Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2024/00008

 

 

2024 оны 7 дугаар сарын 08        Дугаар 213/МА2024/00008                      Номгон баг

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн иргэний  хэргийн  шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 131/ШШ2024/00475 дугаар шийдвэртэй,

*******ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах  журмаар гаргасан үндэслэн шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 15.00 цагийн цагийн орчимд  Анурад төвийн үүдэнд ******* ******* улсын дугаартай Passo нэртэй шар өнгийн машин ухарч миний Prius-41 маркийн саарал өнгийн машиныг хүчтэй мөргөж хохирол учруулсан.

1.2. Улмаар цагдаад дуудлага өгч Энх-Нахиа ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн боловч зах зээлийн дундаж үнэлгээ 610,000 төгрөг гэж үнэлэн тухайн мөнгийг хариуцагч миний дансанд шилжүүлсэн.

1.3. Баянхонгор аймагт машины будаг засвар муу, чанаргүй хийдэг тул Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн вьетнам авто засварт засуулсан засварын зардал 1,000,000 төгрөг ба засварлах хугацаа 4 хоног болсон бөгөөд надаас бодит хохирол 1,500,000 төгрөг гарсан.

1.4. Миний машин 2019 онд үйлдвэрлэсэн Монголд орж ирээд 2 сар явж байгаа хамгийн залуу онтой 44,000,000 төгрөгийн үнэтэй. Өөрийн эд хөрөнгөөрөө хохирсондоо гомдолтой байна.

1.5. Иймд хоёр талын  шатахууны зардал 300,000/А92/ төгрөг, Вьетнам засварын зардлын зөрүү 390,000 төгрөг, хотод 4 хонох буудлын үнэ 4х150,000 буюу 600,000 төгрөг, хот доторх такси, унааны төлбөр 80,000, хоол унд 130,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хариу тайлбар, татгалзлын тайлбарын агуулга:

2.1. Миний бие нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед бид хоёр Д.Энхжаргал гэх үнэлгээчин дээр очиж гаргуулахад машины эвдрэлийг 530,000 төгрөгөөр үнэлсэн энэ үнэлгээг ******* хүлээн зөвшөөрөхгүй гээд цагдаагийн 2 давхар дээр байдаг Энх нахиа ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Шинжээч машины нийт засвар үйлчилгээг 610,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээ өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа болно.

2.2. Хариуцагчийн хувьд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч тухайн зөрчилдөө шийтгэлээ хүлээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Энх нахиа ХХК-ийг шинжээчээр томилж 610,000 төгрөгийн бодит хохирол гэж гарсан бөгөөд тухайн хохирлоо нөхөн төлсөн байгаа.

2.3. Нэхэмжлэгч нь тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж болох байсан.

2.4. Гэтэл нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй. Бодит хохирлыг бүхэлд нь төлсөн болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ээс хохирлын 1,500,000 төгрөг гаргуулах *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Миний машин 2019 онд үйлдвэрлэсэн Монголд орж ирээд 2 сар явж байгаа хамгийн залуу онтой машин, хариуцагчийн үйлдлээс болж  машины зах зээлийн үнэлгээ буурч байгаад гомдолтой байна. Надаа  өгсөн нотлох баримтуудаа би шүүхэд гаргаж өгсөн.

4.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.3. “Энх-нахиа” үнэлгээний газраас миний машинд хийх засвар үйлчилгээг үнэлэхдээ 610,000 төгрөг гэж үнэлсэн боловч бодит байдал дээр надаас 1,500,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ ямар холбоотой хохирол вэ гэхээр миний машины эвдрэл нь машины их бие  буюу  кабиндаа /тээврийн хэрэгслийн үндсэн их бие/ учирсан гэмтэл байсан учир  үнэлгээний үнэлснээс  их зардал гарсан. Их биедээ ороогүй гэмтэл байсан бол үнэлгээчний үнэлснээр  засвар хийх үндэслэл нөхцөл байж болох байсан байх. Гэтэл үндсэн рам нь  гэмтсэн учраас  үндсэн рамаа тэгшлэхтэй холбоотой ажиллагаа их орж зардал  их гарсан. Рам засварлахтай  холбоотой Баянхонгор аймагт ийм засвар хийдэг газар байхгүй  байсан учраас Улаанбаатар хот руу авч явах, засвар хийгдэж дуусахыг хүлээхтэй холбоотой зардал улам нэмэгдсэн.

4.4. Энэ холбоотой гарсан зардлын баримтаа шүүхэд өгсөөр байтал нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Би засвар хийлгэсэн баримтаа  гаргаж, засвар хийлгэх хугацаандаа буудалд бууснаа тайлбарлаж өгөхөөс илүүгээр өөрөөр яаж нотлох  ёстой вэ? Цагдаагийн газраас шүүхэд хандаад  засвар хийлгэсэн зардлаа  гаргуулж болно гэж тайлбарлаж байсан ч шүүх иргэн хүний хохирлыг тоож авч  хэрэгсэхгүй байгаа нь буруутай этгээдийг хаацайлсан шударга ёс гэж байхгүй ийм нийгэм болжээ гэж харамсаж байна. Миний хувьд ямар ч үндэслэлгүй мөнгө төгрөг нэхэмжлээгүй бөгөөд гарсан бодит зардлаа л нэхэмжилсэн.

4.5. Иймд анхан шатны шүүхийн 131/ШШ2024/00475 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож иргэн надад учирсан хохирлыг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: миний машин 2019 оны  хамгийн сүүлийн онтой машин.Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас машины зах зээлийн үнэ буурч, сэв суусанд харамсаж байна. Тухайн шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөөгүй, байцаагч намайг наад хүн чин хөдөө  мал нь эзгүй хэцүү байна. Чи дараа баримтаа гаргаад шүүхээр нэхэмжилж болно гэж хэлсэн. Би машины Улаанбаатар хотод очиж засуулахад 1,000,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч надаа 610,000 төгрөгийг төлсөн бөгөөд зөрүү төлбөр болох 390,000 төгрөг, Баянхонгор Улаанбаатар хотын хооронд явсан шатахууны зардал, зочид буудлын болон хоол хүнсний төлбөр нийлээд 1,500,000 төгрөгийн бодит хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн. Вьетнам засварын газар  надаа өгсөн баримтыг  болон бусад е/баримтуудыг би шүүхэд өгсөн. Надаа өмгөөлөгч авах мөнгө байхгүй. Миний бодит хохирлыг гаргаж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан  татгалзал, тайлбарын агуулга: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч шинжээчийн дүгнэлтийн дагуу 610,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Өөрөө 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдаж жолоочийн 2 оноогоо хасуулсан. Хэрэгт авагдсан баримтууд огноо байхгүй нэр бичигдээгүй, хэн хаана үйлчлүүлсэн нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

2. Нэхэмжлэгч *******  нь хариуцагч Түмэндэмбэрэлд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хөрөнгийн үнэлгээний шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс илүү мөнгө нэхэмжилсэн, нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.

3.1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ “…2024 оны 3 дугаар 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах ******* худалдааны төвийн гадаа хариуцагч ******* нь passo маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ миний эзэмшлийн приус 41 маркийн ******* *******  улсын дугаартай машины арын хэсгийг мөргөж сэвтүүлсэн, Баянхонгор аймгийн засварын газрын будаг, чанаргүй засвар муу хийдэг тул би Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн Вьетнам засварын газарт авто засвар хийлгэсэн  засварын зөрүү төлбөр,  хүнс, зочид буудлын төлбөр,шатахууны зардал, зэрэг нийт 1,500,000 төгрөгийн  хариуцагчаас гаргуулна...” гэж тайлбарлан вьетнам авто засварын үйлчилгээний хуудас, төлбөр төлсөн Е/баримтууд, гэрэл зургийг шүүхэд гарган өгчээ. /хх-72-74/

3.2. Хариуцагч ******* нь 2024 оны 3 дугаар 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах ******* худалдааны төвийн гадаа раsso маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохоор ухрах үйлдэл хийхдээ *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохролд 610,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 100,000 төгрөгөөр торгуулах шийтгэвэр хүлээж, жолоочийн 2 оноо хасуулсан үйл баримтад  талууд маргаагүй байна.

3.3. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоожээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлд зааснаар  үнэлж чадаагүйн улмаас  шүүхийн шийдвэр  энэ хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасан шаардлагад  нийцээгүй байна. Иймд дараах үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглах явцад буюу ухрах үйлдэл хийхдээ нэхэмжлэгчийн автомашины ар талыг мөргөж хохирол учруулсан, хохиролд 610,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, дээрх үйлдлийн улмаас хариуцагч захиргааны арга хэмжээ  хүлээсэн болох нь тогтоогдож байна.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан бол буруутай этгээд хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Энэхүү хохирол нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байх учиртай.

6.1. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг.

6.2. Мөн үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа автомашинд учирсан эвдрэл, хохирлыг үнэлгээний байгууллага тогтоох боловч дээрх эвдрэл, гэмтлийг сэргээх, засан сайжруулахад гарсан зардал бодит хохиролд тооцогдох тул хариуцагч нь нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирлыг төлөх учиртай.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан дээрх алдааг залруулж, Энх-Нахиа ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, вьетнам авто засварт төлсөн зөрүү төлбөрт 390,000 төгрөг, Улаанбаатар хотын Очир-титэм зочид буудлын төлбөрт 400,000 төгрөг, шатахууны зардалд 255,600 төгрөгийг төлсөн зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирол болох 635,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

8. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үнэн, зөв гэж үнэлэх тул “... вьетнам авто засварын үйлчилгээний хуудаст огноо бичигдээгүй, зам тээврийн ослын бодит хохирлын зардлыг төлсөн, шинжээчийн дүгнэлтээс илүү мөнгө шаардсан...” гэх хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзал үндэслэлгүй.

9. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтыг баримталсан нь оновчгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

10. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, шийдвэрт тусгасан байна.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 131/ШТ2024/00013 дугаар шийдвэрийн 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 635,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 864,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 38,950 гэснийг 25,296 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ГАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ

             ШҮҮГЧ                               Ч.БАЯРЦЭНГЭЛ