Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2017/02473/И |
Дугаар | 210/МА2024/01346 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/01346
Г.Жавхлантөгсийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01480 дугаар шийдвэртэй,
Г.Жавхлантөгсийн нэхэмжлэлтэй,
Өгөөж хишиг ХХК-д холбогдох
Хууль бусаар нийтийн эзэмшлийн автозамыг хаасан, үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохирол 793,342,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Барилга албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, хохирол 796,471,880 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн төлөөлөгч П.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Г.Жавхлантөгс нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу иргэн Ш.Нансалмаагаас Сүхбаатар дүүргийн 1 хороо, Ойн-3 гудамжны 221 тоот хаягт байрлах 581 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн Г-2203001493 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 18644310126361 дугаартай, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн Г-2203001494 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 18644310125325 дугаартай газрыг тус тус худалдан авч газар өмчлөх эрхийн 000130051, 000130052 дугаар бүхий гэрчилгээ авсан.
Уг газарт барилга барихаар иргэн Ш.Нансалмаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлөө авсан байсан бөгөөд уг зөвшөөрөл нь газар өмчлөх эрхийн хамт Г.Жавхлантөгсийн нэр дээр шилжин бүртгэгдсэн.
1.2. Тус зөвшөөрлийн дагуу 12 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар төлөвлөгдсөн байсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2013/47 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, улмаар холбогдох техникийн нөхцөлүүдийг авсан байсан.
1.3. Г.Жавхлантөгс уг газрыг худалдан авсны дараа холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын хэмжээг багасган 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 467 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварыг авсан.
1.4. Үүний дараа 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 400/2014 дүгээр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч сунгалт хийлгэн барилгын ажлаа гүйцэтгэсэн.
1.5. Барилгын ажил эхлүүлэх үеэс эхлэн Өгөөж хишиг ХХК нь янз бүрийн аргаар барилгын ажлыг саатуулах, зогсоолгох, өмчлөх эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хязгаарлах зэргээр удаа дараагийн хууль бус үйлдэл гаргаж байсан.
1.6. Өгөөж хишиг ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэгч Г.Жавхлантөгсийн газрыг өөрийн эзэмшлийн газартай давхацсан болон Г.Жавхлантөгсийн барилга барих холбогдох зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, уг маргаан Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж Өгөөж хишиг ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
1.7. Тус компанийн энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд барилга хүлээн авах улсын комисс ажиллахаас татгалзаж 1 жил гаруй хугацаанд баригдаж дууссан барилгыг хүлээн авалгүй хугацаа алдуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл, Өгөөж хишиг ХХК-ийн шүүхэд гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлээс болоод нэхэмжлэгч Г.Жавхлантөгс орон сууцны барилгаа бусдад худалдан борлуулах боломжгүй болсон бөгөөд уг хугацаанд барилгын 1 м.кв талбайн үнэ 1,000,000 орчим төгрөгөөр буурсан.
1.8. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан барилгын ажил зогсоолгох талаар нэхэмжлэл гаргаж шүүхээс захирамж гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажлаа зогсоож шүүгчийн захирамжийг биелүүлэх талаар шаардлага хүргүүлж байсан. Уг захирамжид миний зүгээс гомдол гаргаж хууль бус болохыг тогтоолгон захирамжийг хүчингүй болгуулсан юм.
1.9. Өгөөж хишиг ХХК нь 2014 оны 5 дугаар сараас эхлэн Г.Жавхлантөгсийн өмчлөлийн газартаа орох замыг хууль бусаар хаах, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам дээр хязгаарлах, төмөр шон зоож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байсан. Үүнийг нэг бүрчлэн дурдвал:
а. 2014 оны 5 дугаар сард манай барилгын ар талаар явдаг нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн компанийн үүдэнд машин тавин хааж ажил хийх боломжгүй болгож өмчлөх эрх бүхий газартаа автомашинаар орох боломжгүй болгосон.
б. Мөн барилгын аюулгүй ажиллагаа гэх нэрэн дор хамгаалалтын шатыг газраас 2.8 метр өндөрт засаж газар шорооны ажил хийхэд шороо ачих машин багтахгүй болгосон.
в. 2014 оны 9 дүгээр сард мөн газар шорооны ажил эхлүүлэх гэтэл 5 тн гэсэн хязгаарлалт бүхий тэмдэг хууль бусаар авч тавьсан байсан. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газраас уг асуудлыг тодруулахад тэмдэг олгосон талаар хэн ч мэдэхгүй байсан.
г. 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5 тн-ын даацын машинаар шороо зөөх гэсэн боловч 2014 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө өөрийн хашааныхаа хаалгыг нийтийн эзэмшлийн зам талбай руу сунгаж барьж машин явах боломжгүй болгосон.
д. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр жингийн хязгаарлалт 5 тн гэсэн тэмдгийг 2,5 тн болгон өөрчилж өндрийн хязгаарлалтыг 1,6 м болгон суудлын жижиг тэрэг багтаж орох боломжгүй болгосон.
Өгөөж хишиг ХХК-ийн дээр дурдсан үндэслэлгүй, хууль бус үйлдлүүд нь миний барилгын ажлаа хэвийн явуулах, шударгаар эд хөрөнгө бий болгон өмчлөх, үр шимийг нь хүртэх зэрэг хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.
1.10. Нийтийн эзэмшлийн замыг хууль бусаар хааж нэвтрэх боломжийг хязгаарласнаас улбаалан дараах нэмэлт зардал гарч ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Үүнд:
а. Барилгын газар шорооны ажил эхлэх үед нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хааснаас болж суурийн шороо ачих том оврын машин ажлаа хийж чадалгүй сул зогсож, газар ухаж байсан экскаватор хашаанд түгжигдэн сул зогссон. Үүний улмаас 27,280,000 төгрөгийн хохирол учирсан.
б. Барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулснаас барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээслэх, тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нийт 119,820,000 төгрөгийн шууд нэмэлт зардал гарч хохирол учирсан.
в. Барилгын ажлыг гүйцэтгэх кран Өгөөж хишиг ХХК-ийн хууль бус үйлдлээс болж нэвтрэх боломжгүй болж подьем ажиллуулж нийт 32,760,000 төгрөгийн зардал гарсан.
г. Барилга угсралтын ажил удааширч нэмэлт ажиллах хүч авах шаардлага үүсч, 9 сарын хугацаанд нэмж ажилтан авч ажиллуулсны улмаас тэдэнд төлсөн ажлын хөлс 6,452,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан. Мөн барилгын бараа материал хадгалалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр харуул, хамгаалалтын ажилтан авч нийт 9,000,000 төгрөгийн ажлын хөлс олгосон.
д. Бест чойс ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж цемент авсан бөгөөд төлбөрт нь барьж буй орон сууцнаас өгөхөөр тохиролцож 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон.
Тус компани нь хугацаандаа цементээ нийлүүлсэн боловч манай зүгээс Өгөөж хишиг ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан хугацаандаа байраа ашиглалтад оруулж чадаагүй. Ингээд Бест чойс ХХК-аас надад албан шаардлага ирүүлсэн бөгөөд дээрх хугацаанд орон сууцны м.кв-ын үнэлгээ унаж 2,500,000 төгрөг болоод байна. Бест чойс ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,500,000 тегрөг болгон бууруулж өгөхөөр тохиролцсон. Үүний зөрүүд 74,400,000 төгрөгийн шууд хохирол надад учраад байна.
е. Хөтөл тэлмэн ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Арилжааны гэрээ байгуулж 631,990,000 төгрөгийн бетон зуурмаг авахаар тохиролцож төлбөрт нь 100 хувь орон сууц өгөхөөр тохиролцсон. Гэтэл мөн л дээр дурьдсан шалтгаанаар миний зүгээс орон сууцаа хугацаанд ашиглалтад өгч чадаагүйн улмаас 1 м.кв нь 3,500,000 төгрөгийн үнэтэй байрыг 2,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцож 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан. Үүний зөрүүд надад 180,560,000 төгрөгийн шууд хохирол учирсан.
ё. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх бараа материал нийлүүлэх гэрээг Буяндэлгэрэх цамхаг ХХК-тай байгуулж энэхүү гэрээгээр Буяндэлгэрэх цамхаг ХХК нь барилгын гадна фасадны материал нийлүүлж, фасадны ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд миний зүгээс ажлын хөлс болон материалын үнэд нийт 166,250,000 төгрөг төлөхөөр тохирч уг төлбөрөө барьж буй барилгаас 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-ыг нь 3,500,000 төгрөг тооцож төлөхөөр гэрээлсэн болно.
ж. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Цонхны ажил гүйцэтгэх гэрээг Алтайн гуулин констракшн ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу 166,250,000 төгрөгийн ажил хийлгэж миний зүгээс 47.5 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв-ыг нь 3,500,000 төгрөг тооцож гэрээ байгуулсан.
з. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлын гэрээг Тул-Эрд ХХК-тай байгуулсан бөгөөд нийт 191,205,000 төгрөгийн хаалга нийлүүлж суурилуулахаар тохирч гэрээний үнэд миний зүгээс 54,63 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг нь 3,500,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон.
и. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Салхивч агааржуулалтын ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Эн ти эм ХХК-тай байгуулж нийт 125,370,000 төгрөгийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ авахаар болсон. Энэхүү гэрээний төлбөрт 35,82 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон.
й. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Цахилгаан холбоо дохиоллын бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 291,620,000 төгрөгийн үнэ бүхий 2 байрыг ажлын хөлс болон материалын үнэд төлөхөөр тохиролцсон болно.
к. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сантехникийн бараа материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг Гейт сервис провайдер ХХК-тай байгуулж 260,400,000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ авч мөн дүнтэй 2 ширхэг байр өгөхөөр харилцан тохиролцсон.
Дээрх бүх бараа материал болон гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд миний зүгээс барьж буй барилгаас орон сууц өгөхөөр тохиролцсон боловч Өгөөж хишиг ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас хугацаандаа барилгаа ашиглалтад оруулж шилжүүлэн өгч чадаагүй болно.
Хугацаандаа байрыг ашиглалтад оруулаагүй улмаас Буяндэлгэрэх цамхаг ХХК-д 43,700,000 төгрөг, Алтайн гуулин констракшн ХХК-д 47,500,000 төгрөг, Тул Эрд ХХК-д 54,630,000 төгрөг, Эн Ти Эм ХХК-д 35,820,000 төгрөг, Гейт сервис провайдер ХХК-д 83,320,000 төгрөг, 74,400,000 төгрөг, нийт 339,370,000 төгрөгийн хохирол учирсан.
Иймд экскаватор, хово машины сул зогсолт, сул явалт 27,280,000 төгрөг, нэмэлт тээвэр болон түрээсийн зардал 110,820,000 төгрөг, подем ажиллуулах хөлс 13,260,000 төгрөг, туслах ажилчдын болон харуул хамгаалалтын хөлс 47,652,000 төгрөг, Бэйст чойс ХХК-ийн нэмэлт төлбөр 74,400,000 төгрөг, Хөтөл тэлмэн ХХК нэмэлт төлбөр 180,560,000 төгрөг, гадна фасадны зардалд 43,700,000 төгрөг, цонхны ажилд 47,500,000 төгрөг, хаалганд 54,630,000 төгрөг, салхивчинд 35,820,000 төгрөг, цахилгаанд 83,320,000 төгрөг, сантехникийн зардалд 74,400,000 төгрөг, нийт 793,342,000 төгрөгийг хариуцагч Өгөөж хишиг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж барилгын ажлыг саатуулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
Манай компанийн эрх ашиг зөрчигдсөн учраас бид шийдвэрлүүлэхээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн алба зэрэгт хандсан. Төрийн чиг үүргийн дээд байгууллага, Хяналт шалгалтын газруудаас хэрэгжүүлэгч агентлаг байгууллагадаа үүрэг даалгавар өгдөг боловч шийдвэрлэгдээгүй, захиалагч Г.Жавхлантөгс нь ч төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/3304 тоот албан бичгээр шүүхээр шийдвэрлүүл гэсэн байдаг. Бид эрх ашгаа хамгаалуулахын тулд бүрэн үндэслэлтэйгээр шүүхэд хандсан.
Г.Жавхлантөгс нь Өгөөж хишиг ХХК-ийн эрх ашгийг хөндөж, хууль бус үйл ажиллагаа явуулж, ажил саатуулж, газар руу маань сууриа оруулж барилгаа барьсан, өөрийнхөө ерөнхий төлөвлөгөөнд баталгаажсан 2 урсгалтай автозамтай атлаа манай баруун талын нарийн, том оврын ачааны автомашин орох хориотой замаар 15 тн, 30 тн-ын жинтэй том оврын автомашинуудаар явж манай ашиглалтыг нь хариуцаж байсан орон сууцны оршин суугчид, явган зорчигч иргэд бидний эд хөрөнгө, аюулгүй байдлыг, замын хөдөлгөөний дүрэм, хуулийг, эрх ашгийг зөрчсөн.
Г.Жавхлантөгсийн барилгын газар, барилга, төлөвлөлттэй холбоотой гарсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 11 удаагийн шаардлага, дүгнэлтийн биелэлтийг гаргаагүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасны дагуу үндэслэлгүй гэсэн бол гомдол гаргаж дээд шатны байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, хүчингүй болгуулах гэж шүүхэд гомдол гаргаагүй" зэргээс үзэхэд илтэд зөрчилтэй байсны тод илрэл юм.
Түүнчлэн Г.Жавхлантөгсийн барилгад шинээр олгогдсон 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг цуцлахыг шаардсан 3 удаагийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02-07/3344 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 7/949 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1152 тоот албан шаардлага гарсан боловч огт биелэгдээгүй.
Барилга хот байгуулалтын яамны 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 8/2685 тоот албан бичгээр ...Иргэдийн аюулгүй орчинд ая тухтай амьдрах бололцоог хангаж, Г.Жавхлантөгсийн барилгын дээрх зөрчлийг яаралтай арилгуулах бодитой арга хэмжээ авахыг шаардсан ч биелэгдээгүй.
Г.Жавхлантөгс нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Өгөөж хишиг ХХК-ийн хашааг эвдлэн сүйтгэж, улмаар манай газар руу оруулан газар ухаж, барилгын сууриа оруулж барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд газрын давхцал байгааг, Г.Жавхлантөгс нь Өгөөж хишиг ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн нь дараахь байдлаар тогтоогдсон байдаг. Үүнд:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 779 дугаартай Прокурорын тогтоолд ...Яллагдагч Г.Жавхлантөгс нь ...2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 20ш бетонон хашааг нурааж эвдсэн зэрэг нь тогтоогдсон, Г.Жавхлантөгс нь гэм буруугаа хүлээсэн. гэж, /1хх-198-199/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 533 дугаар шийдвэрт ... Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшлийн газар дээр зүүн талаар нь 5.4 м.кв, зүүн доод талаар нь 4.4 м.кв талбайтайгаар тус тус давхцуулан оруулсан зөрчил магадлан хэмжилтээр илэрсэн гэсэн, /1хх-58-59/
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 тоот, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/347 тоот албан бичгүүдээр ... Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшлийн газрууд нь 2006 онд мэдээллийн санд орсон, хажуу зүүн талын Г.Жавхлантөгсийн барилга барьсан газруудыг 2010 онд мэдээллийн санд оруулахдаа Өгөөж хишиг" ХХК-ийн газар дээр давхцуулан оруулсан байна, ..давхцлыг арилгах арга хэмжээ авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт шаардаж хүргүүлсэн тухай гэж магадлан хэмжилтээр батлагдсан, /1хх-180/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/3742 тоот албан бичигт ..Г.Жавхлантөгсийн барилгын суурийн хэмжилт хийхэд иргэн Г.Жавхлантөгс нь Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшил газар луу орж байгаа нь тогтоогдсон.., /1хх-177-178/
Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1143 тоот албан бичгээр ...бусдын эзэмшил газар руу оруулж барилгын суурийг эхлүүлсэн байгаа асуудлаар танай байгууллага нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж шийдвэрлүүлнэ үү гэж,
Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/8029 тоот албан бичгээр ...Мэргэжлийн хяналтын газарт хандан геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна уу гэж,
Ширээгийн шугуй недра ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/10 тоот кадастрын хэмжилт хийсэн актад Г.Жавхлантөгсийн барьж буй орон сууцны барилгын суурь нь баруун хойд хэсэгтээ 0.25 м, дунд хэсэгтээ 0.23 м, баруун урд хэсэгтээ 0.22 м-ээр Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшлийн хил рүү 6,35 м.кв талбайгаар орж байгаа нь тогтоогдлоо. гэж, /3хх-70-72/
Геойд ХХК-ийн Эргэлтийн цэгүүдийг нь газар дээр бэхэлсэн нэгж талбарын акт, зураг-т Г.Жавхлантөгсийн барилгын суурь нь урд хэсгээрээ 0.26 м, хойд хэсгээрээ 0,27 м-ээр Өгөөж хишиг ХХК-ийн хилийг давсан, /3хх-77-78/
Ландмоделлинг ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/12 дугаартай Кадастрын хэмжилт хийсэн акт, бүдүүвч зурагт Г.Жавхпантөгсийн барьж буй орон сууцны барилгын консоль нь хойд хэсгээрээ 12.66 см, дунд хэсгээрээ 14.15 см-ээр, урд хэсгээрээ 16.34 см-ээр Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшил хил рүү 3,31 м.кв талбайгаар орж байгаа нь тогтоогдлоо гэж,
...Манай байгууллагын чиг үүрэгт газар олголт, барилгын улаан шугам тавих ажил байдаггүй тул уг асуултад холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулга авна уу гэж Захиргааны хэргийн шүүхийн шинжээч Барилгын хөгжлийн төвөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/640 тоот албан бичиг ирүүлж, газрын асуудлаар хариулаагүй. /5хх 87-90/,
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай шийдвэрт 9.8 м.кв бүхий газрын давхцал байна гэж газрын зөрчил байгааг үгүйсгээгүй юм. /1хх-63/
Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/3544 тоот албан бичигт ...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Ойн гудамжны 221, 220 тоот Г.Жавхлантөгс, Ш.Нансалмаа нарын эзэмшил, өмчлөлийн газар Нийслэлийн өмчлөлийн харилцааны газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна гэснээс үзэхэд Г.Жавхлантөгсийн хууль ёсны газар эсэх нь ч эргэлзээтэй юм. /1хх-58/
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай Өгөөж хишиг ХХК-иас хүсэлт гаргасан ч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар оролцуулаагүй. Мөн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар Байгаль орчин, газрын хяналтын улсын байцаагч Х.Нямдулам, шинжээч Барилгын хөгжлийн төвийн магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Саруултуяа, Хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Т.Ганбат, Автозамын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаа нарыг гэрчээр оролцуулаагүй.
Мөн Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/1047 тоот албан бичигт Г.Жавхлантөгсийн барилга нь 24.8 м х 15.8 м харьцаатай, 24.8 м хэмжээтэй талаараа харьцаж байгаа тул хоёр барилга тууш талаараа харьцаж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэсэн байдаг. Гэтэл шинжээчээр ажилласан байгууллагын гаргаж өгсөн бичгүүд нь зөрүүтэй байгааг арилгаагүй.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглосон байдаг.
Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0681 дугаартай магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар нотлох баримтыг гүйцэтгэх, үнэлж дүгнэсэн, үндэслэл, тайлбараа тусгаагүй зөрчсөн гэж дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь уг шийдвэр бүрэн үндэслэлтэй болоогүйн нэг илрэл.
Мөн хууль бусаар, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ч манай шаардлагыг хүлээн аваагүй.
2.2. Г.Жавхлантөгс нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барилгаа барьж дуусгасан, барилгаа ашиглалтад оруулж чадаагүй гэх нь үндэслэлгүй. Учир нь:
Г.Жавхлантөгсийн 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай Зөвшөөрлийн хугацаа сунгалт дээр 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаа сунгагдсан байдаг.
Мөн Эм Си Си Си корпорейшн ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 223/2015 дугаартай Г.Жавхлантөгсийн барилгын барилга угсралтын зургийн магадлалын дүгнэлт 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу барилгын ажлаа эхлүүлснээс хойш 13 сарын дараа гарч баталгаажсан байтал үүнээс хойш дөнгөж нэгхэн сарын дараа барилгаа барьж дуусгасан гэх нь боломжгүй, бодит биш юм. /2хх-15/
Эм Си Си Си корпорейшн ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 24/2015 дугаартай Г.Жавхлантөгсийн барилгын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн зургийн магадлалын дүгнэлтээр Г.Жавхлантөгсийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээтэй Эрэлт Аз" ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 019/2014 дугаартай гэрээгээр 1,5 сарын дараа зургийг бэлэн болно гэсэн боловч 2015 оны 10 дугаар сарын 19-нд зураг нь бэлэн болж баталгаажсан нь, зургийн хугацаа 13 сараар хоцорсон нь ч харагдана. /2хх-14/
Түүнчлэн 2014-2017 онуудад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч Г.Жавхлантөгсийн барилгын зүүн талын 50 дугаар байрны иргэн М.Содбаярын нэхэмжлэлтэй, хариуцагчаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, гуравдагч этгээдээр Г.Жавхлантөгс оролцсон маргаан явагдаж байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 927 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0086 дугаартай магадлал гарсан.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 дугаартай дүгнэлтээр Г.Жавхлантөгсийн 581 м.кв , 617 м.кв талбайтай нэгж талбар газруудыг 2010 онд Өгөөж хишиг XXК-ийн газар дээр давхцуулан оруулсан төдийгүй мэдээлийн санд оруулахдаа нэгж талбарын 18644310160338 дугаар бүхий 2727 м.кв талбайтай 50 дугаар байрны газартай давхцуулсан гэж магадлан хэмжилтээр гаргасан байдаг. /3хх-73-74/
2.3. Г.Жавхлантөгс нь нэхэмжлэлийн шаардлагадаа хууль бусаар нийтийн эзэмшлийн авто замыг хаасан гэсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Г.Жавхлантөгсийн барилга руугаа орох орц гарцыг хааж, нэвтрэх боломжгүй болгоогүй, бидэнд хамааралгүй болно. Учир нь Г.Жавхлантөгс нь 2014 оны 5 дугаар сард анх барилгын ажлаа эхлэх гэж зүүн талын Улаанбаатар буян компанийн замнаас салаалсан, 50 дугаар байрны хойд талаарх 2 урсгалтай автозамаар өөрийнхөө барилга барих газар руугаа газар шорооны ажлын экскаватороо оруулсан. Манай хажуу талын замаар бол экскаватор орж багтахгүй.
Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д хянагдаж баталгаажсан ерөнхий төлөвлөгөөг зөрчих, дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэснийг Г.Жавхлантөгс зөрчсөн, ерөнхий төлөвлөгөөнд заагдсан орц гарц, автозамаа өөрчлөх эрхгүй этгээд юм.
Нэхэмжпэгч Г.Жавхлантөгс нь ерөнхий төлөвлөгөөний дагуу зүүн талаас буюу Улаанбаатар буян компанийн гэж нэршсэн автозамаас салаалсан 50 дугаар байрны хойгуур орох орц гарц авто замтай төлөвлөгдсөн болох нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, 2013/47 архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж баталсан, New urbanism ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөгөөний зураг дээр 3 дугаартай орон сууцны 50-р байр, 4 дугаартай Улаанбаатар буян ХХК-ийн барилгуудын хооронд автозам тусгагдсан, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас нотлох баримтаар ирүүлсэн Г.Жавхлантөгсийн газрын зүүн хойд талаасаа харагдах байдал /2012/, фото, Г.Жавхлантөгсийн газрын ерөнхий байдал фото зураг, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 467 архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем, Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржийн баталсан, Эрэлт Аз ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөгөөний зураг дээр 2 дугаартай болон одоо байгаа барилгуудын хооронд автозам тусгагдсан, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас /НЕТГ/ нотлох баримтаар ирүүлсэн Г.Жавхлантөгсийн барилгын Талбайн зохион байгуулалт-ын зураг дээр зөвхөн зүүн талынхаа автозамыг ашиглаж барилгаа барихаар төлөвлөж, зөвшөөрөгдсөн нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын инженер Ц.Тогтохбуян хянаж баталгаажуулсан Хот байгуулалтын мэдээллийн сангийн автозамын зураг-аас харагдана.
Нэхэмжлэгч Г.Жавхлантөгсийн барилга хүртэлх зүүн талаас буюу Улаанбаатар буянгийн замаас буюу Парисын гудамжаас 160м урттай замтайг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны 533 дугаартай шийдвэртэй хэргийн 4 дүгээр хавтаст хэргээс хуулбарлаж нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны фото зургууд, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас /НЕТГ/ нотлох баримтаар ирүүлсэн 2012 оны Автозам-тай фото зургаас харагдана. /5хх-84/
Г.Жавхлантөгсийн барилгын зүүн талд нь байрлах Олимп 50 дугаар байрны иргэн Б.Наранбаатараас 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаснаар Г.Жавхлантөгсийн барилгын ажил нь шалгагдаж, явагдах боломжгүй болж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний 02-07-84/178 дугаартай актаар зогсч, газар шорооны ажил хийгдээгүй юм. /1хх-165/
Нийслэлийн Авто замын газраас 2014 оны 5 дугаар сард Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.11 дэх 5тн-оос дээш бодит жинтэй тээврийн хэрэгсэл орохыг хориглоно" тэмдгийг тавьсан. /1хх-202/
Өгөөж хишиг ХХК-ийн 63 айлын Юнайтед апартмент хотхоны орон сууцны баруун талаарх болон Стар апартмент дипломат ажилтны хотхон орон сууцны зүүн талын Хорооллын дундах зам нь 3.2 метр өргөнтэй нарийнхан автозамын норм хангаагүй, ганц урсгалтай, явган хүний замгүй, буцаж эргэх талбайгүй бөгөөд уг авто замын трассын дагуу доогуур 6000 вольтын өндөр хүчдэлийн 4 тэжээлийн кабель шугам, гудамжны 2 талаар өндрийн салбар шугам явж, байрладаг. Орчны аюулгүй байдлыг хангаж замыг сайжруулж, Өгөөж хишиг ХХК нь хөрөнгөөрөө замыг бетондож хучсан зам юм.
Г.Жавхлантөгс нь 2014 оны 9 дүгээр сард 2 дахь зөвшөөрлөө авч барилгын ажлаа эхлүүлэхдээ өөрийнхөө ерөнхий төлөвлөгөөний автозамаар явалгүй манай хажуу талын нарийн замаар барилгын газар шорооны том оврын автомашин явуулж Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.5-д зааснаар хянагдаж баталгаажсан ерөнхий төлөвлөгөөг зөрчих, дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэснийг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.11 дэх хэсэгт 5 тн-оос дээш бодит жинтэй тээврийн хэрэгсэл орохыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн. Ер нь барилгын захиалагч нь БН6Д12-01-09 Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт дүрмийн 5.1,5.2,5.4-д заасны дагуу барилгын талбайн гадна хийгдэх бэлтгэл ажлыг хийж барилгад ашиглах замыг бэлтгэх, барьж байгуулах дүрмийг биелүүлж хангаагүй.
Ийнхүү Г.Жавхлантөгсийн барилгын газар шорооны ажлын том оврын, хүнд даацын автомашинаар газар шорооны ажлаа хийж шороогоо зөөсөн, 15 тн орчим жинтэй машинаар арматур, материалаа зөөсөн.
Мөн 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07:11 цагт манай барилгаас зүүлттэй байсан хүн тээврийн өргөгчийг /люлик/ татан боолтуудыг нь татан гулзайлгаж, гэмтээж хугалсан. Хүнд даацын автомашинууд удаан хугацаанд явснаас манай хашаа эвдэрсэн, мөн баруун талын хөрш Стар эстейс ХХК-ийн 100 м урттай, 3 м өргөнтэй өндөртэй хашаа нь сууриараа хагарч эвдрэн аюултай байдал үүссэн.
Өгөөж хишиг ХХК-ийн 2015 оны 3 дугаар сард барьж ашиглалтад оруулсан, ашиглалтыг хариуцаж байсан Юнайтед апартмент 30Б байрны иргэд оршин суугчдаас том оврын автомашин явж 5тн жингийн хязгаарлалт хориглох тэмдгийг зөрчсөөр байгаад гомдол гаргаж гарын үсгээ зурж хүргүүлсэн, уг нарийн зам дээр явган зорчигч, иргэд, бусад автомашинуудад аюултай, дүрэм зөрчигдсөөр байсан учраас Замын цагдаагийн газраас удаа дараа арга хэмжээ авсан.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг Г.Жавхлантөгст ойлгуулах гэж, өөрийнхөө замаараа орж гардаг болгох гэж Замын цагдаагийн газраас удаа дараа зохицуулж, өндрийн хязгаарлалт хийж, том оврын ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж зохицуулалт хийсэн.
Харин 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2015/003 тоот албан бичигт ... Юнайтед апартмент орон сууцны байрны ашиглалтын үйл ажиллагааны хүрээнд орон сууцны эдэлбэр газарт байгаа автозамд өндрийн хязгаарлагч байгууламжийг үндэслэлгүйгээр 1,6 метр өндөртэй байгуулсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.6-д заасан зөрчлийг агуулсан гээд...Механик хаалтын хэмжээг дундаж хэмжээтэй жип машин автомашин зорчихоор тооцож 2,3 метр хүртэл өндөрсгөх гэсэн байх бөгөөд Замын цагдаагийн тасгийн дарга Б.Батзориг нь уг зам дээр ирж үзээгүй, тайлбар ч аваагүй, бичгийг хүлээлгэн өгөөгүй, манай барилгын шатан дээр тавьчихсан байсан бөгөөд ...Байрны, орон сууцны эдэлбэрт байгаа зам дээр ... тэмдэг байрлуулсан гэснийг нь манай хашааны баруун талын нийтийн эзэмшлийн замын тухай гэж ойлгох боломжгүй юм.
Албан мэдэгдэл нь албан шаардлага, даалгавар биш бөгөөд MNS 5140-1:2011 стандартын дагуу мэдээлэл лавлагааны, байр сууриа танилцуулах утгатай бичиг юм.
Замын цагдаагийн алба нь Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэл, нөхцлийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах эрх, үүрэг бүхий хэрэгжүүлэн ажилладаг байгууллага.
Нийслэлийн Авто замын газар нь замын байгууламжийн арчлалт ашиглалтыг сайжруулж иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг ханган бүрдүүлж ажилладаг байгууллагууд юм.
Замын цагдаагийн байгууллага, Нийслэлийн авто замын газар болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл нь чиг үүргийнхээ дагуу ирээд жингийн, өндрийн хязгаарлалтын хориглох тэмдгүүдийг тавьж, зохицуулалтаа хийсэн. Ер нь бол Замын цагдаагийн газар болон Нийслэлийн Авто замын газрууд нь эрх чиг үүргийнхээ дагуу арга хэмжээ авч ажилласан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 779 дугаартай Прокурорын тогтоолд ...Яллагдагч Г.Жавхлантөгс нь 2014 оны 4 дүгээр сарын 28-29-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Өгөөж хишиг ХХК-ийн газар доогуур байсан цахилгааны шугмыг ухаж гарган тасалсан, 2014 оны 5 дугаар сарын 03-нд 00-16УБЭ Леганз маркийн машины куперийг эвдсэн, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 20 ш бетонон хашааг нурааж эвдсэн зэрэг нь тогтоогдсон, Г.Жавхлантөгс нь гэм буруугаа хүлээсэн нь харагдана. /1хх-198,199/
Мөн харуул хамгаалалтын гэрээтэй Тэнгисийн шуурга ХХК-ийн захирал Л.Одсүрэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Прокурор дээр гэрчээр оролцож энэ хэрэгт манай харуул хамгаалалтын компани нь огт оролцоогүй гэж мэдүүлэг өгсөн. Г.Жавхлантөгсийн эрүүгийн хэрэг нь тогтоогдсон байдаг. /1хх-198-199/
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-107/1500 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтэд ...иргэн Г.Жавхлантөгсийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу 50 дугаар байрны хойд талаар авто замын орц, гарцыг төлөвлөснөөр авто тээврийн хэрэгслийг зорчуулах нь зүйтэй байна. гэж, /1хх-167/
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 107/47 тоот албан бичгээр Өгөөж хишиг ХХК-ийн 63 айлын орон сууцны баруун талаар гарах зам нь зураг төслийн дагуу 3.2 метр бөгөөд уг авто замын трассын дагуу доогуур 6000 вольтын өндөр хүчдэлийн 4 тэжээлийн кабель шугам, гудамжны 2 талаар өндрийн салбар шугам явдаг тул Замын цагдаагийн газраас авто замын даацын хязгаарлалт буюу Бүх жин нь 5 тонноос дээш тээврийн хэрэгсэл орох хориотой хориглох тэмдэг байрлуулсан байна. Иймд уг замаар том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй гэж Г.Жавхлантөгст мэдэгдсэн. /1хх-240/,
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05/8319 дүгээр албан шаардлагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнууд нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буюу автозамын даац, өндрийн хязгаарлалтын тэмдгийг буулгах шаардлага тавьсан нь чиг үүрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон. /1хх-172, Зхх-120/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40577 дугаартай захирамжийн улмаас Г.Жавхлантөгсийн барилгын ажил саатаагүй болно. Тус шүүгчийн захирамжид Г.Жавхлантөгс нь гомдол гаргаж тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон.
Харин Г.Жавхлантөгс нь манай барьж байгаа барилгыг зогсоох, буулгуулах хүсэлт гаргаж, шүүх түүнийг нь нотлох баримтгүй байна гээд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 516 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь барилгын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй, мөн итгэмжлэгдээгүй, хуулийн этгээд ч биш юм. Газрын эзэн захиалагч. Ийм их хэмжээний мөнгө гаргаад уг барилгыг бариулсан, санхүүжүүлсэн гэх баримт байхгүй.
Манай Өгөөж хишиг ХХК болон бидний ашиглалтыг нь хариуцаж байсан Юнайтед апартмент орон сууцны оршин суугчид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасны дагуу Захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамгаалах арга хэмжээ авснаар уг замаар зорчдог бүх иргэд, оршин суугчид, явган зорчигч, автомашины жолооч нар төдийгүй зам доогуурх цахилгааны шугам өндөр хүчдэлээс цахилгаанаа авдаг нийт хэрэглэгчдийн эрх ашиг аюулгүй байдлыг хамгаалсан.
Нэхэмжлэгч Г.Жавхлантөгсийн барьсан барилгын оршин суугчдын эрх ашиг ч хамрагдана. Монгол Улсын хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй эд хөрөнгө, барилга байшин, 5,000 гаруй айл өрх, албан байгууллага, Нарны замын гэрэлтүүлэг, гэрлэн дохио зэрэг барилга байгууламжийн цахилгаан хангамж, аюулгүй байдлыг хамгаалсан. Төрийн байгууллага нь шийдэж хууль дүрмийнхээ хүрээнд тэмдэг тавьж зохицуулсан. Бид хариуцлага хүлээх, хохирох үндэслэл байхгүй. Мөн энэхүү зам нь шинэ гүүр барьж байгаа үеийн гол автозам болсон. Одоо ч том оврын машин орохооргүй, хязгаарлалтууд байсаар байгаа болно.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Ачааны автомашины хөдөлгөөн хориотой, бодит жингийн хязгаарлалтын болон өндрийн хязгаарлалтын гэсэн хориглох тэмдгийг чиг үүргийн Төрийн байгууллагууд нь байршуулсан, нэхэмжлэгчийн хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон нөхцөл байдалд хариуцагчийн гэм буруутай ямар нэгэн үйлдэл шалтгаант холбоо огт байхгүй бөгөөд тухайн зам орчны нөхцөл байдал, өндөр хүчдэлийн шугамын аюулгүй байдалтай холбоотой болох нь Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагаас гаргасан албан бичгүүдээр нотлогдоно.
Дээрх чиг үүргийн байгууллагуудаас нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь албан бичиг, хариу хүлээн авч байсан бөгөөд анхнаасаа, 2014 оноос хойш ойлгож мэдэж байсан нь харагдана. Г.Жавхлантөгс нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.8-д зааснаар эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын Барилгын тухай хуулийн /2008/ 3.1.12-т "барилгын захиалагч" гэж хөрөнгө оруулагчийг итгэмжлэлээр төлөөлж зураг төсөл зохиолгох, барилгын гүйцэтгэлд хяналт тавих, тухайн барилгыг хүлээн авах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн мэргэжлийн хүн, хуулийн этгээдийг, 3.1.13-т барилгын хөрөнгө оруулагч гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан, 6.1.6-д барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ гэсэн учраас Г.Жавхлантөгс нь барилгын ажил зохион байгуулах, гүйцэтгэх эрхгүй.
Г.Жавхлантөгс нь уг барилгыг бүрэн санхүүжүүлсэн, хөрөнгөөрөө бариулсан гэх баримт байхгүй.
БН6Д12-01-09 Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт дүрмийн 5.6-д зааснаар Г.Жавхлантөгс нь гүйцэтгэгч нартай газар орчноо хамтран үзэж зөвшилцсөний үндсэн дээр гэрээг байгуулах, мөн дүрмийн 5.1, 5.2, 5.4-т зааснаар барилгын талбайн гадна хийгдэх бэлтгэл ажлыг хийж барилгад ашиглах замыг бэлтгэх, барьж байгуулах дүрэмтэй.
Г.Жавхлантөгс болон гэрээт гүйцэтгэгч нар нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д зааснаар хянагдаж баталгаажсан ерөнхий төлөвлөгөөг зөрчих, дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэснийг зөрчсөн нь харагдана.
Мөн хохирлоо нотолж гаргаж өгсөн баримтууд нь бүгд үндэслэлгүй. Түүнчлэн Г.Жавхлантөгс нь хуулийн этгээд компани байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж улмаар ажилчдад болон гэрээт ажлын иргэдэд цалин торгууль өгсөн юм бол ямар ч тохиолдолд татвар төлөгч, суутгагч этгээд мөн байх тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын төсөвт шилжүүлсэн байх, мөн хуулийн 12 дүгээр зүйлийн 12.1-т зааснаар татвар төлөх үүрэгтэй, иргэдийн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр-т бичилт хийх ёстой. Гэвч огт баримт байхгүй, мөн гэрээн дээр дансаар шилжүүлнэ гэсэн ч дансаар шилжүүлээгүй, албан ёсны үйлдэх боломжгүй НӨАТ-ын баримт хөндлөнгийн буюу банкны дансны хуулга зэргээр нотлогдохгүй байна.
Мөн Г.Жавхлантөгс нь ажилчин ажиллуулж иргэнээр, бусдаар ажил гүйцэтгүүлж цалин хөлс олгосон, ажил гүйцэтгэх гэрээний төлбөр хөлс, торгууль, нэмэлт цалин олгосон ажил олгогч мөн бөгөөд 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан нийгмийн даатгалын албан журмын даатгалын төлбөрийг улсын нийгмийн даатгалын санд 17 дугаар зүйлийн 1-д зааснаар шимтгэл төлсөн баримт байх ёстой ч баримт байхгүй байна. Ийнхүү 15 давхар барилга барьчихаад санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан, тэдгээрийн хяналт шалгалтаас гадуур байна гэх нь боломжгүй.
Г.Жавхлантөгс нь иргэн хүн гэлтгүй бүхэл бүтэн 5949.7 м.кв талбайтай 15 давхар, 7,38 тэрбум төгрөгийн өртөгтэй, төдий хэмжээний их ашиг олж, үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьсан мөртлөө санхүү бүртгэл нь анхан шатны баримтын наад захын шаардлага хангасан бүртгэлтэй байхыг хангахгүй байна.
Барилгын төсөвчдийн холбооны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний 139/2 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Түр агуулахын зардал, харуул хамгаалалтын зардал, өргөх төхөөрөмж угсрах буулгах зардал нь машин механизмын өргөх төхөөрөмжийн зардалд тооцогдсон тул нэмэлт зардал биш гэж дүгнэсэн.
1,6 метр өндрийн хязгаарлалтын тэмдгийг байрлуулсан, буулгасан байгууллага хугацаа энэ үед барилгын ажлын үе шатанд ямар хугацаанд гүйцэтгэж байсныг тодорхойлох нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй гэсэн мөртлөө уг барилгын материалыг 300 метрт гараар зөөхөд гарах зардал, туслах ажилчдын зардлыг тооцож гаргасан байгааг, мөн 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 400/2014 тоот барилгын ажлын зөвшөөрөл нь суурийн хэв хашмал арматурчлалын ажил гэсэн байна, барилга угсралтын ажилд хугацааг сунгасан баримт байхгүй, мөн Замын цагдаагийн газраас хязгаарлалт хийж хориглох тэмдэг тавьсан, зохицуулалт хийсэн байна, том оврын тээврийн хэрэгслүүд хориотой гэсэн мөртлөө барилгын зөвшөөрөлгүй, Мэргэжлийн хяналтын газраас акт гарсан үеийн мөн огт хийгдээгүй үр дүн нь гараагүй суурийн шороо ухсан экскаватор, том оврын тээврийн хэрэгслүүдийн нэмэлт зардлыг, агуулахаас зөөсөн тээврийн зардлыг, ажлын аль үе шатанд ямар хугацаанд гүйцэтгэж байсныг тодорхойлоогүй мөртлөө уг барилгын бүх материалыг 300 метрт гараар зөөхөд гарах зардал, туслах ажилчдын зардлыг нотлох баримтгүйгээр тооцож гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, төрийн байгууллагуудын шийдвэр шаардлагыг хангаагүй, үр дүн нь гараагүй ажил, шинжээчийн дүгнэлтээр нэмэлт зардал биш төсөвт өртөгтөө шингэсэн гэсэн зардал, хууль бус гэрээ, ерөнхий төлөвлөгөөнд нь баталсан автозамтай, машин техник, төхөөрөмжийн, эд хөрөнгийн гэрчлэх баримт бичиг нь авагдаагүй, мөн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр Г.Жавхлантөгсийн барилга нь 2015 онд 1,900,000-2,300,000 төгрөг, 2017 онд 1,600,000-2,100,000 төгрөгийн үнэтэй байсан нь тогтоогдсон.
Монголын орон сууцны зарын Барилга.мн сэтгүүл дээр Г.Жавхлантөгсийн байрны үнэ огт тавигдаагүй, зарлагдаагүй байна. Харин хямд байр гэх фэйс бүүкийн зараар зарлагдаж үнэ нь 2,0-2,1 сая төгрөгийн үнэтэй байсан нь ч харагдана.
Тэнхлэг зууч үл хөдлөх хөрөнгийн компаниас Г.Жавхлантөгсийн хүсэлтээр гаргасан сууцны үнийн мэдээлэлд Г.Жавхлантөгсийн барьсан 44 дүгээр байрны үнэ огт байхгүй бөгөөд үүнд манай барьсан Юнайтед апартмент сууц, тэр орчмын байрны үнийг хавсаргасан байгаа нь Г.Жавхлантөгсийн байрны борлуулалтын үнийг огт тодорхойлж чадахгүй юм. Учир нь барилга орон сууц нь гадна дотно засал, хийц, материал, тоноглолын чанар үнэ өртөг барилгын төлөвлөлтийн зэрэглэл, зохион байгуулалт төлөвлөлт, гадна зам талбай зогсоол, харууц зэргээрээ үнэлэгдэж байдаг. Эдгээр байдлыг огт хангахгүй юм.
Баримтууд нь тухайн ажил гүйцэтгэсэн, бараа материал нийлүүлсэн иргэн аж ахуйн нэгж байгууллагатай төлбөр тооцоо нийлсэн акт, хийгдсэн банкны шилжүүлгийн баримт, төлбөрийн даалгавар, зарлагын падаан баримт, эсхүл бэлэн мөнгө хүлээн авсан орлогын баримт, НӨАТ-ын баримт, нийгмийн даатгалын гэх зэрэг санхүүгийн баримтаар нотлогдохгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний тайлбарын агуулга:
3.1. Өгөөж хишиг ХХК нь 1991 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 1996 оноос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18644310084345, 18644310102377, 18644310106340, 18644310087314, 18644310100299, 18644310080379 дугаартай нийт 4320 м.кв газрыг эзэмшиж, уг газар дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлчилгээтэй орон сууцны барилгууд барьсан.
3.2. Манай эзэмшлийн газрын зүүн талд буюу Олимпийн гудамжны 50 дугаар байрны баруун талд олон жил эзэнгүй, хашаагүй зайд иргэн Г.Жавхлантөгс нь нэгж талбарын 18644310126361 дугаартай газар болон нэгж талбарын 18644310125325 дугаартай газруудыг өмчилдөг.
3.3. Иргэн Г.Жавхлантөгс нь 2014 оноос уг газар дээр 15 давхар барилга барьж эхэлсэн ба өнөөдөр уг барилга баригдаж ашиглалтад орсон бөгөөд анх барилгын суурь, зоорь, 1 давхрын угсралтын ажил хийж байхад Г.Жавхлантөгсийн барилга нь манай эзэмшлийн нэгж талбарын 11844310102377 дугаартай, 18644310106340 дугаартай газруудтай нийт 6.35 м.кв /баруун хойд хэсгээрээ 0.25м, дунд хэсгээрээ 0.23м, баруун урд хэсгээрээ 0.22м/ хэмжээгээр бусдын эзэмшил газар руу давж зөрчсөн болохыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 тоот албан бичиг, мөн газрын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/347 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/3742 тоот албан бичиг, Ширээгийн шугуй недра ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/10 дугаартай Кадастрын хэмжилт хийсэн акт, "Геоид ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сард хийсэн 1:500-ны масштабтай байр зүйн зураг зэргээр тогтоосон бөгөөд уг зөрчлөө арилгахыг удаа дараа шаардсан боловч үл тоомсорлон, хууль тогтоомж болон манай компанийн газар эзэмших эрхийг зөрчин 15 давхар барилга барьж дуусгасан билээ.
3.4. Иргэн Г.Жавхлантөгс нь барилгаа батлагдсан зураг болон холбогдох хууль журмыг зөрчин манай Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшил газрын хил хязгаарын бэхлэгдсэн цэг болох хашааг маань эвдэн манай газар дээр давуулан оруулж барилгаа барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд манай зэргэлдээ газрын өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. гэснийг тус тус зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 91 дүгээр зүйлийн 91.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т тус тус заасны дагуу хариуцагч Г.Жавхлантөгсийн барилгын манай эзэмшил газартай давхцсан хэсгийг албадан буулгуулж, өөрийн эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр сөрөг шаардлагаа нэмэгдүүлсэн.
3.7. Иргэн Г.Жавхлантөгс нь "Барилгын захиалагч" этгээд бөгөөд Барилгын тухай хуульд зааснаар барилгын зохих зөвшөөрлийг авах, зөвхөн өөрийн эзэмшлийн газар дээрээ багтсан барилга байгууламжийг төлөвлүүлэх, зураг төсөл захиалж хийлгүүлж бүрдүүлэх, нэгдсэн магадлал экспертиз хийлгүүлэх, баримт бичиг бүрдүүлэх, техникийн нөхцөл авах, зөвшөөрлийг авах, барилгын тэг тэнхлэгийг өөрийн эзэмшил газар дээрээ багтаан тавиулах, ажлын явцад хяналт тавих, эрх бүхий байгууллагын шаардлагыг биелүүлэх, барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн буруутай үйлдэл эс үйлдэхүйг, мөн гарах эрсдэл, хохирлыг хариуцах үүрэгтэй, мөн Газрын хуульд зааснаар өөрийн эзэмшлийн бус газрыг эзэмших, ашиглах, түрэмгийлэх, түүн дээр барилга барих эрхгүй, бусдын газар эзэмших болон бусад эрх ашгийг зөрчихгүй байх үүрэгтэй этгээд юм.
3.8. Манай эзэмшил газар дээр барилгаа барьснаас гадна бидний барилга объектын хөрш зэргэлдээ байршил орчинд зураг төсөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлтгүй, газар хөдлөлт, галын аюулгүй байдлын нормыг хангаагүй барилга барьсан, бидний орчин, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан.
3.9. Г.Жавхлантөгс нь Барилгын захиалагчийн хувьд орчны барилга байгууламж, иргэдийн хэвийн байдлыг алдагдуулахгүй байх, барилга барих явцад хяналт тавьж, Барилгын тухай хуульд зааснаар төрийн хяналт шалгалт, эрх бүхий байгууллагын шаардлагыг хангах үүргээ биелүүлээгүй, зөрчлийг арилгалгүй, шаардлага хангахгүйгээр барилгаа барьж манай компанийг хохироосон.
3.10. Г.Жавхлантөгс нь барилгынхаа эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг хийлгэхдээ хөрш хил залгаа байрлах Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшил газар дээрх нэгэнт баригдсан байгаа барилга байгууламжийн байршил болон баригдахаар төлөвлөгдсөн барилга байгууламжийн байршил зэрэг бүхий мэдээллийн сангийн жижүүрийн зургийг дур мэдэн хөдөлгөн шилжүүлэн байрлуулсан ерөнхий төлөвлөгөөг New Urbanism ХХК-иар захиалж гүйцэтгүүлсэн, Барилгын болон Хот байгуулалтын тухай хуулийг зөрчин Барилгынхаа тэг тэнхлэгийг тавиулахдаа хил залгаа Өгөөж хишиг ХХК-ийн газар дээр уртын дагуу 0.25 м-ээр давуулж, 6.35 м.кв талбайгаар сууриа оруулж улмаар манай газар дээр барилгаа барьж Газрын тухай хуулийг зөрчсөн.
3.11. Хөрш хил залгаа газар эзэмшигч, эд хөрөнгө өмчлөгч Өгөөж хишиг ХХК-тай огт зөвшилцөөгүй, санал авалгүй, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтын 4.2, 4.2.1, 4.3.1 дэх заалтуудыг зөрчиж хангаагүй, Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч Г.Жавхлантөгс Барилгын хуульд заасан хөрөнгө оруулагч, захиалагчийн үүргээ биелүүлээгүй, барилгын үйл ажиллагаанд хориглох заалтуудыг зөрчсөн. Үүнд: зураг төсөлгүй барилга барьсан, гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр, инженер геологийн судалгааны дүгнэлтгүй /15 давхар барилгад/, техникийн нөхцөлгүй /15 давхар барилгад/, барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй, экспертиз магадлалын ерөнхий дүгнэлтгүйгээр, зураг төсөл, техникийн нөхцөл нь бэлэн болоогүй барилгад хөрөнгө төвлөрүүлсэн, барилгын бүтээц, каркас-ны ажлын зөвшөөрөлгүй,зөвшөөрөл нь 50 айлын сууц" гэснийг хэтрүүлж 70 айлын сууц барьсан.
3.12. Галын аюулгүй байдлын шаардлага барилга хоорондын зай хэмжээ, автозогсоол, нарны тусгал хангамж, мөн орц гарц, зам талбайн норм хангагдаагүй. Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр барилга барьсан. Газар хөдлөлт тэсвэрлэлтийн шаардлагыг хангаагүй, инженер геологийн судалгааны дүгнэлтгүй, магадлалын ерөнхий дүгнэлтгүй, ажлын зураг төсөлгүй барилгаа барьсан.
3.13. Г.Жавхлантөгс нь мэргэжлийн байгууллагаас тогтоосон зөрчлийг арилгадаггүй, улсын байцаагчийн шаардлагыг хангадаггүй, үл тоомсорлон биелүүлээгүй, зэргэлдээх байршилд түрүүлж баригдаж байсан манай барилгын ажилд үргэлж саад хийн, хэрүүл маргаан хийх, зодоон түрэмгийлэл зохион байгуулж, цахилгаан хангамжийг таслах, эд хөрөнгө эвдэлж гэмтээх, цонх хагалах, танхайрах, машин авчирч зам таглаж хаасан зэрэг үйлдлийг гаргаж манай ажлыг удаа дараа саатуулсан. Мөн шүүхэд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж манай барилгын ажлыг саатуулсан.
3.14. Г.Жавхлантөгс нь барилгаа манай эзэмшил газар дээр оруулж барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг зөрчсөн бөгөөд манай компани зэргэлдээ газрын өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2, 9 дүгээр зүйлийн 9.4.4, 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-т тус тус заасны дагуу хариуцагч Г.Жавхлантөгс нь манай эзэмшлийн газар дээр газар дээр барилгаа барьснаас манайх эзэмшил газраа эзэмших, ашиглах, уг газар дээр барилга барих боломжгүй болж газар эзэмших эрх зөрчигдөж байгаа гэж үзэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасны дагуу манай газар дээр баригдсан барилгын үнэлгээгээр гэм хорыг арилгуулахаар нэхэмжилж байна. Үнэлгээг дараах байдлаар тооцов. Үүнд:
a. Г.Жавхлантөгсийн барьсан барилгыг хэмжээгээр нь тооцвол:
Талбайн зөрүү /6279.6 м.кв-6171.54 м.кв = 108.06 м.кв x 2.500.000/ 270,150,000 төгрөгийн үнэ бүхий барилгыг илүү барьж барилгын дотор талбайн архитектур орон зайн төлөвлөлтийг хийж Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшил газар дээр оруулж барьсан барилгаас ашиг олж манай компанийг хохироож байгаа тул дээрх хохиролд 270,150,000 төгрөгийг,
b. Г.Жавхлантөгсийн барьсан барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй 15 давхар орон сууцны барилгаас 2015 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 02-03 цагийн үед барилгын фасадны дулаалгын хөөсөнцөр нь шавардлагатайгаа хийсч улмаар нягтарч чулуужсан хатуу болсон шавардлага нь гадна зогсоол дээр байсан 96-99 УНҮ улсын дугаартай Volksagen Touareng /жип/ автомашины хамрыг хонхойлгож гэмтээсэн, мөн манай компанийн барьсан орон сууцны "А блок буюу "Юнайтед апартмент 30Б байрны 1 дүгээр жигүүрийн 11 дүгээр давхрын 27 тоот айлын хүүхдийн унтлагын өрөөний 3 давхар шиллэгээтэй, цонхны шилийг хагалж, чулуу нь дотогш унаж иргэд оршин суугчдын амь насанд аюул учруулсан.
Г.Жавхлантөгсийн барилгын инженер н.Гантөмөр гэгч нь айлын сууцанд нь орж байдлыг газар дээр нь үзээд хохирлыг барагдуулна гээд ямар ч арга хэмжээ аваагүй. Цонх нь Герман улсын Propine үйлдвэрийн КВЕ 70 мм-ийн 3 давхар шиллэгээтэй цонхны зөвхөн цонхны шил хагарсан хэсгийн талбай нь 2.2м х 1.22м харьцаатай буюу 2.684 м.кв бөгөөд 3 давхар шил нь хагарсан учраас 2.684x3=8.052 м.кв талбайтай шиллэгээний үнэнд 523.380 төгрөгийн төлбөр тооцоо гарч хохирсон.
Гэмтсэн цонхны зөвхөн шиллэгээний үнийг тооцвол:
2.2 м х 1.22 м=2,684 м.кв х 3=8,052 м.кв 8,052 м.кв х 65,000 төгрөг = 523,380 төгрөг.
Цонхны шил хагарсны улмаас үүссэн хохирол 523,380 төгрөг,
c. Барилгын захиалагч Г.Жавхлантөгс нь барилгынхаа төлөвлөлт, зай хэмжээ, байршил дахь зөрчил дутагдлаа арилгалгүй, хяналтын байгууллагын үүрэг даалгаврыг биелүүлэлгүй, мэдсээр байж манай барилгатай мөргөлдөж зөрөхөөр мөн нөгөө талдаа 50 дугаар байрны гараашийн үүдэн дээр нь Г.Жавхлантөгсийн барилгын орц нь таарч байхаар хийлгэж зэргэлдээх бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.
Г.Жавхлантөгсийн барилга баригдсанаар манай компани барилгын ажлаа хэвийн явуулах, туслан гүйцэтгэгч бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хамтрагч байгууллагуудын ажлыг саатуулах зэргээр, шударгаар эд хөрөнгө бий болгон өмчлөх, үр шимийг нь хүртэх зарах болон хуулиар олгогдсон бидний эрх ашгийг зөрчсөний улмаас дараах нэмэлт зардлууд гарч биднийг хохироосон. Үүнд:
с.1. Бама Пундам ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрүүдийн Барилгын дотор цахилгаан холбооны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж төлбөрийг бэлэн төлж байгаад гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөрт орон сууцнаас өгөхөөр тохиролцож 107.88 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 331,731,000 төгрөгт бартер тохирон 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 122-14 дугаар бүхий албан хүсэлт ирүүлж бартерын гэрээг цуцалж бэлэн мөнгөөр ажлын хөлсөө барагдуулахыг шаардсан тул нийт дүн болох 331,683,000 төгрөгт нь илүү том буюу 142.1 м.кв байр өгсөн. Бид аргагүй байдалд орж 34.22 м.кв /1м.кв -2,687,500 төгрөг/ сууцны талбайгаар буюу нийт 91,966,250 төгрөгөөр,
с.2. Уярал трейд ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шилэн хийц, хуванцар цонх, тагтны шилэн хийцийн ажил гүйцэтгэж, материалаа нийлүүлж, төлбөрт нь орон сууцнаас өгөхөөр тохиролцож 142.1 м.кв талбайтай сууцыг 612,000,000 төгрөгөөр бартердахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Уярал трейд" ХХК-иас хажууд өглөөний нар үзэхгүй өндөр барилга баригдаж эхэлсэнтэй холбоотой бартерын байрыг цааш борлуулах боломжгүй болж байгаа тул бартерын гэрээг цуцлах" хүсэлт гаргаж, бид ажлаа явуулахад хүндрэлтэй болсон тул аргагүй байдалд орж 142.1 м.кв-ийг нь 176.6м.кв байраар сольж, 34.5 м.кв /1м.кв -3.834.500 төгрөг/ талбайгаар, 132.290.250 төгрөгөөр,
с.3. Эс Ти Эй ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх 2 гэрээ хийж 2 гэрээний унэд тус тусад нь 2 байр өгөхөөр тохиролцсон 107.88 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв үнийг 3,200,000 төгрөгөөр тооцож нийт 345,216,000 төгрөг, 130.54 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв үнийг 3,200,000 төгрөгөөр тооцож нийт 433,088,000 төгрөгөөр тус тус тохирсон. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр тус компанийн захирал нь хажуудаа ийм ойрхон барилгатай, хохиролтой байна гээд бартераа цуцлах тухай мэдэгдсэн. Бид аргагүй байдалд орж, бартерын 2 орон сууцаа тус бүрийг нь нэгж м.кв-ийн үнийг 2,100,000 төгрөгөөр тооцохоос өөр аргагүй болж хохирсон. 107.88 м.кв байрны үнийн зөрүүнд 118,668,000 төгрөг, 130.54 м.кв байрны үнийн зөрүү 148,874,000 төгрөг, нийт 267,542,000 төгрөгөөр хохирсон.
3.15. Мөн Г.Жавхлантөгс нь 2014 оны 9 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө ажилчид болон хөлсний бөхчүүдээ зохион байгуулалттайгаар авчирч турхиран танхайрч манай барилгын бетон зуурмагийг манай хашаа руу оруулахгүй болгож цутгалтын ажлыг саатуулсны улмаас зуурмагийн зөөгч машинууд нь хий асаалттай удаан хугацаанд зогсож, 27 машинтай бетон зуурмаг нь ашиглах боломжгүй болж, буцаагдсан, үйлдвэр дээр хий ажилласан, бид төлсөн хохирсон, 34,000,000 төгрөгөөр хохироосныг тус тус нэхэмжилж байна.
3.16. Мөн Г.Жавхлантөгсийн хамсаатан, садан ахан дүүс хамтран зүтгэгч нар болох П.Ундрах, Т.Отгонбаяр, Т.Сайнзаяа, Б.Ганжаргал нар нь нийлж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж, манай компанийн барилгын Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын хурал дээр Г.Жавхлантөгсийн ажилтан Б.Ганжаргал нь ирж зүй бус авирлаж танхайрсан зэрэг үйлдлүүдийг гаргаж манай ажлыг саатуулж хохироосон.
Өгөөж хишиг" ХХК-ийн хөрөнгөөр хийж тавьсан асфальтан замаар том 40 тн хүнд даацын машин явуулж эвдэлж сүйтгэсэн, нэг урсгалтай замаар явж, эргэхдээ манай компанийн барилга, хашааг шүргэж, зам доогуур байгаа манай дулаан, цэвэр ус, цахилгааны кабель зэргийг гэмтээж эвдэн сүйтгэсэн.
Г.Жавхлантөгс гэгч нь холбогдох хууль, журмыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагуудаар тогтоогдсон улмаар бидний хууль ёсны эрх ашиг олон талаар зөрчигдөж манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулж биднийг хохироосон юм.
Иймд Өгөөж хишиг ХХК-д шууд бодитоор учирсан хохирол болох манай компанийн газрыг ашиглаж барьсан барилга 270,150,000 төгрөг, цонхны шилний үнэ 523,380 төгрөг, Бама Пундам ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 91,966,250 төгрөг, Уярал трейд ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 132,290,250 төгрөг, Эс Ти Эй ХХК-ийн гэрээний үнийн зөрүү 267,542,000 төгрөг, бетон зуурмагийн үнэ 34,000,000 төгрөг, нийт 796,471,880 төгрөгийг Г.Жавхлантөгсөөс гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1.Хариуцагч Өгөөж хишиг ХХК нь Г.Жавхлантөгсийг нэгж талбарын 18644310102377, 18644310106340 дугаартай газруудын талбай руу нийт 6.35 м.кв хэмжээгээр бусдын эзэмшил газар руу давж барилга барьсан тул уг барилгыг нураах болон учирсан хохирол 796,471,880 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан. Гэтэл хариуцагчийн сөргүүлэн шаардсан уг талбай руу манай барилга нэвтэрсэн асуудал байхгүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй талаар зохицуулсан бөгөөд энэ талаар дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолын 5 дахь хуудаст ...Г.Жавхлантөгс нарын хил залгаа газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд давхцалтай бүртгэгдсэн боловч бодит байдалд давхцаагүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд /Г.Жавхлантөгс/ газраа хашаалж тухайн хэмжээгээр эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгч Өгөөж хишиг ХХК газар эзэмших эрх зөрчигдсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. ...Мөн Г.Жавхлантөгсийн эзэмших эрх бүхий 1198 м.кв газартаа барьж байгаа 15 давхар орон сууцны зориулалттай цамхаг хэлбэрийн барилга нь Өгөөж хишиг ХХК-ийн хашаалан эзэмшиж буй газарт ороогүй болох нь тогтоогджээ.
Мөн тогтоолын 6 дугаар талд ...дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон 467/2014 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгогдсон 400/2014 дугаар барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох журамд нийцсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгч Өгөөж хишиг ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй... хэмээн маш тодорхой дүгнэж Өгөөж хишиг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшлийн газар дээр давхардуулж барилга бариагүй, холбогдох хууль тогтоомж зөрчин, хууль бусаар барилга бариагүй гэдэг нь захиргааны хэргийн гурван шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдоно.
Нөгөө талаар хажууд нь барилга барихаар л барьсан барилгынх нь үнэ цэнэ уначихдаг юм биш бол тэдний барилгын үнэ цэнийг унагаахаар зүйл миний зүгээс огт хийгээгүй бөгөөд шүүхэд ч нэхэмжлэл гаргаж байгаагүй. Харин Өгөөж Хишиг" ХХК нь өөрсдөө захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж манай барилгыг бариулахгүй хохироосон.
4.2. Өгөөж хишиг ХХК нь сөрөг нэхэмжлэлтэйгээ бараг ижил утгатай нэхэмжлэлийг 2020 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж манай барилгын ажлыг зогсоож байсан бөгөөд уг нэхэмжлэл нь шалгагдаад хэрэгсэхгүй болгосон. Миний зүгээс Өгөөж хишиг ХХК-ийн төлөвлөсөн ажлыг саатуулах, барилгынх нь үнэ цэнийг бууруулах, газрыг нь ашиглуулахгүй байх, бусадтай байгуулсан гэрээ хэлцэл нь өөрчлөгдөхөд хүргэх зэрэг ямар ч үйлдэл хийгээгүй.
Тэр ч байтугай цутгалтын ажлыг саатуулсны улмаас зуурмаг зөөгч машинууд хий асаалттай удаан хугацаанд зогссоны улмаас зуурмаг ашиглагдахгүй болсон гэж хохирол нэхэмжлээд түүнийхээ нотолгоо гэж өөрсдөө манай цутгалтын машинуудыг саатуулсан зургаа хавсаргаж шүүхийг хуурч байна.
4.3. Манай барилга дээрээс шавардлагатай дулаалгын хөөсөнцөр салхинд хийсэн цонхны шил, машин гэмтээсэн талаар дурдан хохирол нэхэмжилсэн байна. Энэ асуудал тухайн үедээ ярилцаад барилгыг барьж байсан компани нь Өгөөж хишиг ХХК-ийн хохирлыг барагдуулаад дууссан. Өгөөж хишиг ХХК нь хохирлоо тухайн үед нь арилгуулаагүй байх гэж байхгүй.
Уг нь миний эхэлж тавьсан суурийг Өгөөж хишиг ХХК дээш нь гомдол гаргаж өөрчлүүлж дахин ажил болгон барилгын холбогдох бүх зүйл өөрчлөгдөөд зардал гарсан болохоор манайх л хохирсон баймаар юм.
Мөн хэд, хэдэн гэрээ хэлцэл өөрчлөгдөж нэмэгдэл зардал гарсан гээд хохирлоо төлүүлэхээр нэхэмжилжээ. Энэ гэрээ хэлцэл нь надтай хэрхэн яаж холбогдоод байгаа нь тодорхойгүйн дээр уг гэрээ хэлцлүүдээ анхныхаас нь өөрчилсөн, барилга барьж дууссанаас хойш 5-6 жилийн дараа нотариатаар батлуулсан байгаа зэрэг нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны нотлох баримт мөн үү биш үү гэдэгт эргэлзэж байна. Хэрвээ нотлох баримтаа хуурамчаар бүрдүүлбэл бас хариуцлага байдаг л байх.
Ийм учраас би гэм буруугүй, Өгөөж хишиг ХХК-д хохирол учруулаагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлгүй тул Өгөөж хишиг ХХК-иас хохирол 793,342,000 төгрөг гаргуулах тухай Г.Жавхлантөгсийн нэхэмжлэл, барилга албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, хохирол 796,471,880 төгрөг гаргуулах тухай Өгөөж хишиг ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,282,900 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,210,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.
6.1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагчийн гэм буруу, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ёстой гэх үндэслэлийг заажээ.
Нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нэхэмжлэлийн шаардлага, шалтгаант холбоог дараах байдлаар тайлбарлан холбогдох баримтыг гаргаж өгсөн. Үүнд: хариуцагч нь нийтийн эзэмшлийн зам талбай руу хашаагаа сунгаж барьсан, орох гарах гарцыг хааж, өндрийн хязгаарлалтыг хууль бусаар 1,6 метрээр байршуулсан, улмаар жижиг машин ч орох боломжгүй болсон бөгөөд барилгын ажилд бодитоор саад учруулсан, үндэслэлгүйгээр шүүхэд хандан улсын комисс хүлээж авах хугацааг саатуулсан зэргээр тус бүр зааж, өөрт байга баримтаар нотолж, үүнийг шүүх үндэслэлтэй гэж үзээд шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэжээ.
Шүүх хариуцагчийн хууль бус үйлдлийг тус бүр тогтоосон боловч шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Тухайлбал, Г.Жавхлантөгс 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Өгөөж хишиг ХХК нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хаасан, 1.6 метр өндөртэй төмөр буюу өндрийн хязгаар хууль бусаар байршуулсан /гэрэл зураг/ зэргээс болж барилгын ажилтай холбоотой бараа материалыг шууд нэвтрүүлэх боломжгүй болгон саатуулж барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээсэлж, тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэргээр нэмэлт зардал гарсан гэж нэхэмжлэлийн нэг үндэслэлийг тодорхойлсон.
Гэвч шүүхээс 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10- ны өдөр хүртэлх хугацаанд Өгөөж хишиг ХХК нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хаасан, 1.6 метр өндөртэй төмөр буюу өндрийн хязгаар хууль бусаар байршуулсан гэж дүгнэсэн атлаа "Эн Ти Эм" ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан нь нийтийн эзэмшлийн зам хаасан, өндрийн хязгаарлалт тавьсан цаг хугацаанаас өмнөх хугацаанд хамаарч байна гэж маш ойлгомжгүй дүгнэжээ. Хэрвээ хариуцагч Өгөөж хишиг ХХК нь орох гарцыг хааж өндрийн хязгаарлалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хууль бусаар байршуулаагүй бол нэхэмжлэгч урьд орж байсан орц, гарц болох 50 дугаар байрны зүүн талд байрлах нийтийн эзэмшлийн зам талбайгаар нэвтэрч нэмэлт зардал гарахгүй байсан. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд ч мөн тусгасан.
Улмаар нэхэмжлэгч Г.Жавхлантөгс арга буюу 50 дугаар байрны Мон ди си" СӨХ-тэй зөвшилцөн, тэдний барилгын гадна фасадыг хийж өгөх замаар 50 дугаар байрны хойд талаар буюу СӨХ-н эзэмшлийн хашаалсан талбайгаар нэвтэрч барилгаа барьж дуусгасан болох нь 50 дугаар байрны "Мон ди си" СӨХ-тэй 2015.09.08-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, мөн талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан барилгын гадна Фасадыг засварлах тухай гэрээ, ажил хүлээн авсан тухай акт, тухайн үед СӨХ эзэмшил хашаагаа хашаалж, гүйдэг хаалга хийсэн байсныг харуулсан гэрэл зураг/6хх 51-61/ зэргээр тогтоогддог.
Түүнчлэн, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2013/47 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгажих талбайн схем зурагт барилгын орц гарцыг тусгаагүй ба авто замын төлөв байдлын дүгнэлтээр мөн барилгын орц гарцыг 50 дугаар байрны хойд талаар байгаа тухай ямар ч үг, үсэг байхгүй байхад анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт хийсэн /1xx, 166-167, 5xx, 36-40, 52-53, 78, 80-81/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн ба үүний улмаас шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
6.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба гэм хор гэх ойлголтыг авч үзвэл өөртөө хохирол, хор уршиг гэсэн ойлголтыг багтаадаг.
Хор уршиг гэдэг нь шууд арилгах, нөхөн төлөх боломжгүй, ирээдүйд үр дагавар нь бий болох, гинжин хэлхээ мэт үргэлжлэн үүсэх сөрөг үр дагавар бол хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбай руу хашаагаа хууль бусаар тэлж барьсан, өндрийн хязгаар зөвшөөрөлгүй байршуулснаас улбаалан учирсан хохирол болон үндэслэлгүйгээр шүүхэд хандаж улмаар барилгыг улсын комисс хүлээн авах хугацааг хойшлуулснаас барилгын м.кв тутмын үнэ буурсан тул хор уршиг учирсан гэх 2 үндэслэл зааж өртөг нөхөх аргаар хор уршиг шаардаж нэхэмжлэл гаргасан атал шүхээс үүнийг ялгаж салгалгүй хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
6.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг тохиолдолд нотолбол хуульд бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.
Хариуцагч талаас татгалзлаа нотлох зорилгоор гаргасан гэх Барилга хот цагамны албан бичиг, Авлигатай тэмцэх газрын албан бичиг, Онцгой байдлын Ерөнхий газрын албан бичиг зэрэг нь хариуцагч нарын эрхийг зөрчсөн бус барилга байгуулалтын холбоотой ба дээрх нотлох баримтууд нь зохигчийн хооронд барилга барих ажиллагааны үед маргаан байсан ба үүнтэй холбоотой эрх бүхий байгууллагаас хянаж, шалгаж, хариу өгч байсан байдлыг илэрхийлж байгаа болохоос бус нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг үгүйсгэх агуулгагүй байна.
Харин хэрэгт авагдсан баримтаар болон анхан шатны шүхийн үндэслэх хэсэг хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэхийн зэрэгцээ шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хөндлөнгийн байх зарчмыг баримтлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой атал хариуцагчийн хууль бус үйлдлийг дурдаад түүнийг өөгшүүлсэн мэтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
6.4. Анхан шатны шүүхээс хор уршгийн талаар "Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-07-84/178 тоот барилгын ажлыг зогсоох тухай актаар ...орон сууцны барилга угсралтын ажлыг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн явуулахгүй байх, угсралтыг түр хугацаагаар зогсоох, актын биелэлтийг эргэн мэдэгдэхийг Г.Жавхлантөгсөд даалгасан байна. Дээрх баримтуудаас дүгнэхэд Өгөөж хишиг ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллаагүй, Г.Жавхлантөгсийн барилгын ажлыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Өгөөж хишиг ХХК-иас саатуулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр "...Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02-07-84/178 дугаар акт нь ...2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн ба уг шинжээчийн дүгнэлтээр Г.Жавхлантөгсийн барилга нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-г зөрчөөгүй байна" гэж дүгнэн Өгөөж хишиг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ойн-3 гудамжны 221 тоот хаягт байрлах 581 м.кв талбай бүхий газар, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай газарт үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг 2014 оны 4 дүгээр сараас эхлүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгасан боловч хариуцагчийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс улбаалан 2 жил орчим хугацаанд шүүхийн маргаантай гэх байдлаар улсын комисс барилгыг ашиглалтад оруулаагүй. Улмаар захиргааны шүүхийн шийдвэр 2016 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр болж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2017/67 тоот Улсын комиссын актаар барилгыг байнгын ашиглалтад оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл барилгыг барьж дуусгаснаас хойш хариуцагчийн шүүхэд гаргасан газартай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд барилга хүлээн авах улсын комисс ажиллаагүй болох нь цаг хугацаа болоод холбогдох баримтаар тодорхой нотлогдоно.
Дээрх бүх нөхцөл байдал нь хариуцагчийн хууль бус үйлдэл болоод нэхэмжлэгчид учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо байгааг илэрхий харуулж байхад шүүхээс уг нөхцөл байдал холбогдох нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй асуудал нь илт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл нь харин ч эсэргээрээ буюу учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй, хохирлыг хэрхэн барагдуулах талаар зохицуулсан байх тул шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 793,342,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар: Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хэргийн үйл баримтын хувьд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоосон байдаг. Үүнийг нэхэмжлэгч тал өлгөж аваад гомдол гаргасан байдаг.
7.1. Давж заалдах гомдол болон анхан шатны шүүхийн шийдвэрт нэг хугацааг буруу тодорхойлсон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 28 дугаар талд 8.2 дахь хэсэгт Өгөөж хишиг ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбайг хааснаас болж суурийн шороо ухах боломжгүй болсон гээд 10 жилийн хугацаанд Өгөөж хишиг ХХК зөрчил гаргасан мэтээр техникийн шинжтэй алдаа гаргасан. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх дээрх байдлаар алдаатай бичингүүт нэхэмжлэгчийн зүгээс 2014 оноос өнөөдрийг хүртэл зам талбай хаасан мэтээр зөрүүтэй дүгнэлт хийсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл газар шороо суурийн ажлыг хийхэд шороо зөөх подьем ажиллуулсан, ажилчид хөлсөлсөн, гараар шороо зөөсөн, тов оврын тээврийн хэрэгсэл орох боломжгүй байснаас хохирол учирсан гэдэг байдлаар шаардлага гаргасан. Анхан шатны шүүх 2014 оныг 2024 он гээд андуурч бичсэн юм шиг байна. Андуурсан гэх нөхцөл байдал юугаар тогтоогдох вэ гэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу тус газраас 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэхэд Г.Жавхлантөгсийн барилгын ажлыг зогсоож, зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгохыг тухайн үеийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж шаардсан албан бичиг хэрэгт авагдсан. Үүнээс гадна Г.Жавхлантөгсийн барьж буй барилгын 18 удаагийн норм дүрэмтэй холбоотой зөрчлүүдийг 2014-2018 онуудад тухай бүрт нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар тогтоож, зөрчилтэй барилгын талаар гаргасан актуудаа хүчингүй болгож, зөрчлөө арилгахыг шаардсан үйл баримт тогтоогдсон.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой давж заалдах гомдолдоо зөрчлүүдийг нэг бүрчлэн дурдсан. Ийм байхад Г.Жавхлантөгс өөртөө гэм хор учирсан, барилгын үйл ажиллагаанд саад учруулсан гэж гомдол гаргасан үндэслэлгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан шалтгаант холбоо байхгүй, мөн шаардахын тулд бодитойгоор хохирол учирсан байхыг шаардана. Гэтэл Г.Жавхлантөгс барилгад хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарлаж байх боловч Г.Жавхлантөгсийн барилгад батлагдсан зураг төсөл байхгүй, эрх бүхий этгээдээр магадлал хийгдээгүй зураг төсөлтэй, ганцхан барилгын суурийн ажлын зөвшөөрөл авсан байдаг. 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр барилгын ажлыг зогсоож, зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Энэ шийдвэрийг хүчингүй болгоогүй, зөвшөөрлийг сэргээгээгүй. 2014 онд үйлчилж байсан Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрлийг барилгын үе шатны ажлаар олгодог байсан. Тэдэн сарын тэдний өдөр суурийн ажил, суурийг хүлээж аваад үндсэн каркас цутгалтын ажил, тохижилтын ажил, засварын ажил зэргээр үе шаттай зөвшөөрөл олгодог байсан. Гэтэл Г.Жавхлантөгс нь хүчин төгөлдөр хууль, тогтоомжоор мөрдөгдөж байсан журмыг зөрчиж, түдгэлзсэн суурийн ажлын гэрчилгээний ард сунгалт хийлгэж, дээр дурдсан 18 зөрчлөө арилгалгүй ашиглалтанд оруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилоход Г.Жавхлантөгсийн барилгын ерөнхий объемыг харж байгаад Барилгын төсөвчдийн холбооны барилгын төсвийн "Estimator Pro" программаар 15 давхар, м.кв талбайтай, орц, гарцтай гээд зардлыг бодож гаргасан шинжээчийн дүгнэлтийг бодит хохирлыг тогтоосон дүгнэлт гэж яриад байгаа нь хууль, тогтоомжид нийцэхгүй. Батлагдсан төсөвт өртөггүй барилга барьсан учраас бодит хохирол, зардал гарах боломжгүй. Барилгын тухай хуульд зааснаар барилгын төсөвт өртөгт магадлал хийх эрх бүхий этгээд магадлаад нэмэлт зардал гарсан бол хор уршиг, шалтгаант холбооны асуудал тогтоогдох байсан.
Г.Жавхлантөгсийн шаардаж байгаа баримтууд нь санхүүгийн анхан шатны шаардлага хангаагүй, татвар хураамжаар нотлогдоогүй. Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын гүйцэтгэгч нь зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх ёстой. Иргэн захиалагчийн хувиар барилгын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч нь барилгын газар шороо, суурийн ажил, угсралтын ажил, тохижилтын ажлыг хийх ёстой. Гэтэл Г.Жавхлантөгс нь иргэний хувиар барилгын ажил хийсэн мэтээр баримт бүрдүүлсэн нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн тодорхойлоод байгаа 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нь Г.Жавхлантөгсийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаагүй байсан. Барилгын тухай хуульд зааснаар хамгийн эхэнд архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, түүндээ үндэслэн эскиз зургаа хийлгэж, техникийн нөхцөлүүд аваад, ажлын зургаа хийлгээд, ажлын зургаа магадлалаар оруулж баталгаажуулж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсны дараа газар шороо, суурийн ажил эхэлнэ. Гэтэл Барилгын тухай хуулийн дагуу захиргааны байгууллагаас авах зураг төслөө батлуулаагүй байж, одоо ч батлагдсан эсэх нь эргэлзээтэй байтал газар шороо, суурийн ажил хийсэн гээд хор, хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэсэн.
7.2.Нэхэмжлэгч нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан гэж маргадаг. Гэтэл өнөөдрийг хүртэл нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар тухайн үед Нийслэлийн газрын албанаас Эм Ти Эс ХХК-д нийтийн эзэмшлийн зам талбай хаасан гэдэг байдлаар мэдэгдэл хүргүүлж байсан. Эм Ти Эс ХХК-ийн гаргасан зөрчилтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг хэнийх гэдгийг мэдэхгүй учраас Эм Ти Эс ХХК болон Өгөөж хишиг ХХК хоёуланд нь мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Газрын албанаас ирж зам талбайг чөлөөлөх арга хэмжээ авсан. Гэтэл нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл хаалттай байгаа юм шиг ярьж байна. Г.Жавхлантөгсийн барилгын зүүн талд байгаа хашааг чөлөөлсөн. Тийм учраас 10 жилийн хугацаанд газрын албанаас нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөх ямар ч ажиллагаа явуулаагүй. 10 жилийн хугацаанд нийслэлд маш олон газар чөлөөлөлт явагдсан.
2.3 гэсэн тэмдгийг Өгөөж хишиг ХХК 1.6 болгосон гээд байгаа. Хэзээ хэдний өдөр яаж 1.6 болгосон талаар баримт байхгүй. Энэ талаар замын цагдаагийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны албан бичигт байдаг. Мөн 2014 оны 10 дугаар сарын Замын төлөв байдлын тухай дүгнэлтэд Г.Жавхлантөгсийн барилгын баруун талаараа орц, гарцтай гэж маргаад байгаа зам нь 3 метрийн өргөнтэй, сөрөг урсгалтай, 2 машин зөрж багтдаггүй, машинууд зөрж гардаг. Тус замд 6,000 вольтын өндөр хүчдэлийн далд шугам болон 4,000 вольтын ил шугам байгаа учраас 2,5 тонноос дээш машин явах боломжгүй гэж тогтоосон. Гэтэл 50, 60 тонны даацтай Хова маркийн машин оруулах байсан боловч Өгөөж хишиг ХХК хаачихлаа гээд хохирол гэж зүтгээд байгаа нь үндэслэлгүй. Өмнө нь хэргийг давж заалдах шатны шүүхээс буцаахдаа 2 үндэслэлийг тодруул гэсэн байдаг. Н.Нансалмаад олгогдоод Г.Жавхлантөгсөд шилжсэн барилгын зураг төсөл бөгөөд А даалгаварт анхнаасаа орц, гарцыг хэрхэн яаж төлөвлөсөн байсан бэ, үүнийг тодруул гэсэн байдаг. Үүнийг тодруулахад Г.Жавхлантөгсийн барилгын орц, гарц нь ертөнцийн зүгээр зүүн талаасаа буюу Улаанбаатар буян ХХК-ийн талаас 50 дугаар байрны хойд талаар төлөвлөгдсөн байсан нь тогтоогдсон. Барилгажих талбайн схем зураг, Барилга, хот төлөвлөлтийн яамны мэдээллийн сангаас авсан сэдэвчилсэн талбайн зохион байгуулалтын зураг, бусад баримтуудаар зүүн талаасаа төлөвлөгдсөн нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс зүүн талаасаа төлөвлөсөн ямар ч барилгын зураг төсөл алга гэж маргадаг. Гэтэл бид анхан шатны шүүх хуралдаанд барилгажих талбайн схем зураг дээр тэмдэгтийн тайлбараар шинжлэн судлахад зүүн талаасаа, 50 дугаар байрны хойд талаар төлөвлөгдсөн болох нь тогтоогдоно. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын албан бичигт нарийхан замаар том оврын тээврийн хэрэгсэл оруулахаар маргаан гаргах боломжгүй, иргэн Г.Жавхлантөгс нь барилгын ерөнхий төлөвлөгөөнд дурдсаны дагуу зүүн талаасаа 50 дугаар байрны хойд талаар орц, гарцаа шийдвэрлэж барилгын ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж дурдсан. Энгийн нүдээр архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралтаар батлагдсан барилгажих талбайн схем зургийг энгийн нүдээр уншаад мэдэхгүй байна, энэ дээр тийм үг үсэг алга гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Гэхдээ барилгын мэргэжлийн хяналтын улсын байцаагч тухайн үеийн А даалгавар, барилгажих талбайн схем зургийг харж байгаад төлөвлөгөөнд заасны дагуу зүүн талаараа материалаа зөөвөл маргаан гарахгүй гэж тусгай мэдлэгээр тогтоосон үйл баримт байгаа. Тухайн үед нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоотой эвлэрч, ажлыг нь хийж өгсөн талаараа нотлох баримт гаргаж өгч тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 50 дугаар байр руу зай хэмжээ зөрчиж төлөвлөсөн учраас тухайн байрны оршин суугчид Г.Жавхлантөгсийн барилгыг эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, хаалт хамгаалалтаа хаасан байдаг. Батлагдсан зураг төслөөр төлөвлөгдсөн орц, гарцтай 50 дугаар байр талаасаа маргасан учраас тэр хэсгийг ашиглаж чадахгүй байсан учраас нөгөө талаар нь 3 метр өргөнтэй 6,000 вольт, 4,000 вольтын өндөр хүчдэлтэй замаар 60 тонны даацтай машин оруулах гэж дайрсан. Замын цагдаагийн газраас тавьсан хаалт хамгаалалт саад болох үед Өгөөж хишиг ХХК-тай үл ойлголцож, үйл ажиллагаанд саад учруулсан гээд байгаа нь үндэслэлгүй, шалтгаант холбоо биш. Барилгын ажлыг саатуулснаас болж улсын комисс хүлээж аваагүй хугацаа алдсан гэх үндэслэл гаргасан. Барилга албадан буулгуулах шаардлагыг 2022 онд гаргасан. Г.Жавхлантөгсийн барилгыг 2017 онд улсын комисс хүлээж авсан.
7.3. Түүнээс өмнөх хугацаанд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ аваад тухайн захирамж нэг ч өдөр хэрэгжээгүй. Гомдлын хурлаар ороод захирамжийг хүчингүй болгосон. Өгөөж хишиг ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэг хянагдсан. Г.Жавхлантөгсийн барилгын төлөвлөлттэй холбоотойгоор захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ огт авагдаагүй. Шүүхийн маргаантай гээд манай барилга дээр улсын комисс ажиллахгүй байсан гэх Г.Жавхлантөгсийн үндэслэл үгүйсгэгдэнэ. Гэвч Барилгын тухай хуульд зааснаар Г.Жавхлантөгсийн барилга дээр улсын комисс ажиллах ямар ч боломжгүй, энэ нь шалтгаант холбоог үгүйсгэж байгаа. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримтыг үнэлсэнгүй гэх гомдлын хувьд захиргааны хэргийн шүүх зөвхөн төлөвлөлтийн маргаан хянасан. Одоо эд хөрөнгийн буюу барилгын маргаан яригдаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
8. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл ХХК-ийн гаргасан "Барилга албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлэх, хохирол 796,471,880 төгрөг гаргуулах" сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
8.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.1. а-д заасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Г.Жавхлантөгс нь 2014 оноос уг газар дээр барилга барьж эхэлсэн цагаас буюу анх барилгын суурь, зоорь, 1 давхарын угсралтын ажил хийж байхад түүний барилга нь манай эзэмшлийн нэгж талбарын 18644310102377 дугаартай 767 м.кв, 18644310106340 дугаартай 864 м.кв талбайтай газруудтай нийт 6.35 м.кв/баруун хойд хэсгээрээ 0.25м, дунд хэсгээрээ 0.23м, баруун урд хэсгээрээ 0.22м/ хэмжээгээр давхцсан болохыг газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 тоот албан бичиг, мөн газрын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/347 тоот албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/3742 тоот албан бичиг, "Ширээгийн шугуй недра" ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/10 дугаартай Кадастрын хэмжилт хийсэн акт, Геоид ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сард хийсэн 1:500-ны масштабтай байр зүйн зураг зэргээр тогтоосон бөгөөд уг зөрчлөө арилгахгүйгээр барилгаа барьж дуусгасан учраас Г.Жавхлантөгсийг Газрын хууль зөрчсөн, манай газар эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж газар албадан чөлөөлөх, хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Гэтэл шүүхээс Г.Жавхлантөгсөд барилгын ажлын зөвшөөрөл олгосон, барилгын зураг төсөл баталсан захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой шүүхийн шийдвэрийг иш татан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь дээрх захиргааны маргаан нь зөвхөн барилгын ажлын төлөвлөлттэй холбоотой захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгсөн болохоос биш Г.Жавхлантөгсийн Газрын тухай хууль зөрчиж, газар эзэмшигчийн эрхийг зөрчиж, бусдын газарт оруулж барилга барьсан үйлдэлтэй огт холбоогүй, түүний бусдын эрхийг зөрчиж, бусдын газар дээр барилгаа оруулан барьж, хууль бус ашиг олсон үйлдлийг зөвтгөсөн шийдвэр огт биш гэж үзэж байна.
Г.Жавхлантөгс нь барилгаа батлагдсан зургаа зөрчин манай эзэмшил газарт давхцуулан барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд манай зэргэлдээ газрын өмчлөгч болохын хувьд Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1907 дугаартай захирамжаар томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн Г.Жавхлантөгсийн 15 давхар барилгад үзлэг, шинжилгээ хэмжилтийг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дүгнэлтийн Асуулт 1: Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшил газар дээр сууриа оруулан барьсан, мөн уг барилга нь агаарын орон зайгаар "Өгөөж хишиг" ХХК-ийн газартай давхцалтай эсэх гэсэнд Хариулт 1: Манай байгууллагын үндсэн чиг үүрэгт газар олголт болон барилгын улаан шугам тавих ажил байдаггүй тул уг асуултад холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулга авна уу гэсэн бөгөөд барилгын зай хэмжээний талаар дурьдсан юм. /5хх88-90/ Мөн Г.Жавхлантөгс нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай эзэмшлийн бетонон хашаануудыг эвдлэн сүйтгэсэн нь барилгаа манай газар луу оруулж барьсан болохын нотолгоо юм. Эрүүгийн хэрэгт яллагдагч Г.Жавхлантөгс нь өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 779 дугаартай тогтоолоор нотлогдоно. /1хх198-199, 198-р хуудасны 2 дахь догол/
Нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт шүүхээс хийсэн үзлэгээр талууд газраа маргаангүйгээр хашаалан эзэмшиж байна гэж дүгнэсэн нь газар дээр талууд хашаагаа барьсан байгаа байдлыг дүгнэсэн дүгнэлт болохоос талууд газраа хил хязгаарын дагуу барьсан эсэхийг тогтоосон дүгнэлт биш бөгөөд уг шийдвэрт мэдээллийн санд талуудын газар давхцалтай байгааг тогтоосон байхад шүүхээс энэ талаар огт дүгнээгүйд гомдолтой байна.
Хавтас хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөлтэй компаниуд болох "Ширээгийн шугуй недра" ХХК, "Геоид" ХХК-иудын тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн "Ширээгийн шугуй недра" ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14/10 дугаартай Кадастрын хэмжилт хийсэн акт, "Геоид" ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сард хийсэн 1:500-ны масштабтай байр зүйн зураг, барилгын мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/173 тоот албан бичиг, мөн газрын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1/347 тоот албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 02-03/3742 тоот албан бичиг зэрэг баримтаар "Г.Жавхлантөгсийн барилга нь манай эзэмшлийн нэгж талбарын 18644310102377 дугаартай 767 м.кв, 18644310106340 дугаартай 864 м.кв талбайтай газруудтай нийт 6.35 м.кв /баруун хойд хэсгээрээ 0.25м, дунд хэсгээрээ 0.23м, баруун урд хэсгээрээ 0.22м/ хэмжээгээр давхцасан болохыг тогтоосон баримтуудыг шүүхээс огт үнэлээгүйд гомдолтой байна.
8.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.1.б дэх дүгнэлт үндэслэлгүй болжээ. Барилга хот байгуулалтын яамны 2015 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 8/2685 тоот "Арга хэмжээ авах тухай" албан бичгээр "...Г.Жавхлантөгсийн захиалгатай орон сууцны барилгатай холбоотой зөрчил, дутагдал, барилгын холбогдох норм, дүрэмтэй холбоотой ямар нэг арга хэмжээ аваагүйгээс үүдэн тус зөрчилтэй барилгын гадна дулаалгын хөөсөнцөр, шавардлагын хамт унаж "Өгөөж хишиг" ХХК-ийн барьсан орон сууцны барилгын 11 дүгээр давхрын айлын хүүхдийн унтлагын өрөөний цонхыг хагалан дотогш унасан, гадна зогсоолд байсан автомашинууд дээр мөн унаж тодорхой хэмжээний эвдрэл үүсгэсэн болохыг тогтоосон. /1хх168-170/ Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 08-р сарын 26-ны өдрийн 07/2988 дугаартай албан тоотоор Г.Жавхлантөгст "барьж буй барилгын тухай" гээд "Барилгын тухай хууль", "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн II хэсэг, "Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм" БНбД 12-04-06-ийн 1 хэсэг, "Барилга байгууламжийн галын аюулгүйн байдал" БНбД 21-01-02, Ерөнхий шаардлага БНбД12-03-04-г чанд мөрдөж иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл байдлыг алдагдуулахгүй байх шаардлагын дагуу дээр дурьдсан хууль дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн байдаг /5xx203/ бөгөөд энэхүү эвдрэлийг манай байгууллага зардал гаргаж хэвийн байдалд нь оруулж засварласан, Г.Жавхлантөгс нь үүнээс ч өөрөөр манай эд хөрөнгийг эвдэж эрүүгийн хэрэг үйлдсэн /2015.11.20-ны өдрийн 779 дугаартай прокурорын тогтоол /1хх198-199/ болохыг тогтоосон баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс энэ талаар дүгнээгүй байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. /5xx226-230/
8.3. Шүүхийн шийвэрийн үндэслэх хэсгийн 9.1 в-д бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан бичлэг болон фото зурагт Г.Жавхлантөгс өөрийн биеэр уг үйл явдалд оролцсон баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан бичлэгээс үзэхэд манай зуурмагийн машиныг Г.Жавхлантөгсийн хамгаалалтын ажилчид саатуулж байгаа нь тодорхой байсан бөгөөд түүний ажилчид биш бол манай ажилчид өөрийн машиныг саатуулах шаардлага байхгүй. Г.Жавхлантөгс нь 2014 оны 09 дүгээр сарын 14-15-нд манай ажлыг саатуулсан, танхайрсан үед нь цагдаагийн эргүүл дуудлагаар ирсэн бөгөөд бид Г.Жавхлантөгсийг шалгуулахаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц.Энх-Амгаланд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 256/01 албан тоотоор /6xx22-23/ гомдол гаргаж, Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг эрүүгийн хэрэгт шалгаж шийдвэрлэсэн /6xx-36/ баримтаар байна.
Ийм байхад шууд Г.Жавхлантөгсийг цутгалтын ажил саатуулсан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь биднийг өөрсдийн ажлаа саатуулсан гэж дүгнэсэнтэй адил дүгнэлт болсонд гомдолтой байна.
8.4. Шүүхийн шийвэрийн үндэслэх хэсгийн 9.1 г-д мөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Г.Жавхлантөгсөд олгосон барилгын зураг нь Газрын тухай хууль зөрчиж манай газарт давхацсан талаарх үндэслэлийг энэхүү гомдлын "1" дэх хэсэгт тодорхой дурдсан бөгөөд үүнээс гадна Г.Жавхлантөгс нь барилга барихдаа дараах зөрчлүүдийг гаргасан болохыг мэргэжлийн байгууллагуудаас тогтоосон, зөрчлөө арилгахыг удаа дараа шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдсон уг зөрчил гаргасан үйлдлүүдээс болж манай "Өгөөж хишиг" ХХК-ийн төлөвлөсөн ажил саатаж, барилгын үнэ цэнэ унаж, хууль ёсны эзэмшлийн газраа эзэмшиж, ашиглах боломжгүйд хүрч, иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний нөхцөл өөрчлөгдөхөд хүрч, эд хөрөнгөөрөө хохирсон байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй хууль бус юм.
Г.Жавхлагтөгс нь манай газрыг хууль бусаар эзэмшиж, барилгаа манай газарт оруулан барьсан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
9. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гэм буруу, учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нөхцөл байдал эсрэгээрээ байдаг. Тодруулбал хэрэгт хариуцагч Өгөөж хишиг ХХК-ийн нийтийн эзэмшлийн зам талбай руу хашаагаа сунгаж байршуулсан, улмаар 1.6 метр өндрийн хязгаарыг хууль бусаар байршуулсан. Барилгын ажлыг үргэлжлүүлэхэд саад учруулсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Гэрэл зураг, холбогдох байгууллагуудын албан бичиг, хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримт хэрэгт авагдсан. Энэ хэргийг анхан шатны шүүхээр 4 дэх удаагаар хэлэлцэгдэж байгаа. Улсын Дээд шүүхээс хохирол учирчихаад байхад шалтгаант холбоо байхгүй, учраагүй байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож байсан. Гэтэл анхан шатны шүүх яг өмнөх байдлаар хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Өгөөж хишиг ХХК-ийн нийтийн эзэмшлийн зам талбай руу зөвшөөрөлгүй хашаагаа тэлж барьсан болох нь тогтоогдсон боловч шалтгаант холбоо байхгүй байна гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоочихоод үүнийг нь өөхшүүлсэн мэтээр шүүхийн шийдвэрт заагаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өгөөж хишиг ХХК нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хаасан гэж хугацаагаа тодорхойлсон. Энэ хугацаанд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэв шинжээчийн дүгнэлт шаардлагагүй, хариуцагч хууль бус үйлдэл хийж болно, хамаагүй гэж байгаа бол хууль, шүүхийн байгууллага гэж байх нь утга учиргүй. Хэрэгт ач холбогдолтой гэж үзэж шинжээч томилсон атлаа яагаад шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байгаа юм бэ.
Шүүхийн шийдвэрээс харахад 2 иргэдийн төлөөлөгч оролцсон, нэг нь нэхэмжлэгчийг дэмжсэн байр суурьтай, нэг нь хариуцагчийг дэмжсэн байр суурьтай оролцсон байтал шүүхийн шийдвэрт энэ талаар тусгаагүй. Хуульд иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж заасан, үүний дагуу дүгнэлтийг тусгах ёстой байтал тусгаагүй алдаа дутагдалтай шүүхийн шийдвэр болсон.
Бид сууц өмчлөгчдийн холбоотой зөвшилцөөд ажлыг нь хийж өгөөд, ажил хийсэн баримт, төлбөр төлсөн баримт, гэрээ зэргээ бүгдийг нь тусгаад зөвшилцөөд 50 дугаар байрны зүүн талд хөрөнгө мөнгө зарлагдаж байж орсон гэдгээ хангалттай нотолсон. Гэтэл шүүх энэ талаар дүгнээгүй. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн барилгажих талбайн схем зураг хэрэгт авагдсан, тухайн баримтад орц, гарц огт тусгагдаагүй байтал шүүгч хэрэгт авагдаагүй баримтыг үндэслээд баруун талаасаа орц, гарц зурсан байна гэж дүгнэсэн. Хэрэгт байхгүй баримтыг үндэслэж хийсвэр дүгнэлт хийсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 166-167, 5 дугаар хавтаст хэргийн 36, 40, 52-53, 78, 80-81 дүгээр хуудаст авагдсан баримтууд нэг архитектур төлөвлөлтийн даалгавар, нэг зургууд байдаг.
Орц, гарц огт байхгүй, харин нийтийн эзэмшлийн зам талбайг тусгасан байдаг. Өгөөж хишиг ХХК-ийн баруун талаар буюу 1.6 метр өндрийн хаалт тавьсан хэсгээр жижиг тэрэг, портер орох боломжгүй болсон байхад энэ хэсгээр та нар орох ёсгүй байсан байна гээд хэрэгт байхгүй баримтыг үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэм буруугүй гэдгээ нотлох ёстой. Гэтэл эсрэгээрээ хариуцагч гэм буруутай гэдэг нь нотлогдоод байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэв хариуцагч гэм буруугүй гэдгээ нотолвол хариуцлагаас чөлөөлнө. Гэтэл нотлоогүй, хашаагаа тэлж барьсан хэсгийг чөлөөл гэсэн газрын албаны мэдэгдэл хэрэгт авагдсан.
Газраа сунгаад хашаа барьчихаар машин багтахгүй байгаа. Өгөөж хишиг ХХК болон Г.Жавхлантөгс нарын барилга зэрэг баригдаж байсан. Түрүүлж ашиглалтанд оруулсан нь борлуулалтын хувьд ашигтай байхаар байсан. Барилгыг нь дуусгахгүй гэдэг байдлаар саад учруулж байсан. Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа үндэслэл захиргааны хэргийн шүүх дээр яригдсан. Тодруулбал манай барилгыг Өгөөж хишиг ХХК-ийн газар руу орсон гэдэг. Гэтэл хүчин төгөлдөр болсон Улсын дээд шүүхийн тогтоолоор газар давхцаагүй байна гэж дүгнэсэн. Өгөөж хишиг ХХК-аас Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар руу удаа дараа хандаж байсан албан бичгүүд хэрэгт авагдсан.
Эдгээр баримтаас Г.Жавхлантөгсийн барилгыг зогсоох идэвхтэй үйлдлүүд харагдаж байгаа. Зөрчилтэй гээд байгаа зүйлүүд нь дандаа жижиг ахуйн зөрчлүүд буюу барилгын талбай дотор хамгаалах хувцас хэрэглээгүй гэх мэт зөрчлүүд байдаг. Г.Жавхлантөгс нь холбогдох зөвшөөрлийн дагуу барилгаа барьж, улсын комисс барилгыг хүлээж авсан. Анхан шатны шүүхээс хор уршгийн талаар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй гэдэг байдлаар ганцхан Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн түр зогсоох тухай актыг дурддаг. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02-7-84178 дугаар акт нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн ба уг дүгнэлтээр Г.Жавхлантөгсийн барилга нь орон сууцны барилгын БНБД310110 дугаартай зураг төслийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн, энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт. Гэтэл анхан шатны шүүх дээрх актыг үндэслээд Өгөөж хишиг ХХК саатуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлэх журам маш тодорхой байгаа. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын эсрэг дүгнэлт хийсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж үзээгүй байна гэж харж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой үнэлэх үүрэгтэй. Үнэн зөв гэдэг нь ямар ч эргэлзээгүй байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрээр үгүйсгэгдчихээд байхад шүүх эсрэгээр нь дүгнээд байгааг нотлох баримт эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх ямар ч боломжгүй байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр үгүйсгэсэн байна, тийм учраас үндэслэлгүй гэдэг байдлаар дүгнэх ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа ганц үндэслэл нь энэ. Өөрөөр хэлбэл Г.Жавхлантөгс нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах тухайн газарт үйлчилгээний зориулалттай орон сууцыг 2014 оны 04 дүгээр сараас эхлүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгасан. Хариуцагч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас шалтгаалж 2 жилийн хугацаанд улсын комисс хүлээж аваагүй гэх үйл баримт 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр барилгыг улсын комисс хүлээж авсан нотлох баримтаар тогтоогдоно. Барилгыг албадан буулгая, зөвшөөрөлгүй барилга барьсан гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан учраас улсын комисс хүлээж авах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Г.Жавхлантөгс хариуцагч Өгөөж хишиг ХХК-д холбогдуулан хохиролд 793,342,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барилгын давхцсан хэсгийг албадан буулгаж, газар албадан чөлөөлүүлж, 796,471,880 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь иргэн Ш.Нансалмаагаас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ойн-3 дугаар гудамжны 221 тоот хаягт байрлах 581 м.кв талбай бүхий газар, мөн гудамжны 220 тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай газрыг худалдан авч, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000130051, 000130051 дугаар гэрчилгээ авсан, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Г.Жавхлантөгсөд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлчилгээтэй орон сууц бүхий 15 давхар барилга барих Архитектур төлөвлөлтийн 467 тоот даалгавар баталж өгсөн, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгуулсан, холбогдох зөвшөөрлүүд хуульд нийцсэн талаарх үйл баримт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор тогтоогдсон. /1хх 62-63, 2хх 51 дэх тал/
Уг үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.
Нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь иргэн Ш.Нансалмаагаас дээр дурдсан газар өмчлөх эрхийг худалдаж авах үед иргэн Ш.Нансалмаа нь уг газар дээр барилга барихаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 2013/47 тоот даалгавар авсан байжээ. / 5хх 52-53, 78, 80-81 дахь тал/ Энэхүү 2013/47 тоот даалгаварын хавсралт болох Барилгажих талбайн схем зураг, Иргэн Жавхлантөгсийн 12 давхар үйлчилгээтэй орон сууцны Талбайн зохион байгуулалт схем зурагт хийсэн автомашины замын тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-107/1500 тоот Авто замын төлөв байдлын тухай дүгнэлтэд: Иргэн Г.Жавхлантөгсийн орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу 50 дугаар байрны хойд талаар автозамын орц гарцыг төлөвлөсөн ... гэж тэмдэглэгдсэн байдлыг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж Г.Жавхлантөгсийн барилгын зураг төсвөөр батлагдсан автозамын орц, гарц нь Олимп 50 дугаар байрны хойд талаар төлөвлөгдсөн болохыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ. Нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн авто замын орц гарцыг дахин өөр байдлаар шийдвэрлүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь ерөнхий төлөвлөгөөний дагуу олгогдсон автозамын орц гарцыг ашиглах боломжгүйгээс нийтийн эзэмшлийн авто замыг ашиглах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25..2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бармтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл түүнд нийтийн эзэмшлийн автозамыг барила барих үйл ажиллагаанд ашиглах эрхийг эрх бүхий байгууллагаас олгогдсон гэж дүгнэхээргүй байна. Барилга барих үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг тул уг үйл ажиллагаатай холбоотой бусад ажиллагааг хэрэгжүүлэхэд зөвшөөрснөөс бусад хориглох зарчим хэрэгжих учиртай.
Иймд нийтийн эзэмшлийн зам талбайг хариуцагч талаас хаах замаар нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэж дүгнэхээргүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд хохирол шаардах эрхгүй тул түүнийг гаргасан нэхэмжлэлээс 47,652,000 төгрөг, 27,280,000 төгрөг, 119,820,000 төгрөг тус тус гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн дараахь дүгнэлтийг буруутгахгүй юм. Үүнд:
а. Хариуцагч Өгөөж хишиг ХХК нийтийн эзэмшлийн зам талбай руу зөвшөөрөлгүй хашаагаа тэлж барьсныг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 07/2163 тоот албан бичигт Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 50 дугаар байрны баруун талд байрлах газарт танай байгууллага [Өгөөж хишиг ХХК] Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т заасныг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшиж, ашигласан бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай хааж, зөвшөөрөлгүйгээр төмөр хаалт хийсэн байгаа тул хаалтыг авч газар чөлөөлөхийг мэдэгдэж байна гэх, Өмчийн харилцааны газрын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/2878 тоот албан бичигт ...Танай компани [Өгөөж хишиг ХХК] Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх эрх олгогдсон газрын баруун урд талын хэсэгт баталгаажсан цэг тэмдэгтээс илүү гарган газар эзэмшүүлэх гэрээ болон Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.5 дахь заалтуудыг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй хашаагаа тэлж барьсан байгаа тул 2015 оны 5 дугаар сарын 25-ны дотор гаргасан зөрчлөө арилгахыг үүгээр мэдэгдэж байна, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 5/4967 тоот албан бичигт ...Манай байгууллагаас нийтийн эзэмшлийн зам, талбай руу зөвшөөрөлгүй хашаагаа тэлж барьсан Өгөөж хишиг ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/28788 тоот албан бичгээр зөрчил арилгах тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн гэх бичмэл нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуульд зааснаар үнэлж тогтоосон нь зөв болжээ. /3хх 35-36, 57 дахь тал/
б.Өгөөж хишиг ХХК маргаан бүхий автозамд жингийн хязгаарлалт 5 тн гэсэн тэмдэгийг 2,5 нь болгож өөрчлөөгүй, харин өндрийн хязгаарларлагчийг 1,6 м өндөртэй байршуулсан нь хууль зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Авто замын хөгжлийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4/251 тоот албан бичиг, Авто замын газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/652 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12-2/161 тоот албан бичиг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 12-2/177 тоот албан бичиг Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 02-01/2316 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13-5/3407 тоот албан бичиг, Замын цагдаагийн газраас 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2015/003 тоот албан мэдэгдэл, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 12-2/177 тоот албан бичигт дурдагдсан нөхцөл байдлуудыг үндэслэн зөв тогтоожээ.
Хариуцагч Өгөөж хишиг ХХК-ийн үйлдэл нэхэмжлэгч Г.Жавхлантөгсөд учирсан гэх хохирол болох барилгын подьем ажиллуулах зардал, туслах ажилчдын хөлс, харуул хамгаалалтын хөлс нийт 47,652,000 төгрөгийн нэмэлт зардлын хооронд шалтгаанд холбоо байхгүй байна.
в.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Жавхлантөгс 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Өгөөж хишиг ХХК нийтийн эзэмшлийн зам талбайг хууль бусаар хааснаас болж суурийн шороо ачих том оврын машин ажлаа хийж чадалгүй сул зогсож, газар ухаж байсан экскаватор хашаанд түгжигдэн сул зогссоны улмаас учирсан хохиролд 27,280,000 төгрөг гаргуулахаар шаардсан ... гэх дүгнэлтийг хийхдээ цаг хугацааг буруу тодорхойлсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зарлуулах боломжтой. Нэхэмжлэгч нь холбогдох хохирлыг нэхэмжлэхдээ 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг дурдсан байна.
Нэхэмжлэгч Г.Жавхлантөгсөд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй байх үед буюу 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Т.Отгонбаттай байгуулсан Суурийн нүх ухах ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Тэнгисийн шуурга ХХК-тай байгуулсан Харуул хамгаалалтын хамтарсан гэрээний дагуу төлбөр төлж хохирсон гэх үндэслэлгүй.
Өргөх төхөөрөмж угсрах, буулгах гэрээг нэхэмжлэгч нь иргэн Н.Бат-Очиртой 2015 оны 05 дугаар сарын 31, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус байгуулсан боловч сул зогссон гэх баримтгүй.
Барилгад ашиглах материалыг бэлтгэхийн тулд бусдын эзэмшлийн талбайг түрээсэлж, тээвэр хийх, материал зөөх тэрэг худалдан авах зэрэг 119,820,000 төгрөгийн нэмэлт зардалыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
4. Нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь хариуцагч Өгөөж хишиг ХХК-д холбогдуулан гаргасан шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, барилгын ажлыг саатуулсны улмаас учруулсан хохиролд 594,330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Өгөөж хишиг ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдох нэгж талбарын 18644310126361 дугаар бүхий 581 м.кв , мөн нэгж талбарын 18644310125325 дугаар бүхий 617 м.кв талбай бүхий газруудын давхцалыг хүчингүй болгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт даалгах, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан иргэн Г.Жавхлантөгсийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй иргэн Г.Жавхлантөгсийн 15 давхар барилгын Барилгын норм ба дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах тухай захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэж 533 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэж 221/МА2016/0681 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэж 442 дугаар тогтоол тус тус гарсан байна.
Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШТ2016/00516 дугаар тогтоолоор Г.Жавхлантөгсөд холбогдуулан гаргасан Г.Жавхлантөгсийн барилгыг албадан буулгах, газар чөлөөлүүлэх тухай Өгөөж хишиг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өгөөж хишиг ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 173,067,440 төгрөг гаргуулах, Өгөөж хишиг ХХК-ийн зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгуулах тухай Г.Жавхлантөгсийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3хх-ийн 121-123/
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-д зааснаар Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийн хүрээнд Өгөөж хишиг ХХК захиргааны болон иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэн нэгэн этгээдэд гэм хор учруулахаар хийсэн үйлдэл гэж дүгнэхгүй юм.
Г.Жавхлантөгсөд холбогдуулан гаргасан Г.Жавхлантөгсийн барилгыг албадан буулгах, газар чөлөөлүүлэх тухай Өгөөж хишиг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өгөөж хишиг ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 173,067,440 төгрөг гаргуулах, Өгөөж хишиг ХХК-ийн зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгуулах тухай Г.Жавхлантөгсийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40577 дугаар захирамжаар Г.Жавхлантөгсийн барьж байгаа 15 давхар барилгын тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг Г.Жавхлантөгсөд даалгажээ. Энэ захирамжийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 47 тоот тогтоолоор хүчингүй болгожээ. /5хх-ийн 156-162/
Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч Г.Жавхлантөгсийн барилгын үйл ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 26 хоногийн хугацаанд зогссон байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.Жавхлантөгс нь орон сууцны барилгын ажлыг 2014 оны 4 дүгээр сараас эхлүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгасан байх бөгөөд уг хугацаанаас хойш Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2017/67 тоот акт гарах хүртэл 1 жил 3 сарын хугацаанаас шүүхээс үйл ажиллагаа зогсоосон 26 хоногийг хасахад үлдэх 1 жил 2 сар 4 хоногийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй нь хариуцагчийн үйлдэлтэй холбоотой байх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
Иймд Бест чойс ХХК, Хөтөл тэлмэн ХХК, Буяндэлгэрэх цамхаг ХХК, Алтайн гуулин констракшн ХХК, Тул Эрд ХХК, Эн Ти Эм ХХК, Гейт сервис провайдер ХХК-тай тус тус байгуулсан гэрээний үүргийг гүйцэтгэж чадаагүйгээс гэрээний дагуу төлөх төлбөрт шилжүүлэх орон сууцны м.кв-ыг талбайн хэмжээ ихэсгэж төлснөөр хохирол учирсан байдал үндэслэлгүй гэж дүгнэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 594,330,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Жавхлантөгсөд холбогдох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгаас Өгөөж хишиг ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 18644310102377, 18644310106340 дугаартай газруудад давхацсан хэсгийг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх, хохирол 796,471,880 төгрөг гаргуулах тухай хариуцагч Өгөөж хишиг ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
5.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2016/0681 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар тогтоолоор Өгөөж хишиг ХХК болон иргэн Ш.Нансалмаа, Г.Жавхлантөгс нарын нэгдсэн санд давхцалтай бүртгэгдсэн боловч бодит байдалд давхцаагүй, нэхэмжлэгч [Өгөөж хишиг ХХК], гуравдагч этгээд [Г.Жавхлантөгс] газраа хашаалж, тухайн хэмжээгээр эзэмших эрхээ хэрэгжүүлж байгаа, нэхэмжлэгч [Өгөөж хишиг ХХК] -ийн газар эзэмших эрх зөрчигдсөн байдал тогтоогдоогүй, Г.Жавхлантөгс эзэмших эрх бүхий 1198 м.кв газартаа барьж байгаа 15 давхар орон сууцны зориулалттай цамхаг хэлбэрийн барилга нь Өгөөж хишиг ХХК-ийн хашаалан эзэмшиж буй газарт ороогүй болох нь тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээс Г.Жавхлантөгсийн барилгаас хариуцагч Өгөөж хишиг ХХК-ийн газарт орсон хэсгээр албадан буулгуулах, газар албадан чөлөөлүүлэх, Өгөөж хишиг ХХК-ийн газрыг ашиглаж барьсан барилгын хохиролд 270,150,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
5.2. Цонхны шилний үнэ 523,380 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүх хээрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. .
Анхан шатны шүүх Барилга хот байгуулалтын яамны 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 8/2685 тоот Арга хэмжээ авах тухай албан бичигт: ...Г.Жавхлантөгсийн захиалгатай орон сууцны барилгатай холбоотой зөрчил, дутагдал, барилгын холбогдох норм, дүрэмтэй холботой ямар нэг арга хэмжээ аваагүйгээс үүдэн тус зөрчилтэй барилгын гадна дулаалгын хөөсөнцөр, шавардлагын хамт унаж Өгөөж хишиг ХХК-ийн барьсан орон сууцны барилгын 11 дүгээр давхрын айлын хүүхдийн унтлагын өрөөний цонхыг хагалан дотогш унасан, гадна зогсоолд байсан автомашинууд дээр мөн унаж тодорхой хэмжээний эвдрэл үүсгэсэн зэрэг иргэдийн эд хөрөнгө, амь насанд хүртэл аюул учруулж болох эрсдэлийг бий болгож байна гэснийг үндэслэн Г.Жавхлантөгсийн барилгаас хөөсөнцөр, шавардлага унасан болохыг зөв тогтоожээ.
Харин Өгөөж хишиг ХХК тухайн айлын цонхны шилийг шиллүүлсэн зардалдаа 523,380 төгрөг төлсөн гэх нотлох баримтыг өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шаардлага, тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.
5.3. Г.Жавхлантөгс болон түүний хамаарал бүхий этгээдүүд 2014 оны 9 дүгээр сарын 14-15-нд шилжих бусдын хамтаар хариуцагч байгууллагын барилгын бетон зуурмагийг оруулалгүй саатуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж хохиролд 34,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.
Эс Ти Эй ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Өгөөж хишиг ХХК-д хүргүүлсэн 02/140 тоот албан бичигт дурдснаар Эс Ти Эй ХХК нь гэрээний дагуу нийлүүлж байсан бетон зуурмагийг 2014 оны 9 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө барилгын талбайд үүссэн эмх замбараагүй байдлын улмаас нийлүүлж чадаагүй, захиалга цуцлагдсан гэжээ. Уг үйл баримтыг анхан шатны шүүх хариуцагч Өгөөж хишиг ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хийсэн үзлэгт 2014 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө хийгдсэн бичлэгээр 51-91 УБА улсын дугаартай, 27-85 УНИ улсын дугаартай хоёр тээврийн хэрэгсэл Өгөөж хишиг ХХК руу орох замыг хаасан байдалтай зогссон боловч уг тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгч Г.Жавхлантөгсийн хамаарал бүхий этгээдүүдийнх гэдгийг нотлосон баримт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5.4. Г.Жавхлантөгсийн барилга баригдсанаар хариуцагч компанийн барилгын үнэ цэнэ буурсан, Бама пундам ХХК, Уярал трейд ХХК, Эс Ти Эй ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бартерт өгөхөөр тохиролцсон орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж, 491,798,500 төгрөгийн хохирол учирсан гэх хариуцагч компанийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Г.Жавхлантөгс барилга барихдаа эрх бүхий байгууллагуудаас Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан тул хууль зөрчөөгүй, хариуцагчаас бусадтай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрт шилжүүлэх орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгч Г.Жавхлантөгсийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгч Б.Мөнхжаргал, Б.Мөнхбаяр нарын гаргасан хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаарх дүгнэлт үндэслэл бүхий гэж дурдсан байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,124,660 төгрөг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,140,310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЗОЛЗАЯА