Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/01258

 

Ц.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00632 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1250 дугаар магадлалтай,

Ц.Л-ын нэхэмжлэлтэй,

Б.А, Х.Ц  нарт холбогдох,

орон сууцны 50 хувийн өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.А, Х.Ц  нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Ц.Л-, Г.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү талийгаач Д.Нямбаяр нь 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Миний бие тухайн үед хүүг минь амиа хорлосон явдалд бэр Б.А-г буруутган цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч 2012 оны 11 сарын 02-ны өдөр прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хүүгийн нас барсан өдрөөс хойш өв хөрөнгийг хууль ёсоор тэргүүн ээлжид өвлөх эрхтэй хүний нэг нь би байсан. Б.А- танд 2-р дөчин мянгатын 12б байрны 41 тоот хаягт орших орон сууцыг танд өгье гэсний дагуу төрсөн хүү Б.Оргойг /61 настай, 70 хувийн группд байдаг/ оруулсан. Гэтэл хөгшин над дээр ирж Оргойгийн амьдарч буй байрыг удахгүй зарна байрыг чөлөөл гэсэн. Миний бие одоо 80 гарсан бие эрүүл мэндийн байдал сайнгүй. Б.А- нь тухайн байрны өмчлөх эрхийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан байдлыг олж мэдлээ. Иймд 2-р дөчин мянгатын 12б байрны 41 тоот 1 өрөө байрны өвлөгчөөр намайг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот орон сууцны 50 хувийн өвлөгчөөр тогтоолгох, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ү-2202004590 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 012 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ хэмээн заасан тул Ц.Л-ын эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан хэмээн үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 000067614 гэрчилгээтэй, Ү-2202004590 улсын дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 2 дугаар 40 мянгатын 12-р байрны 41 тоот хаягт байрлах иргэн Б.А-, нас барагч Д.Нямбаяр нарын хамтран өмчлөх эд хөрөнгө болох орон сууцны нас барагч Д.Нямбаярт ногдох хэсгийг түүний эхнэр Б.А-, төрсөн хүүхдүүд болох Н.Манал-Эрдэнэ, Н.Нямжаргал нарт өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Б.А-, Б.Манал-Эрдэнэ, Б.Нямжаргал нар нь 2015 оны 05 сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ бичгээр гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед нэхэмжлэгч Ц.Л- нь нас барагч Д.Нямбаяртай хамтран амьдарч байгаагүй болох нь 2015 оны 05 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хорооны Засаг даргын тамгын газраас олгосон тодорхойлолтоор нотлогдсон. Ц.Л- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан. Иймд Ц.Л-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00632 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А, Х.Ц  нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот орон сууцны 50 хувийн өвлөгчөөр тогтоолгох, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ү- 2202004590 дугаар бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1250 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00632 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Л-ыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 41 тоот орон сууцны 50 хувийн өвлөх эрхтэйг тогтоож, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ү-2202004590 дугаар бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг өвлүүлэх тухай 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас 264.075 төгрөгийг, хариуцагч Х.Ц-гаас 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Л-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00632 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1250 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх маргаан бүхий эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийг тодорхойлохдоо Д.Нямбаяр, Б.А- нарын төрсөн хүүхдүүд болох Н.Манал-Эрдэнэ, Н.Нямжаргал нарын эд хөрөнгийн эрхийг харгалзан үзээгүй бөгөөд тэдний эрх, ашиг сонирхолд хохиролтой байдлаар тайлбарлаж иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн байна. Гэрч Б.Болдхүүгийн мэдүүлэгтээ “Манай хадмынд намайг байж байхад Ариунаа орж ирээд хадам ээжид би танд нэг юм хэлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд хадам ээж юу юм гэхэд Энэ Оргой ах хэцүү юмаа, манай нэг байрыг нь өгчих гэхэд би бол нэг их зүйл дуугараагүй. Тэгээд байраа суллаад Оргой ахыг байрандаа оруулсан” гэснээс үзэхэд М.Ариунаа нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 -д зааснаар өөрийн орон сууцандаа амьдран суух, ашиглах эрхийг Д.Оргой, түүний гэр бүлийн гишүүдэд олгосон гэх Б.А-гийн тайлбар бүрэн нотлогдоно. Түүнчлэн Б.А- өөрийн нас барсан нөхрийн ах Б.Оргой, түүнийг гэр бүлийн гишүүдийг орон сууцандаа амьдруулсан нь Б.А- болон түүний 2 хүүхэд өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээс татгалзсан гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь хэргийг шийдвэрлэхээ хэт нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр болохыг харуулж байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар Б.А- болон түүний төрсөн 2 хүүхэд өвлөгдөх эд хөрөнгөөс татгалзаж хуульд заасан байгууллагад хандаж байсан удаа огт байхгүй. Харин ч маргаан бүхий орон сууцнаас өвлөх сонирхолтой байж өвлөх эрхийн гэрчилгээг нотариатаар бичүүлэн авсан байдаг.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1250 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.29-ний өдрийн 1250 тоот магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болж байгааг огт тайлбарлаагүй бөгөөд зөвхөн магадлалын тогтоох хэсэгт Нотариатын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Л-ыг орон сууцны 50 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож орон сууцыг өвлүүлэх тухай 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай гэжээ. Хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр нотариатч миний өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг шүүхээс хүчингүй болгож байгаа бол ямар хуулийг, ямар байдлаар зөрчсөн эсэхийг шүүх шийдвэртээ тодорхой, ойлгомжтой байдлаар бичих нь хууль дээдлэх зарчимд нийцнэ хэмээн үзэж байна. Нэгэнт Ц.Л- уг маргаан бүхий орон сууцанд амьдран суудаггүй, эзэмшлийн байдал нь бодит байдалд тогтоогдохгүй байсан учир нотариатын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1250 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ц.Л- нь хариуцагч Б.А, Х.Ц  нарт холбогдуулан  “...байрны 50 хувийн өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын  үйлдлийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Д.Нямбаяр, Б.А- нар эхнэр, нөхөр бөгөөд нэхэмжлэгч Ц.Л- нь Д.Нямбаярын төрсөн эх байна.

Д.Нямбаяр, Б.А- нар маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 12-41 тоотод байрлах 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хамтран өмчилж байсан ба Д.Нямбаяр 2012 оны 10 дугаар сарын 13-ний өдөр нас баржээ / хэргийн 4, 5, 31 дүгээр тал/.

Нэхэмжлэгчийн “...хүү маань нүдний шилний цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр бизнес хийж, тодорхой хэмжээний өв хөрөнгө цуглуулсан байсан, ... Б.А- 2 дугаар 40 мянгат, 12-41 тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг танд өгье гээд уг байранд амьдарч байсан өөрийнхөө эгчийг байрнаас гаргасан тул 2012 оны 11 дүгээр сарын 7-ний өдөр хүү Б.Оргойг энэ байранд оруулсан, одоо хүртэл амьдарч байна...” гэсэн тайлбарыг хариуцагч Б.А- үгүйсгэж чадаагүй байна. 

Нас барагчийн эхнэр, хүүхэд, төрүүлсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байхаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-т заасан.  

Д.Нямбаяр нас барсанаар орон сууц эх Ц.Л-д шилжсэн, тэрээр уг орон сууцыг өөрийн мэдэлд авсан, улмаар хүү Б.Оргой амьдарч байгаа нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар эд хөрөнгийг эзэмшилдээ авсан гэж үзнэ.

Харин Д.Ариунаа нь өвлөгдөх хөрөнгийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээс татгалзсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, тэрээр уг баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан байхад нотариатч Х.Ц- нь Ц.Ариунаад 2015 оны 10 дугаар сарын 30-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж,  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1250 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Х.Ц  нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.А-гийн төлсөн 264.075 төгрөг, Х.Ц-гийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ