн. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүх үнэлсэн. Тодруулбал нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангаж, Ашиг малтмал, газрын тосны газраас ирүүлсэн баримтууд нь уншигдах боломжгүй баримтууд ирснийг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангуулах хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас дахин нотлох баримтуудыг ирүүлсэн боловч 2 нотлох баримт нь дахин уншигдах боломжгүй ирсэн. Гэтэл шүүх зөвтгөхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

4.3. Түүнчлэн шүүхийн шийдвэрт нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнээд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус болсон учир нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-т зааснаар тодорхойлсон. Тодруулбал, Э******* ХХК-ийн төлөөгүй 2009-2015 он хүртэлх хугацааны төлбөрийг С.Б******* төлсөн учир шаардах эрх үүссэн. Цагдаагийн байгууллагаас өмнөх хувьцаа эзэмшигч Ч.Өт холбогдох эрүүгийн хэргийг шалгасан бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 619 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоол дээр ашигт малтмалуудын төлбөрүүдийг С.Б******* 2009-2015 он хүртэл төлсөн болохыг тогтоосон. Мөн тухайн эрүүгийн хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газраас Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг С.Б******* төгрөгөөр болон ам.доллароор төлсөн болохыг хүснэгтлээд тодорхойлсон.

5.2. Шүүхийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газраас 2 удаа тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн бөгөөд шүүхээс зөвхөн 2 баримтад тулгуурлаж С.Б*******ыг уг мөнгийг төлсөн гэж үзээгүй бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тусгай зөвшөөрлүүдийг захиран зарцуулахыг тогтоолгох үндсэн, 01 тоот гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 01 тоот гэрээгээр тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваагүй болохыг тогтоосон. 2015 онд Э******* ХХК-ийн зүгээс С.Б*******д өгсөн тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн гэж үзэж шинэ дугаар аваад дахин Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг авсан. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заасан үндэслэл хамааралгүй.

5.3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан, шаардах эрхийг зөв тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Э******* ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр төлсөн талаар нэг ч баримтыг гаргаж өгөөгүй. Түүнчлэн гэрч н.Оюунсүрэн С.Б*******д 2019 онд тусгай зөвшөөрлүүдийг өгсөн, Э******* ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг төлж байгаагүй, би нягтлан бодогч байсан учир бүгдийг мэдэж байна. хэмээн мэдүүлсэн зэрэг үйл баримтуудаар давж заалдах гомдол үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан 125,405,450 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч С.Б******* нь нэхэмжлэлийн үндэслэлийг ашигт малтмалын ашиглалтын эрх бүхий 8******* /MV019852 шинэчилсэн дугаар/, 1 /MV020391 шинэчилсэн дугаар/ тоот тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэх үндэслэлээр 2009-2015 оны төлбөрийг Э******* ХХК-ийн нэрийн өмнөөс төлсөн гэжээ.

4. Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй дараах баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.10-д 2013.04.18-ны өдөр Э******* ХХК-ийн MV-008865 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 329.98 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөр 5,302 ам.доллар, төгрөгөөр 7,433,457.02 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан гэж дүгнэгдсэн, хэргийн 74 дэх талд авагдсан баримтын хуулбараас мэдээлэл огт харагдахгүй. Уг баримтыг хэргийн 75 дахь талд авагдсан баримттай харьцуулахад ч төлбөр төлсөн этгээдийг тодорхойлох боломжгүй байх тул зөвтгөн дүгнэх боломжгүй болжээ.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.18-д 2010.12.07-ны өдөр Э******* ХХК-ийн MV-012294 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 277.20 га талбайн тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөр 4 158.06 ам.доллар, төгрөгөөр 5,100,400 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан гэж дүгнэгдсэн, хэргийн 84 дэх талд авагдсан баримтын хуулбар огт уншигдахгүйгээс мэдээлэл авах боломжгүй.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.20-д 2011.12.08-ны өдөр Э******* ХХК-ийн MV-012294 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 277 га талбайн тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөр 4,158.03 ам.доллар, 5,678,000 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан гэж дүгнэгдсэн, хэргийн 86 дахь талд авагдсан баримтын хуулбар уншигдах боломжгүй.

4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.22-т 2012.12.06-ны өдөр Э******* ХХК-иас тоот дансанд 4,158 ам.долларыг Э******* ХХК 2787989, 1******* 9 дэх жилийн лиценз.төл гэх гүйлгээний утгаар шилжүүлэг хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан гэж дүгнэгдсэн, хэргийн 88 дахь талд авагдсан баримтын огноо уншигдахгүй.

4.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.25-д 2014.12.08-ны өдөр Э******* ХХК-ийн MV-012294 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон 273.41 гектар талбайн тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөр 4,101.18 ам.доллар, төгрөгөөр 7,692,700 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан гэж дүгнэгдсэн, хэргийн 92 дахь талд авагдсан баримт уншигдахгүй.

4.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.26-д 2014.12.08-ны өдөр Э******* ХХК-иас Ашигт малтмалын газрын 900000712 тоот дансанд 7,692,700 төгрөгийг шилжүүлж, гарын үсэг зурж баталгаажуулсан гэж дүгнэгдсэн, хэргийн 93 дахь талд авагдсан баримтын огноо уншигдахгүй.

4.7. Хэргийн 70, 74, 80, 81, 84, 86, 87, 88, 89, 90, 92, 93, 94, 95 дахь талд авагдсан баримтуудаас төлбөр төлсөн этгээдийг тодорхойлох боломжгүй, хариуцагч талаас эдгээр баримтуудын талаар маргахдаа нэхэмжлэгч өөрөө төлсөн эсэхэд эргэлзсэн тохиолдолд нотолгооны хуваарилалтаар нэхэмжлэгч нотлох үүрэгтэйг анхан шатны шүүх сануулсан эсэх нь тодорхойгүй байна.

4.8. Түүнээс гадна ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн зарим төлбөрүүдийг н.Бат-Эрдэнэ, н.Баяртөгс нар төлсөн байх бөгөөд эдгээр нь нэхэмжлэгч талтай ямар холбоотой болох баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд холбогдох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрх хэрхэн тодорхойлогдож буй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх учиртай.

5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэр ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул хариуцагч талын гаргасан хууль хэрэглээтэй холбоотой давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүйг дурдах нь зүйтэй.

Магадлалд дурдагдаагүй нотлох баримтын талаар талууд маргах, анхан шатны шүүх дахин үнэлэхэд энэ магадлал саад болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01724 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э******* ХХК-иас төлсөн 784,978 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Э.ЗОЛЗАЯА