Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 01024

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01024                                   Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1945 онд төрсөн, 71 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 60 дугаар гудамжны 03 тоотод оршин суух Цорос овгийн Цэдэнгийн Норовын /регистрийн дугаар ФБ45090101/ хүсэлттэй П.Насанцэцэгийг сураггүй алга болсонд тооцуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Норов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Норов шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэдэн овогтой Норов нь Наран багийн 60-03 тоотод хүү П.Насанбаатарындаа охин П.Насанэцэцэгийн 2 хүүхэдтэй хамт амьдардаг. Миний охин П.Насанцэцэг нь 2003 онд охин Н.Энхцэцэгийг төрүүлээд өлгийтэй байхад нь хаяад явсан. Би 2009 онд Н.Энхцэцэгийн асран хамгаалагчаар тогтоогдсон. Мөн 2012 онд хүү Н.Бат-Эрдэнийг төрүүлээд ой гарантай байхад нь надад үлдээгээд орхиод явсан, явах үедээ наад хүүхдээ авбал ав, авахгүй бол хаяна гэж согтуу хэлээд явсан. Энэ 2 хүүхдийг авах болсон шалтгаан нь П.Насанцэцэг нь 2009 онд эрүүгийн хэрэгт холбогдоод явсан. Норов миний бие нь 2 хүүхдийг асран хамгаалагчаар авч үлдсэн. П.Насанцэцэг нь ажил хийнэ гэж хот руу яваад одоо 2 жил 5 сар болсон. Эрэн сурвалжлаад одоог хүртэл сураггүй. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Насанцэцэгийн Бат-Эрдэнийн хууль ёсны асран хамгаалагчаар нь би томилогдоод байна. Иймд Паламдоржийн Насанцэцэгийг сураггүй алга болсонд тооцож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Норов П.Насанцэцэгийг сураггүй алга болсонд тооцуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Норов шүүх хуралдаанд “...миний охин П.Насанцэцэг ял эдэлж байгаад суллагдсан.2003 онд охин Н.Энхцэцэгийг, 2012 онд хүү Н.Бат-Эрдэнийг төрүүлсэн.Охин маань 2 жил 5 сарын өмнө гэрээсээ гараад эргэж ирээгүй.Цагдаад хандсан. Улаанбаатар хотод байдаг сураг гарсан боловч хайгаад олоогүй.Иймд П.Насанцэцэгийг сураггүй алга болсонд тооцож өгнө үү” гэсэн шаардлагаа дэмжиж оролцсон.

Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болно гэж заасан.

П.Насанцэцэг нь 2014 оны 06 сараас хойш Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 60 дугаар гудамжны 03 тоот ээж Ц.Норовын гэрээс яваад одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон нь Ц.Норовын Орхон аймгийн цагдаагийн газарт өгсөн “...миний охин П.Насанцэцэг 2014 оны 06 дугаар сарын эхээр хот явна гэж хэлээд явсан” гэсэн тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Орхон аймаг дахь Цагдаагийн газрын “...тус цагдаагийн газар нь Паламдорж овогтой Насанцэцэгийг 2014 оны 05 дугаар сараас оршин суугаа газраасаа сураггүй алга болсныг эрэн сурвалжлан ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 67 тоот Наран багийн засаг даргын “...Паламдоржийн Насанцэцэг нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон” гэсэн тодорхойлолт, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эрэн сурвалжлалт зарласан, орон нутагт хүн эрэн сурвалжлах тухай тэмдэглэлүүд, 2015 оны 02 дугаар сарын 12, 16-ны өдрийн 04, 06 тоот хэрэг бүртгэгчийн даалгавар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

П.Насанцэцэг нь оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнийг сураггүй алга болсонд тооцох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 139.1, 139.2, Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Чорос овгийн Паламдоржийн Насанцэцэгийг / ФБ 74062501 /  сураггүй алга болсонд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-д заасныг баримтлан П.Насанцэцэгийн эд хөрөнгийг хамгаалах эрхлэн хамгаалагчаар Ц.Норовыг томилсугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА