Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 01025

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, Хөвсгөл аймаг Мөрөн сум 11 дүгээр багийн 10 дугаар гудамжны 12 тоотод оршин суух Халиучин овгийн Лүндээгийн Мөнхцэцэгийн /регистрийн дугаар РБ81060441/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 13-15 тоотод оршин суух Бэсүд овгийн Ганболдын Жадамбад /регистрийн дугаар РЭ81072671/  холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг, хариуцагч Г.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Жадамбатай 2003 онд танилцаж 2007 оны 07 дугаар сарын 17-нд албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас томи охин Ж.Пүрэвням 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, бага охин Ж.Нямцэцэг 2009 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус төрсөн. Сүүлийн үед хоорондоо таарч тохирохоо байгаад цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, том охин Пүрэвнямыг би өөрөө, бага охин Ж.Нямцэцэгийг нөхөр Жадамба өөрийн асрамжинд авч, хүүхдийн эцгээр тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрлэлтээ цуцлуулна, том охин Ж.Пүрэвнямыг өөрийн асрамжинд авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж шаардлага гаргасан.Бид 2 ярилцаж тохиролцоод 2 охиноо нэг нэгээр нь авахаар тохиролцсон учраас охин Ж.Пүрэвнямд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

Хариуцагч Г.Жадамба шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Мөнхцэцэгийг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Гэр бүлээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Охин Ж.Нямцэцэгийг би өөрөө асран хамгаалж, өсгөж байгаа тул би Л.Мөнхцэцэгт ямар тэтгэлэг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Охин Ж.Пүрэвнямын хувьд бид 2 хүүхдээ нэг нэгээр авч салахаар тохиролцсон тул хүүхдийн тэтгэлэг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шүүх Ж.Пүрэвнямд тэтгэлэг тогтоовол би мөн охин Ж.Нямцэцэгт адилхан тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Г.Жадамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Ж.Пүрэвнямыг ээж нь, охин Ж.Нямцэцэгийг би асрамжиндаа авахаар бид 2 тохиролцсон учраас хүүхдийн тэтгэлэг хэн аль нь авахгүйгээр болсон.Эд хөрөнгийн маргаангүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг нь Г.Жадамбад холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болж гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2004 оны 01 дүгээр сарын 08-нд охин Ж.Пүрэвням, 2009 оны 04 дүгээр сарын 26-нд охин Ж.Нямцэцэг нар төрсөн нь Г-600 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-823 дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй, түүнчлэн удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Ж.Пүрэвнямыг эх Л.Мөнхцэцэг, охин Ж.Нямцэцэгийг эцэг Г.Жадамба асрамжиндаа авахаар зохигчид тохиролцсон тул Ж.Пүрэвнямыг эхийн, Ж.Нямцэцэгийг эцгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар маргаангүйг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхцэцэг, хариуцагч Г.Жадамба нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 01 дүгээр сарын 08-нд төрсөн охин Ж.Пүрэвнямыг эх Л.Мөнхцэцэгийн, 2009 оны 04 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ж.Нямцэцэгийг эцэг Г.Жадамбын асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн маргаангүйг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай. 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Г.Энхбатад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА