| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01064/И |
| Дугаар | 01023 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 01023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-19-37 тоотод оршин суух, Харуул овгийн Тавхайн Отгоны /регистрийн дугаар ГЮ56042919/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчТ.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Отгон нь 1972 оноос 1974 онд Төв аймгийн Баянчандмань дахь ТМС-ийг төгсөөд Булган аймгийн Сэлэнгэ сум ‘’Ингэттолгойн’’ САА-д хэсэг нөхөдтэй хамт хуваарилагдан очиж ажиллаж байгаад 1975 онд цэрэг татлагаар цэрэгт явсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тэр үеийн ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Булган аймгийн Архивын тасгаас авсан тухайн үеийн 1974 оны 7 сарын 18-ны 139 дүгээр тушаалын хуулбарт миний нэрийг гараар бичсэн тул тушаалыг хүчинтэй гэж үзэхгүй байгаа.Иймд намайг 1974 оны 07 дугаар сарын 18-наас 1975 оны 05 дугаар сарын 30-ны хооронд Ингэт толгойн сангийн аж ахуйд тракторийн жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Отгон нь 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Ингэт толгойн” САА-д Тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Тавхайн Отгоны хөдөлмөрийн дэвтэрт
А. “1972 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн сургуулийн захиралын 64 дүгээр тушаалаар Тавхайн Отгоныг Техник мэргэжлийн сургуулийн трактор комбайны ангид суралцагчаар элсүүлэв” гэжээ.
Б. “1974 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тушаалаар Өргөн мэргэжлийн трактор комбайны ангид 2 жил суралцаж төгсөв” гэжээ.
В. 1977 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Булган аймаг дахь Материал техникийн хангамжийн газрын даргын 24 дугаартай тушаалаар тус газарт туслах няраваар авч ажиллуулав” гэжээ.
Г. “1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Булган аймаг дахь Материал техникийн хангамжийн газрын даргын 66 дугаартай тушаалаар Тавхайн Отгоныг тус газрын туслах няравын ажлаас чөлөөлж, мэргэжлийн дагуу авто механикийн жолоочоор авч ажиллуулав” гэжээ.
2. Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 5 жилийн ойн нэрэмжит улсын аж ахуйн даргын 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 139 дүгээр Техник хуваарилан олгож, эзэмшүүлэх тухай тушаалд: Тус САА-д 1974 онд хуваарилагдан ирсэн өвс хадлангийн механикжсан 2 бригадын техникийг ХАА яамнаас хуваарилагдаж ирсэн жолооч нарт хуваарь ёсоор хүлээлгэн өгсүгэй...Тус тушаалын хавсралтад Баянчандманиас төгсөж ирсэн жолооч нарын нэрсийн жагсаалтын 6-р багананд Отгон гэж гараар бичсэн байна.
3. Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн .... жилийн ойн нэрэмжит улсын аж ахуйн даргын 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд: “Тус САА-н малчин, тракторчид 1975 оны цэрэг татлагаар цэрэгт явсан учир доорхи нэр бүхий хүмүүсийг үндсэн ажлаас нь чөлөөлсүгэй. Тус тушаалд заагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтын 11 дүгээр багананд тракторчин Т.Отгон” гэжээ.
4. Гэрч О.Төмөрбаатар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Т.Отгон бид хоёр 1972-1974 онд Төв аймгийн Баянчандмань дахь Хөдөө аж ахуйн ТМС-ийг хамт суралцаж төгсөөд Булган аймгийн Ингэт толгойн САА-д 1974 оны 07 дугаар сараас 1975 оны 05 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан болно. 1975 онд Т.Отгон бид 2 цэрэгт явсан. Т.Отгон өвчний улмаас 1976 онд цэргийн албанаас халагдаж, Булган аймгийн Материал техникийн хангамжид ажилласан. Үүний дараа ичнээгээр сургуульд сурч байгаад Булган аймгийн Бугат сумын нэгдлийн даргаар 10 гаруй жил ажилласан” гэжээ.
5.Гэрч О.Төмөрбаатарын хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 139 дүгээр тушаалаар “...1974 оны 07 дугаар сарын 01 Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйн хадлангийн 1 дүгээр бригадад тракторийн жолоочоор авч ажиллуулав”, Сангийн аж ахуйн даргын 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар тушаалаар цэрэгт явсан учир мөн сангийн аж ахуйн хадлангийн 1 дүгээр бригадын тракторийн жолоочийн ажлаас чөлөөлөв” гэжээ.
5. Гэрч Д.Ихбаяр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Дашгэнцэн овогтой Ихбаяр би ЗХУ-ын Омск хотод Хөдөө аж ахуйн ТМС-ийг 1974 онд төгсөөд Ингэт толгойн САА-д хуваарилагдаж ирээд тракторын жолоочоор Баянчандмань дахь Хөдөө аж ахуйн ТМС-ийг төгсөж ирсэн Тавхай овогтой Отгонтой хамт 1974 оны 07 сараас 1975 оны 05 дугаар сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байв” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Отгон нь 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл “Ингэт Толгойн” САА-д тракторын жолоочоор ажиллаж байсан нь Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 5 жилийн ойн нэрэмжит улсын аж ахуйн даргын 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 139 дүгээр Техник хуваарилан олгож, эзэмшүүлэх тухай тушаал, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 5 жилийн ойн нэрэмжит улсын аж ахуйн даргын 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч О.Төмөрбаатар, Д.Ихбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Төмөрбаатар, Д.Ихбаяр нараас мэдүүлэг авсан ба гэрч О.Төмөрбаатарын хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 5 жилийн ойн нэрэмжит улсын аж ахуйн даргын 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 139 дүгээр тушаал, 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд бичигдсэн бичилттэй тохирч байх тул гэрчийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Т.Отгоны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Харуул овгийн Тавхайн Отгоныг 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ингэт толгойн САА-д тракторын жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Долгорсүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА