| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/00191/И |
| Дугаар | 210/МА2024/01385 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/01385
Б.Ц*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/01739 дугаар шийдвэртэй,
Б.Ц*******ийн нэхэмжлэлтэй,
Б*******эд холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Даваас*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б.Ц******* нь 2023 оны 04 сарын 20-ны өдөр Б*******эд тогоочоор 1 сарын 800,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хоёр хүний орон тоон дээр ажиллаж байсан учир тушаал гарч цалинг 1,000,000 төгрөг болгоод 40 хувийн нэмэгдэл өгөхөөр болсон. Тогоочоор ажиллаад явж байх хооронд хуулийн зөвлөх О.О******* нь нягтлан бодогч н.С*******гийн хүн гэж хардаж намайг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халсан.
1.2. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал дээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа боловч анх хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр хийсэн, гэрээний нэг хувь болон тушаалыг өгөөгүй юм. Ажлаас халсан тушаалыг авахаар хуулийн зөвлөх О.О*******т хандахад захиралд байгаа гээд өгөхгүй байхаар нь менежер н.Бадамс*******д хэлж байгаад 2023 оны 10 дугаар сарын 15-нд тушаалаа хүлээн авсан байдаг юм.
1.3. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Б*******ийн тогоочийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, цалин хөлсийг ажлаас халдагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.1. Манай байгууллага Б.Ц*******ийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулахаар тохирч холбогдох тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр б/50 албан тоотоор баталгаажуулсан байдаг. Б.Ц******* нь Бэтүв Данжай Чойнхорлон хийдэд туршилтын хугацааны дотор сарын 800,000 төгрөгөөр цалинжихаар тохирч, бидний зүгээс 3 сарын хугацаанд цалинг олгосон.
2.2. Б.Ц******* нь туршилтын хугацаанд ажиллах үедээ мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргаж байсан бөгөөд удирдлагаас сануулах арга хэмжээ хүртэл авч байсан. Тогоочийн үндсэн ажилдаа алдаа дутагдал гаргахаас гадна, ажилчид хоорондын харилцаа, ёс зүйн алдаа гаргадаг байсныг хийдийн ажилчид амаар болон бичгээр илэрхийлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн ажилласан, мөн хуулиар заасан эрхийн хүрээнд Б.Ц*******ийг үргэлжлүүлэн ажиллуулахгүй, туршилтын хугацааг сунгахгүй гэж үзсэн.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 157 дугаар зүйлийн 157.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б*******эд холбогдох Б*******ийн тогоочийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, цалин хөлсийг ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн баталгаажуулах тухай нэхэмжлэгч Б.Ц*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч М.Ц*******ийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус хийдэд тогоочоор ажилд авсан тушаал, мөн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2 хүний орон тоон дээр ажиллахаар болсон тушаалыг тус тус гаргасан байдаг.
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1- 50.1.6-д заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор эрх бүхий газарт хандах байсан боловч тушаал шийдвэрээ өгдөггүй, хувцас зэрэг бусад зүйлсийг жижүүр дээр орхиод дотогш нэвтрүүлэхгүй байсан. Ингээд цагдаад гомдол гаргаад явж байх хугацаанд захиралтай уулзаж, мемежер н.Бадамс*******гээр дамжуулан 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тушаалаа гардаж авсан.
Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаад явж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Тушаалаа гардаж аваад захиралтай уулзахад би таныг халаагүй 3 сарын цалингийн нөхөн олговроо олж аваарай гэсэн. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад нотлох баримгүй гэж хэрэгсэхгүй болгосныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардаж аваад 2023 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсанаар 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд нь эгүүлэн томилж, цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж баталгаажуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн гэрээнд гэрээ цуцлах, дуусгавар болгох үндэслэлээ тусгаагүй, тамга тэмдэггүй зэрэг нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг.
Иймээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, өнөөдрийг хүртэлх хугацаанд оглх ёстой цалин хөлсийг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгийг нөхөн төлж баталгаажуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан ба хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бодит байдалд нийцэн гарсан гэж үзэж байна.
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 болон 8 дахь талуудад тухайн хэрэг маргааныг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдсөн, хуульд заасан хугацаа хэтэрсэн эсэх талаар бодит байдлын дүгнэлт хийж тайлбарласан. Тодруулбал: Нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сард хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусаж буй талаар мэдсэн боловч тухайн үед ажлаас халагдсан тушаалаа аваагүй гэж маргадаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж тодорхой заасан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болж буй талаар мэдсэн, үүнээс хойш 30 хоногийн хугацаа тоологдоход 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргах эрхгүй болсон ба 30 хоног хэтрүүлэн гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.
5.2. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа гардаж авсан гэх атлаа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хугацаа сэргээлгэх боломжтой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэх ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.Ц******* нь хариуцагч Б*******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөрч маргажээ.
3. Б*******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар Б.Ц******* тус хийдэд туслах тогоочийн ажилд 3 сарын туршилтын хугацаагаар ажилласан, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн захирлын ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалаар орон тооны тогоочийг авах хүртэл хугацаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажилласан, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Б.Ц*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
4. Ажилтан Б.Ц*******ийн гаргасан гомдлыг үндэслэн Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороо 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж гаргасан шийдвэрт талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгожээ.
5. Ажилтан Б.Ц******* 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг гардаж аваагүй тэрээр хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болсныг мөн өдөртөө ажил олгогч талаас түүний ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа, цалин хөлс олгохгүй байгаагаар эрхээ зөрчигдсөнийг мэдэх боломжтой гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Түүнчлэн анхан шатны шүүх ажилтан Б.Ц******* мөн тушаалыг өөрийнх нь тайлбарласнаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан гэж тооцоход ч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасан 30 хоногийн дотор гомдлоо Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гаргаагүй нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг мөн буруутгах боломжгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт, тайлбар гаргаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
6. Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч Б.Ц******* хэтрүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч Б*******-д холбогдуулан гаргасан түүний нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
7. Талуудын хооронд 2023 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч, цаашид сунгагдаагүй байна.
8. Нэхэмжлэгч тал тайлбар болон давж заалдах гомдолдоо дурдсан захирал нь түүнийг ажлаас халаагүй, нөхөн олговрыг ирж аваарай гэсэн нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул үндэслэлгүй гэж дүгнэнэ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуульд зааснаар томьёолоогүйг анхааруулах нь зүйтэй.
10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/01739 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА