Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01434

 

М.Э*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/02764 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Э*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Н*******д холбогдох

Гэм хорын хохирол 850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 12 дугаар сарын 22-ний өдөр үүрийн 04 цагт дээд айл болох ******* тоот айлаас ус алдсан. Манай орон сууцны гал тогоо, том өрөөний хана таазны обой норж хуурсан, паркетан шал норж хөөсөн, хивс норж шалбайсан, гал тогооны тавилгын суурь норж хөөсөн, коридорын тааз зэргийг гэмтээсэн.

Урд нь мөн ******* тоот айлаас удаа дараа ус алдаж ийм байдалд хүргэж байсан, бид тухай бүрд нь өөрсдөө хөрөнгө мөнгөөрөө хохирч байсан.

Дээд айл хохирлоо сайн дураар барагдуулаагүй учраас цагаан сар болох гээд бид өөрсдөө том өрөө, коридорын обойг сольж наан, паркетан шалаа сольж засвар хийсэн. Хохиролд 850,000 төгрөг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ус алдсан шалтгаан нь гал тогооны өрөөний халуун усны уян холбоос задарснаас болсон. ******* тоот байр У******* ХХК-д даатгалтай тул даатгалаа танайх хөөцөлд, би хүн хүчээр тусална, харин мөнгө төгрөг өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Доод айл руу орж үзэхэд гал тогооны өрөөнийх нь эмүльс норж, обойн нь хуурсан, паркетан шал нь жоохон хөөсөн байсан. М.Э*******гийн нөхөр Н.Б******* өрхийн эмнэлэг дээр таараад даатгалаас тодорхой мөнгө авсан гэдгээ хэлсэн.

Цагаан сарын үеэр ******* тоотын айл машинаар юм зөөгөөд, гэртээ засвар хийгээд байсан, гэртээ засвар хийж байсныг нь мэдэж байгаа, гэхдээ яг ямар хэмжээний хохирол гараад юуг шинэчлэн засаад байгааг би орж хараагүй.

Нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна. Хохироосон гэдэгтээ маргах зүйлгүй, даатгалын байгууллага мэдээд, үнэлээд гаргаад ирсэн 140,336 төгрөгийг төлнө, өөр төлбөр төлөхгүй, татгалзаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч С.Н*******гээс гэм хорын хохиролд 670,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 179,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 20,635 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н*******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/02764 дүгээр шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлийг заагаагүй тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

2. Нэхэмжлэгч М.Э******* нь хариуцагч С.Н*******д холбогдуулан гэм хорын хохиролд 850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 40,336 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* дүүрэг, ******* хороо, 32-******* тоотод оршин суух М.Э*******гийн орон сууц руу тус байрны ******* тоот буюу хариуцагч С.Н*******гийн орон сууцнаас 2023 оны 12 дугаар сарын 21 өдрөөс 22-ний өдөр шилжих шөнө ус алдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Ус алдсан шалтгааныг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-н Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-н 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч С.Н*******гийн орон сууцны гал тогооны өрөөний уян холбоосны халуун ус задарч ус алдсан гэж зөв тодорхойлж, нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчид учирсан хохирлыг анхан шатны шүүх 670,200 төгрөгөөр тогтоохдоо шалтгааныг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-н Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтэд дурдсан гал тогоо, үүд болон том өрөөний обой хуурсан, тааз норсон, шал ховхорсон гэх эвдрэл гэмтэлийг засварлахад гарах материалын зардал 670,000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

4. Хариуцагч тал уг үйл баримтыг эсэргүүцсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, гэм буруугийн талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч талыг гэм буруутай гэж дүгнэсэнийг анхан шатны шүүх харгалзан үзсэн гэжээ.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/02764 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЗОЛЗАЯА