Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 24

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдох 
    Ц.Мөнх-Эрдэнийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилохыг Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хуулийн хүрээнд явуулж, хурлын үйл ажиллагаа баталсан дэгийн дагуу явагдсан болно. Улмаар багийн Засаг даргын санал хураалт явагдаж дууссаны дараа саналын хуудсыг тоолоход Цэндсүрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие 129 санал буюу 90.8 хувийн санал авч тооллогын комиссын тогтоол гарсан болно. Үүний дараа иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоол гарч Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамирт 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уламжилсан боловч ямар ч хариу ирүүлээгүй, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгээр миний биеийг багийн засаг даргаар томилохоос татгалзсан байна.
Иймд Цэндсүрэнгийн Мөнх-Эрдэнэ миний биеийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилохыг Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгийг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хуульд заасан үндэслэл шаардлагад нийцсэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнх-Эрдэнэ нь тухайн багийн Засаг даргаар томилогдох бүрэн үндэслэлтэй. Эрдэнэбулган сумын Засаг дарга тухайн 5 дугаар багийн Засаг даргаар Ц.Мөнх-Эрдэнийг томилохоос татгалзах үндэслэлээ мэдүүлдэггүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт нь хуралд нэр дэвшихдээ авч үзэх мэтээр тайлбар хийгээд байна. Энэ нь хууль зөрчиж байна 
Эрдэнэбулган сумын Засаг дарга Ц.Мөнх-Эрдэнийг томилохгүй байгаа. Уг эс үйлдэхүй буюу татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа Б.Банзрагч болон хурлын тэргүүлэгч нар багийн хурал хууль, журмын дагуу явагдаагүй гэсэн гомдол гаргасан. Болсон зүйлийг өөрийн биеэр очиж харсан учраас татгалзсан гэдэг. Хурал хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
Ц.Мөнх-Эрдэнэ хуулинд заасан эрхээ эдэлж, үүргээ хүлээсэн томилогдох бүрэн шаардлагыг хангасан, тухайн хурал хууль ёсоор явагдсан. Иймд Ц.Мөнх-Эрдэнэ томилуулахаар шүүхэд хандаж байгаа нь зүй ёсны хэрэг. Ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж болохгүй гэсэн заалт байхгүй учраас энэ хүн нэхэмжлэлээ гаргах эрхтэй. 
Эрдэнэбулган сумын Засаг дарга Ц.Мөнх-Эрдэнийг томилохоос татгалзсан гэсэн боловч татгалзлаа баримтаар гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь дахиж хурал хийхийг шаардсан албан бичгийг хүчингүй болгуулах байгаа. Энэ талаар Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан байгаа. Тухайн хурлыг хийхийг шаардаж байгаа захиргааны акт. Энэ захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир нь Ц.Мөнх-Эрдэнийг 5 дугаар багийн Засаг даргаар томилохоос татгалзсан нэгдүгээр үндэслэл нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан. 
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэр дэвшээд ороод ирсэн хүнийг 26.4-д зааснаар Засаг дарга томилохоос татгалзвал гэсэн байгаа. Ямар үндэслэлээр татгалзах тухай хуулинд байхгүй. Эрдэнэбулган сумын Засаг дарга 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 05 дугаар тогтоолыг татгалзах үндэслэлээ хэлсэн. Дээрх үндэслэл нь багийн Иргэдийн нийтийн хурал хуульд заасан үндэслэл журмын дагуу болж чадаагүй.  Багийн Иргэдийн нийтийн хурал 13 цаг 50 минутад эхлэхэд 456 хүн оролцож багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийг сонгох саналаа өгөөд Засаг даргыг томилох үед ихэнх хүмүүс нь гараад явчихсан байсан. Ингээд 1 дэх үндэслэл нь тухайн багийн Засаг даргыг сонгох хуралд багийн иргэдийн 50 хувь хүрэлцэхгүй иргэд байсан гэсэн үндэслэл. Дараагийн нэг үндэслэл нь дээрх хуралд оролцсон 142 хүнээс хэд нь 5 дугаар багийн иргэн саналаа өгсөн юм бэ. Хэд нь өгөөгүй юм бэ. Нэг иргэн нэг саналын хуудсаар санал өгсөн юм уу, эсвэл нэг иргэн 2-3 саналын хуудсаар саналаа өгсөн юм уу гэдэг асуудал эргэлзээтэй байдаг. Тийм учраас Засаг даргын өөрийнх нь татгалзах үндэслэлүүд дээр дээрх хэд хэдэн татгалзах үндэслэл гарч ирсэн учраас Эрдэнэбулган сумын Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд татгалзсан. 
Бид нар хуулийг хэрэглэхдээ ерөнхий зохицуулалтаас нарийвчлан харах хэрэгтэй. Ерөнхийд нь хараад үзвэл татгалзвал гэдэг асуудал байгаа. Нарийвчлан татгалзвал гэдэг үндэслэлийг олоод харахад байхгүй байдаг. Засаг даргад нэг удаа татгалзах эрх нь бүрэн эрхийнхээ хувьд байгаа. 
Дараагийн нэг асуудал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Эрдэнэбулган сумын Засаг даргын албан бичгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Эрдэнэбулган сумын Засаг дарга дээрх албан бичгээр татгалзсан үндэслэлээ бичгээр гаргасан. Энэ албан бичгийг ямар үндэслэлээр хүчингүй болгох юм бэ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хоёр шаардлагыг хангах үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, /флаш/ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Мөнх-Эрдэнээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилохыг Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт зааснаар захиргааны акт гаргуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгах /Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигч Ц.Мөнх-Эрдэнийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй/ нэхэмжлэл /х.х- 1-2/ гаргаж шүүх дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан иргэн Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. /х.х 64/

Маргааны үйл баримтаас дурдахад: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлыг зарлаж, уг хуралдаанаар иргэдийн Нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргыг сонгох санал хураалт явагджээ. /х.х-3-7, 30-36/
Улмаар  багийн Засаг даргад нэр дэвшүүлэх  санал хураалтад оролцсон 5 дугаар багийн иргэдийн 90.8 хувийн санал авсан Цэндсүрэн овогтой Мөнх-Эрдэнийг 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэн Эрдэнэбулган сумын Засаг даргад уламжилсан байна. /х.х-н 6, 34/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь 5-р багийн Засаг даргыг томилох эсэх талаар тодорхой хариу өгөөгүй, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйн улмаас уг маргаан үүсжээ.
Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь: 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ....үйл ажиллагаанд .. хууль дээдлэх зарчим баримтална” заасныг зөрчөөгүй байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3-т “...  Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлэх...”  заасан  Үндсэн хуулийн агуулгаас үзэхэд багийн Засаг даргад нэр дэвшигчийг татгалзах эрх нь сумын Засаг даргад нээлттэй байна. 

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Эрдэнэбулган сумын 5-р багийн Иргэдийн нийтийн хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээд хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгожээ./х.х-51-52/

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т зааснаар “ Засаг даргыг тухайн ... багийн .. Хурлаас нэр дэвшүүлж, ... багийн .. Засаг даргыг харьяалах сумын .. Засаг дарга..дөрвөн жилийн хугацаагаар томилно”. Жардугаар зүйлийн 3-т зааснаар “... дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал ..,” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол .. баг хорооны Засаг даргыг сумын .. Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилно...”, 26.4 дэх хэсэгт  “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал ..” гэж зааснаар хариуцагч Эрдэнэбулган сумын Засаг дарга томилох эсэх асуудлаар шийдвэр гаргах үүрэгтэй байна. 

Хариуцагч тал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгээр 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшсэн Ц.Мөнх-Эрдэнийг томилохоос татгалзаж, Засаг даргад дахин нэр дэвшүүлж ирүүлэх хүсэлтээ тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргад хариу хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариу өгсөн гэж үзэх үндэслэлтэй. /х.х-н 19, 49-50/

Өөрөөр хэлбэл томилох эрх бүхий албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд доод шатны Засаг даргад нэр дэвшигчийг нэг л удаа томилохоос татгалзаж, дахин нэр дэвшигчийг уламжилсан тогтоол ирүүлэхийг хүссэн захиргааны акт гаргасан нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь  Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлсэн байна.
5. Нэхэмжлэгч тал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж байгаа ч дээрх хуулийн 26.6.1, 26.6.2, 26.6.3-д заасан шаардлагуудыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан багийн Иргэдийн Нийтийн хуралдааны тогтоолтой хамт хүргүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын 2017 оны 3  дугаар сарын 16-ны өдрийн 34573 дугаартай тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны  3 дугаар сарын 20-ны өдрийн 0011993 дугаартай тодорхойлолт, Архангай аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 117000103 дугаартай тодорхойлолтуудыг нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ гаргаж өгсөн болохыг тэмдэглэв./ х.х-н 51-52, 138-140/
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар 5 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурал томилох эрх бүхий албан тушаалтан буюу сумын Засаг дарга багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор зохих шатны Хурал дахин хуралдаж багийн Засаг даргыг дахин нэр дэвшүүлэн томилох эрх бүхий албан тушаалтанд уламжлах бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан уламжилсан тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй. Уг томилох үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд тухайн томилох эрх бүхий албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйг тогтоох хуулийн зохицуулалттай байна.  
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь хууль бус болсон /5-р багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Банзрагч, тэргүүлэгчид, иргэд/ энэ талаар гомдол хүсэлт, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж мэдүүлж байгаа боловч шүүхээс үзлэг хийхэд Эрдэнэбулган сумын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, нутгийн өөрөө удирдах байгууллагад гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болон тус шүүхэд нэхэмжлэл гараагүй болохыг дурдах нь зүйтэй. /х.х-н 73-124, 139-162, 163-177/
8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин шүүх хуралдааны үед хариуцагч Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир нь шүүгчийг татгалзсан гэж байгаа ч хариуцагч татгалзлалаа бичгээр гаргаж өгөөгүй, татгалзлын үндэслэлийн талаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв. /х.х-н 192-196/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 .14 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Засаг даргаар томилохыг Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01/159 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОДОНТУЯА