Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 204/МА2024/00021

 

 

Ц.Л-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 145/ШШ2024/00218 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Л-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ш-т холбогдох,

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Л, хариуцагч Ц.Ш, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Л-ы нэхэмжлэлийн агуулга: Миний бие Ц.Ш-той 2020 онд танилцан 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин Л.Н-ийг төрүүлсэн.

Гэтэл бид хоёр 2023 оны 11 дүгээр сараас хойш таарч тохирохоо больж тусдаа амьдрах болсон. Хамтран амьдар хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учраас охин Л.Н-ийг өөрийн нэрээр овоглосон юм.

Иймд охин Л.Н-ийн эцэг Ц.Ш мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Ш-ийн хариу тайлбарын агуулга: Миний бие Ц.Л-тай 2020 онд танилцан 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охинтой болсон. Би шинжээч томилуулахгүй хүүхдийн тэтгэлгээ сар бүр төлж явна.

Иймд охин Л.Н-тэй 7 хоногт 2 удаа уулзуулж байхыг хүсэж байна. Ц.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний Ц.Ш гэсэн фэйсбүүк хаягийг хакердаж авсан тул энэ хаягийг бас буцааж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Л.Н-ийн эцэг нь Ц.Ш мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар Л.Н-ийг эх Ц.Л-ы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Л.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Ш-оос тэжээн тэтгүүлэхээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Ш-оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. нь:

4. Хариуцагч Ц.Ш-ийн давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч би нэхэмжлэгч Ц.Л-тай тусдаа амьдарснаас хойш буюу 2023 оны 9 дүгээр сараас хойш хүүхэдтэйгээ уулзаагүй, уулзах гэхээр чиний хүүхэд биш, чи хэзээ хүүхэдтэй байсан юм гэх мэтчилэн янз бүрийн шалтаг хэлж өдийг хүртэл уулзуулахгүй байна. Шүүх хурал болсны дараа мөн уулзуулахгүй болохоор нь шийдвэр гүйцэтгэлээр албадан уулзуулах хүсэлт гаргахаар зөвлөгөө авахад Гэр бүлийн тухай хуульд хэн нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахгүй байх гэж шүүхийн шийдвэрт заагаагүй учир гүйцэтгэх хуудас бичих боломжгүй байна гэсэн.

Иймд шүүхийн шийдвэрт хариуцагч үүргээ биелүүлэхэд нэхэмжлэгч саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид сануулсан талаар заалт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ц.Л-ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажилтай байдаг болохоор Ц.Ш-ийг охинтойгоо ирээд уулз гэж хэлдэг. Чи өөрөө ирж уулзахгүй бол би хүүхдийг чиний байгаа газарт хүргэж өгч чадахгүй гэдэг. Ц.Ш өөрөө охинтойгоо уулзах гэж ганц ч удаа ирээгүй. Ц.Ш намайг шүүхэд өргөдөл өгснөөс хойш миний биед халдсан. Анхан шатны шүүх хуралдаанд би хүүхдээ уулзуулмаар гэсэн. Ц.Ш намайг байнга дарамталж, элдэв бусаар хараадаг. Энэ хүн 2023 оны 11 дүгээр сард явснаасаа хойш хүүхэд дээрээ ганц ч удаа уулзаагүй. Миний амьдарч байгаа газрыг мэдэж байгаа, бид хамт тэнд амьдарч байсан. Өөрөө ирээгүй байж шүүх дээр ирэхээрээ намайг хүүхэдтэй уулзуулахгүй яриад байна. Хүүхэдтэйгээ уулзах гэж ирвэл хэн ч уулзуулахгүй гэж хэлэхгүй.

Би анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Би хүүхдээ энэ хүнтэй уулзуулаад баймааргүй байна. Яагаад гэвэл энэ хүн хүчингийн хэрэгт холбогдсон. Тэгэхээр иймэрхүү хэрэгтэй явж байгаа хүнтэй би эмэгтэй хүүхдээ уулзуулаад баймааргүй байна. Намайг байнга дарамт шахалтад оруулж, элдэв бусаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Би хүүхдээ олсон цагаасаа л энэ хүнд дарамтлуулсан. 2022 оны 10 дугаар сард наад хүүхэд чинь миний хүүхэд биш гэж хэлж байсан. Хүүхдээ гаргаад хоёр хонож байхад намайг зодчихоод явсан. Тэрнээс хойш бидний харилцаа сайн байгаагүй. Энэ хүн анхнаасаа хүүхэдтэйгээ уулзах хүсэлтэй, миний хүүхэд гэж хүлээн зөвшөөрч байсан бол өнөөдөр эцэг байх эрхээ хязгаарлуулахгүйгээр үр хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээгээд явах ёстой байсан. Ц.Ш намайг жирэмсэн байх хугацаанд, төрснөөс хойш өдий хүртэлх хугацаанд хүүхдийнхээ өмнө ямар ч хариуцлага хүлээгээгүй. Намайг үр хүүхдийг нь гаргаж өгсөн байхад янхан, банзлаар нь дуудаж, ээж, эгч, дүү нар нь гэр бүлээрээ байнгын дарамталдаг. Хүчингийн хэрэгтэй явж байгаа хүнтэй хүүхдээ уулзуулаад баймааргүй байна.

Намайг олон нийтийн сүлжээнд янхан банзлаар нь оруулсан бичлэг хэд хэдэн удаа тавьсан. Энэ хэргээр нь шүүхэд өгчихсөн байгаа. Намайг 11 дүгээр хороололд найзындаа ирэхэд хүүхэдтэйгээ нэг удаа уулзсан. Үүнийг манай найз гэрчилнэ. Тэгэхэд намайг татаж чангааж унагаагаад гар хуруугаа хүртэл өвтгөж, шүүхээр орж 10 хоногийн баривчилгаанд орсон. Би одоо ганц бие хүүхдээ тэжээгээд явж байна. Би хүүхдээ уулзуулаад байхыг үнэндээ хүсэхгүй байна. Анх эцэг нь юм чинь үр хүүхэдтэйгээ уулзаж байх хэрэгтэй гэж боддог байсан. Энэ хүн өөрийнхөө гадуур дотуурх амьдралаа зохицуулж байх ёстой гэж бодсон. Би тийм л шаардлагыг тавьж байсан. Баянгол сумын группт миний тухай постуудыг их оруулж байсан. Өөрийнхөө Facebook-т 600,000,000 төгрөгийн хүүхэн авч чадсан гээд л баахан л пост оруулсан. Би хүүхэдтэйгээ уулзуулахгүй гэсэн шийдвэр гаргуулж авмаар байна. Би байнгын дарамттай, нэгийн амиар хоёрыг солино шүү гэж  намайг дарамталдаг. Бас чиний салтаа руу чинь хутга шааж чамайг яаж зовж үхэхийг чинь харна гэж дарамталдаг. Ц.Ш бас элдэв янзаар ална чадна гэсэн чат бичдэг. Тийм болохоор би айдастай, хэзээ хаана энэ хүний гарт үхэх бол гэж айж байна. Би хүүхдээ уулзуулаад баймааргүй байна гэв.

6. Хариуцагч Ц.Ш-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Л намайг охинтой минь уулзуулахгүй байхаар нь шүүхийн шийдвэрээр уулзмаар байна гэж өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Тэгээд Өвөрхангай аймаг сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 145/ШШ2024/00218 дугаар шийдвэрт хэн хэнд нь хүлээлгэсэн үүрэгтээ саад учруулж болохгүй гэсэн зүйлүүд байхгүй, бичигдээгүй байсан учраас албадан гүйцэтгэх ямар ч боломжгүй байна гэсэн.

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 145/ШШ2024/00218 дугаар шийдвэрт хариуцагч нь хүсэлтээ биелүүлэхэд нэхэмжлэгч ямар нэгэн саад учруулж болохгүй гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

1. Ц.Л нь Ц.Ш-т холбогдуулан Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Ц.Ш хүлээн зөвшөөрч маргаагүй байна. /хх-ийн 01, 22/

2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 145/ШШ2024/00218 дугаар шийдвэрээр охин Л.Н-ийн эцэг нь Ц.Ш мөн болохыг тогтоож, Л.Н-ийг эх Ц.Л-ы асрамжид үлдээн, Л.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Ш-оос тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

3. Энэ шийдвэрт Ц.Ш “... шүүхийн шийдвэрт хариуцагч үүргээ биелүүлэхэд нэхэмжлэгч саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид сануулсан талаар заалт оруулж өгнө үү ...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

4. Анхан шатны шүүх “... Ц.Л, Ц.Ш нар төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамт амьдарч байх хугацаанд 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин Л.Н төрсөн, хүүхэд эх Ц.Л-аар овоглодог болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Ц.Ш нь Л.Н-ийг өөрийн төрсөн хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан ...” гэсэн дүгнэлт хийж, үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоож Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ш-ийг охин Л.Н-ийн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар Л.Н-ийг эх Ц.Л-ы асрамжид үлдээн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Л.Н-ийг эцэг Ц.Ш-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. /хх-ийн 35-37/

5. Харин Ц.Ш нь охин Л.Н-тэй уулзах гэхээр Ц.Л уулзуулахгүй байна гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар Ц.Л, Ц.Ш нар охин Л.Н-ийг хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон.

Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын талаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт тусгаагүй байх тул давж заалдах шатны шүүх энэ алдааг өөрийн эрх хэмжээний хүрээнд залруулж, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан, Ц.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Ц.Ш-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахад түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 146/ШШ2024/00218 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Ц.Ш-т, энэ үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг Ц.Л-д тус тус даалгасугай” гэсэн 4 дэх заалт нэмж оруулан, 4, 5, 6 дахь заалтын дугаарлалтыг 5, 6, 7 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ш-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

           ШҮҮГЧИД                            Н.ЭНХМАА

                                                                             Л.НЯМДОРЖ