Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Р.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн Б/46 дугаар тушаалын Р.Цэнд-Аюушд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд нь томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилохыг даалгах,   ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын13-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Цэнд-Аюуш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир, шүүххуралдаанынарийнбичгийндарга Ө.Халиунаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Р.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1980 онд төрсөн. Дээд боловсролтой. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газарт 2005 оноос эхлэн томилогдон ажилласан бөгөөд 2006 онд тус аймагт зохион байгуулаглсан төрийн албны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Улмаар 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилласан. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын тогтоолоор миний ажлын байранд байгаа ажлын чиг үүрэг өргөжиж шинээр хэлтэс болон байгуулагдсан. Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны ажлаас чөлөөлсөн тухай Б/46 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад үндэслэн гаргасан байх ба уг заалтын агуулгаас дүгнэхэд намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дугаар захирамжаар миний ажлын байранд байгаа ажлын чиг үүрэг өргөжиж Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс болон шинээр байгуулагдсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дах хэсэг төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушааалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа хангагдахгүй байна гэж үзэж байна.  Миний хувьд Засгийн газрны бодлого шийдвэр, орон нутгийг бодлого шийдвэрт хяналт шинжилгээ үнэлгээ хийгээд аймгийн Тамгын газрын тайланг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг. Засаглалын болон нийгэм эдийн засгийн үзүүлэлт гээд манай аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнэж хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг. Дандаа Засгийн газартай холбоотой тайланг хүргүүлдэг мөн орон нутгийнх нэмэгдэнэ. Хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтэс маань Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор өмнө 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлж байсан. Тэр ажил чиг үүрэг тэр шинэ хэлтэс рүү бүгд базагдаж ороод дээр нь нэмээд дотоод аудит хариуцсан санхүүгийн чиглэлийн хүн зайлшгүй байх ёстой гэдгээр С.Амгалан эгч нэмэгдэж орсон байсан. Өмнөх хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн ажил тэр хэлтэс рүү нэмэгдэж орсон нийт дөрвөн орон тоотой байгаа гэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодруулж, Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Б/47 дугаартай тушаалаар буцаан томилохдоо Р.Цэнд-Аюушийг томилолгүй үлдээсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа учир Р.Цэнд-Аюушийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах түүнтэй холбоотой эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтүүдийг нөхөн хийхийг даалгах зэргээр өөрчлөн тодруулсан байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 19-ний 296 дугаартай тогтоол тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь: Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд “-Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /хяналт шинжилгээ, үнэлгээний тасагтай/” гэснийг дор дурдсанаа рөөрчлөн найруулсугай 2008 оны тогтоол ингэж өөрчлөгдсөн байжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийг Засаг даргын Тамгын газрын даргын шууд удирдлагад ажиллуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэсэн Засгийн газрын тогтоол байна.  Засгийн газрын тогтоолыг үндэслээд аймгийн Засаг даргаас 2011 оны 11 дүгээр сарын 7-ний өдөр 340 дугаартай захирамжаар бүтцийн өөрчлөлт хийх тухай гээд холбогдох өөрчлөлтийг хийгээд явж байсан захирамж байдаг. Тасаг байж байгаад хэлтэс болоод өргөжсөн байгаа. Эхлээд чөлөөлөөд дараа нь томилоод байгаа бүтэц орон тоог харахаар томилсон хүмүүсээсээ гурван хүнийг хасаад бусад хүмүүсээ томилсон. Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс гээд дотроо 3 хүнийг томилоод оруулж ирсэн байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын вэб сайт руу ороод үзэхээр одоогийн ажиллаж байгаа бүтэц бүрэлдэхүүн зурагтай бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байгаа. Тэр хүмүүсийг нь тоолоод үзсэн чинь  Засаг дарга хоёр орлогчоосоо тусдаа 42 хүн ажилладаг юм байна. Энэ 42 хүнээсээ өмнө нь халсан байж байгаад томилсон хүмүүсийг нь хасаад үзэхээр 10 хүн шинээр байгаа. Өмнө ажиллаж байсан хүнийг хасахаар 3 хүн өмнө нь ажиллаж байсан байдаг 7 хүн шинээр авч ажиллуулсан байна. Тамгын газрын даргаас гаргаж байгаа эрх зүйн баримт бичиг хуулийн шаардлага хангах ёстой. Гэтэл энэ тушаалын хуулийн шаардлага хангалгүй Р.Цэнд-Аюушаас гадна хоёр хүний эрх ашиг зөрчигдсөн тушаал гарсан байгаа. Тийм учраас энэ хууль зүйн үндэслэлгүй тушаал юм байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа гэв. Төрийн захиргаа удирдлагын хэлтэс энд хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Цэнд-Аюуш, шийдвэрийн биелэлт хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Буянтөгс гэсэн хоёр хүн төрийн захиргаа удирдлагын хэлтсийг хариуцаад явж байгаа. Буцааж томилоод хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит хэлтэс болгохдоо Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэг гээд хүнийг нэмж авсан, Э.Буянтөгс хэвээрээ байж байгаа. Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн С.Амгалан гэдэг хүмүүс нэмсэн байгаа. С.Амгалан нь санхүү төрийн сангийн хэлтэст байсан. Мөнхцэцэг нь төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга хийж байсан. Томилсон дээр төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь Алтайбаатар болсон байгаа. Алтайбаатар нь чөлөөлөхөд нийгэм эрүүл мэндийн хэлтсийн соёл, спорт, аялал жуучлалын бодлого хариуцсан мэргэжилтэн байсан байгаа. Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/394 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралт ажлын байрны нэр, чиг үүрэг, орон тоо гэсэн тушаалыг аймгийн Засаг дарга гаргасан байгаа. Ажлын байрны нэр гэдэг дээр хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс, хэлтсийн чиг үүрэг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт нутгийн захиргааны байгууллагыг зохион байгуулж шат бүрт хийгдэх хяналт шинжилгээ үнэлгээний цар хүрээг өргөжүүлэх, өр өгөөжийг нэмэгдүүлэх аймгийн хэмжээнд хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангах бөгөөд Засгийн газрын болон Засаг даргын шийдвэрийн биелэлт хийх хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит хийх үүргийг хэрэгжүүлнэ гэж байна. Р.Цэнд-Аюушийн 2015 онд үр дүнгийн гэрээ нь агентлагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж арга зүйн зөвлөгөө мэдээлэлээр хангах, сумдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж арга зүйн зөвлөгөө мэдээлэлээр хангах, хяналт шинжилгээ үнэлгээний дүнг хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, Засаг дарга, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. бодлогын зорилтууд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын хөтөлбөр, орон нутагт гадаадын зээл, тусламжаар хийгдэж буй төслүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийж үр дүнг үнэлэх, төрийн захиргааны хяналт шинжилгээ үнэлгээний үйл ажиллагааг сурталчилах хэрэглэгчийн мэдээлэлээр хангах хууль тогтоомж Засгийн газрын шийдвэрийн орон нутаг холбоотой шийдвэрийн явцад хяналт шинжилгээ үнэлгээ хийж холбогдох мэргэжилтнүүдэд заавар зөвлөгөө өгөх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал санаачлага гаргах сургалтын арга зүй аргачлал боловсруулах, аймгийн засаглалын болон эдийн засаг нийгмийн үзүүлэлтийг нэгтгэх хүргүүлэх. Тусгай захиалгат бүтээгдэхүүн: сум агентлагын ажиллагаан хяналт шинжилгээ үнэлгээ хийх үр дүнд хүргэх дүрэм журам боловсруулах, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт хяналт шинжилгээ үнэлгээ хийх төрийн алба үйлчилгээний түвшингийн талаар хэрэглэгчдийн дунд явуулах санал асуулга буюу хэрэглэгчдийн үнэлгээ авах, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээний тайланг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хугацаанд нь тайлагнах гэсэн ажлууд байна. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалтай нийт албан хаагчдыг чөлөөлөөд тухайн өдрийн Б/47 дугаартай тушаалаар буцааж томилохдоо Р.Цэнд-Аюушийг орхигдуулсан нь хууль зөрчсөн, хүний эрх ашгийг зөрчсөн эрх зүйн акт гарсан.  Ийм учраас томилоогүй болох нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бат-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгч Р.Цэнд-Аюушийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөхдөө аймаг , нийслэл, сум дүүрэг, баг хорооны, Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч бөгөөд хууль, тогтоомж Засгийн газрын шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлдэг субьектийн хувьд Засгийн газрын 2016 оны 09 дүгээр  тогтоолоор хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион  байгуулалт, орон тоо, хэлтсүүдийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/23 дугаар тушаалаар байгуулж, уг ажлын хэсэг байгууллагын бүтцийн өөрлөлт, хэлтсүүдийн чиг үүрэг орон тоо, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг шинэчлэх ажлыг зохион байгуулсан дүгнэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны Б/69 дугаар захирамжаар төрийн захиргаа удирдлагын хэлтэс өмнө нь 11 орон тоотой байж байгаад бүтэц зохион байгуулалтаар 8 орон тоотой болж орон тоо нь цөөрсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийг орон тоо цалингийн сандаа багтаан ажлаас чөлөөлсөн бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15.5.3 дахь заалтын дагуу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоосон тул эргүүлэн ажилд томилох боломжгүй.  Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийж, санал хүсэлт тайлбарыг сонсож, өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар чөлөөлөгдөж буй ажилтанд бололцооны дагуу өөр ажил олж өгөх хуульд заасан үүргээ биелүүлэх талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу өөр ажил, албан тушаалд томилуулах, талаар санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй болно. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц 2016 оны 9 дүгээр тогтоолоор өөрчлөгдөж шинэчлэгдсэн байгаа. Үүнтэй холбогдуулаад Аймгийн Засаг даргын Б/69 дүгээр захирамж гарч бүтэц орон тоо тогтоосон. Үүнтэй уялдуулаад хяналт шалгалт үнэлгээ дотоод аудитын хэлтэс гэж шинээр байгуулагдсан энэ хэлтэс маань 3 орон тоотойгоор батлагдсан. Өмнө нь нэхэмжлэгч Р.Цэнд-Аюуш төрийн захиргаа удирдлагын хэлтэст хяналт шалгалт үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.  Бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулаад аймгийн Засаг даргын Тамгын газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль мөн Төсвийн тухай хуулийн дагуу цалингийн сан мөн орон тооны хязгаартаа багтаан төсвийн байгууллагын орон тоо ажилчдын цалин хөлсийг тогтоосонтой уялдуулж албан хаагчдыг чөлөөлж эгүүлэн томилсон байгаа. Нэхэмжлэгч Р.Цэнд-Аюуш нь миний ажлын байр өргөжсөн гэж анх гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байсан. Энэ нь тухайн хяналт шалгалт үнэлгээний тасаг бол төрийн захиргаа удирдлагын хэлтэст харьяалагдаж байж байсан. Энэ дээр хяналт шинжилгээ үнэлгээний тасгийг тусад нь гаргасан ямар нэгэн шийдвэр орон нутгийн удирдлагын зүгээс бол гаргаагүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тийм учраас аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчдыг бүтэц орон тоотой холбогдуулж ажлаас чөлөөлж томилсон нь хууль тогтоомжийн хүрээнд гаргасан үндэслэлтэй захиргааны акт тул хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний Б/46 дугаар тушаалын хавсралтын  Р.Цэнд-Аюушд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд нь томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодрхойлсон. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны Б/69 дүгээр захирамжийг тус тус аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

          Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн тогтоосон, аймгийн Засаг дарга 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, хэлтсүүдийн чиг үүрэг, албан хаагчдын орон тоог 41 байхаар шинэчлэн баталсан. 

          Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, хэлтсүүдийн ажлын байрны нэр, чиг үүрэг, албан хаагчдын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум,дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж зааснаар Б/46 дугаар тушаал гарган хавсралтаар Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хавсралтын 9 дүгээр хэсэгт Төрийн захиргаа удирлагын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Цэнд-Аюушийг ажлаас чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тухайд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Р.Цэнд-Аюушаас үл хамаарах шалтгаанаар Тамгын газрын бүтэц, хэлтсүүдийн ажлын байрны нэр, чиг үүрэг өөрчлөгдсөн, албан хаагчдын орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулж Б/46 дугаар тушаал гарган Р.Цэнд-Аюушийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар ажил томилохдоо хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд Р.Цэнд-Аюушийг эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ. Учир нь аймгийн Засаг даргын 2016 оны Б/69 дүгээр захирамжийн хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийг байгуулж 4 хүний орон тоотойгоор баталсан. Мөн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 02-ны А/27 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, хэлтсүүдийн чиг үүрэг, албан хаагчдын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан ажлын байрны нэр, чиг үүргийг хавсралтаар баталж, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Засаг даргын бодлого, шийдвэрийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн нарын ажлын байрны нэр, хэрэгжүүлэх ажлын чиг үүргийг тодорхойлж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирлагын хэлтсийн хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Цэнд-Аюушийн үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын байрын тодорхойлолтод заагдсан ажил үүрэг болох төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, сумдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, арга зүйн зөвөлгөө, мэдээллээр хангах, бодлогын зорилтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ шинжилгээ хийх зэрэг гүйцэтгэх ажил үйлчилгээний зорилтууд нь шинээр байгуулагдсан Засаг даргын Тамгын газрынХяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлтод тусгагдсан ажлын байрны үндсэн зорилтой таарч байх төдийгүй зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны нэр нь өөрчлөгдсөнөөс хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлынбайр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагда нүлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах…” гэж зааснаар Р.Цэнд-Аюушийг хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилсон шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/46 дугаар тушаалын хавсралтаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Цэнд-Аюуш, шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Буянтөгс нарыг чөлөөлж, Б/47 дугаар тушаалын хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Засаг даргын бодлого, шийдвэрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр Э.Буянтөгсийг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Мөнхцэцэгийг Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүх Р.Цэнд-Аюушийг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэсэн тул хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учруулсан хохирлыгТөрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж зааснаар Р.Цэнд-Аюушийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ий өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны  129 хоногийн олговор 6245406 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан Р.Цэнд-Аюушийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 8-10 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг  ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

 

          1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Цэнд-Аюушийн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний Б/46 дугаар тушаалын хавсралтын  Р.Цэнд-Аюушд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Р.Цэнд-Аюушийг хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд нь томилох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

          2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Р.Цэнд-Аюушийн ажилгүй байсан хугацааны цалин 6245406 /зургаан сая хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ