| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 140/2017/00002/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 09
Т.******* нарт холбогдох
хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, Прокурор Д.*******а, Шүүгдэгч Т.*******, шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгч Д.*******, шүүгдэгчийн Э.*******ийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Т.*******ын давж заалдсан гомдлоор Т.*******, Э.******* нарт холбогдох 2013000128 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5 аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Сантмаргац сумын ******* багт түр оршин сууж байгаа, Улаанбаатар хотын ******* дүүрэг ******* хороо, 4 хороолол ын гудамжны байрны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овгийн ийн ******* /РД: /
2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Сонгино сумд хатуу хучилттай зам тавьж байгаа БНХАУ-ын Шинхан компанид цемент задлагчийн ажил түр хийж байгаа, ам бүл-5 аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн ын ******* /РД: /
Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч овгийн ийн *******ыг бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овгийн ын *******ийг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Э.*******эд холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******од оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч Э.*******эд 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Т.*******од 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын хувьд ноогдох хөрөнгөнөөс 500.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай улаан бор морь, 300.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай хар даага, 250.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай хээр даагыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг, Э.*******ийн хувьд ноогдох хөрөнгөнөөс нийт 2300000 төгрөгний үнэлгээтэй 5 тооны морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн цэмбэн материалтай хөвөнтэй дээл, цэнхэр өнгийн нимгэн цамц, улаан шаргал өнгийн дугуй хээтэй дурдан бүсийг шүүгдэгч Т.*******од буцаан олгож, цайвар ягаан өнгийн, улаан шар саатай эмжээртэй дээл, цагаан өнгийн дэвсгэртэй ягаан өнгийн хөндлөн судалтай нимгэн цамц, дээд хэсгээрээ хүрэн, доод хэсгээрээ хар хөх өнгөтэй ноосон цамц, хоёр үзүүртээ цацагтай, зузаан шар өнгийн бүс, жинсэн өмд тус бүр 1 ширхэгийг, 18.5 см урттай бор өнгийн арзгар ясан иштэй эвхдэг хутгыг устгаж, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Т.******* би 2016 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Э.******* ахын биед хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж харамсаж байна. Тухайн үед айлд архи ууж байхад Э.******* ах /сүүлд нэр мэдсэн зүс таних/ эхлэн миний нүүр рүү ямар нэгэн зүйлээр цохиж хамрын яс гэмтээсэн байсан ч би ямар нэгэн гомдол нэхэмжлэл гаргаагүй. Э.******* ахад яаралтай тусламж үзүүлж эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед аав хөдөөнөөс сумд ирсэн мөн бусад авга, нагац нар эмнэлэгийн эмчилгээ үйлчилгээ авахад туслаж үйлчилж эмчилгээний зардлыг төлсөн. Миний хэрэгт гэрчээр дандаа Э.******* ахын хамаатнууд орсон байдаг. Би айлын том хүүхэд аав ээждээ тусалж дүү нараа халамжилдаг. Охин дүү МУИС-д оюутан, бага дүү ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид тус тус суралцдаг. Миний ээжийн бие муу хүнд өвчтэй /зүрхний төрөлхийн гажиг/ эмнэлэгийн байнгын хяналтанд байдаг. Мөн асран халамжлах шаардлагатай байдаг юм. Иймээс би ээжийгээ харж асрах үүрэгтэй байдаг. Миний энэ болчимгүй үйлдлээс ээж минь хүнд шоконд орж биеийн байдал нь муудаж өвчин нь хүндэрсэнд нь маш их харамсаж байна. Миний гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан, хэргийг дахин хянан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 дүү, аав, ээжийн хамт амьдардаг. Ээжийн бие тааруу асрах шаардлагатай, мөн дүү нартаа сурч боловсроход нь тус дэм болох хэрэгтэй байна. Би өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас энэ хэргийг үйлдсэн. Ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг түүний хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэв.
Шүүгдэгч Э.*******ийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.*******ийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдсан гомдлоос харахад шүүгдэгч Т.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Мөн давж заалдах гомдолд тухайн хэрэгт дандаа нэг талын хүмүүсийг гэрчээр оруулсан гэж дурдсан байна. Гэмт хэрэг гарсан 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн Э.ын гэрт Г., Э., Э.ай, Т.*******, Э.******* нар байсан. Гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдэж болох бүх гэрчүүдийг асуусан. Түүнээс биш Э.*******ийн хамаатан садангуудыг гэрчээр асуусан зүйл байхгүй. Шүүгдэгч Т.******* 2 дүү болон ээжийгээ асрах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.*******од хорих ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан ял хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзэж шүүхээс түүнд 3 жил 05 сарын хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дахин хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Т.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.
Шүүгдэгч Т.******* нь 2016 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргац сумын төвд иргэн Э.ын хашааны гадаа “нүүр рүү нь цохиж авлаа” гэсэн шалтгаанаар хохирогч Б.*******ийн хэвлийн тус газар нь хутгалж биемахбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.*******, гэрч Ч.гийн мэдүүлэг болон Завхан аймгийн Шүүхийн шинжэлгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2016201 дугаартай дүгнэлт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмыг сануулж авсан учир энэ хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзнэ.
Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.******* давж заалдсан гомдолдоо “... миний ар гэрийн байдлыг харгалзан надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсний тухайд анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийнх нь нөхцөл байдалд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Ж.БАТТОГТОХ