| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0456/И |
| Дугаар | 440 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, Налайх дүүрэгт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Бласт” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 7 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, Монгол овгийн Лхагвасүрэнгийн Ганбаатар /РД:УД79100219/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Налайх дүүргийн 6 дугаар хороо, 20 дугаар байрны 3 тоотод оршин суух, Алаг морьт овгийн Магсаржавын Долгорсүрэн /РД:СМ80071501/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ганбаатар, хариуцагч М.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М.Долгорсүрэнтэй 2002 онд танилцаж, 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хүү Г.Есөн-Эрдэнэ 2003 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн. М.Долгорсүрэн надтай маргалдахаараа хүүхдээ орхиод яваад өгчихдөг байсан. Мөн хүүгээ 1 нас 6 сартай байхад нь Тэрэлжийн дэлгүүрт ажиллахаар явсан. Бид хоёр очихоор уурлаад яв гээд байдаг байсан. Тухайн үед бид бие биеэ ойлгохгүй, таарч тохирохгүй байсан тул 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амдарч байна. Би салахдаа хүүгээ өөрөө авч өнөөдрийг хүртэл өсгөн хүмүүжүүлж байна. Харин эх М.Долгорсүрэн энэ хугацаанд хүүтэйгээ уулзах гэж ирж байгаагүй. Намайг уулзуулдаггүй байсан гэж худал хэлж байна. Би 2008 оноос 2013 онд хүртэл Солонгос улсад ажилласан. Энэ хугацаанд хүүтэйгээ чөлөөтэй уулзах боломж байсан. Одоо би Гэрлээ гэх эмэгтэйтэй сууж, үр хүүхэдтэй болсон ба хүү маань энэ хүнийг ээжээ гэж дууддаг.
Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Есөн-Эрдэнийг өөрийн асрамжид авна. Мөн хүүхэд өсч хэрэглээ өндөрсөж байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Харин бидэнд хуваах эд хөрөнгө байхгүй тул маргаан байхгүй гэв.
Хариуцагч М.Долгорсүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Л.Ганбаатартай 2002 онд танилцаж, 2003 оноос эхлэн хамт амьдрах хугацаанд буюу 2003 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүү Г.Есөн-Эрдэнийг төрүүлсэн. 2005 оноос эхлэн Л.Ганбаатар архи ууж агсам согтуу тавин, гэр орныхоо амгалан тайван байдлыг алдагдуулдаг байсан. Зан ааш нь ихээр өөрчлөгдөх болсон. Л.Ганбаатар одоо суусан хүүхэнтэйгээ тэр үеэс эхлэн уулздаг байсан юм билээ. Иймд бид 2006 оны 3 сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон. Л.Ганбаатар 2006 оны 8 дугаар сард хүүг маань надаас авч явсан. 2006 оны 10 дугаар сард хүүтэйгээ уулзахаар очиход битгий ирээд бай хүү маань өөр ээжтэй болсон гэж хэлээд уулзуулаагүй.
Би 2013, 2014 онд хүүтэйгээ сургууль дээр нь очиж уулзсан. Хүүтэйгээ цайны газар уулзаж байгаад Л.Ганбаатарын эгчтэй таарчихсан чинь хүү маань зугтаад явчихсан. Тэрнээс хойш уулзаж чадаагүй.
Би 2009 онд хамтран амьдрагчтай болж 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүүхэд төрүүлсэн. Одоогоор ажил хийдэггүй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хөдөө хадам аав, ээжийнхээ малыг маллаж амьдардаг тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Иймд хүү Г.Есөн-Эрдэнийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Мөн чөлөөтэй уулзаж баймаар байна. Харин гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хуваах эд хөрөнгө байхгүй тул маргаангүй гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганбаатар хариуцагч М.Долгорсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэгч Л.Ганбаатар, хариуцагч М.Долгорсүрэн нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Есөн-Эрдэнийг эцэг Л.Ганбаатарын асрамжинд үлдээж, хариуцагчаас амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Г.Есөн-Эрдэнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаангүй ч бага насны хүүхэдтэй байх тул нэхэмжлэгч Л.Ганбаатар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагч М.Долгорсүрэнгийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл: Нэхэмжлэгч Л.Ганбаатар хариуцагч М.Долгорсүрэнтэй 2002 онд танилцаж, 2002 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас хүү Г.Есөн-Эрдэнэ 2003 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, гэрлэгчид 2005 оноос хойш тусдаа амьдрах хугацаанд хүү Г.Есөн-Эрдэнэ эцэг Л.Ганбаатарын асрамжид эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь гэрлэгчдийн ПА:100 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, 377 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Нарны эрч” өрхийн эмнэлгийн “...эрүүл бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-9/
Нэхэмжлэгч Л.Ганбаатар хариуцагч М.Долгорсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...2005 оноос хойш бидний дунд үл ойлголцол бий болж тус тусдаа амьдраад 10 жил болж байна. ...бид одоо өөр өөрийн гэсэн амьдрал, үр хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд хүү Г.Есөн-Эрдэнэ миний асрамжинд байсан” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч М.Долгорсүрэн “...Л.Ганбаатар 2005 оноос эхлэн архи ууж, хэрүүл зодоон хийж, гэрийнхээ эд хогшлыг эвддэг байсан. Мөн одоо суучихсан байгаа Гэрлээ гэх хүүхэнтэй тухайн үед холбоотой байсан учир хэрүүл хийдэг байсан юм билээ” гэсэн үндэслэлээр гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах 10 жилийн хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, өөр бусадтай хамтын амьдрал үүсгэн үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх хүсэлгүй байгаагаас гадна тэдний гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч Л.Ганбаатар, хариуцагч М.Долгорсүрэн нарыг цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч М.Долгорсүрэн “...ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амжиргааны түвшингээс доогуур орлоготой, хүний мал, маллаж амьдардаг, айлын хашаанд гэрт байдаг тул хүү Г.Есөн-Эрдэнэд тэтгэлэг төлж чадахгүй. Иймд өөрийн асрамжид авна” гэсэн үндэслэлээр хүүхдийн асрамжийн талаар маргасан.
Харин нэхэмжлэгч Л.Ганбаатар ажил хөдөлмөр эрхлэн тогтмол цалин орлоготой, хүүхдээ өсгөж бойжуулах орчинг бүрдүүлсэн байдлаа “БЛАСТ” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/0752 тоот “...тус компанийн Налайхын салбарт савлагчаар ажилладаг” гэсэн тодорхойлолт, газар эзэмших эрхийн №0318560 дугаар гэрчилгээгээр нотолсон.
Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч Л.Ганбаатар ажил хөдөлмөр эрхлэн цалин орлоготой, үр хүүхдэдээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал зэрэг нь хариуцагч М.Долгорсүрэнгээс илүү байх ба хүү Г.Есөн-Эрдэнэ 3 настайгаасаа хойш өнөөдрийг хүртэл эцэг Л.Ганбаатарын асрамжид байгаа, хүү Г.Есөн-Эрдэнийн “...ээж надад анхаарал халамж тавьдаггүй, гэрт нь очиж үзээгүй, хааяа нэг уулздаг, аавынхаа асрамжид байна” гэсэн санал, эцэгдээ ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж 2003 оны 9 сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Есөн-Эрдэнийг эцэг Л.Ганбаатарын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч М.Долгорсүрэн бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх М.Долгорсүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Г.Есөн-Эрдэнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. Харин хариуцагч М.Долгорсүрэн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Л.Ганбаатар хүү Г.Есөн-Эрдэнэд зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч М.Долгорсүрэн зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч М.Долгорсүрэн шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг хуулиар хүлээж байгаа болохыг дурдав.
Зохигчид гэрлэснээс хойшхи хугацаанд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр шаардлага гаргаж маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч М.Долгосүрэнгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /11 нас хүртлэх хүүхдэд төлөгдөх тэтгэлэгийн хэмжээг Засгийн газраас тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшин 185.400 төгрөгийг нэг хүүхдэд 12 сарын хугацаанд өгөхөөр/ тооцож гаргасан 2.224.800 төгрөгийн үнийн дүнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу ноогдуулсан 50.546 төгрөгийг улсын төсвийн данс /ХААН банкны 5749909359/-нд төлүүлж, 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ганбаатарт олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2003 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Монгол овгийн Лхагвасүрэнгийн Ганбаатар, хариуцагч Алаг морьт овгийн Магсаржавын Долгорсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2003 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Есөн-Эрдэнийг эцэг Л.Ганбаатарын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Г.Есөн-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх М.Долгорсүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч М.Долгорсүрэн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч М.Долгорсүрэн шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
6. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Л.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Долгорсүрэнгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ганбаатарт олгож, 50.546 /тавин мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ихэрбаярт даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС