Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01344

 

Г.Г*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/0156******* шийдвэртэй, 

Г.Г*******ын нэхэмжлэлтэй,

Т******* ХХК,

М******* ХХК-д тус тус холбогдох 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.Г******* миний бие М******* ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүргийн ******* хороо, П*******, ******* блок, 1 дүгээр орц, 3 давхар, ******* тоот, 48.82 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1,050,000 төгрөг буюу нийт 51,261,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т******* ХХК-тай 09 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, орон сууцны үнийг гэрээ байгуулсан өдрөө Т******* ХХК-ийн Голомт банкны ******* тоот дансанд төлж, төлбөрийг 100% барагдуулсан.

1.2. М******* ХХК нь Т******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр П2-АГГ-20/21 тоот Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, П*******, ******* блок, 1 дүгээр орц, 3 давхар, ******* тоот, 48.82 м.кв талбайтай, 2 өрөө орон орон сууцыг Т******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байдаг. Тухайн байранд орон сууц худалдан авахаар М******* ХХК-д хандахад манай компанийн охин компани болох Т******* ХХК-д хандаж гэрээ хийгээрэй гэсний дагуу тус компанид хандаж гэрээ байгуулсан.

1.3. Уг гэрээний 1.3-т Орон сууцны нийт үнэ 51,261,000 төгрөг, 4.2.4-т Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх гэж маш тодорхой заасан байдаг.

Гэтэл 2022 оны 03 дугаар сард Т******* ХХК-иас орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгож байна, хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээ цуцална гэх шууд тулгах нөхцөлтэй илтэд үндэслэлгүй нөхцөлийг надад мэдэгдсэн ба үүнийг миний бие эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үнэ нэмж байгаа нь үндэслэлгүй, байрыг давхардуулан заруулахгүй байх тухай мэдэгдлийг орон сууц захиалсан бусад захиалагч нарын хамт хүргүүлж байсан.

Тухайн орон сууцыг гүйцэтгэгч талаас Орон сууц захиалгаар бариулах гэрээ-гээр 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн боловч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр барилгад улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн. Одоогоор тус орон сууцанд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн айлууд нүүж орж амьдарч байгаа юм.

1.4. Г.Г******* миний бие орон сууцандаа орох талаар 2023 оны 11 дүгээр сарын 21, 28-ны өдрүүдэд Т******* ХХК-ийн хуулийн зөвлөх П.Нтэй очиж уулзсан боловч чи тухайн үед орон сууцны үнэ нэмсэн саналыг хүлээн аваагүй шүү дээ, тиймээс тухайн орон сууцыг иргэн н.Хандсүрэн гэж хүнд зарсан, чи яах гэж үүгээр яваад байгаа юм бэ, явдаг газраараа яв л даа, дахиж битгий ирээрэй, орон сууцыг чинь бусдад худалдсан, өнөө маргаашгүй нүүж орно гэх мэтээр зүй бус харьцаж байсан ба улмаар М******* ХХК-ийн хуулийн зөвлөх той уулзахад Т******* ХХК нь байранд оруулах таны хүсэлтийг бидэнд ирүүлээгүй, бидний хувьд Т******* ХХК-тай маргаантай учраас таныг байранд оруулах боломжгүй гэж мэдэгдсэн болно. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.7-д Гэрээнд заасан орон сууцыг гүйцэтгэгч нь давхардуулан худалдахгүй гэж заасан.

1.5. Миний бие Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1.4-т Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн өмчлөлд шилжүүлж өгөхийг гүйцэтгэгчээс шаардах, мөн 4.2.1-д Орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэх гэж тус тус заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн ******* хороо, П*******, ******* блок, 1 дүгээр орц, 3 давхар, ******* тоот, 48.82 м.кв талбайтай, 2 өрөө орон орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Г******* намайг тогтоож, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

2. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбар гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г*******ыг Баянзүрх дүүрэг, ******* хороо, Поларис апартмент 1, ******* блок, 1 дүгээр орц, 3 давхар, ******* тоот хаягт байрлах, 48.82 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч М******* ХХК, Т******* ХХК нарт уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 484,455 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олггуулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессийн алдаа гаргасан. Хариуцагч Т******* ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхээр болсон. Хэргийг хянан хэлэлцэхээс өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь өмгөөлөгч авах хүсэлт гаргахад хангахаас татгалзаж, өмгөөлөгч авах эрхгүйгээр хэргийг хэлэлцэнэ гэж шүүгч мэдэгдэн, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Үүнээс гадна хувийн байдал руу халдаж чи луйварчин, энэ хэрэг яс юман дээрээ эрүүгийн хэрэг, шоронд явахаар хэрэг гэж сүрдүүлсэн учир итгэмжлэгдсэн төлөөлөгч тус ёс зүйгүй шүүгчийн үйл ажиллагаанд гомдож таниас татгалзаж байна гэж хэлээд хурлыг орхин явсан.

4.2. Шүүхийн шийдвэрийн З а-д шүүгч нь хариуцагчийн төлөөлөгч шүүх хурлын дэгийг зөрчиж хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй танхимыг орхин гарсан тул мэтгэлцэхээс татгалзсан гэж үзнэ гэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх мэтгэлцэх эрхийг олгоогүй, анхнаасаа хурал дэггүй, шүүгч өөрөө дэгийг зөрчиж хариуцагчийн төлөөлөгчийг доромжилж сүрдүүлсэн өнгө, аястай хэрэг хянан шийдзэрлэх ажиллагааг явуулсан нь хариуцагчийн төлөөлөгчийн хувиар тус хуралд өмгөөлөгч авч оролцохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Гэвч өмгөөлөгч авах эрхээр хангуулаагүй, шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлж чадаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Анхан шатны шүүх хариуцагч талын өмгөөлөгч авах эрхээр нь хангасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө хуульч мэргэжилтэй учраас өмгөөлөгч авах хүсэлтийг хэзээ гаргахыг сайн мэдэх байх. Гэвч тайлбар гаргаагүй атлаа шүүх хуралдаанд нотлох баримтгүйгээр гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Г.Г******* нь хариуцагч Т******* ХХК, М******* ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байх ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/0055******* захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

3. Хариуцагч нар шүүхийн дуудсанаар ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/03987 дугаар захирамжаар хариуцагч Т******* ХХК, М******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдийг шүүхэд албадан ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Ниймийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгажээ.

Т******* ХХК 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр огноолсон 24/004 тоот албан бичгээр тус компанийн хуулийн зөвлөх ажилтай П.Нд итгэмжлэл олгосон байх боловч уг хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирээгүй, хариуцагч талыг албадан ирүүлэх захирамж гарсны дараа шүүхэд ирсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гардуулан өгч тайлбарыг шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар мөн өдөртөө танилцуулсан байна.

М******* ХХК 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 002/041 тоот албан бичгээр Б.Од итгэмжлэл олгосон байх ба анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гардуулан өгч, тайлбарыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ирүүлэхийг мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар мөн өдөртөө танилцуулжээ.

4. Нэхэмжлэлийг гардаж авсан хариуцагч Т******* ХХК болон М******* ХХК-ийн аль аль нь шүүхэд тайлбар гаргах үүрэг хүлээлгэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэснийг зөрчиж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тайлбарыг шүүхэд огт ирүүлээгүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхэд тайлбар огт ирүүлээгүй тул хариуцагч Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нгээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй нь зөв болжээ. Учир нь хариуцагч талын байр суурь тодорхой бус байхад шүүх ажиллагаа хийх үндэслэлгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 105.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно. гэж заасны дагуу хариуцагч тал уг хүсэлтийг өмнө нь гаргаж өгөх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгааныг тайлбарлаагүй байна.

Анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч М******* ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Т******* ХХК-ийн төлөөлөгч П.Н шүүх хуралдаанд ирж, шүүгчээс татгалзах татгалзал байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг ойлгож, шүүхэд хүсэлтээ тайлбарласан, шүүх уг хүсэлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн байр суурийг сонсож, хариуцагч талаас хүсэлтийг тодруулах ажиллагаа хийсэн байна. Энэ хугацаанд шүүгчээс хариуцагч Т******* ХХК-ийн төлөөлөгч П.Нгийн давж заалдах гомдолд дурдсанчлан түүнийг сүрдүүлсэн, ёс зүйгүй харьцсан байдал тэмдэглэлд тусгагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна. гэж заасны дагуу хариуцагч Т******* ХХК-ийн төлөөлөгч П.Нгээс шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Иймд түүний гаргасан холбогдох гомдлыг хүлээн авах боломжгүй.

Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь тус компанид хуулийн зөвлөх ажилтай байхаас гадна түүнд анхан шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан байх тул тэрээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжоор шүүх хангасан гэж үзнэ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Анхан шатны шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хариуцагч М******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагч Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр танхимыг орхин гарсан байна. Хариуцагч талуудаас шүүхэд тайлбар ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь хуульд нийцжээ.

6. Нэхэмжлэгч Г.Г******* нь хариуцагч Т******* ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 51,261,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын нэртэй гэрээ байгуулсан, Т******* ХХК орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, Г.Г******* үнийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэх юм. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай гэж дүгнэж давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй. Гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Т******* ХХК нь Голомт банк ХК дахь өөрийн эзэмшдэг дансанд гэрээний үнэ болох 51,261,000 төгрөгийг төлөх тухай нэхэмжлэхийг олгосон, нэхэмжлэгч нь энэ хэмжээгээр төлбөрийг төлснийг анхан шатны шүүх баримтыг үндэслэн зөв тогтоож, нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

7. Т******* ХХК нь М******* ХХК-тай байгуулсан цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг хөлсөндөө М******* ХХК-иас өмчлөлдөө шилжүүлж авахаар болсон, гэрээнд заасан үнийг М******* ХХК-иас нэмээгүй болохыг уг гэрээ болон М******* ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 002/173 дугаар албан бичигт тэмдэглэгдсэн байдлаар тогтоогджээ. /хх14-16, 59/

Өөрөөр хэлбэл, Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 2.4.1-д маргаж буй Баянзүрх дүүрэг, ******* хороо, Поларис апартмент 1, ******* блок, 1 дүгээр орц, 3 давхар, ******* тоот хаягт байрлах, 48.82 м.кв талбайтай орон сууц хамаарч байх ба цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ цаг хугацааны хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс хойш байгуулагдсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэлгүй.

Хариуцагч М******* ХХК шүүхэд тайлбар гаргаагүй, М******* ХХК-иас Т******* ХХК-ийн өмчлөлд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлөх боломжгүй.

8. Иймд нэхэмжлэгч Г.Г*******ын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн зөв болсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих дарааллыг тогтоосон Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийн зохицуулалтыг шаардах эрхээр давхар зүйлчлэх шаардлагагүй болно.

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/01565 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,255 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Э.ЗОЛЗАЯА