| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01074/И |
| Дугаар | 01022 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 01022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй П.Цогтбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.Ганцэцэг нь 2016 оны 5 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэр дээр аюулгүйн тойрог руу орж яваад Пүрэвжал овогтой Цогтбаатартай мөргөлдөж осолд орсон. Замын цагдаагийн дүгнэлтээр П.Цогтбаатарын буруу гэж гарчаад байхад иргэн П.Цогтбаатар нь буруугаа хүлээхгүй хохирол учруулсан төлбөрөө төлөхгүй гээд байхаар нь би Цогтбаатарыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Тэгтэл П.Цогтбаатарын гэрийн хаяг нь тодорхой бус утас болох дугаар руу залгаж ярихаар хөдөө байна очих болоогүй гэрийн хаягаар нь очихоор тийм хүн байдаггүй гээд миний өгсөн нэхэмжлэл буцсан. Тиймээс иргэн П.Цогтбаатарыг эрэн сурвалжилж авчирч өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганцэцэг П.Цогтбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
П.Цогтбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 57-24 УНД улсын дугаартай Агила маркын автомашин жолоодож яваад Л.Ганцэцэгийн унаж явсан Приус-20 маркийн 87-38 ОРХ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Л.Ганцэцэгийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс П.Цогтбаатарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
П.Цогтбаатар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 1 дүгээр гудамжны 22 тоотод оршин суудаг гэх бөгөөд тухайн хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин сууж буй нь тодорхойгүй зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбар, Булаг багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Л.Ганцэцэгийн П.Цогтбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Мэргэн овогт Пүрэвжалын Цогтбаатарыг /РД: ФБ72091773/ эрэн сурвалжилсугай.
2. Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн П.Цогтбаатарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг 7 дугаар тойрогийн Тахарын албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Л.Ганцэцэгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА