Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2023/05655/И |
Дугаар | 210/МА2024/01345 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/01345
Б.У******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/02225 дугаар шийдвэртэй,
Б.У******* нэхэмжлэлтэй,
Н*******т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний нөхөр М.Ц******* нь 2018 онд орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж 48,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлээр Улаанб хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* байр, ******* тоотод байрлах 51,2 м.кв 2 өрөө орон сууцыг авсан болно.
1.2. Гэвч миний нөхөр М.Ц******* нь 2018 онд зүрхний шигдээсээр гэнэт нас барж 2019 онд 08 дугаар сарын 14-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцыг би өвийн журмаар авсан болно. Миний зүгээс нөхрөө нас барснаас хойш 4 хүүхэд, өндөр настай ээжтэйгээ өрх толгойлсон эхийн хувьд ганцаараа үлдсэн. Дараа нь Худалдаа, хөгжлийн банкны зүгээс зээлдэгчийн өв залгамжлагч намайг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаар шүүгчийн захирамжаар надаас 46,237,178.72 төгрөгийг гаргуулж, барьцааны эд хөрөнгө болох дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болно.
1.3. Үүний дагуу барьцааны эд хөрөнгө болох Улаанб хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* байр, ******* тоотод байрлах эрхийн улсын Ү- дугаартай 51,2 м.кв орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ хийлгэсэн бөгөөд нийт 157,478,410 төгрөгөөр үнэлсэн болно.
1.4. Гэвч зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байх бөгөөд одоогийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн доод үнэлгээ 200,000,000 төгрөг орчим байхад үүнийг харгалзан үзэлгүй хэт доогуур үнэлж миний эрхийг ноцтой зөрчөөд байна.
Иймд Улаанб хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* байр, ******* тоотод байрлах 51,2 м.кв 2 өрөө орон сууцыг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар Б.У*******ас 46,237,178 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 459,336 төгрөгийг тус тус гаргуулж Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
2.2.Төлбөр төлөгч Б.У******* нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан М.Ц*******н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоотод байрлах 51,2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Б.У******* нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн үнийн саналдаа тус орон сууцыг 200,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил нь хөндлөнгийн шинжээч томилох үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаж, талууд албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/10 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор С ХХК-ийн шинжээч Г.Оыг томилж, дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 157,487,410 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад мэдэгдэж, мэдэгдлийг гардуулан өгсөн.
2.3. Дээрх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул төлбөр төлөгч Б.У******* гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Төлбөр төлөгч Б.У******* хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Х хүлээн зөвшөөрөхгүй.
3.2. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ/2022/0 дугаар шийдвэрээр Боржигон овгийн Бын У*******ас зээлийн гэрээний үүрэгт 46,237,178.72 төгрөгийг 6 сарын хугацаатай хуваан төлж барагдуулахаар эвлэрч, улсын тэмдэгтийн хураамж болох 459,336 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хинд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
3.3. Банкны төлбөр барагдуулах газраас төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийг удаа дараа гардуулж боломжит хугацааг олгосон боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох ******* дүүргийн ******* хороо ******* гудамж, 10Б байрны ******* тоотод байрлах 51.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 157,478,410 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Хны зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа тул төлбөр төлөгч Б.У******* гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н*******т холбогдох, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 51,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/25 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.У******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн нөхөр болох М.Ц******* нь 2018 онд орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж 48,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлээр ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* байр, ******* тоотод байрлах 51.2 м.кв 2 өрөө орон сууцыг авсан байдаг
5.2. Гэвч М.Ц******* нь 2018 онд зүрхний шигдээсээр гэнэт нас барж 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцыг нэхэмжлэгчид өвлүүлсэн болно. Үүнээс хойш амь насны даатгалаас нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож даатгалаар зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй болсон байдаг. Үүнээс хойш тус хэргийг шийдвэрлэсэн гол нотлох баримт болох Амь насны даатгалын гэрээ-г 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 53 тоот Шинжээчийн дүгнэлтээр хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож тус хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж байгаа болно.
Дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дэх хэсэгт заасан Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол энэхүү иргэний хэргийн шалтгаан болсон зээлийн эргэн төлөлтийг даатгалын байгууллага болон буруутай эггээдээр нөхөн төрүүлэх боломжтой бөгөөд энэхүү маргаан бүхий барьцаа хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шууд дуусгавар болохоор байх тул энэхүү хэрэгтэй шууд хамааралтай байна.
5.3. Үүний дагуу нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн энэхүү иргэний хэргийг 2785 дугаартай хэргийг шийдвэрлэж дуустал түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байдаг. Мөн тус хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шатгаанаар оролцох боломжгүй нөхцөл байдал үүсч хурал хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах, талуудын мэтгэлзэх эрхийг зөрчсөн байна.
5.4. Иймд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 102/ШШ2024/02225 шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд ирээгүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.У******* нь хариуцагч Н*******т холбогдох, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 51,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/25 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/0 дугаар захирамжаар Худалдаа, хөгжлийн банк ХХК болон Б.У******* нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 46,237,178.72 төгрөгийг хариуцагч Б.У******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор 500,000, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний дотор 43,737,178.72 төгрөгөөр хувааж төлөх, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, 10-б байрны ******* тоот хаягт байрлах, 51.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг адлбадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Энэ шийдвэр, гүйцэтгэх хуудасыг хариуцагч хүлээн авч 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 23361009 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 51,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 23361009/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23361009/04 дугаар тогтоолоор хураан авч, талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр хариуцагч байгууллага нь С ХХК-ийг шинжээчээр томилсон зэрэг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
5. Шинжээч дээр дурдсан 2 өрөө орон сууцыг 157,478,410 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээ болон тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/3986 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.У*******д мэдэгдсэн байна.
6. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн байх бөгөөд орон сууцны зах зээлийн үнэлгээг хийхдээ ижил төрлийн 3 ширхэг орон сууцыг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч тухайн орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
7. Нэхэмжлэгчийн нөхөр М.Ц*******тай холбоотой Амь насны даатгалын гэрээ-нд хийсэн шинжээчийн дүгнэлт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан байдал иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу холбогдох эрх бүхий албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой. Харин энэ үндэслэл нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй болно.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/02225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЗОЛЗАЯА