Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/0523/З |
Дугаар | 221/МА2019/0559 |
Огноо | 2019-10-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2019/0559
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ыг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1 сар 30 хоногийн цалин 2,004,580 /хоёр сая дөрвөн мянга таван зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нар давж заалдах гомдолдоо: “...... Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.4-д зааснаар захиргааны байгууллага байх боловч энэ нь хувийн эрх зүйн харилцаанд орохгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь нийтийн болон хувийн эрх зүйн харилцаанд аль алинд нь оролцоно. Энэхүү маргааны хувьд цэвэр хувийн эрх зүйн хүрээнд үүссэн маргаан байхад захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Дараах 2 үндэслэлээр хувийн эрх зүйн маргаан гэж үзэж байна.
1. Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ж.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэл болгосон буюу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хөдөлмөрийн маргаан үүссэн учир хувийн эрх зүйн маргаан болно. Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нөхцөл, баталгааны талаарх маргаан үүссэн бол нийтийн эрх зүйн буюу захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан болох юм. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг асуудлаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгч Ц.А-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2019/05523 дугаар захирамжаар Иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байна.
2. Нэхэмжлэгч Ж.Б нь “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан. Уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарахгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлд заасан “Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар” буюу аж ахуйн нэгжийн удирдах албан тушаал юм. Гэхдээ анхан шатны шүүх Төрийн албан тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т зааснаар “төрийн үйлчилгээний албан тушаал” гэж хуулийн буруу хэрэглэсэн.
3. Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн “... Захиргааны хэргийн шүүх ... нэхэмжлэгчийн гэм бурууг тогтоодог байгууллага биш” “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа саад учруулж байсан тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн” гэсэн дүгнэлтүүд нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг барж шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсч байна.
4. Нэхэмжлэгч захиргааны болон иргэний хэргийн шүүхүүдэд нэг өдөр нэхэмжлэл өгч аль аль шүүх нь хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэргийн шүүх 06 дугаар сарын 28 өдөр, иргэний шүүх 07 дугаар сарын 01-ний өдөр үүсгэсэн учир захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэх агуулгаар шийдвэрлэж байгаа нь логикгүй бөгөөд үндэслэлгүй байна. Цаг хугацааны хувьд түрүүлж хэрэг үүсгэсэн шүүх нь шийдвэрлэдэг бол хэргийн харьяаллын утга учир алдагдана.
5. Мөн анхан шатны шүүх “хувийн ашиг сонирхлын мэдүүлэг” гаргаж байгаа бол тухайн албан тушаалтан нь төрийн албан хаагч гэх агуулгаар дүгнэж байгаа нь огтхон ч үндэслэлгүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа этгээдүүд бүгд төрийн албан хаагч биш. Тухайлбал, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаал нь дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт хамаарах төрийн албан хаагч бус нийтийн албан тушаалтан юм.
6. Улсын дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар “Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай” тогтоолын 3.1-д “... хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь шүүхэд харьяалагдах бөгөөд тэдгээрийн дотор ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг ерөнхий харьяаллын шүүхүүд ... шийдвэрлэнэ. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан байх шаардлагатай. Бусад тохиолдолд төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчийг ажлаас халсан асуудлыг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тайлбарлажээ. Иймд уг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр тус хэргийн захиргааны хэргийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул тушаалын үндэслэл, хөдөлмөрийн харилцааны талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болох тухай гомдолд дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Төрийн захиргааны удирдах албан тушаалтны тушаал шийдвэрээр ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, улмаар маргаан үүссэн ийм төрлийн маргааны хэргийн харьяаллыг хуулиудад нарийн тодорхой салгаж зохицуулаагүй ч нийтийн эсхүл хувийн эрх зүйн хүрээнд үүссэн эсэхийг шүүх хууль тайлбарлан хэрэглэж шийдвэрлэж байх боломжтой.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөсөн өөрчлөлтийг орууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн маргаан бүхий Б/112 дугаар захирамжаар Ж.Б-ыг “Контрактын хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай болон бусад хурал зөвлөгөөнийг тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, контрактад заасан ажлын үр дүн хангалтгүй, үйл ажиллагааны зардлыг хэтрүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан” гэсэн үндэслэлээр “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгчээс Ж.Б эс зөвшөөрч захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх” шаардлага гаргасныг анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл тус бүрт дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “... Захиргааны хэргийн шүүх ... нэхэмжлэгчийн гэм бурууг тогтоодог байгууллагаа биш, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа саад учруулж байсан тул шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн” гэсэн дүгнэлтүүд нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, ... хувийн эрх зүйн маргааныг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу” гэх давж заалдах гомдол, тайлбар гаргасан бөгөөд хэргийн шийдлийн талаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх “... захиргааны хэргийн шүүх захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянадаг болохоос нэхэмжлэгчийн гэм бурууг тогтоодог байгууллага биш, ... маргаан бүхий захирамж гарах үед нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй, ... эрүүгийн хэрэг үүсгэж нэхэмжлэгчийг яллагдагчаар татсан тогтоол гараагүй, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг хийж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа саад учруулж байсан” гэх үндэслэлээр хариуцагчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн ... 65.1, ... дахь хэсэгт заасан ... шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасантай нийцээгүй, хариуцагчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлаж, хуульд заасан эрхийг эдлүүлэлгүй процессын алдаа гаргасан байх боловч энэ алдаа нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан.
Энэ тохиолдолд Ж.Б-ын үйлдлийг шалгуулахаар “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын гаргасан гомдол, мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 06/6556 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах ёстой тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамж гарсан цаг хугацаанаас хойш үүссэн хэрэг бүртгэлтийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь тус хэрэгт хамааралтай байх боломжгүй юм.
Мөн хариуцагчаас 2019 оны Б/112 дугаар тушаалыг гаргахдаа үндэслэл болгосон баримтуудыг шүүх үнэлж, маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй эсэхийг хянах үүрэгтэй тул дээр дурдагдсан хэрэг бүртгэлтийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ”, 3 дахь хэсэгт “... Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно” гэж зааснаас үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “... “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө нь хэргийн харьяаллын талаар маргаагүй, харин хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад энэ талаар маргасан байх бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “... Ж.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн чөлөөлсөн учир Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах хувийн эрх зүйн маргаан тул захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй, анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т зааснаар “төрийн үйлчилгээний албан тушаалтан” гэж хуулийг буруу хэрэглэсэн ... хувийн эрх зүйн маргааныг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ...” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг” ойлгохоор, 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-п “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл тухайн маргаж буй захиргааны шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулсан байх буюу нэхэмжлэгчид шууд хамааралтай байхаас гадна тус шийдвэрийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд гаргасан бол захиргааны хэргийн шүүх тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акттай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн маргасан хүрээнд хянан шийдвэрлэх хууль зүйн боломжтой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн гарсан ажилд томилох, ажлаас чөлөөлөхтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх талаар тухайлан зааж хуульчлаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.Б-ыг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болох Нийслэлийн Засаг дарга гаргасан, тус шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгож бичгээр гарсан” байх захиргааны актын шинжийг агуулсан байх тул уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэснийг шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна ...”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэснээс үзвэл төрийн үйлчилгээний албан хаагчийн статус буюу хөдөлмөрийн харилцааг тодорхойлох гол шалгуур нь Хөдөлмөрийн хуулийн хүрээнд байгуулагдах “хөдөлмөрийн гэрээ” байхаар байна.
Харин нэхэмжлэгч Ж.Б-ын эрхэлж байсан “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаал нь хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар байх боловч тэрээр хариуцагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг, хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/2013 , Авлигатай тэмцэх газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай” 05/4458 дугаар албан бичгүүдээс үзэхэд тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшиж буй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянадаг, мөн төрийн /үйлчилгээний/ байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн хувьд “төрийн захиргааны” чиг үүргийг гүйцэтгэдэг тул түүнийг ажилд томилох, өөрчлөхтэй холбоотой хөдөлмөрийн харилцааг “нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн” гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга буюу удирдах албан тушаалтны хувьд нийтийн эрх зүйн этгээд гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.
Дээрхээс үзвэл, захиргааны акттай холбогдуулан Ж.Б-ын гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн харьяалал зөрчөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “уг маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2019 оны Б/112 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийг үгүйсгэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Тухайлбал, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актын үндэслэлтэй холбогдуулан шүүх “... контрактын гэрээний хугацаа үргэлжилж байсан болох нь тогтоогдсон, контрактын хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн ... хариуцагч ... үйл ажиллагааны зардлыг хэтрүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх зөрчил гарсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь захиргааны акт бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, ... нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөс өмнө зөрчил гаргасан эсэхийг хангалттай баримтаар тогтоолгүйгээр шийдвэр гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан эсэхийг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй ... “гэрээ дүгнэх” асуудлыг урьдчилж шийдвэрлэсний эцэст гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан байхад шууд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, ... контрактын эцсийн үр дүн бодитоор гараагүй, контрактаар хүлээсэн үүрэг бодитой биелсэн эсэх талаар дүгнээгүй атлаа нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн ... нэхэмжлэгч шуурхай зөвлөгөөн тасалж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ирцийн бүртгэлийн дэвтэр хэргийн оролцогчийн тайлбар зэргээр тогтоогдсон ... нэхэмжлэгчийг эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг зөрчсөн ... маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй ... үндэслэлүүдээр маргаан бүхий захирамж хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал бий болсныг бодитоор тогтоогоогүйн улмаас маргаан бүхий Б/112 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай, мөн хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 30.1.11-д “хууль тогтоомжид заасан бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг Хуралтай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хэсгийн 2/-т “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох”, 3/-д “орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын Тэргүүлэгчдэд оруулах” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь орон нутгийн өмчит хуулийн этгээд буюу “орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын эрх баригч /дарга/-ийг томилох, өөрчлөх тохиолдолд энэ талаарх саналаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд оруулж, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргахаар байна.
Хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэлд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийн өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөн талаар огт тусгагдаагүй, хариуцагчийн хариу тайлбарт дурдагдаагүй, хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүйгээс үзвэл маргаан бүхий акт хууль бус болохыг давхар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хариуцагч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0494 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3/, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.7, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ыг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1 сар 30 хоногийн цалин 2,004,580 /хоёр сая дөрвөн мянга таван зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ