Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01389

 

Ц.М*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/01430 дугаар шийдвэртэй,

Ц.М*******ийн нэхэмжлэлтэй,

Х*******д холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Хан-Уул дүүргийн ******* сургуулийн захирлын албан тушаалд 2011 оны 07 дугаар сард томилогдон ажиллаж байгаад 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр 2020 оны 02 дугаар сард ажилдаа эргэн томилогдож байсан.

1.2. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулах Х******* Б.Ц*******гийн гаргасан захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг сахилгын шийтгэл үндэслэлгүй бөгөөд албан тушаал бууруулж 52 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилсон. Энэ үйлдэл нь тухайн сургуулийн захирлын эрх мэдэлд халдсан, төрийн албан хаагчийг үйл ажиллагаа явуулахад хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл гэж үзэн 52 дугаар сургуульд ажиллах боломжгүй талаар уг сургуулийн захиралд мэдэгдсэн.

1.3. Нийслэлийн ******* сургууль нь 642 хүүхдийн багтаамжтай сургууль байсан. Сургууль байгуулагдсанаас хойш 92 жилийн дараа анх 770 хүүхэд уг сургуульд орж байсан бол хоёр жилийн дараа 1,600 хүүхдээс дээш тооны хүүхэд сургуульд оруулж байсан. 2022 онд 2,640 хүүхэд суралцаж байсан. Энэ хугацаанд сургууль дээр 300 гаруй хүүхдийн өргөтгөл нэмээд нийт 960 болсон. 2022 оноос 2023 оны хичээлийн жилд буюу сахилгын шийтгэл гарснаас хойш хугацаанд нийт суралцагчдын тоо 3,400 болсон. Тухайн сургууль дээр суралцах бололцоогүй болсон бөгөөд үүнээс өмнө анги дүүргэлт нэг ангид 63 хүүхэд орж байсан. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр 161 болон ******* сургуулиуд баригдаад дуусах дөхөж байсан.

2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 161 болон ******* сургуулиуд 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ашиглалтад орох бөгөөд уг сургуулиудад суралцах хүүхдүүдийг шилжүүлж суралцуулах талаар Боловсролын хэлтсээс үүрэг даалгавар өгч байсан. Сургуулийг барьж байсан компаниудын удирдлагуудтай уулзаж ажлыг газар дээр нь очиж үзэж, тухайн сургуулиуд ашиглалтанд орох болоогүй тул хүүхдүүдийг шилжүүлж болохгүй талаарх тайлбарыг Боловсролын хэлтсийн дарга болон тухайн сургуулийн захирлуудад өгсөн. Тухайн сургуулиудын захирлууд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байрлах ******* сургуульд сурч байгаа болон бусад сургуульд сурч байгаа хүүхдүүдийн гэрт очин шинээр баригдсан сургууль 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орох бөгөөд нэг сарын хугацаанд цахимаар хичээл орох талаар яриад багш нарын сонгон шалгаруулалтыг зохион байгуулаад явах үед миний бие тухайн хоёр сургуулийн захирлыг ******* сургууль дээрээ дуудаж уулзаж 1,044 хүүхэд шинээр баригдсан сургуульд шилжиж очиход манай сургуулийн багш нарын бүтэц орон тоо, анги бүлэг зохион байгуулалтад өөрчлөлт орох бөгөөд хамгийн түрүүнд багш нарыг ажлын байраар хангах ёстой. Үүнийг шийдээгүй тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаж багш авах боломжгүй талаар хэлсэн. Хэрэв 1,044 хүүхэд явбал манай сургуулиас нийт 24 багш тухайн сургуулиудад шилжиж ажиллах шаардлагатай талаар захирлуудад тайлбарласнаар шинэ сургууль руу шилжин ажиллах хүмүүсийг ажиллуулах баримт дээр гарын үсэг зурсан.

Гэтэл миний ямар нэгэн оролцоо байхгүйгээр сонгон шалгаруулалт явагдаад эхэлсэн байсан. Сургууль ашиглалтад ороогүй байхад хүүхдийг шилжүүлэх буруу гэх талаар байнга хэлж байсан. Боловсролын салбар хоёрдмол удирдлагатай. Хамран сурах тойрог тогтоох тухай Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гарсан. Энэ хүрээнд 21 дүгээр хороо буюу одоогоор газар зохион байгуулалтаар өөрчлөгдөөд 25 дугаар хороо болсон. Тухайн үед 8, 16, 21 дүгээр хороонд оршин суудаг сурагчид ******* сургуульд суралцаж байсан. 25 болон 26 дугаар хорооны тодорхой хэсгийн нутаг дэвсгэрт оршин суух сурагчид 161 дүгээр сургуульд суралцах, Б******* хотхоны хэсэг ******* сургуульд суралцах байдлаар хамран суралцах байдлыг тогтоосон.

Дүүргийн Боловсролын хэлтэс уг ажиллагааг зохион байгуулан явуулж байхад тухайн захирамжийг гаргасан Б.Ц******* дарга мэдэж байсан. ******* сургуулийн захирал Батнасан тухайн сургуульд нэгдүгээр ангийн сурагчдыг хичээллэх боломжоор хангаж өгөх талаар хэлсэн бөгөөд бусдыг нь зохион байгуулсан талаар мэдэгдэхэд нэгдүгээр ангийн сурагчдыг ******* сургуульд хичээллэх боломжийг хангасан. 9 дүгээр сарын 01-ний өдөр болж сургалтын үйл ажиллагааг явуулж байх хүрээнд эцэг эхчүүдээс 1,044 хүүхдийн талаарх янз бүрийн санал гомдол ирж байсан. Дүүргийн Боловсролын хэлтэст холбогдох газруудад саналаа хэлэх хэрэгтэй, миний хувьд шийдвэрлэж чадахгүй асуудал гэх талаар хэлсэн. Хэдийгээр хамран суралцах тойрог тогтоосон ч гэсэн хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах асуудал бий болсон. Тухайн үед Б.Ц******* даргын туслах гэх хүн 9 дүгээр сарын 01-ний өдөр утсаар холбогдож, хоёр хүүхдийг ******* сургуульд үлдээх талаар хэлэхэд нь 1044 хүүхдийн эрх ашгийн талаар яригдаж байгаа тул даргын танил талаар ганц хоёроор нь шийдэхгүй буюу хүүхдүүдийн эрх тэгш байх ёстой талаар хэлсэн. Тухайн үед энэ талаар Боловсролын хэлтсийн дарга н.Отгонхоролд хэлэхэд ямар нэгэн асуудал Боловсролын хэлтсээр дамжиж хэлэлцэж байж шийдвэрлэнэ гэх хариуг хэлж байсан. Энэ талаар шийдэлд хүрээгүй бөгөөд байж болохгүй зүйлийг эсэргүүцэж байсны төлөө намайг буруутгасан. Хан-Уул дүүрэг дээр дуудаж хуралдсан ба хурал дээр зөвхөн намайг буруутгах асуудал яригдаж, ажлын хэсэг байгуулж байсан.

Миний бие төрийн ажил албыг шударгаар гүйцэтгэж, ямар нэг даргын шахалтаар хүүхдийн эрхтэй холбоотой зүйл хийхгүй талаар тайлбарласан. Сургуулийн захирлын өрөөг хүртэл анги танхим болгоод өрөө байхгүйгээр захирлын ажил үүргээ явуулж байсан. Гэтэл шударга хандаж хүүхдийн эрх ашгийн талаар бодолцож хүүхэд шилжүүлээгүй байсны төлөө буруутгаж байгаа нь хуульд нийцээгүй буюу шударга бус байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн сурч боловсрох эрхийн талаар, 14 дүгээр зүйлд ялгаварлан гадуурхалгүй эрх тэгш байх зарчмын талаар заасан.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж заасан. Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулахаар зохицуулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийн хүрээнд хүүхдүүдийг сургуульд хамруулах үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дээр удирдан зохион байгуулсан. 2022 оноос 2023 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн шилжилт хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулаад 161 болон ******* Ерөнхий боловсролын сургуулиудын барилгын ажил явагдаж байсан. Үүнтэй холбогдуулаад 7, 8 дугаар саруудад дүүргийн Засаг дарга болон ажлын албад холбогдох үүрэг даалгавруудыг өгч, зохион байгуулсан. Сургуулийн анги дүүргэлтийн үйл ажиллагааг дээшлүүлэх, хичээлийн шинэ жилийг нээх ажлыг хэрэгжүүлсэн.

2.2. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* сургуулийн эцэг эхчүүдээс хүүхэд сургуулиас хассан гомдол ирүүлсэн. Уг асуудлын хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Удирдах зөвлөл шуурхай хуралдаад нэхэмжлэгч Ц.М*******өөс тайлбар авч, холбогдох асуудлын хүрээнд судлах ажлын хэсэг байгуулахаар болж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 464 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын ******* сургуулийн үйл ажиллагаа болон 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын сурах эрхийг хангаж байгаа талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг уг сургууль дээр ажиллаад дүгнэлт гаргасан ба 161 болон ******* сургуулийн тойрогт орсон гэх шалтгаанаар хүүхдүүд хичээл тасалсан байдалтай байсан. Уг сургуулиуд руу шилжсэн хүүхдүүд бүгд ******* сургуульд бүртгэлтэй, хамруулж сургах тойргийг жил бүр тогтоодог. Дүүргийн хажуу талын ******* байранд оршин суух хүүхэд ******* сургуульд сурч байгаа бол дараа жилийн хамруулж сургах тойргоор ******* байр тойргоос хасагдчихвал 3 дугаар ангид сурч байгаа хүүхэд шууд сургуулиасаа хасагдах асуудал гардаг. Шинэ сургуулиудад бол 1 дүгээр ангид элсэн суралцах талаар яригдаж байгаа асуудал. Албан ёсны бүртгэл нь ******* сургуульд байгаа боловч шинэ сургуулийн хичээлийн танхимд хүүхдүүд суралцаж байдаг.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ажил олгогч, төрийн төлөөлөгч нь энэ асуудлыг гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байна гэж тогтоосон ба Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Ц.М*******ийг Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.М******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сургуулийн захирлын албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод зааснаар боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийн хүрээнд боловсролын байгууллагыг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгэдэг.

Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* сургуулийн сурагчдын эцэг, эхээс хүүхэд сургуулиас хассан талаар гомдол ирүүлж мөн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл гарсан. Улмаар уг асуудлыг дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар авч хэлэлцэн нэхэмжлэгчээс тайлбар авч холбогдох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан хяналт, шалгалт оруулахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсэг ******* сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагаа, сурагчдын эрхийг хангаж байгаа талаар хяналт шалгалт хийж хэд хэдэн зөрчил илрүүлсэн.

Захирал Ц.М******* албан ёсны шийдвэргүй, хичээлийн байр нь ашиглалтад ороогүй 161, ******* сургуулиуд хүүхдийг шилжүүлсэн, мөн тойргийн хүүхэд биш тул элсэн сурах боломжгүй гэж хүүхдийг хассан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сурч боловсрох үндсэн эрхэнд халдаж, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.8, хөдөлмөрийн гэрээний 5.2. Албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн үйлдэл тул дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

4.2. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг зөрчиж Ц.М*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж хууль зүйн буруу дүгнэлт хийн ажилд нь тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т "Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах эрхтэй" мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж зааснаар ажилтны буруутай үйлдэл, гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ямар төрлийн сахилгын шийтгэл ногдуулах нь ажил олгогчийн эрхэд хамаардаг.

Шүүх сахилгын зөрчил байсан эсэх хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан хэм хэмжээг зөрчсөн эсэх захиргааны акт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийлгүй Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх заалтыг зөрчсөн үйлдэл гэж буруу дүгнэлт хийсэн. Тухайлбал зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхыг ойлгодог.

Харин Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 31.1.12-т дахь заалт нь сонгон шалгаруулалтын дүн болон үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн дүнг үндэслэн чөлөөлөхөд санал авах агуулгатай. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн үр дүнгийн гэрээ буюу Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д "Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна" гэж заасан төсөв захиран зарцуулахтай холбоотой харилцаанд хэрэглэх зохицуулалттай.

Дүүргийн Засаг дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан ажил олгогчийн төлөөлөгч мөн бөгөөд Боловсролын тухай хуулийн 31.1.12-т томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн сахилгын зөрчил тооцох эрх бүхий этгээд юм.Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авах, шийдвэрийг бичгээр болон цахим хэлбэрээр гаргах нөхцөлийг тусгайлан нэрлэн заасан.

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор судлан шинжлэх үүрэгтэй бөгөөд маргаан бүхий захиргааны актын талаар дүгнэлт хийлгүй, маргаж буй зүйлийг зөрчил эсэх, ногдуулсан сахилгын шийтгэл нь зохих зарчимтай нийцэж байгаа эсэх, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж шалгалгүй явцуу утгаар тайлбарлаж, хуульд тусгайлан заасан шаардлагаас өөрөөр тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар:

5.1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 дугаар захирамжийг захиргааны акт гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандаж хөдөлмөрийн гэрээтэй ажилтан гэж хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар явсаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүгчийн нэр бичигдээгүй асуудлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрийн эцэст нэрээ бичин гарын үсэг зурж тамга дарагдсан байдаг. Иймд эхний хэсэгт шүүгчийн нэрийг бичээгүй болох нь техникийн алдаа гэж үзэхээр байх тул процессийн алдаа биш.

5.2. Мөн хариуцагч тал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдол гаргадаг. Гэтэл дүүргийн засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд захиргааны үйл ажиллагаа, захиргааны удирдлага хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан боловч боловсролын байгууллага бол чиг үүргийн байгууллага бөгөөд боловсролын тухай хуулийг мөрддөг. Үүнд дүүргийн Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулж Ц.М*******ийг ажлаас нь чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасан Аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчийг томилох тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэж төлөөлөх гэсэн заалтыг зөрчсөн гэх дээрх хуулийн заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж буй асуудал хамаарахгүй гэх заалт байхгүй тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулан ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй хэмээн анхан шатны шүүх хууль бус шийдвэр гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.М******* хариуцагч Х*******д холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 тоот захирамжаар Ц.М*******ийг Хан-уул дүүргийн ******* сургуулийн захирлаар томилж, Нийслэлийн боловсролын газар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ц.М*******тэй 2020/03 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байхад анхан шатны шүүх Нийслэлийн боловсролын газар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ц.М*******ийг Хан-Уул дүүргийн ******* сургуулийн захирлын албан тушаалд томилсон гэж буруу дүгнэснийг залруулав.

4. Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Б.Ц******* 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 40 дүгээр зүйлийн 40.4.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/464 дүгээр захирамжаар батлагдсан ажлын хэсгийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хяналт шалгалтын илтгэх хуудсыг тус тус үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуулийн захирал Ц.М*******ийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох сурч боловсрох эрхийг зөрчин, тушаал гарган батлалгүйгээр 2-12 дугаар ангийн суралцагчдын нэрсийн жагсаалт гарган үйл ажиллагаа нь ашиглалтад ороогүй 161, ******* сургуулиудад хүргүүлэн сургуулиас завсардуулж, ******* сургуульд суралцаж байсан суралцагчдыг өмнө сурч байсан ангидаа үргэлжлүүлэн хичээллэх, сурч боловсрох эрхийг хязгаарласан үйлдэл гаргаж, хамран сургах үүргээ биелүүлэлгүй хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх үүргээ биелүүлээгүй үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэл зааж түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12-т Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрх-ийг сум, дүүргийн Засаг даргад олгожээ.

Ц.М*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Нийслэлийн боловсролын газрын саналыг авах байсан боловч аваагүй тул 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/55 тоот захирамж үндэслэлгүй болжээ.

6. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Б.Ц*******гийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Б/55 тоот захирамжийг хүчингүй болгож, Ц.М*******ийг Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар гомдлыг урьдчилан шийдвэрлүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар шүүхэд гаргасан байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/01430 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад 158.2.2 гэснийг 158.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА