Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01386

 

Х.Г*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/0198******* шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Г*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т******* ХХК-д холбогдох

6,163,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр "Т*******" ХХК-д хандаж ******* аймаг, С******* сумын ******* багт байрлах өөрийн эзэмшлийн 3 айлын газарт хашаа хийлгэх зорилгоор эргэлтийн цэг тогтоолгохоор харилцан тохиролцож, эргэлтийн цэгийг тогтоолгосон. Эргэлтийн цэгийн дагуу 3 айлын газрын захын 4 цэгийг тэмдэглэж, 3 айлын хашааны материал авч өгсөн.

1.2. Гэвч дахин нэг айлын хашаа хийх материал дутсан гэсэн тул дахин 1 айлын хашааны материал зардал 3,663,000 төгрөг, хашааны ажлын хөлс болох 2,500,000 төгрөг, нийт 6,163,000 төгрөгийн хохирлыг хариуцагч талаас гаргуулаад нэмэлтээр авсан хашааг хариуцагчид хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд "Т******* ХХК-аас 6,163,000 төгрөгийг гаргуулан учирсан хохирлыг барагдуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ...2022 оны 06 дугаар сард очиж эргэлтийн цэгүүдийг нь олж өгсөн. Очиход тухайн цэгүүдээ утаснаасаа харуулан цэгүүдээ олуулсан. Цэгүүдийг олоход өмнө нь тэмдэглэж байсан гадаснууд байсан ба цэгүүдийг нь олж өгөхөд өөрөө болон хашаа барих хүмүүстэйгээ хамт явсан. Цэгүүдийг нь олж өгөхөд 2 хүн дагаад явж тэмдэглэсэн. Кадастрын уртраг, өргөргийн цэгүүд нь нийлж байж цэг олддог. Жишээ нь Х=635425.76 ба У=53162736.67 гэх энэхүү 2 тоо нь байж нэг цэг олдоно. Зууны нарийвчлалтай тогтоож өгнө гэхээр зөрүү бол 5 см дотор л яригдана. Тэгэхээр буруу бол 5 см зөрүү л гарна.  3 газрын эргэлтийн цэг тогтоосон баримт, 3 захирамж байгаад байдаг. Нэхэмжлэгч 4 газар гээд байгаа нь нэхэмжлэл үндэслэлгүй гэдгийг нотолж байна. Ажил гүйцэтгэсэн огноо 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгаа. Гэтэл гаргасан зардал гэх 1,585,000 төгрөг нь 2022 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрийн баримт байна. Нэхэмжлэгчид 6,163,000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 10 дугаар сард 24,000,000 төгрөгийн хашаа, шон гэсэн материал авсан байгаа нь ажил гүйцэтгэхээс 8 сарын өмнө 4 айлын хашааны материал авсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 34******* зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Т******* ХХК-аас 6,163,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр "Т*******" ХХК-д хандаж ******* аймаг, С******* сумын ******* багт байрлах өөрийн эзэмшлийн 3 айлын газарт хашаа хийлгэх зорилгоор эргэлтийн цэг тогтоолгохоор харилцан тохиролцож, эргэлтийн цэгийг тогтоолгосон. Тухайн үед манай хашааг хийх хүмүүс байлцаж тус компанийн ажилтны тогтоож өгсөн эргэлтийн цэгийн дагуу 3 айлын газрын захын 4 цэгийг тэмдэглэж, улмаар хашаа барих ажил эхэлсэн. Гэтэл "Т******* ХХК-ийн тодорхойлж өгсөн эргэлтийн цэг нь 3 айл бус 4 айлын газраар тодорхойлогдож надад 1 айлын хашааны материалын зардал болон ажлын хөлс болох нийт 6,163,000 төгрөгийн хохирол учруулсан. Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөний улмаас хохирол учирсан тул "Т******* ХХК-аас 6,163,000 төгрөгийг гаргуулан надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь манай компанийн багаж буруу зааснаас хамааран эргэлтийн цэгийг буруу тогтоосон, буруу координат өгсөн гэж тайлбарладаг боловч тийм зүйл болох боломжгүй юм. Тухайн багаж нь техникийн үзүүлэлтээрээ хамгийн ихдээ 5 см-ийн зөрүүтэй гарах ба координатыг нэхэмжлэгч тал өөрөө өгсний үндсэн дээр манай зүгээс багажинд шивж оруулдаг учир бүтэн 1 айлын газрын зөрүүтэй алдаа гарах боломжгүй. 3 газрын хэмжилт хийлгэж 4 цэгийг тодорхойлуулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх баримтуудыг нарийвчлан тулгаж шалгахад зөрүү гараагүй. Мөн нэхэмжлэгч талын хохирсон байдал огт нотлогдож, тогтоогддоггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Х.Г******* нь хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан 6,163,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр "Т*******" ХХК-д хандаж ******* аймаг, С******* сумын ******* багт байрлах өөрийн эзэмшлийн 3 айлын газарт хашаа хийлгэх зорилгоор эргэлтийн цэг тогтоолгохоор харилцан тохиролцсон боловч 4 эргэлтийн цэг тогтоосны улмаас 1 хашааны материалын зардал 3,663,000 төгрөг, ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт 6,163,000 төгрөгийн хохирол учруулсан гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчид хохирол учраагүй гэж тус тус тайлбарласан байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч болон хариуцагч талуудад нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй болохыг тайлбарлаж өгөх учиртай. Тухайн ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүйн улмаас хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт болон гомдолд дурдсан үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

5. Тодруулбал, талууд 2022 оны 06 дугаар сард нэхэмжлэгчийн эзэмшил 3 айлын газрын эргэлтийн цэг тогтоох ажил гүйцэтгэхээр тохиролцож, гэрээ байгуулсан талаар маргаагүй. Харин тухайн гэрээний дагуу хариуцагч нь 4 айлын газрын эргэлтийн цэг тогтоосон эсэх, үүний улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1. Хэргийн 11 дүгээр талд авагдсан нэгж талбарын 4109055807 дугаартай газрын кадастрын зураг дээр 2 дахь цэг буюу Y-******* гэж солиболцлыг тодорхойлсон бол хэргийн 5 дугаар талд авагдсан Эргэлтийн цэг тогтоосон акт-д 2 дахь цэг буюу Y-******* гэж зөрүүтэй байдлаар тусгагдсан байна. Иймд 1 цэг зурснаар хашааны хэмжээнд ямар өөрчлөлт орж байгааг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл 1 хашаа илүү баригдсан гэж дүгнэх боломжгүй байна. Энэ асуудал нь тусгай мэдлэг бүхий этгээдийн тодорхойлох асуудал байна.

5.2. Дээрхээс гадна нэхэмжлэгчийн зүгээс 1 хашаа барьсан зардал, ажлын хөлс шаардаж байгаа тохиолдолд хэрэгт авагдсан зарлагын баримтууд болон Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нэхэмжлэгчээс 6,163,000 төгрөгийн зардал гарсан гэж эргэлзээгүйээр дүгнэх боломжгүй.

6. Иймд шийдвэрийн үндэслэл болон талуудын маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/0198******* шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Г*******гаас төлсөн 113,558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Э.ЗОЛЗАЯА