Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01433

 

Д.Д*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01908 дугаар шийдвэртэй,

Д.Д*******ийн нэхэмжлэлтэй,

Д.Т*******д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.О*******" ХХК нь "К*******" ХХК-иас Д.Д******* миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр , Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан зээл авсан. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 0******* сарын 15-ны өдрийн 1852 дугаар шүүхийн шийдвэрээр 55,005,675 төгрөгийг О******* ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Тус зээлийг яаралтай төлөхгүй бол Д.Д******* миний өмчлөлийн дээрх орон сууцыг зарж борлуулах байсан тул өөрийн хамаатан болох Д.Т*******гөөс зээл авч К*******ны өрийг төлсөн.

1.2. Д.Т*******гөөс 50,000,000 төгрөгийн зээл авахдаа тус байрыг зээлийн барьцаа болгож 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл Д.Т******* нь зээлийн төлбөрөө хийж, байраа буцааж авья гэхэд өгөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрлээ.

1.3. Миний бие тус байрыг анхнаасаа зарж борлуулах санаа, зорилгогүй байсан бөгөөд Д.Т*******гөөс авсан зээлээ төлж барагдуулж дуусахаар өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Энэ тухай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний ар талд гараар бичиж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болон байрны үнийг тогтоохдоо 5,000,000 төгрөгөөр тогтоосон зэргээс харж болно.

Иймд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Д.Д*******, Д.Т******* нарын хооронд байгуулсан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр , Ү- улсын бүртгэлийн дугаартай орон сууц Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоож өгнө үү.

Орон сууцаа шилжүүлэн авч, 50,000,000 төгрөгийг буцаан өгөхөд боломжтой.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д.Д******* нь 2016 оны 06 дугаар сард Д.Т*******тэй уулзаж, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороололын ******* байрны орон сууцыг худалдан аваач гэсэн хүсэлтийн дагуу тухайн орон сууцыг худалдан авахаар тохирсон. Мөн надтай хамаарал бүхий зээлийг хааж, орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараа Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулах эрх үүсэх талаар хэлсэн. Ийнхүү Д.Т******* нь тус байрны төлбөр болох 50,000,000 төгрөгийг Д.Д*******той холбоотой зээлийн дансанд шилжүүлж, нотариатчид очиж Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Д.Д******* гэрээ байгуулахын өмнө гэрээний үнийн дүнгээр үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2 хувийг төлөхөд хүндрэлтэй хэцүү байна, 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж өгөөч гэж гуйсныг дагуу байгуулсан. Д.Д******* болон Д.Т******* нарын хооронд зээлийн харилцааны талаар болон барьцааны талаар ямар нэг яриа хэлцэл байгаагүй, ямар ч тохиролцоо байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д*******ийн хариуцагч Д.Т*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр хаягт байршилтай, Ү- бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Д.Д******* 2022 оны 0******* сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцон шийдвэрлэсэн нь эрх зүйн хувьд алдаатай шийдвэр болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Т*******тэй зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг зээлсэн ба уг хэлцлийг халхавчлах зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлж байгаа бөгөөд энэ тохиолдолд гэрээнд оролцогч талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцуулснаар халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, гэрээний тал болох Д.Ч, С.Г нарын тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангаагүй байхад үнэлж шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.

Хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд маргаан үүсгэж байгаа тохиолдолд тухайн хэлцлийн оролцогчид энэ талаар мэдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй ба тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд бүрэн оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

4.2. Гэрч Д.Чийн мэдүүлэгт "...аавынхаа эсрэг мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн. Тэрээр аавынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлснээрээ аав Д.Д*******ийн нь нэхэмжилж байгаа үйл баримт нь худал, харин үл хөдлөх хөрөнгийг гэрээний дагуу Д.Т*******д худалдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй юм.

4.3. Маргаан бүхий хэлцэл нь хариу төлбөртэй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бөгөөд гэрээний нэг тал эд хөрөнгө шилжүүлж, нөгөө тал хариу төлбөр төлөх үндсэн тохиролцоо гэрээнд бүрэн тусгагдсан, хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан, зохигчид худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн, нөгөө тал төлбөрийг бүрэн төлсөн байна. Гэрээний гол зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, түүний үнийг төлж талууд бодитой тохиролцсон байх тул уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгуулах, харилцан буцаах замаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан, нотариатаар баталгаажуулсан, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, өмчлөх эрх шилжсэн, мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах /орон сууцыг суллаж өгсөн/, өмчлөх бүрэн эрх шилжсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй. Худалдан авах хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 4******* зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хэлцлийн талуудыг "халхавчлагдсан" гэж дүгнэх үндэслэлгүй.

Бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэх суурь нөхцөл нь хэлцлийн талууд гарын үсэг зурах үйлдэл бөгөөд зохигчид гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригийн илэрхийллээ хэлбэржүүлснээр талуудад хуульд заасан эрх, үүрэг үүсэх тул "гарын үсэг зурсан" үйлдлийг дүр үзүүлж халхавчилсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаврыг өөрөө биечлэн хариуцах үүрэгтэй бөгөөд хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

4.4. Шүүхэд хариуцагч Д.Т******* нь Д.Д******* ах 2016 онд банкинд төлөх зээлийн гэрээний үүрэгт 55,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд уг орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулах болоод байна, худалдан аваач гэж хэлж, тухайн маргаан бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан, тухайн төлбөрөө нэхэмжлэгч Д.Д*******ийн зааж өгсөн дансанд шилжүүлсэн, хэлцлээ баталгаажуулан "Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ"-нд Д.Д******* ахын гуйлтын дагуу 5,000,000 төгрөг гэж тодорхойлсон, төлбөрөө төлсөн гэдгийг оруулж өгсөн гэж шүүхэд үнэн зөв тайлбарыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 55,000,000 төгрөгийн төлбөрт хураагдах байсан орон сууцыг Д.Т******* худалдаж авсан тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байна.

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, гэрээний үнийн дүн 50,000,000 төгрөгийг 5,000,000 төгрөг гэж бичсэн нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхгүй бөгөөд хариуцагч дээрх орон сууцыг худалдан авахаар 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн өгсөн дансанд шилжүүлсэн үйл баримтанд маргадаггүй. Мөн Д.Т*******гийн нэхэмжлэгч нь татвар их төлөх гээд байна гээд гэрээний үнийн дүнг 000 000 төгрөгөөр бүртгүүлье гэж гуйн үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлж гэрчилгээгээ авсан" гэсэн тайлбарыг нэхэмжлэгч няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй.

4.5. Хэрэг гэрээ баримтаад 3 удаа авагдсан ба эхний Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2022 оны ******* сарын 09-ний өдөр нотариатаар гэрчлүүлэхэд гараар бичсэн бичвэр байгаагүй, харин дараа нь шүүхэд нэхэмжлэгч тал гарган ирэхэд доорх бичвэртэй байдаг. Гэрээг нотариат дээр 3 хувь үйлдээд нэг нэгийг оролцогч нарт өгч, нотариатад 1 хувь үйлдсэн. Тэгэхээр энэ бичвэрийг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй баримт юм.

Хариуцагч Д.Т******* бичсэн гэж шүүх үзсэн энэ 2018/8-ын тоо засвартай/.07.01-г хүртэл байрыг барьж бай, Энээс цааш Д.Т******* би буцааж өгөх эсэх ш.днэ" гэсэн бичвэрийг мэдэхгүй, бичээгүй гэдгээ хариуцагч шүүхэд илэрхийлсэн, хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн дүгнэсэнчлэн талууд хожим нь уулзаж ярилцсан зүйл байхгүй, гагцхүү 2023 онд Д.Д******* ах байрны үнэ өссөн тул мөнгө нэмж өг гэж л ярьсан гэдгийг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэхэмжлэгч энэ тайлбарыг эсэргүүцээгүй. Бичвэрийн доод талд Д.Т*******гийн гарын үсэг байгаа нь дээрх бичвэр нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэл байхгүй.

Нөгөөтэйгүүр, хэрвээ гэрээний ард бичигдсэн бичвэрийг Д.Т*******г бичсэн гэж үзсэн ч Д.Т*******г худалдах худалдан авах хүсэл зориг эрмэлзэлгүй, худалдан авах санаа зорилго байхгүй байсан гэдгийг нотлосон зүйл байхгүй, тэгж үзэх ямар ч үндэслэл алга байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар: Анхан шатны шүүхийг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Дүгнэлт өгөх ёстой санал дүгнэлтүүдийг өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, бусад өмчлөгч нарт мэдэгдээгүй гэдэгт хавтас хэргийн 171 дугаар талд Д.С гэдэг өмчлөгч тайлбар өгсөн. Хохирогч нарт бүгдэд нь мэдэгдсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний ард талд 50,000,000 төгрөгийг буцаан төлсөнөөр өмчлөх эрхийг буцааж шилжүүлнэ гэж хоёр тал хараар бичээд гарын үсэг зурсан байдаг. Хавтаст хэргийн 156 дугаар талд Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилоод тухайн бичвэр Д.Т*******ий өөрийнх нь гарын үсэг мөн байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр гарсан. Тухайн хэлцэл явагдаад өмчлөх эрх шилжсэн боловч тухайн хэлцэл нь зээлийн гэрээний хэлцлийг халхавчилж хийгдсэн. Мөнгө зээлэхэд Д.Т*******, Д.Д*******ид барьцаа болгож байраа өг гэх шаардлага тавьсан барьцааны гэрээ байгуулая гэхэд үгүй, худалдах, худалдан авах гэрээ хийж байрыг нь өөрийн нэр дээр болгож, мөнгө зээлэх шаардлагыг манай талаас хүлээн зөвшөөрөөд өмчлөх эрхийг буцаан шилжүүлнэ гэж гараар бичиж гэрээнд тусгаад гарын үсгээ зурж баталгаажуулсан гэв.

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.Д******* нь хариуцагч Д.Т*******д холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г худалдагч талаас Д.Д*******, С.Г, Д.Ч, Д.Ч нар худалдан авагч талаас Д.Т******* нар байгуулсан бөгөөд гэрээний зүйл Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр хаягт байршилтай, Ү- бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууц байна.

4. Нэхэмжлэлийг гэрээний худалдагч тал болох Д.Д******* гаргасан байх бөгөөд бусад худалдагч болох С.Г, Д.Ч, Д.Ч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна. Гэрээний нэг тал болох Д.Чийг гэрчээр асуусан ажиллагаа учир дутагдалтай болжээ. Учир нь түүний эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр байхад гэрчээр оролцуулсан буруу.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээний худалдагч тал болох С.Г, Д.Ч, Д.Ч нарыг оролцуулах хүсэлт гаргаагүй бол шүүх уг этгээдүүдэд холбогдох маргаантай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхэд явагдаж байгаа талаар мэдэгдэхэд хуулийн дээрх зохицуулалт саад болохгүй, шүүх талуудын зарчмыг зөрчихгүй болно.

6. Түүнээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх тодруулах учиртай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэрлэн заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага болохгүй юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь нэхэмжлэлийн шаардлага болох учиртай. Энэ талаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийнэ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд нотлох баримт, нотолгооны хэрэгслийн талаар тодорхойлсон байх бөгөөд хэргийн оролцогч биш этгээдийн гаргасан тодорхойлолт нь бичмэл нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр үнэлэгдэх нотлох баримтын алинд ч хамаарахгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

8. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч талаас гаргасан материаллаг эрх зүйн хүрээнд гаргасан гомдлыг хянах боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0******* сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА