Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01435

 

Д.М*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.М*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.У*******т холбогдох

95,048,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М*******, түүний өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие газар тариалангийн бизнес эрхлээд 3 жил болж байна. 2022 оны намар 10 сард Сэлэнгэ аймгаас байцаа намрын бөөний үнээр худалдан авч хавар ногоо үнэ орох үеэр зарах зорилгоор 84 тн 282 кг байцаа худалдан авсан.

Тэгээд ногооны зориулалттай зоорь түрээслүүлнэ гэсэн утга бүхий Ц.У******* гэсэн facebook хаягаас Н*******ид гэсэн групп байсан 61-ийн гарамд, ногооны зоорь түрээслүүлнэ 800 тн гэсэн пост зарын дагуу холбогдож 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд байцаагаа зөөвөрлөн авч ирж зооринд хийгээд зоорь түрээсийн төлбөрт сард 2,460,000 төгрөгийг түүний Хаан банкны ******* тоот дансаар сар бүр төлж хавар 5 дугаар сарын сүүл хүртэл зооринд хийхээр болоод хадгалуулсан.

Хавар болж 2023 оны 5 дугаар сарын сүүлээр ирж байцаагаа авах гэтэл ихэнх нь муудсан, худалдах боломжгүй болсон байсан. Тухайн үед зоорь хариуцаж байсан н.Онон болон Ц.У*******т хэлж хэд хоног хүн хөлсөлж ангилж ялгаж байж нийт 84,282 тн байцайнаас 10,888 тн байцааг ялгаж зах зээлийн ханшаас маш хямд үнээр буюу 1 кг байцааг 800 төгрөгөөр үнэлж зарсан. Гэвч үлдэгдэл буюу 73,114 тн байцааг зарж борлуулах боломжгүй, муудсан байсан тул арга буюу орхиод байцааны үнийг төлөөд хохиролгүй болгохыг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. Хавар зоорины байцааны үнэ ханш бөөний үнэ нь 1 кг нь 1300-1500 төгрөгийн үнэтэй, жижиглэнгийн үнэ 2000-2500 төгрөг байсан.

Иймд Ц.У*******аас 73 тн 114 кг байцааг 1 кг-ийг 1,300 төгрөгөөр тооцон нийтдээ 95,048,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.М******* нь зарын дагуу агуулах түрээслэхээр холбогдож 2022 оны 12 дугаар сар хүртэл хугацааны агуулах түрээсэлж байцаа хадгална гэж хэлсэн. Ногоо хадгалах зорилгоор манай агуулахыг түрээсэлсэн ногоочид өөрсдийн ногоог арчлан хамгаалж, муудсан хэсгийг ангилж цэвэрлэдэг байсан. Гэтэл Д.М******* нь манай агуулахыг түрээслэн авч ногоогоо байрлуулсан атлаа анх тохирсон ёсоор 2022 оны 12 дугаар сард аваагүй, ногоогоо эргэж тойрч байгаагүй бөгөөд хавар ирж байцайгаа ялган авч, муудаж үлдсэн хэсгийг манай агуулахад үлдээж, дараа ирж авна гээд явсан. Үүнээс хойш Д.М******* нь дахин ирж муудсан ногоогоо аваагүй бөгөөд бид өөрсдийн хүчээр агуулахаа цэвэрлэж авсан. Миний хувьд агуулах түрээсэлсэн болохоос Д.М*******ийн өмнө түүний байцааг хадгалах, арчлах үүрэг хүлээгээгүй юм.

Иймд хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөн хэмээн 95,048,200 төгрөг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дугаар зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.У*******аас 56,891,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М*******т олгож, нэхэмжлэлээс 38,157,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 442,406 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Би Ц.У*******ын хүнсний ногоо хадгалах зориулалттай зооринд 2023 оны 10 дугаар сарын 25-28 үед 84 тонн 640 кг байцааг зооринд хийж, 2 тонн 260 кг хаягдал гарна гэж тооцоод 82 тонн байцаагаар тооцож зоорины түрээсийн төлбөрт сард 2,460,000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Би тохиролцсон ёсоор cap бүр түрээсийн төлбөрөө хугацаанд нь хийж байсан бөгөөд нийт 12,300,000 төгрөг төлсөн байдаг. Гэвч Ц.У******* нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирсон. Мөн анх байцааг 1 кг нь 800-850 төгрөгөөр буюу 82 тонн байцааг нийт 67,409,600 төгрөгөөр Сэлэнгэ аймгаас худалдан авсан. 82 тонн 1825 шуудай байцаагаа 6,384,000 төгрөгөөр тооцож хүмүүсээр машинд ачуулж, зооринд буулгасан ачигчдын хөлсөнд 1,250,00 төгрөг, нийт 75,043,600 төгрөгийн зардал дээр зоорины түрээсэнд төлсөн 12,300,000 төгрөг, нийт 87,343,600 төгрөгийн бодит зардал надаас гарсан. Дээрх зардал дээр нэмж миний олох байсан ашиг нэмэгдэх ёстой. Байцааг хавар худалдах үнээр тооцож хохирол нэхэмжилсэн боловч энэ талаар баримтгүй гэж дүгнэсэн боловч нийтэд илэрхий баримт статистикийн 1212.мн сайтаас 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байцааны үнэ 1300-1500 төгрөг байсан. Намар нөгөө хураах үед авсан байцаа хавар үнэ нэмэгддэг нь зах зээлийн хууль. Гэвч анхан шатны шүүх энэ бүхнийг харгалзан үзэхгүй 56,891,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж үлдсэн 38,157,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02225 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байцааны үнийг 2023 оны зах зээлийн ханш, статистик тоо баримтад үндэслэн гаргасан гэдэг ч энэ талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаарай гэж сануулсан ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй. Талууд үнийн дүнд маргаагүй биш маргасан. Хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 Нэхэмжлэгч нь хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөний улмаас 95,048,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн үнийн дүнг банкны зээл, зээлийн хүүгийн хэмжээгээр тооцож гаргасан хэмээн тайлбарласан.

Мөн 2022 оны намар 84,282 кг байцааг бөөний үнээр худалдан авч хадгалуулсан гэх боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй, гаргаж өгсөн баримтаас нь харахад 12,490 кг байцаа авсан гэх гар бичмэл байдаг, түүнчлэн худалдан авсан байцаагаа өөрийн биеэр агуулахад авч ирээгүй болох нь гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс харагдаж байхад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрүүдэд байцаагаа зөөвөрлөн авч ирсэн мэтээр худал мэдүүлдэг.

Д.М*******ийн данснаас нийт 12,300,000 төгрөгийн агуулахын түрээсийн төлбөрийн төлсөн үнийн дүнг анхан шатны шүүх 82 тонн байцаа хадгалуулсан хэмээн тооцсон байгаа нь үндэслэлгүй, тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч хариуцагч хэн аль хэдэн тонн байцаа зөөвөрлөн авч ирж, буулгасан гэдгийг хэмжээгүй, тооцоогүй байхад, түрээсийн төлбөртэй уялдуулсан байдлаар шүүхээс сүүлд байцааны хэмжээг тооцож байгаа нь учир дутагдалтай, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Мөн 82 тонн байцаанаас 10 тонн 866 кг байцааг ялган авч, үлдэх 71 тонн 114 кг байцааг анх худалдсан авсан үнэ болох 800 төгрөгөөр тооцож, 56,891,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй хавсаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч анх 2022 оны намар байцаагаа 800-850 төгрөгийн хооронд худалдан авч байсан гэж мэдүүлдэг боловч энэ тухайгаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн 10 тонн 866 кг байцааг ялган авч, бусдад худалдсан гэх боловч мөн энэ тухайгаа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн зөвхөн амаар тайлбарлаж байгааг хүлээн авч ямар ч нотлох баримтад тулгуурлахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэрт хуульд заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус нэхэмжлэгчийн аман тайлбар, нотлох баримтаар тогтоогдоогүй тоо хэмжээ, үнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэхэмжлэл дээр 2023 оны 10 сарын 25-ны өдрийг 2023 оны 10 сарын 28-ны өдөр, оныг 2023 он гэж алдаатай бичигдсэн байдаг нь нэхэмжлэлийн шаардлагын тодорхойгүй байна гэж талуудын хооронд маргаан гарсан. Энэ талаар анхан шатны шүүхээс хангалттай тайлбарыг гаргадаг мөн хариу тайлбарууд дээр тодорхой болдог. 84,282 кг байцаа байсан гэдэгт хариуцагч талаас зоорийг хариуцаж байсан н.Онон нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 82 тоон байцаа байдгийг гэрчилсэн. Байцай муудаж эд хөрөнгө гэмтэж устсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн боловч иргэний хэрэг гээд хэргийг хаасан. Мөн 82 тонн байцааг талууд 1 тонн тутмыг 30,000 төгрөгөөр тооцож түрээс төлөхөөр тохиролцсон. 82 тонныг 30,000 төгрөгөөр тооцохоор нэг сарын түрээсийн төлбөрт 2,460,000 төгрөг, нийт 12,000,000 гаруй төгрөг авсныг хариуцагч Ц.У******* болон хариуцагч талын зоорь хариуцсан н.Онон нар хүлээн зөвшөөрдөг. Эдгээрийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Д.М******* өөрөө агуулахад байгаагүй гэдэг нь ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Зээл зээлийн хүүгийн төлбөрт гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь 82 тонн байцааг өөрөө очиж буулгасан, муудсан байцааг ялгасан. Би өөрөөсөө бодит зардал гаргасан, гарсан зардлаа авч чадахгүй байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байцааны кг тутмыг 1,300 төгрөгөөр үнэлүүлэх нь хэвээрээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Д.М******* нь хариуцагч Ц.У*******т холбогдуулан хохирол 95,048,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Н*******ид нэртэй фейсбүүк-ийн группэд тавьсан 61-ийн гарамд ногооны зоорь түрээслүүлнэ 800тн ******* гэсэн зарын дагуу нэхэмжлэгч Д.М******* нь хариуцагч Ц.У*******тай холбогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байна.

4. Хариуцагч талаас дээр дурдсан зарыг гаргахдаа Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар ногооны зоорь түрээслүүлнэ гэсэн гэрээний санал гаргасныг нэхэмжлэгч тал мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт зааснаар саналыг хүлээж авсан байна. Энэ үйл баримт нь гэрч Г.Ононгийн: 2022 оны 10 дугаар сарын 13-наас эхлэн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд байцааг агуулахад авч ирсэн. Ц.М******* өөрөө авч ирээгүй, жолооч авч ирж өгсөн. ... Ирсэн байцаа нь хэдэн шуудай, хэдий хэмжээтэй гэдгийг би мэдэх боломжгүй гэдгийг хэлж байсан, та нар хүнээ авч ир гэж хэлж байсан. Хамаагүй, шууд буулга гэж хэлсэн байсан. .. акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй. гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна. Түүнээс гадна нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6 дахь хэсэгт заснаар уг зоорийг түрээслэх биш ногоо хадгалуулахаар гэрээний шинэ санал гаргаагүй.

5. Харин талууд түрээсийн гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсгийг зөрчсөн нь гэрээг хүчин төгөлдөр бус байх мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан үр дагаврыг бий болгожээ.

6. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй юм. Түүнээс гадна нэхэмжлэгч талд зооринд байгаа байцаа муудаж байгаа талаар мэдэгдсэн нь гэрч Г.Ононгийн 2023 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байцааны бичлэг явуулсан, хариуд нь агаар сэлгэлт тааруу байна гэхээр нь агаар сэлгэлт нэмсэн. Хэдэн градуст хадгалах вэ гэхэд +1-(-1) хооронд хадгал гэсний дагуу хадгалсан. ... 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байцааны өнгө зүс хадгалалт муудаж байна гэж хэлсэн. Түүнээс хойш намайг блоклосон, холбоогүй болсон.

7. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадлагалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Учир нь хадгалалтын гэрээний гол нөхцөл нь хадгалагч хадгалуулагчаас шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хадгалахдаа хадгалж байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй. Энэ талаар талууд тохиролцсон бол хариуцагч нь зооринд хадгалах ногоог арчлах мэргэжилтэнтэй байхаас гадна хадгалуулж буй эд хөрөнгийн шинж байдлаас хамаарч бий болох хорогдлын талаар тохиролцсон байх учиртай. Талууд дээрх нөхцлийн талаар тохиролцоогүйгээс тэдгээрийн хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээргүй байх тул түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий болжээ.

8. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2024/02225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар Ц.У*******т холбогдох хохиролд 95,048,200 төгрөг гаргуулах тухай Д.М*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,735 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,406 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Э.ЗОЛЗАЯА