Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 46

 

                                               

                                                О.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, П.Гансүх, В.Оюун-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Ц.Цэцэгсүрэн, Б.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, О.Б-т холбогдох эрүүгийн 2023000000120 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн Засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум, Багануур багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Б.

О.Б нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн нутагт оршин суух Б.Б-ийн гэрт Ц.Б-той маргалдаж, улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнийг 9 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 196 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлээс 18,710,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 90,000,000 төгрөг, гэм хор учруулсны төлбөр 76,440,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь эмчилгээ болон оршуулгатай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн ба энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж 14 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ж.Мөнхнасан, П.Гансүх, В.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд О.Б-т холбогдох хэргийн үйл баримт, зүйлчлэлийн тухайд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ талийгаач Ц.Б-ын банк, банк бус болон хувь хүнээс авсан 13,000,000 төгрөгийн зээлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заасан.

Амь хохирогч Ц.Б нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хохирогч Д.Н нь эрхэлсэн ажил, орлогогүй бөгөөд амь хохирогч нь ганцаараа ажиллаж ар гэрээ тэжээн тэтгэдэг байсан. Амь хохирогч Ц.Б нь цалингийн зээл, болон бусад хувь хүн, хуулийн этгээдэд өр зээлтэй байсан. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээр Д.Н нөхрийнхөө амь насаар хохироод зогсоогүй талийгаачийн зээлийн өр төлбөр барагдуулах үр дагавар буюу хор уршгийг ч үүсгэсэн. Хэрэв талийгаач бусдын гарт амь насаа алдаагүй бол урьдын адил ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэж өр зээлийг өөрөө төлөх нь зүй ёсны хэрэг. Гэвч гэмт хэргийн улмаас Д.Н болон 2 хүүхэд нь хань, эцгийн хайр халамж, гэр бүлээ тэжээн тэтгэх тус дэм бүгд үгүй болсон. Иймээс гэм буруутай этгээдээр талийгаачийн өр зээлийг төлүүлж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд амь хохирогч Б-ын зээлийн төлбөрийг шүүгдэгчээр төлүүлэх, эсхүл энэ хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Гэвч Ө.Б-ын гэмт үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, 5-8 насны хүүхдүүд эцэггүй өнчирч, өндөр настай эцэг, эх болон эхнэр нь насан туршдаа хохирч үлдсэн нь хор уршиг хэзээ ч арилахгүй болохыг тодорхойлж байхад шүүх ял оногдуулахдаа гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулсан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй нийцээгүй, оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх  “хохирогчийн банк болон бусад газарт төлөх зээлийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй бөгөөд нас барсан этгээдийн бусдын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т заасан “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэснийг зөрчсөн. Учир нь амь хохирогч Ц.Б-д нь сарын цалингаараа эхнэр, 2 хүүхдээ тэжээн тэтгэж байсан бөгөөд өрхийн бусад орлого байхгүй тул цалингийн зээл, олон хувь хүнд зээлтэй байсан. Харин О.Б-ын үйлдлийн хор уршгаар тухайн өр зээл төлөгдөх боломжгүй болсон нь ойлгомжтой байхад өр төлбөрийг гэм буруутай этгээдээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэр нь нөхрийнхөө амь насаар хохирч, 2 өнчин хүүхэд тэврээд хоцорсон талийгаач нөхрийнхөө зээл, өр төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээлгэсэн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцүүлэн амь хохирогч Ц.Б-ын зээлийн төлбөрийг шүүгдэгчээр төлүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Хууль хэрэглээний алдааны талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг хоёр нь яг л адилхан гэм буруутай үйлдэл, үхэл хоёр шалтгаант холбоотой байхыг шаардана. Анхан болон давж заалдах шатны шүүх энэ хэрэгт зөв, оновчтой дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг няцааж үндэслэлээ тайлбарлаагүй болно. Энэ хэрэг дээр хяналт тавьсан прокурор Б.Э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн бөгөөд үндсэндээ хохирогчийн өмгөөлөгч шиг л ажилласан болно. Прокурор давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа хууль зүйн үндэслэлтэй үг хэллэг хэрэглээгүй шүүгдэгчийг хоёр цэхэр нүд, мянга мянган сарнай, өмгөөлөгчөөр хашаа байшин зэрэг бүдүүлэг үг хэллэгээр тайлбарлаж байсан. Хурлын тэмдэглэлээс үзэж болно.

Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа хүсэлт: Өмгөөлөгч би болон миний үйлчлүүлэгч О.Б анхан болон давж заалдах шатны шүүхэд гэм буруугийн үйлдэлтэйгээ маргаагүй бөгөөд зүйлчлэлтэй маргаж байсан болно. О.Б нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн  барагдуулсан, гэм буруутайгаа маргахгүй байгаа зэрэг хорих ялыг хөнгөрүүлэх  үндэслэлүүд буюу өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэл байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Амь хохирогчийг Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг хүлээн авч шинжилгээ хийж мэс засалд оруулсан. Мэс засалд орох хүртэлх үеийн өвчтөний түүх болон хэргийн материалд авагдсан гэрч, эмч нарын мэдүүлгээс харахад биеийн байдал нь хэвийн байсан гэдэг нь тодорхой харагдах бөгөөд тухайн үед амь насанд нь шууд заналхийлсэн эмнэл зүйн шинж тэмдэг байгаагүй. Харин хагалгаа хийх үед тархины судаснаас огцом цус алдаж хүндрэл болсон талаар эмч У.О мэдүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой харагдаж байна. Мөн шүүхээс өр төлбөрийг Д.Н-аар төлүүлэх шийдвэр гаргаагүй. Банкны зээлийн тухайд хэрэг гарахаас өмнө авагдсан байсан гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч П.Гансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. О.Б-ын хувьд амь хохирогчийн амь насыг хохироох гэсэн санаатай үйлдэл харагддаггүй. Давж заалдах шатны шүүхэд улсын яллагчийн зүгээс хэт энгийн яриагаар тайлбар өгсөн буюу хууль хэрэглээний тайлбар хийгээгүй. Миний зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжтой гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл  хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Ц.Цэцэгсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Хоёр шатны шүүх хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс банкны зээлийн талаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь дараа нь иргэний журмаар нэхэмжлэх боломжгүй байдалд байгааг анхаарч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Маш их гомдолтой байна. Би эд хөрөнгөөрөө бус хүнийхээ амиар хохирч хоёр нялх хүүхэд, хоёр хөгшин хүнтэй үйлдсэн. Хүнээрээ хохирчихоод дээр нь эд хөрөнгөөрөө хохирмооргүй байна гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэж байна. Анхан шатны шүүх талийгаач Ц.Б-ын банк, банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүнээс авсан 13,000,000 төгрөгийн зээл, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шүүхээс хохирогчийн банк болон бусад газарт төлөх зээлийн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд нас барсан этгээдийн бусдын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд тогтоол, магадлалд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгч О.Б-с амь хохирогч Ц.Б-ын банк, банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүнээс авсан нийт 13,000,000 төгрөгийн зээлийн талаарх шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд шүүгдэгч О.Б нь согтуугаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн нутагт орших Б.Б-ийн гэрт хохирогч Ц.Б-той маргалдан түүний толгойнд архины шилээр цохисон үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч Б.Б, Ц.В, Э.О нарын мэдүүлэгт тулгуурлан хоёр шатны шүүх хөдөлбөргүй сэргээн тогтоож, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд тодорхой тусгасан байна.

Түүнчлэн шинжээчийн 59 дүгээр дүгнэлтэд тусгагдсан (хэргийн 1 дэх хавтас, 99-101 дэх тал) болон анхан шатны шүүх хуралдааны явцад түүний тайлбарлан мэдүүлсэн (шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 2 дахь хавтас, 148-204 дэх тал) хохирогчийн биед учирсан “гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын хөндийн хурц цус алдалт, гавлын оройн хэсгийн хуйханд хуралт, дээд уруулын баруун зүүн талд зулгаралт, зүүн эрхий хурууны хумсанд цус хуралт” гэмтлүүд болон түүний үхлийн шалтгааныг шинжээч “гавлын болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавлын хөндийн хурц цус алдалт  гэмтлийн улмаас нас барсан” гэж тодорхойлсон нь архины шилээр толгойнд нь цохисон шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Гэмт халдлага болсны маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө хохирогчид эмчийн үзлэг хийхэд “зүүн гар, хөл нь саажилттай, татах болон атгаж чадахгүй, өвдөлтөд хариу урвал байхгүй байсан” талаарх гэрч С.Л-ын мэдүүлэг болон Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсний дараах өвчтөний түүх, яаралтай мэс ажилбар хийсэн талаарх баримт сэлт (хэргийн 1 дэх хавтас, 42-62 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн мэс ажилбарын явцын талаар гэрч У.О тодорхой мэдүүлснээс (хэргийн 1 дэх хавтас, 96-97 дахь тал) гадна анхан шатны шүүх хуралдаанд шинжээч П.Б амь хохирогчийн биед учирсан гэмтэл, түүний шинж чанар, үхлийн шалтгаан, түүнд хийгдсэн мэс ажилбарын талаар тайлбарлан мэдүүлжээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх нь шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл болон үхэл шууд шалтгаант холбоотой гэж дүгнэж, хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь зөв болсон байна.

Учир нь хохирогчид хүч хэрэглэн халдсан шүүгдэгчийн үйлдлийн улмаас түүний биед учирсан гэмтэл нь үхэлд хүргээгүй, эсхүл эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хүний амь хохирсон үр дагавар үүсгэсэн, түүнчлэн гэмтлийн бус шалтгаан буюу өөр өвчин, эмгэгийн хүндрэлээр хохирогч нас барсан гэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гэмт үйлдлийн шинжийн талаар хоёр шатны шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн  хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно. 

Хоёр шатны шүүх нь дээр дурдсан хуулийн зүйл, хэсэгт заасан үндэслэл, зарчмуудыг болон дотоод итгэлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан 8-аас 15 жил хорих ялаас 9 жилийн хорих ялыг сонгон хэрэглэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Харин хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн О.Б-ын хувьд хоёр шатны шүүх дээрх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчлан тогтоожээ.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болох 10,936,817 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг дурдаж, энэ зүйл хэсэгт заагаагүй зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 18,710,000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөр буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүүтэй холбогдох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байх тул 76,440,000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэрлэн заасан амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд”-ийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг тул мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлүүлж болно.

Тэгвэл одоогийн байдлаар хүний амь насыг мөнгөөр үнэлсэн хуулийн зохицуулалт байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд 90,000,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцжээ.

Иймд “хэргийн зүйлчлэл, ял хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн болон “амь хохирогчийн авсан байсан зээлийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх”-ийг хүссэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч гомдол гаргаагүй байхад магадлалд гаргасан мэтээр дурдсанаас гадна түүний нэрийг магадлалын тогтоох хэсэгт буруу бичсэн, мөн магадлалын тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн гаргасан гомдлыг тусгаагүй орхисныг тэмдэглэн анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН