| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0033/э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 28.3.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 33
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 1930000120024 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1995 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ар талын эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор жалгын 130-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, СЮ95101110 регистрийн дугаартай, Г.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Г.Г нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн ... дугаар ангид 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчим 3 дугаар салааны захирагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хугацаат цэргийн алба хаагч О.Отай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр Чилаа гэх лектор манай цэргийн ангид ирж 125 хугацаат цэргийн алба хаагчид лекц уншсан. Лекц дуусаад би 5 салааны 125 цэргийг удирдаад хоолонд оруулж, бие засуулах гээд явж байхад 3 салаанаас “Тангараг өргөсөн эр цэрэг би” гэж жагсаалын дуу гарсан. Би дуугүй бай гэж 2 удаа хэлсэн. Тэгээд бусад 4 салааны цэргүүдийн казарм руу оруулж, 3 дугаар салааг авч үлдсэн. Ингээд О.Оыг жагсаалаас гаргаж ингэж болохгүй, офицер, ахлагч нартай адил тэгш харьцана гэхэд өөдөөс инээж, намайг ёжлоод байсан. Тэгэхээр нь чи яагаад байгаа юм гэхэд өөдөөс хэгжүүрхээд байсан. Тэгээд би баруун гараараа О.Оын зүүн шанаа руу цохисон. Тэгээд О.Оыг дахин ингэж болохгүй, жагсаалдаа ор гэсэн чинь улам хэгжүүрхээд байхаар нь айлгах гээд гараа далайхад надаас бултах гэж байгаад мөсөн дээр халтирч унасан. Тэгээд толгой эргээд байна гэхээр нь би түшиж босгоод нойлын урд талын сандал дээр суулгаад байлдагч Бгийн хамт үлдээсэн. Бусад цэргүүдийг хоолонд нь оруулсан. Дараа нь буцаж ирээд Б, О хоёрыг хоолонд нь оруулахад О толгой нь өвдөөд, халуураад байна гээд хоолоо идэж чадахгүй байна гэсэн. Тэгээд казармад оруулаад бие нь дээрдэхгүй байхаар нь ангийн эмчид үзүүлсэн. Маргааш өглөө нь Улаанбаатар хот руу Оийг авч явсан. Улаанбаатар хотод 20 хоног эмчилгээ хийлгэсэн. Би 10 хоног хоол, цайг нь зөөж сахиж байсан. Тэгээд би Эрдэнэцагаан суманд ирж С ахлагчид байцаалт өгсөн. Энэ хооронд манай гэрийнхэн От хоол, цай зөөж байсан гэв.
Эрүүгийн 1930000120024 дугаартай хэргээс:
- Хохирогч О.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 26- ны орой салаагаараа 18 цагийн үед гадаа бие засах газар орох гээд явсан. Тэгсэн замдаа би салааныхаа хүүхэдтэй юм ярьсан чинь салааны захирагч Г.Г “намайг жагсаалд ярьлаа” гээд жагсаалаас гаргаад гараараа нэг удаа миний баруун талын шанаа хэсэг рүү цохисон. Тухайн үед бол би газар унаагүй. Тэгсэн дахиад цохих гээд далайхаар нь би бултах гээд дальдчиж байгаад халтираад биеийнхээ ар хэсгээр толгойгоороо газар саваад уначихсан. Тэгээд босоод 00 руу явсан. Казарамдаа орсон чинь толгой өвдөөд халуураад байхаар нь дэслэгч Г.Гд хэлсэн чинь намайг эмчид үзүүлье гээд ангийн эмч рүү очиж үзүүлээд ангийн эмнэлэгт нэг хоноод маргааш нь хот руу явахаар болсон. Тэр үед миний толгой өвдөөд, халуураад байсан. Хотод эмчилгээ хийлгээд эмнэлэгт 20 хоног хэвтсэн. Миний зогсож байсан газар хайргатай, тэрэн дээр нь мөстсөн байсан. 00-ийн тэнд байсан болохоор мөстэй байсан. Чамархайн яс цуурч цус хурсан. Өөр ямар нэг гэмтэл байхгүй. Одоо миний бие сайн байгаа. Хохирол бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
- Гэрч Э.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... Г дэслэгч баруун гараараа О.Оын зүүн шанаанд нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд Г дэслэгч цэргийн дүрэм тайлбарлаж байтал О.О нь хэгжүүрхэж инээгээд байсан. Гэтэл Г дэслэгч гараараа О.О руу далайтал О.О нь мөсөн дээр халтираад газар ойчоод өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
- Гэрч А.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... О.О нь жагсаал дунд жагсаалын дуу дуулаад байсан юм. Гэтэл Г дэслэгч О.Оыг жагсаалаас гаргаж ирээд цэргийн дүрэм хэлж, ярьж байгаад баруун гараараа зүүн шанаанд нь нэг удаа цохсон. Тухайн үед нь О.О газар ойчоогүй. Тэгээд жагсаалд ор гэтэл өөдөөс нь хэгжүүрхээд инээгээд байсан. Гэтэл Г дэслэгч гар далайтал О.О нь цохих гэж байна гэж бодоод мөсөн дээр халтирч ойчсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/,
- Гэрч П.Бын мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай 3 дугаар салааг Г дэслэгч аваад явж байтал О.О нь жагсаал дунд дуулаад байсан. Гэтэл Г дэслэгч дуулж болохгүй гэж жагсаалаас гаргаж шаардлага тавьтал О.О нь өөдөөс нь инээгээд байсан. Үүнээс болоод Г дэслэгч О.Оыг цохсон. Аль гараараа хаана нь цохисныг хараагүй. О.О цохиулаад дахиж инээгээд хэгжүүрхээд байсан. Харин сүүлд нь баруун гараараа далайтал О.О нь цохих гэж байна гэж бодоод мөсөн дээр халтираад ойчон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/,
- Гэрч Ү.Дын мөрдөн байцаалтад өгсөн: ”...Би уг ангийн 3 дугаар салааны байлдагч юм. Дэслэгч Г нь манай салааны захирагч юм. Уг өдрийн орой 18 цагийн орчим Г дэглэгч 3 дугаар салааг аваад бие засах газар руу явж байтал О.О нь жагсаал дунд дуулаад байсан юм. Үүнээс болж Г дэслэгч жагсаалд дуулсан цэрэг гараад ир гээд О.Оыг жагсаалаас гаргасан. Тэгээд Г дэслэгч О.От цэргийн дүрэм тайлбарлаж байгаад “шийтгэлээ хүлээх үү” гээд баруун гараараа О.Оын зүүн шанаанд цохсон. Гэтэл О.О нь инээгээд байх шиг байсан. Дахиад цохих гээд гараа далайтал бултах гэж байгаад өөрөө мөсөн дээр халтирч унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Гэрч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой Чила гэдэг хүний лекцэнд салааныхан суугаад тараад бие засах газар руу явж байтал байлдагч О.О нь жагсаалд дуу дуулсан. Үүнээс болж Г дэслэгч О.Оыг жагсаалаас гаргаж ирээд “чи яагаад жагсаалд дуулаад байгаа юм бэ” гэтэл О.О нь юм хэлээгүй. Тэгээд Г дэслэгч “чи жагсаалд дуу дуулсан шигээ шанаа авч чадах уу” гээд О.Оын зүүн талын шанаа руу нь баруун гараараа нэг удаа цохсон. Гэтэл О.О хэгжүүрхээд инээгээд байсан. Үүнээс болоод Г дэслэгч О.О руу гараараа далайтал О.О нь бултах гэж байгаад өөрөө газар мөсөн дээр халтирч унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.Оын биед гавлын баруун чамархайн ясанд мастойд сэртэнгийн үзүүр хэсгийг дайрсан V хэлбэрийн шугамын хугарал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсны дээр, их тархины баруун дух, чамархайн дэлбэнд, зүүн духны дэлбэнд тархмал, олон тооны цусан хураа, толгойн баруун чамархай, дагз хэсгийн гадна зөөлөн эдийн тархмал хаван, зулай толгойн оройн хэсгийн хуйхан доорх цусан хуралт, тархины няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлүүд тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 33/
- Хилийн хамгаалах Ерөнхий газрын Хилийн цэргийн ... дугаар ангийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/200 дугаар тодорхойлолт /хх-ийн 50/
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 39 тоот тодорхойлолт /хх-ийн 51/,
- Шүүгдэгч Г.Ггийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн ... дугаар ангийн хашаан дотор 3 дугаар салааны захирагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хугацаат цэргийн албан хаагч О.Отай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Ггийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч О.О, гэрч Э.Б, А.А, П.Б, Ү.Д, Б.Э нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Ггийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Г нь хохирогч О.Отай цэргийн дүрмийн бус байдлаар харьцсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч Г.Г нь цэргийн дүрмийн бус байдлаар захирагдагчдаа хүч хэрэглэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Г.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, зан үйлээ засах, оршин суух газраа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг хүлээлгэхээр тогтов.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гг дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газраа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг ялтан Г.Гд хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Г.Гд мэдэгдсүгэй.
5. Ялтан Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА