Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01384

 

Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа  бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02245 дугаар шийдвэртэй,

Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Д*******д холбогдох,

Орон сууцны хөнгөлөлт 30,540,000 төгрөг, ******* улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины үнэ 26,000,000 төгрөг, нийт 56,540,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, хариуцагч С.Д*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С.Д******* нь 2005 оноос 2008 онд Ж******* ХХК-д хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаад 2008 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 05 дугаар сараас эргэн ажилдаа орж 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Хүний нөөц, дотоод хяналтын албаны даргаар ажиллаж эхэлсэн.

1.2. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээний дагуу компани нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороонд байрлах, П******* хотхоны ******* байрны 1 давхрын 76,35м2 талбайтай, 505 тоот орон сууцыг тухайн үед мөрдөгдөж байсан 1м2 нь 2,500,000 төгрөгийн үнэтэй байрыг 16 хувиар хөнгөлж 1м2-г нь 2,100,000 төгрөгөөр тооцож 190,875,000 төгрөгийн үнэ бүхий байрыг 30,540,000 төгрөгөөр хөнгөлж 160,335,000 төгрөгөөр олгох, ажилтан С.Д******* нь гэрээний 2.1-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2028 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 10 жил тогтвор суурьшилтай ажиллах үүрэг тус тус хүлээсэн. Улмаар хөнгөлөлттэй үнээр буюу 160,335,000 төгрөгөөр захиалгын гэрээ буюу Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-г байгуулсан. С.Д******* нь урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 130,335,000 төгрөгийг ямар ч хүүгүй, урт хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 сар хүртэл 96 сарын турш графикийн дагуу цалин дээрээс хэсэгчлэн, багаар төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

1.3. Гэтэл С.Д******* нь тохиролцсон ёсоор гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Тухайлбал, урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг төлсний дараа түлхүүр гардуулах байтал 22,000,000 төгрөг төлөөд 8,000,000 төгрөгийг машинаа зараад дараа төлнө гэхэд нь өөрийнх нь хүсэлтийг зөвшөөрч урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байхад нь манайх байрны түлхүүрийг түрүүлж өгсөн. 130,335,000 төгрөгийг төлөх графикаа мөрдөөгүй. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүүхэд асрах чөлөө авч, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр буцаж ажилдаа орох хүртэл төлөлт хийгээгүй. С.Д******* нь үлдэгдэл төлбөрөө банкны 8 хувийн ипотекийн зээлээр төлөх хүсэлт гаргасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг С.Д*******гийн нэр дээр шилжүүлж өгсөн.

1.4. С.Д******* нь 2021 онд ипотекийн зээлд хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлсөн бөгөөд тухайн үед ийнхүү төлбөрийг төлсөн ч компаниас үнийн хөнгөлөлт эдэлсэн тул Тогтвортой ажиллах гэрээ-гээр тохиролцсон хугацаандаа компанидаа тогтвортой ажиллах үүрэгтэй байсан. Гэвч бодит байдал дээр 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хооронд буюу 2020 онд дикриттэй байсан бөгөөд бодитоор ажилласан жил нь 2 жил 8 сар байна. Нийт 10 жил ажиллахаас 2 жил 8 сар ажилласан. Түүний хүсэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл урт хугацааны чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусахад ажилдаа эргэж ороогүй бөгөөд компанийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22/674 албан тоотоор ажилдаа эргэн орох тухай албан шаардлага хүргүүлж байсан. С.Д******* нь өнөөдрийг хүртэл ажилдаа ороогүй, хариу ч өгөөгүй. Харин нийгмийн даатгалын тайлангаар өөр байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох нь тогтоогдсон.

1.5. Мөн С.Д*******д ажлын хэрэгцээнд нь зориулж 2017 онд компаниас ******* улсын дугаартай, Тоёота харриер маркийн автомашин олгосон. Уг машин нь манай компанийн өмч бөгөөд манайд байрны төлбөрт 26,000,000 төгрөгт тооцон бартераар орж ирсэн машин юм. Хэрэг хянан шийдвэрлэх явцад Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан лавлагаагаар С.Д******* нь машиныг 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Э гэх хүнд нэр шилжүүлэн зарсан байна. Д.Эээс хойш 4 иргэн, хуулийн этгээдэд дамжуулагдан нэр шилжигдсэн байна. Нэгэнт уг автомашин нь бусдын өмчлөлд шилжсэн, 4-5 хүнд дамжуулагдан зарагдсан байгаа тул бид автомашиныг биетээр буцаан авах боломжгүй болох нь илт байна.

Иймд ******* улсын дугаартай автомашины үнэ 26,000,000 төгрөг, Тогтвортой ажиллах гэрээ-ний үүргээ биелүүлээгүй учраас 2018 онд үзүүлсэн байрны үнийн хөнгөлөлт 30,540,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн Тогтвор суурьшилтай ажиллах гэрээ-ний үүргийг биелүүлээгүй тул компаниас үзүүлсэн орон сууцны үнийн хөнгөлөлт 30,540,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд ******* дүүргийн ******* хороо, ******* байрны 5 дугаар орцны 505 тоот 76,35 м.кв байрыг Худалдаа хөгжлийн банктай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 6 хувийн хүүтэй ипотекийн зээлээр Ж******* ХХК-д үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо Худалдаа хөгжлийн банкинд зээлийн эргэн төлөлт хийгдэж байгаа.

2.2. Ж******* ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний 1.4 дэх заалтад орон сууцны тоот, нийт талбайн хэмжээ, 1 м.кв-ын үнэ, гарааштай эсэх болон нийт үнийн дүнг тодорхой заасан байтал тухайн байгууллагын хэн нэгэн хүн дур мэдэн гараар засвар оруулан 16 хувь буюу 30,540,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн хэмээн өөрчилж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үнийн хөнгөлөлт гэх 30,540,000 төгрөгийг гаргаж ирж нэхэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Шаардах эрхийн үндэслэл болгож буй Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш. Уг гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч талын шаардсаны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан.

2.3. Миний бие С.Д******* нь 2005-2008 онд Ж******* ХХК-д хүний нөөцийн ажилтан 2015 онд хүний нөөцийн албаны дарга, 2016 оноос Дотоод хяналтын албаны дарга, 2020 оноос 2022 оныг хүртэл Дотоод хяналтын албаны даргын ажил үүргээс гадна Хүний нөөцийн албаны дарга мөн Ж******* ХХК-ийн салбар компани болох Т, Г ХХК зэрэг компаниудын Хүний нөөцийн ажилтны үүргийг хавсран гүйцэтгэж, нийт 10 жил үр бүтээлтэй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа тухайн 2017 онд Оны шилдэг албаны дарга, 2018 онд компанийн хөгжилд миний оруулсан хувь өндрөөр үнэлэн Барилга хот байгуулалтын яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнагдсан.

2.4. 2017 онд Дотоод хяналтын албаны даргаар ажиллахдаа өндөр хэмжээний мөнгөн дүнгээр тооцогдох санхүүгийн зөрчлийг илрүүлж үр бүтээлтэй сайн ажилласан нь компанийн хүлээх алдагдлыг арилгаж өгсөн хэмээн тус группийн ерөнхийлөгч Тоёота Харриер маркийн автомашинаар шагнасан. Тухайн үед ажиллаж байсан санхүүгийн болон маркетингийн албаны дарга нарт ажилтны нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг өгсөн ба миний бие холбогдох татваруудыг төлж уг машиныг эзэмшсэн. Өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Харриер маркийн машиныг 2017 оны 6 сараас 2023 оны хооронд 5 жил 5 сар унаж ашиглахдаа шаардлагатай татвар, хураамж, үзлэг, засвар үйлчилгээг миний бие бүрэн хариуцсан. 2017 онд шагнал урамшуулал хэлбэрээр шилжүүлж өгсөн бөгөөд өдийг хүртэл нэг ч удаа төлбөр мөнгө, автомашин шаардаагүй байж ажлаас гарангууд гэнэт ийм зүйл ярьж байгааг гайхаж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хөдөлмөрийн тухай /2021оны/ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан хариуцагч С.Д*******гаас 56,540,000 /тавин зургаан сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жигүүр гранд групп ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 440,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилгад хөрөнгө оруулалт хийх нэртэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч "Ж*******" ХХК нь ******* дүүргийн ******* хороо, Парк вью хотхоны 76,35 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв 2,100,000 төгрөгөөр тооцож, нийт 160,335,000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон. Төлбөрийг графикийн дагуу төлж байгаад сүүлд Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр тус байрыг авч байрны үнийг 100 хувь төлж барагдуулсан талууд энэ талаар маргадаггүй. Харин гэрээнд үнэ хөнгөлсөн талаарх баримт, зүйл заалт байхгүй, хариуцагч орон сууцны үнийг хөнгөлсөн гэж тайлбарлаагүй буюу үнийг 100 хувь төлсөн хөнгөлөлт эдлээгүй хэмээн маргаж байхад зохигчдын тайлбараар орон сууцны үнийг хөнгөлсөн нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

4.2. Түүнчлэн Ж******* ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 350 дугаартай тушаалыг хариуцагчид танилцуулж байгаагүй буюу танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй хариуцагч анх удаа шүүхэд ирсэн нотлох баримтаас харсан байдаг. Нэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх боломжгүй буюу нэхэмжлэгч тал нөхөж гүйцэтгэх боломжтой.

Нөгөөтэйгүүр цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилгад хөрөнгө оруулалт хийх нэртэй гэрээ буюу Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулагдсан. Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар Тогтвор суурьшилтай ажиллах гэрээ-ний дагуу байрны үнэ хөнгөлөөд байгаа бол яагаад эхлээд Тогтвор суурьшилтай ажиллах гэрээг байгуулж түүний дараа Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ буюу Худалдах, худалдан авах тухай гэрээ хийгдээгүй юм гэдэг асуудал хөндөгдөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх нь зүйтэй.

4.3. Ж******* ХХК нь ажилтны хөдөлмөрлөх үйл явцыг урамшуулах зорилгоор автомашиныг хариуцагчид өгөхөөр тохиролцсон. Хэрэв албан ажлын хэрэгцээнд зориулж автомашиныг эзэмшүүлсэн бол нэхэмжлэгч компани нь тухайн автомашиныг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг гэрчилгээг авах бүрэн боломжтой. Мөн гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгт ажилтан байгууллагаас автомашин өмчлөлдөө авч байгаа тохиолдолд байгууллагатай гэрээ, хэлцэл байгуулж, автомашины үнийг цалингаас суутгах зарчмаар явдаг хэмээн мэдүүлдэг.

Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй буюу нэхэмжлэгчийн зүгээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч Ж******* ХХК нь ажилтан буюу хариуцагч С.Д*******д цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал, урамшуулал буюу автомашин өгөхөөр болж *******р бодит үйлдлээр тухайн автомашины өмлөх эрхийг шилжүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар:

5.1. Ж******* ХХК болон ажилтан С.Д******* нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Барилгад хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээг байгуулахдаа ажилтан нь байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах тухай болон орон сууцны хөнгөлөлтийн талаар ярилцан тохиролцож гэрээ хийгдсэн. Учир нь манай компани ажилтан болгонд автомашин өгөх, орон сууцны хөнгөлөлт эдлүүлдэггүй ба 3 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтанд урьдчилан ярилцаж тохиролцон, тодорхой хэмжээнд захирлын түвшинд шийдвэр гарсны үндсэн дээр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ хийгддэг. Өөрөөр хэлбэл хариуцагч С.Д******* тогтвор суурьшилтай ажиллах нөхцлөөр компаниас хөнгөлөлт олгож орон сууц өгч байгааг зөвшөөрч барилгад хөрөнгө оруулах гэрээ хийсэн бөгөөд гэрээний хавсралтаар орон сууцны төлбөрийг 2018 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл буюу 8 жилийн хугацаагаар цалингаас суутгуулж хуваан төлөхөөр тохиролцсон төлбөрийн хуваарь байдаг. Дээрх үйлдлүүд нь үнийн хөнгөлөлт болон тогтвортой ажиллах нөхцлийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байгаа юм. Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөнгөлөлтэй орон сууц олгож байгаа учир тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулсан. Иймд С.Д******* хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдаж авсныг тогтвор суурьшилтай ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2.1 дэх хэсэгт заасан заалтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Хариуцагч С.Д******* 10 жил ажиллах үүргээ биелүүлээгүй 2,8 жил ажиллаад ажлаасаа гарсан.

5.2. Маргаан бүхий автомашин нь Ж******* ХХК-ийн өмч бөгөөд худалдсан орон сууцны төлбөрт орж ирсэн ба ажилтан С.Д*******д албан ёсны ажлын хэрэгцээнд ашиглуулах зорилгоор олгосон. С.Д******* нь 2017 онд дотоод хяналтын албаны даргаар ажиллаж байсан үед компаний объектуудыг тойрдог, хянадаг ажил хийдэг байсан учир компаниас дээрх автомашиныг бартерт орж ирэнгүүт нь С.Д*******гийн эзэмшилд шилжүүлж өгсөн нь автомашин хүлээлцсэн актан дээр дотоод тооцоогоор хэмээн тодорхой бичигдэн компаний ерөнхий захирал тамга дарж, гарын үсэг зурсан байгаа. Тухайн үед компани ажилтны ажлын нөхцөл, тав тухыг бодон дотоод тооцоогоор автомашинаар хангасан ба маргаан бүхий автомашиныг ажлын хэрэгцээнд олгож өгнө үү гэх С.Д*******гийн гараар бичсэн өргөдөл байдаг. Хэрэв ажлаас гарсан тохиолдолд тухайн автомашиныг хүлээлгэж өгөх, худалдаж авсан тохиолдолд хүсэлтээ гарган компанид төлбөрийг төлөх ёстой.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч С.Д*******д холбогдуулан орон сууцны хөнгөлөлт 30,540,000 төгрөг, ******* улсын дугаартай Тоёота Харриер маркийн автомашины үнэ 26,000,000 төгрөг, нийт 56,540,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч С.Д******* нь нэхэмжлэгч Ж******* ХХК-д 2005-2008 онд хүний нөөцийн ажилтнаар, 2015 оны 05 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүний нөөц, хяналтын албаны дарга, дотоод хяналтын албаны даргаар тус тус ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4. Ж******* ХХК болон С.Д******* нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх нэртэй гэрээ байгуулагдаж, Ж******* ХХК нь ******* дүүрэг, 26-р хороо, // гудамж //, *******-р байр 505 тоот хаягт байршилтай, эрхийн Ү- дугаарт бүртгэлтэй, 76,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв тутамд 400,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр худалдах, худалдан авагч С.Д******* орон сууцны үнэд 160,335,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, энэ талаар талууд маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ. Энэ гэрээний үнэд С.Д******* 160,335,000 төгрөгийг төлжээ.

5. Дээрх гэрээг байгуулсны дараа талууд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Тогтвор суурьшилтай ажиллах тухай гэсэн нэртэй гэрээ байгуулсан, уг гэрээгээр С.Д******* нь Ж******* ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2028 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах, ажилтан энэ хугацаанд хөнгөлөлттэй үнээр худалдан авч буй орон сууцны төлбөрийг тогтсон хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцсон боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үндэслэн тайлбарлахад орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэд хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцох үед ажилтан С.Д*******г 10 жилийн хугацаагаар компанид ажиллах нөхцлийн талаар тохиролцож байгаагүй байна. Хожим буюу нэг жилийн дараа ажилтан компанид тогтвор сууршилтай 10 жил ажиллах нөхцөл өмнө байгуулагдсан гэрээний урьдчилсан нөхцөл болохгүй болно.

6. Иймд хариуцагч С.Д*******гаас орон сууц худалдах, худалдан авах гэрээнд хөнгөлөлт үзүүлсэн 30,540,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7. Ж******* ХХК иргэн Д.Бгаас авах орон сууцны төлбөртөө Тоёота Харриер маркийн ******* улсын дугаартай авто машиныг 26,000,000 төгрөгт тооцон авахаар тохирсон, уг авто машиныг албан хэрэгцээнд хэрэглүүлэхээр гааль дээрээс ажилтан С.Д*******гийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Тодруулбал, С.Д******* нь Ж******* ХХК-ийн захиргаанд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дотоод хяналтын албаны хэрэгцээнд Тоёота Харриер маркийн дунд оврын Hybrid машиныг унаж ашиглах зөвшөөрөл олгоно уу гэсэн хүсэлтийг гаргасан, гэрч Э.Б: [автомашиныг С.Д*******д] алба, амины зориулалтаар өгсөн. Өгсний дараа авто машиныг тухайн ажилтанд бэлэглэх, төлбөрийг төлүүлэх асуудал миний ажлын чиг үүрэгт хамаарахгүй. ... [н.С, н.Ч нар автомашины] төлбөрийг төлсөн, манай хэлтсийн ажилтнууд байсан учир сайн мэдэж байна, би бас байр, машин авч байсан, би өөрийнхөө авсан байр, машины төлбөрийг графикаар тохиролцоод төлж байсан гэх мэдүүлгийг бусад баримт болох 2017 оны 06 дугаар сарын 28-ын өдрийн Автомашин хүлээлцэх актад 160721/а/ тоот хөрөнгө оруулалтын гэрээний үнийн дүнгийн 26,000,000 төгргөнд ******* улсын дугаартай, Тоёота Харриер маркийн сувдан өнгийн автомашиныг хүлээн авч Жигүүр гранд групп ХХК-ийн Дотоод хяналтын албаны дарга С.Д*******д дотоод тооцоогоор шилжүүлсэн нөхцөл байдалтай анхан шатны шүүх харьцуулан дүгнэж, нэхэмжлэгч байгууллагаас ажилтан С.Д*******д уг автомашиныг бэлэглээгүй гэж дүгнэжээ.

Мөн хариуцагч С.Д******* нь уг автомашиныг нэхэмжлэгч байгууллагаас өөрт нь бэлэглэсэн гэх тайлбараа нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...56,540,000 /тавин зургаан сая таван зуун дөчин мянга/... гэснийг 26,000,000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад ...440,650 төгрөг... гэснийг ...287,950 төгрөг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Д*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА