| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0028/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2019-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Э |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 27
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Хохирогч Д.Сарангоо
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өрлүүд овогт Эрдэнэбаатарын Энхболдод холбогдох 1831000000290 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1991 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 031 тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ба уг шийтгэх тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг 125 дугаар зүйлийн 125.2 болгон өөрчилж, түүнд оногдуулсан 10 жилийн хорих ялыг 2 жил, 6 сар, 1 хоногийн хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар ялтан Э.Энхболдын эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сар, 2 хоногийн хорих ял өршөөлд хамрагдан суллагдсан, Сүхбаатар сумын Хилийн 0101 дүгээр ангид хөгжимчин ажилтай,бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Өрлүүд овогт Эрдэнэбаатарын Энхболд, /РД: МЮ91092214/,
Шүүгдэгч Э.Энхболд нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 6 дугаар багт иргэн Э.Саруулын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Сарангоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Э.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 19-нд яллагдагчаар өгсөн: ...Эхнэр бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш ар гэрийн маргаанаас болж 2 талд амьдарч байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Сарангоо оршин суух гэртээ ирж өвлийн хувцсаа авах гэж ирэхээр нь “хоорондоо ярилцъя” гээд “чи өөр хүнтэй болчихсон юм уу, 2 хүүхдээ яах юм бэ, өдий 8-9 жил ханилчихаад ар гэрийн жижиг хэрүүлээс болж сална гэж юу байхав дээ” гэхэд “чамаас сална, буцаж нийлэхгүй” гэж хэлээд байж байх үед нь утас нь дуугарахаар нь утсыг нь авч ярихад эрэгтэй хүн байхаар нь “чи хэн бэ” гэж хэлэхэд утсаа салгачихсан. Тухайн үед тэр хүн дугаараа нууцалсан байсан. Тэр үед би уурлаад хоолойноос нь бариад зүүн талын шанаанд нь цохиод баруун талын чихнээс нь татсан. Тэгэхэд Сарангоо надад “Билгүүн гээд залуутай явалдаж байгаа” гэхээр нь “та 2 суух юм уу” гэхэд “сууна” гэж хариулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,
2.Шүүгдэгч Э.Энхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:... 2018 оны 12 сарын 02-нд манай эхнэр Д.Сарангоо миний гар утас уу залгаад “гэрээс очиж хүүхдүүдийнхээ хувцсыг авах шаардлагатай байна” гэж хэлэхээр нь би гэртээ эхнэрээ ирэхийг нь хүлээж байгаад ирэхээр нь хувцаснуудыг нь өгчихөөд гараад явахаар нь би араас нь дагасан чинь 60 айлд байдаг Саруул гэх найзынхаа гэр рүү орсон. Би араас нь тэр айл руу дагаж ороод “гар утсаа өгч бай” гэж хэлсэн чинь надад өгөхгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд хоолойг нь боож, чихнээс нь татаж, цохисон ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Д.Сарангоогийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 02-нд манай нөхөр намайг зодсон. Тэр өдөр би гэрээсээ өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хувцсыг авах гээд нөхөр рүүгээ ярьсан. Тэгээд хувцсаа аваад найзындаа ороод байж байтал төд удалгүй миний араас манай нөхөр орж ирээд “энд юу хийж байгаа юм” гэж хэлээд миний утсыг булааж авсан. Тэндээс гараас таксинд суулгаад миний нүүр рүү цохиж, чихнээс татсан...гэх мэдүүлэг,
4.Хохирогч Д.Сарангоогийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Бид 2 гэр бүлийн маргаантай байгаа, 9 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Би гэрээсээ хувцсаа авах гэж очоод миний хувцас байхгүй болохоор нь нөхөртэй хамт Корпусаас таксинд суугаад захын урд зогсоол дээр ирж буугаад тэндээсээ буугаад найзынд орж ирээд гадуур хувцсаа тайлж байхад нөхөр араас орж ирээд куртикны халааснаас гар утас ухаж аваад “утасныха кодыг гаргаж өг” гээд шууд л “чи айлд юу хийж байгаа юм бэ” гээд миний нүүр лүү цохисон ба тухайн үед би шалан дээр унасан. Тэгэхэд миний хүзүүг ороолтоор маань боогоод хана руу шахсан. Тэгээд татаж унагаагаад өшиглөхөд манай найз салгасан. ...Тухайн үед хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй байна. Миний зүүн нүд хөхөрч, баруун хацар хөхөрсөн, мөн зүүн эрүүний орчмоор хөхөрч хавдсан, хүзүүнд боолгосон ором гарсан. Баруун чих язарсан гэмтэл учирсан. Миний бие одоогоор ямар нэгэн гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/,
5.Гэрч Э.Саруулын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад найз Сарангоо манай гэрт ирсэн. Тэгээд гадуур хувцсаа тайлаад байж байхад нь Сарангоогийн нөхөр болох Энхболд орж ирсэн. Орж ирээд шууд Сарангоо руу хандаж “утсаа өг” гэж хэлсэн. Тэгэхэд Сарангоо “өгөхгүй” гэж хэлэхэд баруун гараараа Сарангоогийн зүүн хацар, шанаа орчимд алгадсан ба дараа дахин “утсаа өг” гээд шанаадсан. Тэгээд байж байхад тэр 2 хоорондоо маргалдаж байгаад Сарангоогийн утсыг авчихсан юм. Харин дараа нь “утасныхаа кодыг хий” гээд манай гэрийн гал тогооны өрөөний цонхонд наагаад багалзуурдаад байсан. Тэгээд дахин хэрэлдэж байхад Сарангоо “чи айлаас гараач” гэж хэлэхэд шалан дээр татаж унагаагаад өшиглөөд байх шиг байсан. Тэгээд Сарангоо намайг дуудаж “хүн дуудаач Саруулаа” гэж хэлэхэд “хэнийг дуудах гээв, 2-ланг чинь ална шүү” гэж хэлсэн. Тэгтэл Сарангоо “2-лаа айлаас гарч байж болъё” гэж хэлтэл Энхболд Сарангоогийн дээрээс босоод Сарангоо гэрээс түрүүлээд гарч явсан ба Энхболд надаас “Сарангоо танайд Билгүүнтэй хамт хоносон уу” гэж асуусан ба “үгүй” гэж хариулахад гэрээс гараад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/,
6.Гэрч Д.Нармандахын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энхболд миний төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Энхболдын хувьд аминдаа амжиргаатай, цэвэр цэмцгэр, ажилтай, сэргэлэн хүүхэд байгаа юм. Ганц муу тал гэх юм бол түргэн ууртай. Намайг тухайн өдөр Энхболдын гэрт ороход Сарангоо, Билгүүн гэх залуутай хамт байсан ба намайг гэрт нь ороод байж байхад удалгүй гараад явсан. Харин зодож, цохисон асуудлыг мэдэх зүйл алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,
7.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Д.Сарангоогийн биед зовхи, эрүү, хүзүүнд цус хуралт, чихний дэлбэнд язарсан шархтай зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 18-р ху/,
8. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 17-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 19,21-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 01-02-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 23-24-р ху/, шүүгдэгчид холбоотой баримтууд, /хх-ийн 25-29, 38-45-р ху/, шүүгдэгчийн шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-56-р ху/, Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар,өршөөл үзүүлэх комиссын тогтоолын хуулбар, /хх-ийн 58-64-р ху, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах баримт, /хх-ийн 37-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 30-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 47-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 46-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Энхболд нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 6 дугаар багт иргэн Саруулын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Сарангоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хууль сануулагдан асуугдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэргээр шүүгдэгч Э.Энхболдыг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 6 дугаар багт иргэн Саруулын гэрт эхнэр Д.Сарангоог зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өрлүүд овогт Эрдэнэбаатарын Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Өрлүүд овогт Эрдэнэбаатарын Энхболдыг 550 /таван зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Энхболдын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 /таван зуун тавь/ нэгжээр торгох ялыг 3 гурван/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Энхболдод мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Энхболдод оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч Э.Энхболд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Шүүгдэгч Э.Энхболд нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүгдэгч Э.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН