Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
Хэргийн индекс | 204/2024/00015 |
Дугаар | 204/МА2024/00019 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 204/МА2024/00019
С.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00160 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Б-д холбогдох,
Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2,930,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч С.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ц-ийн үндсэн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний төрсөн дүү С.Атэй Г.Б 2018 оноос 2022 оны 3, 4 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан.
Гэтэл Г.Б 02 жилийн хугацаанд Э.У гэдэг хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, манай дүүгийн биед халдсан байсан. Харин би сүүлд энэ талаар шүүхийн тогтоол дээрээс мэдэж авсан.
Урд нь ганц нэг маргаан байсан ч тэр үедээ эвлэрэх байх гэж бодсон. Сүүлд тэр тогтоол дээр бие биедээ халдаж зодсон талаар мэдээд бэлэглэлийн гэрээгээ цуцлуулахаар хүсэлт гаргасан.
Тэрнээс гадна Г.Б намайг санаатайгаар өдөж эрүүгийн хэрэгтэн болгосон. Тэр баримтаа бас хавсарган шүүхэд өгсөн. Дээр нь намайг хөөрөг авсан гэж гүтгэж байна. Ганц намайг биш манай хотод байдаг дүүг шүхрээр цохисон гэж байсан. Урд нь намайг гар утас авсан гэснээ дараа нь өөрөө олчихлоо гэж байсан.
Манай гэр бүлийнхнийг удаа дараа гүтгэж, миний дүү С.А бид хоёрыг хамт хөөрөг очиж авсан гэж гүтгэж байна. Би бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн газраа буцааж авмаар байна.
Манай дүүгээр тэжээлгэж амьдардаг, 100 төгрөг ч гаргаж үзээгүй, би энэ хүнээс 100 төгрөг авч үзээгүй. Манай аав тухайн үед амьд байсан бөгөөд болж бүтээд амьдраад болох байх гэж бодоод бэлэглэлийн гэрээгээр газраа шилжүүлсэн. Бүх юмандаа тохиролцох гээд намайг хөөрөг авсан гэж гүтгээд байгаад би гомдолтой байна. Би нэр төрөө сэргээлгэж авна гэжээ.
2. Хариуцагч Г.Б-ийн үндсэн нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Тухайн үед худалдан авах гэрээ биш бэлэглэлийн гэрээ хийсэн. Татварын мөнгө болох 40,000 төгрөг төлж чадахгүй бэлэглэлийн гэрээ хийчихье, хөөрөгнүүдийг чинь өгч чадахгүй зарчихсан гэсэн зүйл надад ярьсан.
Би түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч Г.Б-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хөөргийг чиний газрын үнэд төлсөн тэгээд нэхэмжилсэн. Тухайн үед хөөрөг хийдэг газар С.А, С.Ц нар орж ирэхэд орон дээр би сууж байсан бөгөөд н.Б, Д.С нар байсан. Тэр хоёр хүн хөөрөг хийдэг, би өнгөлдөг байсан. Бид гурав данс нэгтэй, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс.
Тухайн үед сэйфэнд 13, 14 орчим хөөрөг байсан бөгөөд ширээн дээр гаргаж тавиад С.Ц, С.А хоёрт үзүүлсэн. Тэгээд энийг нөхөртөө өгье, энийг эгчдээ өгье, энийг ахдаа өгье гээд 3 хөөрөг авсан. Ногоон чүнчиг норов, будаатай чүнчиг, тархи мана гээд 3-н хөөргийг авч байсан. 2020 оны 02 дугаар сард цагаан сар дөхөж байсан. Тэгээд С.Ц-аас мөнгөө өгөх гэж байна уу гэхэд чи манай дүүтэй амьдарч байгаа юм чинь гээл яваад байсан. Тэгээд сүүлдээ хөөргийг чинь зарсан, чамд өгөх мөнгө одоохондоо алга гээд яваад байсан. Тэгсэн нэг өдөр л чиний хөөрөгний оронд ерөөсөө газраа шилжүүлчихье гээд нотариатын газар очоод А.Т гэдэг хүн дээр газраа шилжүүлсэн. Худалдан авах гэрээ хийе гэхэд наад хөөрөгний чинь үнийг мэдэхгүй юм чинь хоёулаа нийлээд ийм гэрээ хийчихье гэсэн. Тэгээд өнөөдөр ийм асуудалд орчихсон явж байна.
3 хөөрөг бол тухайн үед байсан 13, 14 хөөргөнөөс сонгоод аваад явсан. Одоо бол намайг хөөрөг хийдэггүй гэж яриад байгаа. Би 2014 онд гар урлалаар сургууль төгссөн. Гар урлал чиглэлээр юм хийдэг, хөөрөгнөөс гадна бэлэг дурсгалын зүйл хийдэг.
Иймд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн 2223 тоот гэрээг хүчингүй болгож, хөөрөгний үнэлгээний дагуу 2,850,000 төгрөг, үнэлгээний хураамж 80,000 төгрөг, нийт 2,930,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч С.Ц-ийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Би тэр хөөргийг харж байгаагүй, өөрөө хөөрөг сонирхдоггүй, 40,000 төгрөг төлөөд авч чадаагүйгээс бэлэглэлийн гэрээ хийсэн гэж яриад байна.
Би хувиараа бизнес эрхэлдэг, ямар хэмжээний орлого олдог талаар миний дансны хуулгыг үзэж болно. Энэ хүн өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэчихээд тэрэндээ гэмшихгүй байж гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнээ гэрчээр оролцуулж, миний бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн газрыг өгөх ёстой журмын дагуу өгөхгүй, хүнийг гурван хөөргөн дээр гүтгэж байгаа нь шүүх битгий хэл надад мэдэгдэж байна. Яагаад гэвэл хөөргөний асуудал дээр гэрч авчрахад би огт харж байгаагүй хүн авч ирж намайг гүтгэсэн. Мөн тухайн үед 18-н хөөрөг гэж ярьснаа одоо 13, 14-н хөөрөг гэсэн, тэр хөөргийг хүн дагуулж ирж надаас авсан гэж ярьснаа одоо би өөрөө хийдэг гэж ярилаа. Манай дүүтэй хамт амьдарч байх хугацаанд Г.Б-ийг хөөрөг хийдэг байсан, хөөрөг зардаг байсан талаар харж байгаагүй.
Тэр гэрчээр орсон хүн нь намайг гүтгэсэн, тэр хүний нэрийг, царайг ч харж байгаагүй хүн байсан, тэр хүнээс та ямар урлантай, хаана байдаг талаар асуусан. Та бүхэн тэр гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад үзнэ байх. Тэр мэдүүлэг дээр Г.Б-ийн анхны өгсөн нэхэмжлэл дээр би бараандаа явах гээд байж байсан гэсэн. 2020 онд корона вирус гарсан, цагаан сар болох гэж байсан. Миний гадаад паспорт гэрчилнэ. 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш би гадагшаа гараагүй. Намайг өөрсдөө өдөж зохион байгуулалттайгаар эрүүгийн хэрэгт унагаж, ээж, дүүг маань эрүүгийн хэрэгтэн болгочихсонд гомдолтой байна. Би шкафаа эвдүүлсэн гэж хамааралгүй юм ярьж байгаа Г.Б-д гомдолтой байна. Гэрчээр асуулгасан хүн, энэ хүний ярьж байгаа бүх зүйл худлаа байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Д.С гэдэг хүнд гомдол гаргаж нэр хүндээ сэргээлгэж авна гэсэн бодолтой байна. Манай дүүг бас хамт авсан гэсэн. Би тийм хөөрөг аваагүй. Интернэтээс татсан ч юм билүү хаанаас тийм зураг олоод ирсэн юм мэдэхгүй.
Иймд 2,930,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Г.Б-д холбогдуулж 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22, 23 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэрээг хүчингүй болгуулах үндэслэл шаардлага нь бол бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан. Мөн төрсөн дүү С.А-ийн биед хохирол учруулсан байна гэдэг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна гэж үзсэн.
Мөн хоорондын хувийн таарамжгүй харилцаа болон хохирогчийг бас зориуд өдөх шалтгаан байдлаас болоод эрүүгийн хэрэгт холбогдож, тухайн эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн асуудал үүссэн байгаа. Энэ бол бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурьт бол ноцтой нөлөөлөх үйлдэл байсан гэж үзэж байгаа. 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бэлэглэгч нь газраа бэлэглэсэн. Бэлэг хүлээн авагч нь түүний төрсөн дүү болох С.А-ийн эрүүл мэндэд хохирол учруулж, шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлсэн. Энэ нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон, түүний төрсөн дүүгийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэдэг нь тогтоогдож байгаа.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж энэ бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож *** дүгээр багийн *** тоотын газрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.Ц-д олгож өгнө үү гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын тайлбарын агуулга: С.Ц нь Г.Б-оос 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод байрлах 496м2 газрыг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар уг газрыг Г.Б-д шилжүүлсэн буюу бэлэглэсэн байгаа. Гэрээний дагуу газрыг шилжүүлсэн. Г.Б нь газрыг аваагүй талаар маргаан байхгүй, газрыг авсан. Авахдаа тодорхой хэмжээний эд хөрөнгийн төлбөрийн хариу төлбөрт авсан гэдэг тайлбарыг хэлж байгаа. Энэ талаар хэрэгт баримтууд байгаа.
Бэлэглэгчийг гомдоосон гэдэг асуудал нь өөрийг нь гомдоосон, бэлэглэгчийн ойр дотнын хүн, төрөл садны хүний эрүүл мэнд амь настай холбоотой хохирол учирсан байх юм бол гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй. Тэгэхээр С.Ц нь өөрийн дүүд нь эрүүл мэндэл хохирол учруулсан гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байгаа.
Эдгээрээс үзэхэд маргаан эдгээр хүмүүсийн хооронд гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа боловч энэ үйлдлээ таслан зогсоохгүй үргэлжлээд Г.Б руу ээжтэйгээ, дүүтэйгээ, дайрсан. Ийм олон үйлдэл гаргаж өөрсдөө эрх зүйн байдлаа дордуулж, арга хэмжээ авахуулдаг ийм үйлдлүүд байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн ёс зүйн байдал тодорхой харагдаж байна.
Өмгөөлөгчийн хувьд бэлэглэлийн гэрээний энэ асуудал дээр ямар нэгэн хохиролтой гэж үзэхийн хажуугаар хуульд нэгтгэн зөвшөөрсөн ямар нэгэн зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй, ямар ч буруугүй тохиолдолд хэрэглэх зохицуулалт байхгүй гэж би харж байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн дүүг гомдоосон гэдэгт С.А нь Г.Б-ийн эхнэрийг зодож хохироож байсан. С.Ц мөн зодож гэмтэл учруулсан талаарх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэв.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт зааснаар С.Ц-ийн гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хөөрөгний үнэ болон үнэлгээний зардал нийт 2,930,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,780 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгч С.Ц-ийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 160 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
С.Ц нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн төрсөн дүү С.А-тэй тухайн үед хамтран амьдарч байсан Г.Б-д өөрийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг, ***, *** тоотод байрлах 456 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бэлэглэлийн гэрээ байгуулан бэлэглэсэн. Тухайн үед дүүтэй маань хамт амьдарч байсан болохоор цаашдаа өөрсдөө эзэмшээд явах байх гэж бодоод бэлэглэсэн. Гэтэл Г.Б нь миний төрсөн дүү С.А-ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж улмаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн гэдгийг 2023 оны 4 дүгээр сарын дундуур мэдсэн. Мөн Г.Б нь манай дүүгээс салж өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон.
Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн цаг мөчийг ойлгодог. Өөрөөр хэлбэл С.Ц нь 2023 оны 4 дүгээр сард Г.Б төрсөн дүү С.А-ийг зодсон болохыг мэдсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч С.Ц нь 2023 оны 4 дүгээр сард дүүгээ Г.Б-д зодуулсан гэдгийг мэдсэн гэсэн тайлбарыг гаргасан. Гэрч С.А мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хууль сануулж өгсөн мэдүүлэгтээ "Манай аав нас бараад удаагүй байсан учраас би гэрийнхнийхээ санааг нь зовоохыг хүсээгүй учраас Г.Б-д зодуулсан гэдгээ гэрийнхэндээ хэлээгүй нуусан” гэж мэдүүлдэг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2223 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** *** тоотод байрлах 456 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Г.Б-оос гаргуулж надад буцаан олгож өгнө үү гэжээ.
9. Нэхэмжлэгч С.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А-ийн мэдүүлэгт тодорхой байгаа. Шийтгэх тогтоол гарсны дараа би энэ талаар мэдсэн. Г.Б манай дүүг их доромжилсон.
Намайг ажлаа хийж байхад Г.Б та надад газраа өгчих, танайх газартай юм байна гээд гуйгаад байсан. Би хөөрөг сонирхдоггүй, манай нөхөр ч мөн хөөрөг барьж үзээгүй, сонирхол ч байхгүй. Би С гэдэг хүнийг танихгүй. Гэтэл намайг авсан болгож гүтгэсэн. Э.У Г.Б-ийг хөөрөг хийж байхыг хараагүй гэсэн зөрүүтэй мэдүүлэг байдаг. Г.Б манай гэр бүлийнхнийг албаар гүтгэж байгаа. Би Монгол Улсын иргэний хувьд газраа ийм хүн чанаргүй, миний дүүгийн амьдралаар 5-н жил тоглосон хүнээс буцааж авмаар байна. Би их гомдолтой байна гэв.
10. Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Ц-ийн дүүтэй хамтран амьдрагч байгаад салсан. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.А манайд ирж агсам согтуу тавьсан байхад гомдож байна гэж байна.
Би 2016 оноос 2024 он хүртэл хөөрөг хийж байна. Энэ хүмүүс надаас 3 хөөрөг авсан. С.Ц-ийн нөхөр Баянхонгор аймгийн зар дээр 5,000,000 төгрөгөөр хөөрөг зарна зар тавьсан байсан. Тухайн үед 13, 14 хөөрөг сейфнээсээ гаргахад С.Ц, С.А хоёр хөөрөг аваад бид нарт бас нэг хөөрөг хэрэгтэй байна гэсэн.
2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Ц, Г 2 манай гэрт ирсэн. Тэгсэн 2 хөөрөг алга болчихсон. С.А манай эхнэрийг заазуурдах гэж байсан. Тэр хэргийг Е цагдаа ирж шалгаж байхад хөөргөө олсон.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ц 2020 онд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь бэлэглэгчийг гомдоосон болон өөрийн төрсөн дүү болох С.А-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэсэн үндэслэлүүдээр гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шаардах эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, шаардах эрхийн хугацаа нь тухайн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэнээс тухайн цаг мөчийг мэдсэнээс нэг жилийн хугацаа тоолдог. Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн, мэдсэн цаг мөчийг ойлгодог. 2023 оны 4 дүгээр сард С.Ц нь Г.Б С.А-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна гэдгийг мэдсэн. Мөн 8 дугаар сард нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд маргаан үүсэж эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үйл баримт байгаа. Гэрч С.А-ийн хууль сануулж өгсөн мэдүүлэгт манай аав нас бараад удаагүй байсан учраас гэрийнхнийхээ санааг зовоохгүй гэж бодоод Г.Б-д зодуулсан гэдгээ нуусан гэдэг. Мөн гэрч Э.У-ийн хууль сануулж өгсөн мэдүүлэгт 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Ц болон Г нар байхгүй байсан гэдэг.
Иймд шаардах эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй учир Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00160 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, газрыг нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
12. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Тухайн үйл баримтыг мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалттай. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болсон үйл баримтыг С.Ц-ийн гэрийнхэн цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн баримтуудаас харагддаг. Гэмт хэрэг болоход С.А, Г.Б, Э.У нар байсан гэдэг нь баримтаар тогтоогдсон. Үүнийг хэзээ мэдсэн гэдэг асуудалд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. С.Ц нь Г.Б-д холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг Г.Б эс зөвшөөрч хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2,930,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Анхан шатны шүүх С.Ц-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай үндсэн нэхэмжлэл, Г.Б-ийн хөөрөгний үнэ болон үнэлгээний зардал нийт 2,930,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3. С.Ц нь төрсөн дүү С.А-ийг Г.Б зодсон талаар 2023 оны 4 дүгээр сард мэдсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
4. С.Ц нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг, *** *** тоотод байрлах 456 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Г.Б-д бэлэглэн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн №2223 дугаартай гэрээ байгуулан гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн зэрэг нь Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, газар өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 06, 106/-аар нотлогдсон.
Мөн Г.Б 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 09-24/-аар, С.А С.Ц-ийн дүү болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** дүгээр төрөл садангийн лавлагаа /хх-ийн 08/-гаар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.2-т зааснаар бэлэг хүлээн авагч Г.Б нь бэлэглэгч С.Ц-ийн төрсөн дүү С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул бэлэглэгч С.Ц бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагч Г.Б-оос шаардах эрхтэй байна.
5. Гэтэл анхан шатны шүүх “...С.Ц ... 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болсон үйл явдлыг ... 2023 оны 4 дүгээр сард анх мэдсэн гээд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа ч гэрч С.А-ийн шүүхэд өгсөн мэдүүлэгт 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой цагдаа дээр хүргэн ах буюу С.Ц-ийн нөхөр Б.Г ирж тайлбар өгсөн тухай дурдагдсан ... С.Ц-ийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардах эрх 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн ...” гэж бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэн хугацааг буруу тодорхойлжээ. /хх-ийн 157/
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.
Тиймээс гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй буюу 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэн гэж дүгнэх боломжгүй. Харин С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Г.Бийн гэм буруу нь шүүхийн шийтгэх тогтоол гарснаар буюу 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тогтоогдсон учир үүнээс шаардах эрх үүссэн хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт нийцэх тул С.Ц-ийн 2023 оны 4 дүгээр сард Г.Б нь С.А-ийг зодсон тухай мэдсэн гэх давж заалдах гомдлыг ханган, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №2223 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг, *** тоотод байрлах 456 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Г.Б-оос гаргуулан бэлэглэгч С.Ц-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
6. Г.Б 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн №2223 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 2,930,000 гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган /хх-ийн 40/ маргасан талаар Г.Б болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбар гарган тодруулжээ.
Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч ... бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж мараагүй...” гэж буруу дүгнэн, шийдвэрийн тогтоох хэсэгт энэ шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүх залруулан шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.
Г.Б 03 ширхэг хөөрөг С.Ц-д худалдан, түүний газрыг хөөрөгний үнэ болгож авсан, С.Ц үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар 40,000 төгрөг төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн гэрч нарын мэдүүлгийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 03 ширхэг хөөрөгний үнэ 2,930,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Харин хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийсэн /хх-ийн 156/ боловч тогтоох хэсэгт шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т зааснаар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №2223 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулав.
7. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-оос 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгож, хариуцагч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,780 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ц-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:
а/. 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.2-т зааснаар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №2223 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг, *** тоотод байрлах 456 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Г.Б-оос гаргуулан бэлэглэгч С.Ц-д олгосугай” гэж,
б/. 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т зааснаар хөөрөгний үнэ болон үнэлгээний зардал нийт 2,930,000 төгрөг гаргуулах, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №2223 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
в/. 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-оос 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгож, хариуцагч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,780 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ц-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ