| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0037/э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 37
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 1930000170034 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн БаруунУрт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Б.Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/: Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ... тоотод иргэн П.Гийг зодож эрүүл мэндэд нь “ духны зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн түнх орчимын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1930000020007 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өөрийн эхнэр Д.Эийн хамт 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим найзынхаа гэрт архи ууж байтал гаднаас Бий эхнэр Оын төрсөн ах П.Г согтуу орж ирээд намайг шоронгийн хулгайч, манай дүүгийнхээс гар гээд намайг хөөгөөд байсан юм. Г ах намайг гараад ир гээд байхаар нь би эхнэр Д.Этэй хамт гараад очтол Г ах надтай зууралдсан. Гэтэл эхнэр маань бид хоёрын голоор ороод салгах гэтэл эхнэрийн дух руу Г ах гараараа цохисон. Г ахтай зууралдаж байтал Г ах газар ойчихдоо миний энгэрээс зуурсан чигээр унасан. Би Г ахын дээр нь ойчсон. Би босож ирээд түүнийг хэвтэж байхад нь гуя руу нь өшиглөхөд түнхэнд нь гэмтэл учирсан байсан. Духны зүүн хэсгийн зулгаралтыг унахдаа авсан. Би Г ахад 150000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-28-30/
- Хохирогч П.Г мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Тын хамт 500 граммын “Ерөөл” нэртэй архи уугаад Хайлаастын байранд байдаг айл руу явж байгаад төрсөн дүү Оын гэрийн зүүн талаар гарахад гэр дотор хүмүүс шуугилдаж байгаа чимээ гарсан.Юу болж байгаа юм бол гээд хашааны гадаа унаж явсан дугуйгаа тавиад Оын гэр рүү орох гэтэл гэрээс Б.Э гэдэг залуу гарч ирээд “чи манай эхнэрийг зодсон байна” гээд шууд зодоод эхэлсэн.Намайг боож унагаад түнх рүү өшиглөсөн. Түнх хөндүүр болсон. Аймгийн нэгдсэн эмнэлгийн зураг авдаг аппарат нь эвдэрсэн гээд оношилж чадахгүй байна. Мөн баруун доод араа шүд унасан. Би эхнэрийг нь зодоогүй. Э согтуу байсан. Одоо бид хоёр эвлэрсэн, түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /хх- 4-8/,
Гэрч П.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай гэрт Б.Э болон түүний эхнэр Э хоёр ирж манай нөхөр Б бид дөрөв 2 шил архи хувааж ууцгаасан юм. Өдөр 13-14 цагийн орчим миний төрсөн ах П.Г нь манай гэрт орж ирсэн байсан. Тухайн үед архи уусан байсан болохоор зарим болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Би П.Г ахыг орж ирснээс хойш ойролцоогоор 1 цагийн дараа бие засах гээд гэрээсээ гартал манай гэрийн хашаан дотор Г ах хашаа түшээд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Эт зодуулсан талаар хэлсэн. Ямар хохирол учирсан байсан талаар би санахгүй байна. Учир нь би их согтуу байсан. Ямар ч байсан П.Г ах манай гэрт ороод ирчихсэн байсан. Хэзээ гарч яваад хэнд зодуулсан талаар би мэдэхгүй байна. Өөрөө надад хэлэхдээ Б.Эт зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-12/
Гэрч Н.Бий мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Б.Э нь эхнэр Этэй манай гэрт ирж 2 шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд би /хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна/ унтаад орой 20 цагийн орчим сэрсэн чинь эхнэр Оын төрсөн ах П.Г нь Б.Эт зодуулсан гэж П.О надад хэлсэн. Хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна/ унтаад орой 20 цагийн орчим сэрсэн чинь эхнэр. Би юунаас болж тэр хоёрыг хоорондоо муудсан талаар хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би П.Г ахыг манай гэрт орж ирсэн талаар би мэдэхгүй байна. Яаж байгаад П.Г нь Б.Этай маргалдаж муудсан талаар ч мэдэхгүй байна. Тухайн үед би архи уусан согтуу байсан. Мөн унтаж байсан юм” гэх мэдүүлэг /хх-11/
Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн орчим нөхөр бид хоёр Н.Б гэдэг найзынхаа гэрээр орж нийт 2 шил архи хувааж ууцгаасан юм. Гэтэл өдөр 14 цагийн орчимд Н.Бий эхнэр П.Оын ах П.Г согтуу орж ирсэн. Тухайн үед гэрийн эзэн Н.Б унтаж байсан. Харин П.О сэрүүн байх шиг байсан. Тэгээд Б.Э нь П.Г ахтай мэндэлсэн чинь “чи муу шоронгийн хулгайч надтай мэндэлсэн” гээд манай нөхөр Б.Этай маргалдаж тэр хоёр цуг гэрээс гарцгаасан. Би араас нь гараад очтол П.Г ах газар уначихсан байхаар нь би “юу болоод байгаа юм бэ” гэтэл дахиж босч ирээд Б.Этай зууралдаад байхаар нь би болиулах гэтэл П.Г ах намайг санамсаргүй гараараа миний дух руу цохисон. Тэгэхдээ надад учирсан гэмтэл бэртэл гэх зүйл байхгүй. Би Б.Эыг гэр рүүгээ аваад явсан. Өөр ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй. Гэрээс гараад зууралдаж байгаад П.Г ахыг Б.Э нь түлхэж унагасан юм шиг байсан. Мөн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай дүгнэлтэнд: П.Гийн биед духны зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн түнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-16/, Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх 2019 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн прокурорын санал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9/45 дугаартай тодорхойлолт /хх-46/ зэрэг баримтууд болно Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын ... тоотод хохирогч П.Гийг зодож эрүүл мэндэд нь “духны зүүн хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн түнх орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч П.О, Н.Б, Д.Э нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Б.Эын бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч П.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Эт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч П.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Эт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Эт мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА