Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2019/0560

 

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                             

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 127/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 127/ШШ2019/0010 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, Ч.Э-ийг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ч.Эийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийт 15,563,227 төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгохыг хариуцагч даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо:

 “... 1. Шүүх хэргийг шийдвэрлэсэн үндэслэлдээ талуудын маргаж буй үндэслэлийг өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж дүгнэжээ. Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаар шийдвэрт “Ч.Э нь төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр олноор халсан, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилгоо хийсний улмаас төрд их хэмжээний хохирол учруулсан, шүүхийн шийдвэр биелүүлэхээс удаа дараа зайлсхийж албан үүргээ гүйцэтгээгүй зэрэг талуудын маргаж буй үндэслэлд шүүх дүгнэлт өгөхгүй” гэж шийдвэрлэсэн байдаг.

Үүнийг анхаарч шинжлээгүйн зэрэгцээ Ч.Э-т холбогдох аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан утга, агуулгын илэрхий алдаатай захирамж гаргасан гэж үзсэнийг анхаарч дүгнэлт хийгээгүй. Иймд Ч.Э-ийг ажлаас халсан үндэслэлийг хуульд нийцсэн, эс нийцсэн талаар шүүхээс өмнө  нь дүгнэсэн дүгнэлт, шүүхийн шийдвэр байхгүй байхад маргаж буй үндэслэлийн талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийг баримталж “шүүхийн шийдвэрээс өмнөх үйл баримтыг дүгнэх боломжгүй” гэж үзсэн байдаг. Гэвч Ч.Э-ийг ажлаас халсан аймгийн Засаг даргын 2018 оны Б/109 дүгээр захирамжийн үндэслэлд холбогдох зарим баримтууд нь аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 28 дугаар шийдвэр гарснаас хойш хугацааны баримтууд болохыг шүүх дүгнээгүй.

3. Ч.Э-т холбогдох өмнөх шүүхийн шийдвэр биелэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа “шийдвэрийг гардаж авсан болон П.М-ын амнаас сонссон гэх” хугацаа илтэд хоорондоо зөрүүтэй, аймгийн Засаг даргын 2018 оны Б/69 дүгээр захирамж гарснаас хойш уг ажил албан тушаалдаа ирэхгүй зугтаж, Улаанбаатар хотод өөр ажил хийж байсан талаар “Э э” өмгөөллийн нөхөрлөлийн тодорхойлолт зэрэг хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудад үнэлэлт өгөөгүй. Төрд их хэмжээний хохирол учруулсан нь нэгэнт тогтоогдсон, олон хүнийг үндэслэлгүй халсан, шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зэрэгт нь захиргааны эрх бүхий албан тушаалтнаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмын дагуу, сонгох боломжийг хэрэглэж гаргасан захиргааны актын үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсгийг шүүх зөрсөн гэж үзэж байна. Иймд ... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт хамаарах захиргааны актын үндэслэл, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт, тайлбар хийгээгүй, маргаанд хамаарах хуулийн зүйл, заалтыг хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарласан талаар шийдвэрт тусгаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хэргийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Э “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоол, мөн аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/109 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан аймгийн Засаг даргын шийдвэртэй холбогдуулан “... хариуцагч нь нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/101 дүгээр захирамжаар ажилд томилсон зэргээс дүгнэхэд хариуцагчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа, ... хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын талаар маргах эрхгүй ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар шийдвэрээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр ... хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул тус шүүх уг шүүхийн шийдвэрээс өмнөх үйл баримтыг дүгнэх боломжгүй, хэргийн оролцогч маргах эрхгүй ...” гэсэн илт үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн буюу маргааны үйл баримт, маргаан бүхий актад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, ... нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны Б/101 дүгээр захирамжтай холбогдуулан “... нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө ... тухайн албан тушаалд томилж, түүний ажлыг хүлээлцээгүй атлаа ... сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй ...” гэж дүгнэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөх ажлаас халсан шийдвэр хүчингүй болсныг, мөн ажилд томилсон шийдвэр гарсныг мэдсэн эсэх, мэдэх боломжтой байсан эсэхийг тогтоогоогүй энэ талаарх баримт нотолгоог хангалттай бүрдүүлж дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд өмнө нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар Ч.Э-ийг “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр олноор нь халж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдсон, шүүхийн шийдвэр биелүүлэхээс удаа дараа зайлсхийж, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Э “уг захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага гарган маргажээ. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 30 өдөр хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга Б/69 дугаар захирамжийг гаргаж “... захирамжийг төлөвлөж, батлуулсан ажилтнууд мэргэжлийн алдаа гаргаж Захиргааны ерөнхий хуульд заасан утга агуулгын илэрхий алдаатай захирамж гарсан” гэсэн үндэслэлээр өмнө гаргасан Б/51 дүгээр захирамжаа хүчингүй болгосон буюу тухайн хэргийн маргаан бүхий акт байхгүй болсон байх үед Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 122/ШШ2019/0028 дугаар шийдвэрээр “... хариуцагчаас маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай гэсэн үндэслэлээр өөрөө хүчингүй болгосон учир нэхэмжлэгч болон хариуцагчийн маргаж буй үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, ... хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч өөрөө хүчингүй болгосон байна” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Б/51 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Үүний дараа хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/101 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ч.Э-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байх бөгөөд нэхэмжлэгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Б/101 дүгээр захирамжаар намайг ажилд томилсон мэт харагдавч ажил хүлээлцээгүй шүүхийн шийдвэрийг бодитоор хэрэгжүүлсэн дүр эсгэж, анх ажлаас халсан үндэслэлээр дахин халлаа ...” гэж маргасан байна.

Хавтас хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийг ажилд томилсон 2018 оны Б/101 дүгээр захирамжийг мэдэгдсэн эсэх, нэхэмжлэгч мэдсэн эсэхтэй холбоотой гэрч Т.Г-О, Ш.О нарын “... Ц.Э-ийн утас руу залгасан авахгүй байсан, захирамж албан бичгийг Ч.Э-т хүргүүлээрэй гэж бичиг хэргийн эрхлэгч О-т өгсөн, “... 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр утсаар ярьж ...  ажилдаа ор гэсэн гэхэд Ч.Э “их солиорох нээ” гэж хэлээд утсаа тасалсан ... 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр уг албан бичгийг 2 захирамжийн хамт гардуулсан ...” гэх тайлбар, мэдүүлгүүдээс өөр баримт авагдаагүй байна.  

Хариуцагч аймгийн Засаг даргын 2018 оны Б/101 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан ажил хүлээлцүүлэх комисс нэхэмжлэгч Ч.Э-т ажил хүлээлцүүлэх талаар хэрхэн ажилласан нь тодорхой бус байхаас гадна нэхэмжлэгч Ч.Э өмнө нь хариуцагчийн түүнийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжтай маргаж байх явцад хариуцагч маргаан бүхий актыг хүчингүй болгосон үйл баримтыг мэдсэн байх тул тухайн цаг хугацаанаас хойш ажилдаа эргэж орох шийдвэр гарч буй эсэх талаар мэдэх боломжтой байсан эсэхийг шүүх тодруулж, эдгээр үйл баримтад дүгнэлт хийх шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 122/ШШ2018/0028 дугаар шийдвэрээр “... тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад өөрт нь олгожээ ... хариуцагчаас маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай гэсэн үндэслэлээр өөрөө хүчингүй болгосон учир нэхэмжлэгч болон хариуцагчийн маргаж буй үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс үзвэл уг шийдвэрээр тухайн үед нэхэмжлэгчийг ажлаас халсан маргаан бүхий акт үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч уг үйл баримтын дараа нэхэмжлэгчийг ажилд томилсон, улмаар ажлаас халах шийдвэр гаргасан байх тул хариуцагчийн сүүлд гаргасан ажлаас халах шийдвэрийг шинээр гарсан захиргааны акт гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлагатай холбогдуулан “... хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийг олноор нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн, төсөвт их хэмжээний хохирол учруулсан, шүүхийн  шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэж маргаж буй атлаа маргаан бүхий захиргааны актаа өөрөө хүчингүй болгож, дээрх үндэслэлээр ... шүүхэд мэтгэлцээгүй, шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийг ... Б/101 дүгээр захирамжаар ажилд томилсон ... хэргийн оролцогчид ... шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын талаар маргах эрхгүй ... шүүхийн 28 дугаар шийдвэрээр ... нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон ... шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ... уг шийдвэрээс өмнөх үйл баримтыг дүгнэх боломжгүй, хэргийн оролцогчид маргах эрхгүй ...” гэсэн дүгнэлтийг хийж, маргаан бүхий захиргааны актад хууль зүйн үндэслэл, тайлбар, хийгээгүй, холбогдох баримтыг бүрдүүлж үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэрт тусгаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлага болон “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шуудангаар хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна. Хэрэгт авагдсан шийдвэр хүргүүлсэн дугтуйнд дарагдсан шуудангийн дардас, давж заалдах гомдлыг хүлээн авсан шүүхийн дардаснаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр давж заалдах гомдлоо шууданд хийж, давж заалдах гомдол гаргах хуульд заасан хугацааг 6 хоногоор хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээгүйг дурдах нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараахь үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй”, 85 дугаар зүйлийн 85.3-д “Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзан гаргасанд тооцно”, 85.4-д “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилснаас үзвэл шүүгч өөрөө татгалзан гарч буй тохиолдолд бусад шүүгч нар тэрхүү татгалзлыг хүлээн авах эсэх талаар шийдвэрлэх тухай ойлголт байхгүй, харин хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзах гаргах тухай хүсэлт гарсан тохиолдолд уг асуудлыг түүнийг үл байлцуулан бусад шүүгчид, хэд хэдэн шүүгчийг, хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, мөн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах талаар гарсан хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр байна.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 122/ЗТ2019/0015 дугаар тогтоол[1]-оос үзэхэд нэхэмжлэгчээс “Шүүгч Б.Б-ыг татгалзах гаргах тухай” хүсэлтийг хянан хэлэлцсэн Шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч Б.Б /Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан/ өөрөө оролцсон, тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэл[2], Шүүгчдийн зөвлөгөөний 122/ЗТ2019/0020 дугаар тогтоол[3]-оос үзэхэд Ерөнхий шүүгч Х.Э-ийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай” хүсэлтийг хянан хэлэлцсэн байх боловч Ерөнхий шүүгч Х.Э татгалзан гарах хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй, өөрөө тус шүүгчдийн зөвлөгөөнд оролцож, өөрийнхөө татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэсэн, мөн хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга У.Б-д “Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэн оролцох”-оор итгэмжлэл[4] олгосон байх боловч уг итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан эрхийг тусгайлан заагаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчигдсөн алдаа гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 127/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

                       ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                      ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

                      ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ 

 


[1] 2ХХ-ийн 3 дугаар хуудас

[2] 2ХХ-ийн 6 дугаар хуудас

[3] 2ХХ-ийн 7 дугаар хуудас

[4] 1ХХ-ийн 14 дүгээр хуудас