Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2022/05746/И |
Дугаар | 210/МА2024/01387 |
Огноо | 2024-07-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2024/01387
З******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01842 дугаар шийдвэртэй,
З******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
М.Т*******т холбогдох,
67,680,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Газар чөлөөлүүлэх, 32,696,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б.Э******* нь З******* ХХК-ийн үйл ажиллагааг явуулах зорилгоор М.Т*******ийн өмчлөлийн, С******* дүүргийн ******* хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл түрээслэсэн. Улмаар талууд 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дээрх үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээг цуцлах хүртэлх хугацаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
1.2. Дээрх худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлж байх хугацаандаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хашаанд нийт 52,027,625 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч компаниас гаргаж, 15 автомашины дулаан гарааш, гүний худаг, 40 тоннын зоорь, 2,535 м.кв банзан хашааг 3 метрийн өндөртэй блокон хашаа болгож, мөн харуулын байр зэргийг бий болгосон. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр М.Т******* нь "наймаа буцъя, юмаа гарга, би байр саваа авъя" гэхэд нь бид шууд ажлаа зогсоож, түүнээс надад шилжүүлж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийг нь өөрсдийн шинээр барьсан дээрх хөрөнгүүдийн хамт сулласнаар буцаан хүлээлгэн өгсөн. Дээрхи бүтээн байгуулалтын үйл ажиллагааг М.Т*******ийн зүгээс хүлээн зөвшөөрч, гарсан зардлыг өөрөөсөө өгнө гэсэн боловч эцэст нь төлөхөөс татгалзсан юм.
1.3. Мөн М.Т******* нь нэхэмжлэгч компанийг бууз үйлдвэрлэдэг байх үед буюу 2014-2015 онуудад 10 удаа нийт 1,099,750 төгрөгийн үнийн дүн бүхий буузыг зээлээр худалдан авсан хэдий ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
1.4. Түүнчлэн С******* дүүргийн ******* хороо, тоот хаягт байрлах 2,520 м.кв талбай бүхий газрын төлбөрт 2010-2020 оны хугацаанд нийт 8,353,460 төгрөг, тус хаягт орших 12х24 хэмжээтэй үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн татварын төлбөрт 2,973,345 төгрөг, нийт 11,326,805 төгрөгийг Б.Э******* болон манай "З*******" ХХК төлсөн. Үүнээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0862 дугаартай магадлалаар Б.Э*******гийн төлсөн 5,774,060 төгрөгийг М.Т*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т тус тус зааснаар М.Т******* нь бодит байдал дээр газрыг эзэмшигч, үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч атал хуулийн дагуу газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх үүргийг "З*******" ХХК болон Б.Э******* миний бие гүйцэтгэж байснаар хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөж, үндэслэлгүй хөрөнгөжсөн юм.
1.5. З******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э*******гийн зүгээс М.Т*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүрэгт түүний "Төрийн банк ХК дахь ******* тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0862 дугаартай магадлалаар З******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Б.Э******* нь хариуцагч М.Т*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас хуулийн дагуу буцаан төлбөл зохих 187,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн хуулийн этгээд болон бусад этгээд нь төлсөн төлбөрөө буцаан шаардах эрх нээлттэй байна гэж дүгнэсэн байдаг. Талуудын хооронд аливаа үүрэг үүсээгүй бөгөөд "З*******" ХХК нь тус компанийн хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцан гүйцэтгэсэн нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөд зогсохгүй Б.Э*******, М.Т******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрээний зүйлийн үнийг төлсөнд тооцогдохгүй байгаа юм. Иргэний хуулийн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2 дах хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх төлбөрийг шаардах эрхтэй.
Иймд хариуцагч М.Т*******аас үндэслэлгүй хөрөнгөжсөн бүтээн байгуулалтын зардалд гаргасан төлбөр 52,027,625 төгрөг, З******* ХХК-ийн зүгээс М.Т*******ийн газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөг, З******* ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг, зээлээр худалдаж авсан буузны үнэ 1,099,750 төгрөг, нийт 67,680,120 төгрөгийг гаргуулж З******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.
2.1. М.Т******* нь өөрийн өмчлөлийн, С******* дүүргийн ******* хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв барилгаа 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд З******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э*******д нэг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Улмаар түүний гаргасан саналын дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 500,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан. Б.Э******* нь тус гэрээний төлбөрийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэхэд 100 хувь бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Гэтэл Б.Э******* нь 500,000,000 төгрөгөө бүрэн төлж чадаагүй, цементийн үйлдвэр нь ковидын үед алдагдал хүлээсэн зэрэг нөхцөл байдлаас болж талууд гэрээнээс татгалзсан.
2.2. Дээрх байранд "З******* ХХК нь манай зөвшөөрөлгүйгээр хиам, буузны үйлдвэрлэлээ явуулж, өөрсдийн тоног төхөөрөмжөө суурилуулж, дур мэдэн хашааг өөрчилж, өмнө нь байсан 2,535 м.кв банзан хашааг үрэгдүүлж, мөн барилгын сантехник, шугам сүлжээг дур мэдэн өөрчлөн бусдад ашиглуулж, нэмэлт 6 машин багтах багтаамжтай гарааш, зоорь зэргийг барьж эдгээр байрыг бусдад түрээслэн дотор нь өлөнгийн цех ажиллуулж нэмэлт ашиг орлого олсон. Ийнхүү олсон орлогоороо хүү Б.Мөнх-Эрдэнэд цементийн үйлдвэр байгуулах хэмжээнд бизнес нь өргөжсөн ч ковид цар тахлын үед түүний цементийн үйлдвэр алдагдал хүлээсэн хүчин зүйл нь биднээс огт шалтгаалаагүй юм. Иймд З******* ХХК нь хариуцагчийн өмчлөлийн обьектод хийсэн шинэ бүтээн байгуулалтын зардалд 52,027,625 төгрөг нэхэмжилж, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. "З*******" ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөгийг бүрэн төлснөөр түүнд өмчлөх эрх үүсэх байсан. З******* ХХК нь өөрсдийн бий болгосон гэх зүйлсээ аваад явахад татгалзах, хязгаарлах зүйл байхгүй. Эдгээр зүйлсийг З******* ХХК нь өөрсдийнхөө үйл ажиллагаанд зориулж, ашиг олох зорилгоор бий болгосон эд юмс юм. Татвар төлсөн талаарх баримтгүй атлаа зарлагын баримтаар үндэслэн хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлгүй юм. Нотлох баримт болгосон кассын зарлагын ордер, орлогын ордер 2 нь зөрүүтэй байдаг ба хэргийн 24, 34 дэх талд авагдсан 2 ширхэг баримт л НӨАТ төлсөн байх боловч хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй, баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг.
2.3. З******* ХХК-аас бууз зээлээр авсны төлбөрт 1,099,750 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь өнгөрсөн байна.
2.4. Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий байрыг М.Т*******аас худалдан авахад З******* ХХК-ийн нэрээр төлсөн гэх 9,000,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварт төлсөн гэх 5,552,745 төгрөг зэргийг дээр дурдсан шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн.
Иймд З******* ХХК-ийн бүтээн байгуулалтын зардалд гаргасан төлбөр 52,027,625 төгрөг, З******* ХХК-ийн зүгээс М.Т*******ийн газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөг, З******* ХХК-аас шилжүүлсэн 9,000,000 төгрөг, зээлээр худалдаж авсан буузны үнэ 1,099,750 төгрөг, нийт 67,680,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу Б.Э******* нь гэрээний төлбөр 500,000,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэхэд 100 хувь бүрэн төлж барагдуулах байсан боловч гэрээ байгуулснаас хойш 7 жил 6 сар 24 хоногийн хугацаанд 500,000,000 төгрөгөөс 184,876,000 төгрөг төлж, үлдэх 315,123,000 төгрөгийг төлөх боломжгүй гэх үндэслэлээр талууд гэрээнээс 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр татгалзсан.
3.2. Тухайн үед З******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж /жор, хиамны бүрхэвч, уураг зэрэг/ болон бусад эд зүйлс болох нийт 20,921,500 төгрөгийн материалыг нэмэлт зардал болон худалдан авч тухайн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн боловч М.Э******* нь З******* ХХК, тоног төхөөрөмжч /чаналгын тогоо 2 ширхэг, хиам шприц 1 ширхэ, өөх мах холигч 1 ширхэг, цахилгаан махны машин 1 ширхэг/ болон хүргэлтийн амбаартай 4 портер автомашиныг зарахаас татгалзан, 10,000,000 төгрөгт өгөх ёстой з*******ний шошго, эд зүйлсээ, мөн Зочин хнс цехийн үйлдвэрт оруулсан 20,921,500 төгрөгийн тоног төхөөрөмж болон бусап материал зэргийг өөрийн төхөөрөмж, эд зүйлстэй хамт зөвшөөрөлгүйгээр ачиж авч явсан.
3.3. Дээрх 7 жил 6 сар 24 хоногийн хугацаанд З******* ХХК-ийн захирал Б.Э******* нь бидний зөвшөөрөлгүй өөрсдийн үйл ажиллагаанд зориулж дур мэдэн хашааг өөрчилж тоосгон хашаа болгож, өмнө нь байсан 2,535 м.кв банзан хашааг үрэгдүүлж, нэмэлт 6 машин багтах багтаамжтай гарааш, зоорь зэргийг барьж бусдад түрээслэн дотор нь өлөнгийн цех ажиллуулж нэмэлт ашиг орлого олж байсан.
М.Т******* нь эд зүйлээ буцаан авч, газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан.
3.4. Дээрх модон хашаа нь зах зээлийн үнэлгээгээр 11,774,600 төгрөг болж байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дах хэсэгт заасны дагуу шаардаж байна.
Иймд С******* дүүргийн ******* хороо, хаягт байрлах 2,518 м.кв газрыг З******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, уг газарт барьсан нийт 193,91 метр урттай, 2 метрийн өндөртэй, 379,82 мкв талбайтай модон хашааны үнэ 11,774,600 төгрөг, З******* ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан эд зүйлс /9,257,500 төгрөгийн үнэ бүхий хиамны бүрхэвч, 11,664,000 төгрөгийн жор буюу амтлагч, уураг/ зэргийг өөрийн төхөөрөмж, эд зүй хиамны бүрхэвч, жор буюу амтлагч, уураг/-ийг зөвшөөрөлгүйгээр авч явсан тул учруулсан хохирол 20,921,500 төгрөг, нийт 32,696,100 төгрөгийг З******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Дээр дурдсан 20,921,500 төгрөгийн бараа материал нь зарцуулагдаж дууссан. Мөн миний бие өөрийн зүгээс үйлдвэрийн бүтээгдэхүүний шошго, зарим бараа материалыг М.Т******* нарт зарж борлуулсан боловч үнийг бүрэн төлөөгүй тул үлдэгдэл бараа, материалыг түүний хүү Б.Хүдэрчулуунд нь хэлж, түүний зөвшөөрснөөр авч явсан. Мөн түүний сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн орлого, зарлагын санхүүгийн баримтууд нь З******* ХХК-ийн хиамны үйлдвэрийг ашиглаж байсан болохыг нотлохоос гадна дээрх бараа, материалууд нь үйлдвэрлэлийн явцад зарцуулагдсан болох нь давхар нотлогдож байна гэж үзэж байна. Энэ талаар тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/01061 дугаар шийдвэрт тодорхой тусгаж, энэ сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр 2,233,820 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрсөн.
4.2. З******* ХХК-ийн хувьд дээрх худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгөд зөвхөн компанийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд С******* дүүргийн ******* хороо, хаягт байрлах 2,518 м.кв газрын хашааг өөрчилж, банзан хашааг буулгасан үйлдэл нь манай байгууллагатай холбоогүй болно. Учир нь Хөрөнгө оруулалтын газар НӨҮГ-ын 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2/1369 дугаар албан бичгээр С******* дүүргийн ******* хороо, ы УДДТ-ийн ф250 мм-ийн 1 дүгээр хэлхээний шугам сүлжээг шинэчлэн солих ажлын трассын дагуу З******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй тус газрын дундуур дулааны шугам дайран гарах тул талбайг чөлөөлж өгөх тухай мэдэгдсэн болно. Энэ байдлыг Б.Э*******гийн зүгээс М.Т*******т мэдэгдсэнээр тэрээр банзан хашааг 2015 оны зун буулгаад уг хашааны банзаа М.Т******* өөрөө авч явсан.
4.3. М.Т******* нь 2021 оны 04 дүгээр сард 2013 оны гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан эзэмшилдээ авсан бөгөөд энэ үйл баримтын талаар дүгнэлт хийсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0862 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. Иймд З******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газрын тодорхой хэсэгт хийсэн бүтээн байгуулалтыг хариуцагч өөрөө ашиглаж байна. Уг бүтээн байгуулалтыг буцааж авах, нураах асуудал байхгүй, хэрэв тэгвэл газраас салгамагц зориулалтын чанараа алдах юм.
4.4. Мөн сөрөг нэхэмжлэлд нийт 193,91 м урттай, 2 метрийн өндөртэй, 379,82 м.кв талбайтай модон хашааны үнэ 40 хувийг нэхэмжилсэн гэж огт бичээгүй атлаа хожим хийлгэсэн тайланд дурдсан 11,774,600 төгрөгийг нэхэмжилсэн нь нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй. Гэтэл газар дээр тоосгон хашаа барьчихсан байтал үнэлгээний компани нь байхгүй зүйл буюу банзан хашааг байгаа мэтээр үнэлгээ хийсэн байгааг зөвшөөрөхгүй, мөн банзан хашааны үнэ гэж нэхэмжилсэн 11,774,600 төгрөг нь нийт хашааны үнэ, эсхүл 40 хувийн үнэ аль нь болохыг тодорхойлоогүй гэж үзэж байна.
Иймд М.Т*******ийн 9,257,500 төгрөгийн үнэлгээ бүхий хиамны бүрхэвч, 11,664,000 төгрөгийн жор буюу амтлагч, уураг зэрэг бүтээгдэхүүний үнэ болох 20,921,500 төгрөг гаргуулах, С******* дүүргийн ******* хороо, тоот хаягт байрлах 2520 м.кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх, банзан хашааны үнэ 11,774,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан, хариуцагч М.Т*******аас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,680,120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 491.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З******* ХХК-д холбогдох, С******* дүүргийн ******* хороо, хаягт байрлах 2518 мкв газрыг "З*******" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 32,696,100 төгрөг гаргуулах тухай, хариуцагч М.Т*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч М.Т*******аас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З******* ХХК-д олгож, нэхэмжлэгч З******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 654,314 төгрөг, хариуцагч М.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,101.05 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан гаргасан үндэслэлгүй дүгнэлтүүддээ тулгуурлаж, илт хууль бус шийдвэр гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр няцааж байна.
6.1.Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эзэмшил газарт нэхэмжлэгчийн бүтээн байгуулсан 15 автомашины дулаан гарааш, гүний худаг, 40 тонны зоорь, 2,535 м.кв банзан хашааг өөрчилж З метр өндөртэй блокон хашаа болгосон, харуулын байр зэрэг нь бодит байдалд биетээр бий болсон, мөн нэхэмжлэгч З******* ХХК-ийн хийсэн энэхүү бүтээн байгуулалттай холбогдох үйл баримтад зохигч талууд маргаагүй. Нэхэмжлэгч З******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь иргэн Б.Э******* мөн бөгөөд тэрээр З******* ХХК-ийг төлөөлөн аливаа гэрээ, хэлцэл хийх эрхийг өөрийн хүү н.Мөнх-Эрдэнэд олгосон байдаг. Авто хөргөлт ХХК, Монгол халаалт ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримт, кассын зарлагын ордер зэрэг баримтад З******* ХХК-ийг төлөөлөн н.Мөнх-Эрдэнэд гарын үсэг зурсан нь аливаа хууль тогтоомж зөрчсөн явдал биш юм. Тодруулбал, З******* ХХК-ийг гүйцэтгэх захирал Б.Э******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа н.Мөнх-Эрдэнэ нь З******* ХХК- ийг төлөөлөн гэрээ, хэлцэл байгуулсан тухай тодорхой тайлбарласан, мөн н.Мөнх- Эрдэнэ нь З******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэхэд дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний талууд, сонирхогч этгээдүүд маргаагүй байхад энэхүү үйл баримтад анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж буй явдал болно.
6.2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч З******* ХХК-ийг газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 5,552,745 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн болохоо баримтаар нотолсонгүй гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд дээр дурдсан нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй, мөн иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ үл биелүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх бодит байдалд тулгуурлаж үнэн зөв шийдвэр гаргасан. З******* ХХК-аас нэхэмжлэлдээ дурдсан нотлох баримтууд нь хууль зүйн хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж гарын үсэг зурсан нь хавтаст хэргийн 13-54 дүгээр талд нотлох баримтаар авагдсан. Гэтэл нэхэмжлэгчийн тооцооллоор гаргаж өгсөн баримтууд нь нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу татварт ногдох бараа үйлчилгээнд хамаарна. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт бараа үйлчилгээ импорт болон экспортоор гаргасан, борлуулсан тухай бүрт албан татвар ногдуулна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талын гаргасан зарлагын баримтуудыг үндэслэн шаардах эрхээ тодорхойжуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Нотлох баримт болгосон кассын орлого, зарлагын баримтууд хэрэгт авагдсан. Энэ нотлох баримтуудыг харвал 2 баримтыг нь нэмэгдсэн өртөгийн албан татварын баримттай өгсөн, бусад нь дандаа зөрүүтэй баримтууд байдаг тул тухайн хэргийг шийдэх ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх М.Т*******аас 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З******* ХХК-д олгосон нь үндэслэлгүй.
8.1. М.Т******* нь өөрийн эзэмшлийн, С******* дүүргийн ******* хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр З******* ХХК болон захирал Б.Э*******д 500,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан үнийг нэхэмжлэгч нь дараах байдлаар төлсөн байдаг. Үүнд, 2013 оноос 2015 оны 10 дугаар сарын 14-ийн өдөр хүртэлх хугацаанд 149,816,000 төгрөг, үүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 35,060,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс талууд гэрээнээс татгалзсан 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд огт төлөлт хийгээгүй. Нийт 7 жил 6 сар 28 хоногийн хугацаанд 295 удаагийн гүйлгээгээр нийт 184,876,000 төгрөгийг Б.Э******* өөрийн нэрээр болон түүний З******* ХХК, О, Л, Б зэрэг иргэнээр М.Т*******ийн дансанд төлсөн байдаг. Бидний хооронд бэлнээр мөнгө өгч, авсан зүйл огт байхгүй. Хариуцагч М.Т*******ийн зүгээс 295 удаагийн гүйлгээгээр нийт 184,876,000 төгрөгийг Б.Э******* болон түүний З******* ХХК, бусад нэр бүхий этгээдээр төлсөнтэй маргаагүй, ихэнх гүйлгээг нэхэмжлэгч компанийн нэрээр хийж байсан бөгөөд бидний хооронд харилцах дансаар төлбөр хийгдэж байсан тул тухайн харилцах банкны дансны лавлагаа болон тус гүйлгээ бүрийн тооцооллын нэгтгэсэн хүснэгтийг шүүхэд бүрэн гаргаж өгсөн. Дээрх гэрээнээс татгалзсантай холбоотой З******* ХХК-ийн захирал Б.Э******* нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөр хоорондоо холбоо хамааралтай, нэг санхүүгийн баримттай, нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай хоёр нэхэмжлэлийг З******* ХХК болон өөрийн нэрээр М.Т*******т холбогдуулан гаргаж, тухайн 2 нэхэмжлэл тус бүрт шүүхээс хэрэг үүсгэсэн байдаг. Тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхийн архив дахь 61061 дүгээр хэргээс харах боломжтой бөгөөд нийт 7 жил 6 сар 28 хоногийн хугацаанд 295 удаагийн гүйлгээгээр нийт 184,876,000 төгрөгийг Б.Э******* өөрийн нэрээр болон түүний З******* ХХК /дээрх 3 гүйлгээнээс олон гүйлгээг компанийхаа нэрээр хийсэн/, О, Л, Б зэрэг иргэнээр М.Т*******ийн дансанд төлсөн тооцоотой холбоотой бүхий л асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, тус шийдэрлэсэн хэргээс баримтыг хангалттай шүүхэд гаргаж өгөөд байхад шүүхээс баримтыг буруу үнэлж, өмнө нь шийдвэрлэгдээгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж, улмаар үндэслэлгүй 9,000,000 төгрөгийн төлбөр төлөх үр дагаварт хүргэсэн.
Учир нь, З******* ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 1,000,00 төгрөг, 2014 оны 10 дугаар 09-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 7,000,00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой, шийдвэрлэгдээгүй асуудал мэтээр өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар давхар нэхэмжлэл гаргасан. Тус тооцоололд дээрх шилжүүлсэн мөнгөн дүн орхигдоогүйг хэргийн 1 дүгээр хавтас, 112 дугаар талын 135, 138, 155 дугаар жагсаалтаас харах боломжтой, мөн нийлбэр дүнгийн балансаас, мөн дансны хуулганы лавлагаа болох 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудасны ар талын дээрх огноо бүхий дансны хуулганаас харах боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч М.Т*******аас 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З******* ХХК-д олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмнө нь талуудын хоорондын маргаан эцэслэн шийдэгдсэн. Энэ хэргийн шийдвэр, магадлал нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Энэ маргаан З******* ХХК гэх хуулийн этгээд иргэн М.Т*******т холбогдуулж гаргасан нэхэмжлэл. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн атлаа хариуцагчийн өмгөөлөгч 9,000,000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэдэг. Энэ хоёр саналын аль нь зөв талаар огт ойлгохгүй байна. М.Т******* гэх этгээдийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө буюу газар дээр хийгдсэн бүтээн байгуулалт М.Т*******ийн эрх мэдэл, эзэмшил, өмчлөлд үлдэж байна. Үүнээс харахад М.Т******* үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Үүнийг шүүх бүхэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж үзсэн үү гэдэг асуудал нь хэргийн материалыг уншиж танилцахад тодорхой харагдана. Шүүхийн хийсэн зарим дүгнэлт нь үнэхээр ойлгомж муутай байна. Аливаа хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой боловч бидний бодит амьдралд хэн алины эрхийг тууштай хамгаалах хэрэгтэй. М.Т*******ийн эрх мэдэл өнөөдөр 60,000,000 гаруй төгрөгийн яг ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгүүд үлдсэн ба энэ нь үнэхээр хууль бус. Иймд өмнөх саналаа дэмжиж байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол салаа утгатай байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдгээрийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч З******* ХХК нь хариуцагч М.Т*******т холбогдуулан бүтээн байгуулалтын зардалд гаргасан төлбөр 52,027,625 төгрөг, газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөг, З******* ХХК-аас шилжүүлсэн 9,000,000 төгрөг, зээлээр худалдаж авсан буузны үнэ 1,099,750 төгрөг, нийт 67,680,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, модон хашааны үнэ 11,774,600 төгрөг, зөвшөөрөлгүй авсан хиамны эд зүйлийн үнэ 20,921,500 төгрөг, нийт 32,696,100 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, талууд харилцан маргажээ.
3. Б.Э*******гийн нэхэмжлэлтэй М.Т*******т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/01061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00862 дугаар магадлалаар дараахь үйл баримт тогтоогджээ.
3.1. З******* ХХК болон М.Т******* нарын хооронд 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С******* дүүрэг, ******* хороо, Хын ард байрлах, 2,520 м.кв талбайтай газар эзэмших эрх, мөн хаягт байршилтай М.Т*******ийн өмчлөлийн, 288 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулагдсан.
3.2. Б.Э******* болон М.Т******* нарын хооронд байгуулагдсан 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах нэртэй гэрээгээр М.Т******* нь өөрийн өмчлөлийн, С******* дүүрэг, ******* хороо, хаягт байршилтай 288 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э*******гийн өмчлөлд шилжүүлэх, Б.Э******* нь гэрээний үнэд 500,000,000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлөхөөр тохиролцсон.
3.3. Мөн өдөр Б.Э******* болон М.Т******* нарын хооронд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, М.Т******* нь өөрийн эзэмшлийн, С******* дүүрэг, ******* хороо, Хын ард байрлах, 2,520 м.кв талбайтай газрыг үнэ төлбөргүйгээр Б.Э*******д шилжүүлэхээр тохиролцсон.
3.4. Б.Э******* нь гэрээний дагуу 500,000,000 төгрөг төлөөгүй гэх үндэслэлээр талууд харилцан тохиролцож 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзсан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 52,027,625 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан зарим баримт болох автомашины дулаан гарааштай холбоотой ажлын хөлс төлсөн баримт, худаг гаргах, тоноглохтой холбоотой ажлын хөлс төлсөн баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн дээрх тайлбараар хариуцагчийн эзэмшлийн газар дээр нэхэмжлэгчийн бий болгосон гэх автомашины гарааш, худаг, зоорь бодитойгоор оршиж байгаа нь тогтоогдсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр автомашины гарааштай холбоотой ажлын хөлсөнд бусдад 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гүний худаг гаргасан, тоноглосонтой холбоотой ажлын хөлс 10,000,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн болох нь хэргийн 18-19 дэх талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг эзэмшиж байх хугацаанд дээрх зардлууд нь бодитоор бий болсон хөрөнгөд зарцуулагдсан гэж үзэхээр байх тул хариуцагчаас тухайн зардалд хамаарах 12,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчээс гаргасан бусад баримтууд нь бусад этгээдүүдийн үйлдсэн зарлагын баримтууд байх бөгөөд уг зарлагын баримтад заасан хэмжээгээр хариуцагчийн эд хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй, холбогдох хуульд нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
6. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлээс 9,000,000 төгрөгийгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/01061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 210/ИА2023/00862 дугаар магадлалаар тогтоогдсон үйл баримт, тухайн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хийсэн дүгнэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/01061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2023/00862 дугаар магадлалаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэд Б.Э*******гаас М.Т*******т 184,876,000 төгрөг төлөгдсөн, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 1,413,500 төгрөг, газрын төлбөрт 5,799,060 төгрөг, бүгд 7,212,560 төгрөгийг Б.Э******* нь хариуцагч М.Т*******ийн өмнөөс төлсөн гэж тус тус дүгнэж, М.Т*******аас албан татвар, төлбөрт 5,774060 төгрөгийг гаргуулж Б.Э*******д олгохоор шийдвэрлэжээ. Харин нэхэмжлэгч компаниас М.Т*******ийн Төрийн банк ХК дахь ******* тоот дансанд шилжүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдрийн 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 27-ны өдрийн 7,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг шилжүүлсэн боловч шилжүүлгийн зорилго тодорхойгүйгээс гадна шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж дүгнэгдэхээр байна.
Иймд хариуцагчийг тухайн 9,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байх тул хангаж, тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 52,027,625 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлагаас 39,527,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6.1. Хариуцагчийн эзэмшлийн газрын төлбөр болон түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 5,552,745 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, З******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э******* нь М.Т*******ийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийн татварт 1,413,500 төгрөг, газрын төлбөрт 5,799,060 төгрөг, нийт 7,212,560 төгрөгийг төлсөн болох нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож, үүнээс 5,774,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Б.Э*******д олгож шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдэлд Б.Э******* хяналтын гомдол гаргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч З******* ХХК нь хариуцагчийн өмнөөс газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 5,552,745 төгрөгийг төлсөн талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхив.
7. Нэхэмжлэгч компаниас хариуцагч 2014-2015 онд зээлээр авсан буузны төлбөр 1,099,750 төгрөг гаргуулах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч энэ шаардлагаа баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
8. Нэхэмжлэгч З******* ХХК-д холбогдох, С******* дүүргийн ******* хороо, хаягт байрлах 2,518 мкв газрыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 32,696,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Т*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
8.1. С******* дүүргийн ******* хороо, хаягт байрлах 2,518 мкв газрын эзэмшилтэй холбоотой асуудал болон М.Т*******ийн, 9,257,500 төгрөгийн үнэлгээ бүхий хиамны бүрхэвч, 11,664,000 төгрөгийн жор буюу амтлагч, уураг зэрэг бүтээгдэхүүний үнэ, нийт 20,921,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө шүүх шийдвэрлэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцсэн.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/01061 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 210/ИА2023/00862 дугаар магадлалаар Б.Э*******, М.Т******* нар нь 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас өгсөн, авсан зүйлийг нь буцааж шийдвэрлэсэн. Түүнчлэн, З******* ХХК нь М.Т*******ийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа буюу түүнд хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг нь зөрчиж байгаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
8.2. Мөн дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр, ...Б.Э******* нь 10,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 8,071,480 төгрөгийн бараа материалыг буцаан авсан байх тул анх хүлээлгэж өгсөн бараа материалын үнэ болох 15,837,660 төгрөгийн зөрүү болох 2,233,820 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй... гэж дүгнэн М.Т*******т олгохоор шийдвэрлэсэн байх тул 20,921,500 төгрөгийг З******* ХХК-аас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв.
8.3. Модон хашааны үнэ 11,774,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын деспозитив зарчимд нийцүүлэн нэмэлт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Т*******аас 12,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01842 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан, хариуцагч М.Т*******аас 12,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55,180,120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З******* ХХК-д холбогдох, С******* дүүргийн ******* хороо, хаягт байрлах 2,518 мкв газрыг З******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 32,696,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.Т*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 2 дах заалтын ...158,950... гэснийг ...214,950... гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З******* ХХК-аас төлсөн 432,000 төгрөг, хариуцагч М.Т*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЗОЛЗАЯА