| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0040/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 39
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эт холбогдох эрүүгийн 1930000210033 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, “Ц” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Л.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Ц гэх айлд хохирогч Д.Дыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, хамрын муруйлт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 28-нд хөдөөнөөс 10 хонь ачаад Мөнххаан суманд ирсэн. Тэгээд Дыг миний дүү ахдаа 10 хонь гаргаад өгчих манай баз Цийн байшинд хийе гэсэн.Тэр үед Д даараад байна, ганц пиво аваад өг гэхээр 2,5 литрийн боргио нэгийг авч өгчихөөд би гэр рүүгээ яваад цагийн дараа ирэхэд ажилласан хониныхоо гэдсийг байшин дотор тараагаад, үүдэнд нь шээсэн байсан. Тэгэхээр нь ингэж болохгүй гэтэл Д чамайг алчихна шүү, тэр нь шиг амархан зүйл байхгүй гээд ярга хийж байсан хутгаа бариад босож ирэхээр нь хутгыг аваад явуулсан. Тэгтэл буцаж орж ирээд намайг барьж авахаар нь нүүрэнд нь нэг цохисон гэв.
Эрүүгийн 1930000210033 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Б” гэх газар эхнэр Урангоо 2 хүүхдийн хамт Ч.Гийн малыг маллаж амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байхад Э манай гэрт ирж ахдаа 10 ууцны хонь хийж өгөөч гэхээр нь Мөнххаан сумын төвд байх Цогоо гэх хүний байшинд Э, У нарын хамт янзалсан юм. Тэгээд 10 ууцны хонио янзалж дуусахад Э нь намайг “чи ууцны хонь муухай янзаллаа” гэж хэлэхээр нь би “тэгвэл та өөр хүн олоод хонио хийлгүүлэхгүй дээ” гэж хэлэхэд Э “чи хонио гэдэс дотрыг муухай янзлаад байгаа биз дээ” гээд намайг барьж аваад миний нүүрэн тус газар 2 удаа цохисон. Одоо Этэй эвлэрсэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, /хх- 3-8, 34/,
Гэрч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байхад 11 цагийн үед манай гэрт Д.Д гэх хүн ирж хамт моринд тариа өгье гэхээр би хамт явсан. Тэгээд Мөнххаан сумын 4 дүгээр баг заводын байранд байх морины жүчээн дээр байхад Д.Дын гар утас руу Э залгаж 10 ууцны хонь хийгээд өгөөч гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Э ирж Д бид хоёрыг авч явсан. Э, Д бид гурав Ц гэх айлд очсон. Тухайн үед Ц гэх айлд хүн байхгүй эзэнгүй байсан. Тэгээд машин дээр байсан 10 ууцны гэдсийг гадаа аваад байшин руу оруулж хониныхоо арьсыг нь хуулсан. Э 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво авчирч өгөөд гэр лүүгээ явсан. Харин Д бид хоёр нэг пиво уугаад 10 ууцны хонио янзалсан. 1 ууцны хонины арьсыг нь хуулж байгаад өөхөн дундуур явуулсан юм. Тэгээд байж байтал Э ирж “ингэж хийхгүй” гэж Дод хэлэхэд Д “тэгвэл тэр чаддаг хүнээ олж ирээд хийлгэ” гээд дээлээ өмсөж байхад Э нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгээд Э “одоо 2-3 ууц үлдчихээд байна хийчих” гэхээр нь Д бид хоёр үлдсэн 3 хонийг янзалж дуусгасан.Э Дыг машин руугаа суулгах гээд чирж би чамайг гэрт чинь хүргэж өгнө гэж хэлсэн. Тэгээд эхэлж намайг манай гэрийн гадаа буулгасан. Харин Э, Д хоёр хамт явсан” гэх мэдүүлэг, /хх-11- 12/
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтэнд: Д.Дын биед зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, хамрын муруйлт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-14/,
Л.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/
Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн прокурорын санал /хх-39/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Дыг зодож эрүүл мэндэд “зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, хамрын муруйлт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Эийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч Б.Уын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Л.Эийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Э нь хохирогч Д.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Л.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Прокуророос Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Л.Эт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л. Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л.Эт мэдэгдсүгэй.
5. Ялтан Л.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА