Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1989 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн,  27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Номун 3 дугаар баг 2-12 тоотод оршин суух, Тариа овгийн Мардааны Наранцацрал /РД:МП89050903/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч  мэргэжилтэй, хувиараа аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, дэнжийн 10 гудамж 357 тоотод оршин суух, Урианхан овгийн Цэнд-Аюушийн Оргилбаатар /РД:УД90052531/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Наранцацрал, хариуцагч Ц.Оргилбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Наранцацрал шүүхэд  гаргасан  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа:  Би нөхөр Ц.Оргилбаатартай 2010 онд танилцан, 2011 онд гэрлэлтээ батлуулсан. Би хүү О.Гарьдмагнайг 2012 оны 9 дүгээр сарын 20-ны  өдөр төрүүлсэн. 2013 оноос хойш бидний дунд үл ойлголцол бий болж, таарч тохирохоо больсон. Би тухайн үед хотод ажилладаг байсан болохоор гэртээ цаг зав бага гаргадаг байснаас хэрүүл үүсдэг байсан. Ингээд бид тус тусдаа амьдрах болсон. Хүүг маань хадам эх харж ханддаг байсан болохоор дассан хүнээс нь салгаад яахав гэж бодоод эцэгт нь үлдээсэн. Ер нь гэрлэлт цуцлах шалтгаан надаас болсон. Би эхнэр, эх хүнийхээ  үүргээ биелүүлдэггүй байснаа ойлгосон.

Бид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны шатанд эвлэрэх гэж уулзсан болов ч хэн хэн нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон байсан тул эв зүйгээрээ салахаар шийдсэн. Бид энэ хугацаанд эр, эмийн харьцаатай байгаагүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Харин бид ярилцаад хүү О.Гарьдмагнайг эцэг Ц.Оргилбаатарын асрамжид үлдээхээр болсон ба хүүхдийн тэтгэлэг төлнө. Учир нь одоогоор би өөрийн гэсэн гэр оронгүй байгаа тул хүүхдээ аваад явж чадахгүй, мөн ээнэгшиж дассан орон гэрээс нь холдуулаад яахав гэж бодож байна. Гэхдээ би хүүтэйгээ уулзаж, бусад зүйлд нь өөрийн чадах хэмжээнд тусалж дэмжиж байх болно. Бид хуваах хөрөнгөгүй тул эд хөрөнгийн хувьд маргаангүй гэв.

Хариуцагч Ц.Оргилбаатар шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2010 онд М.Наранцацралтай танилцаж, 2012 онд гэр бүл болж, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүү О.Гарьдмагнай төрсөн. Эхнэр бид хоёр зан харилцааны хувьд таарч тохирдоггүй, байнга хэрүүл маргаантай байсан. Мөн тэрээр гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй байсан. Иймд 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон. Би хүүгээ өөрийн асрамжид авч өнөөдрийг хүртэл асран хүмүүжүүлж байна. Цаашид ч хүүгийнхээ төлөө зүтгэж амьдрах болно.

Харин М.Наранцацралтай хамтран амьдрах хүсэлгүй, түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Мөн хүү О.Гарьдмагнайг өөрийн асрамжид авч, эх М.Наранцацралаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна байна гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Наранцацрал хариуцагч Ц.Оргилбаатараас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Оргилбаатар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэгч М.Наранцацрал, хариуцагч Ц.Оргилбаатар нарын гэрлэлтийг цуцалж, хүү О.Гарьдмагнайг эцэг Ч.Оргилбаатарын асрамжинд үлдээж, нэхэмжлэгчээс амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж хүү О.Гарьдмагнайг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар  шийдвэрлэнэ.

Иймд гэрлэгчид бага насны хүүхэдтэй байх тул нэхэмжлэгч М.Наранцацрал гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй байна.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл: нэхэмжлэгч М.Наранцацрал хариуцагч Ц.Оргилбаатартай 2010 онд танилцаж, 2011 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас хүү О.Гарьдмагнай 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, гэрлэгчид 2013 оноос хойш тусдаа амьдрах хугацаанд хүү О.Гарьдмагнай эцэг Ц.Оргилбаатарын асрамжид эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь гэрлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн гэрлэлтийн баталгааны лавлагаа, хүүхдийн №155/58-г дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн “...хүү О.Гарьдмагнай эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-3-6/

Нэхэмжлэгч М.Наранцацрал хариуцагч Ц.Оргилбаатараас гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...2013 оноос хойш бидний дунд үл ойлголцол бий болж, таарч тохирохоо больсон. Одоо би бие гэх хайр сэтгэлгүй” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч Ц.Оргилбаатар “...М.Наранцацрал гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй байсан. Мөн бид зан харьцааны хувьд таарч тохирдоггүй, ...одоо түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг   бүрдүүлэх,   хэн   нэгнийхээ  эрхийг   зөрчихгүй   байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах 3 жилийн  хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх хүсэлгүй байгаагаас гадна тэдний гэрлэлтийг цуцлахыг хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч М.Наранцацрал, хариуцагч Ц.Оргилбаатар нарыг цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эцэг, эхийн амьдралын нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл эцэг  Ц.Оргилбаатарын ажил хөдөлмөр эрхлэн цалин орлоготой байгаа, үр хүүхдэдээ тавих анхаарал, халамж хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар   хангасан  байдал нь эх М.Наранцацралаас илүү байгаагаас гадна хүүхэд өнөөдрийг хүртэл эцгийн асрамжид, ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү О.Гарьдмагнайг эцэг Ц.Оргилбаатарын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Наранцацрал бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх М.Наранцацралаас сар бүр тэтгэлэг гаргуулж  хүү О.Гарьдмагнайг  тэжээн  тэтгүүлэхээр

шийдвэрлэв. Харин нэхэмжлэгч М.Наранцацрал цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Хариуцагч Ц.Оргилбаатар хүү О.Гарьдмагнайд  зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч М.Наранцацрал зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Нэхэмжлэгч М.Наранцацрал шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг хуулиар хүлээж байгаа болно.

Зохигчид гэрлэснээс хойшхи хугацаанд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө байхгүй гэсэн тул эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин нэхэмжлэгч М.Наранцацралаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /11 нас хүртлэх хүүхдэд төлөгдөх тэтгэлэгийн хэмжээг Засгийн газраас тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшин 185.400 төгрөгийн 50 хувийг нэг хүүхдэд 12 сарын хугацаанд өгөхөөр/ тооцож гаргасан 1.112.400 төгрөгийн үнийн дүнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу ноогдуулсан 31.248 төгрөгийг улсын төсвийн данс /ХААН банкны 5749909359/-нд төлүүлж, хариуцагч Ц.Оргилбаатараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Наранцацралд олгохоор тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Тариа овгийн Мардааны Наранцацрал, хариуцагч Урианхан овгийн Цэнд-Аюушийн Оргилбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү О.Гарьдмагнайг эцэг Ц.Оргилбаатарын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү О.Гарьдмагнайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар О.Гарьдмагнайг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх М.Наранцацралаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Наранцацрал цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Наранцацрал шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

6. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

7. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57  дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.Наранцацралын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оргилбаатараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Наранцацралд олгож, нэхэмжлэгч М.Наранцацралаас 31.248 /гучин нэгэн хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ихэрбаярт даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

                            

ДАРГАЛАГЧ                                   З.ТҮВШИНТӨГС