| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0459/И |
| Дугаар | 449 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 449
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 75 дугаар байр, 59 тоотод оршин суух, Өөлд боржигон овгийн Гаваагийн Билэгт-Эрдэнэ /РД:МЮ87031016/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүргийн 6 дугаар хороо, Эрээний адагийн 03 тоотод оршин суух, Аврага овгийн Бүрэндээгийн Мөнх-Эрдэнэ /РД:ДЮ79091476/-д холбогдох
Орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцлагдсаны улмаас буцаан олгох мөнгө 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгтбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний дүү Г.Билэгт-Эрдэнэ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хорго” хотхонд байр захиалж, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Би Жи Си Би” ХХК-тай гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг бэлнээр тушаасан. Гэтэл гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад оролгүй 2 жил өнгөрсөн ба цаашид баригдах боломжгүй болсон тул 1.000.000 төгрөгийг буцаан авсан. Харин үлдэх 19.000.000 төгрөгийг өгнө гэсэн болов ч өгөөгүй.
Тэгээд Б.Мөнх-Эрдэнэ “Би Жи Си Би” ХХК-ийн захирал учир би компанийн өмнөөс мөнгө төлнө гэж хэлээд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 19.000.000 төгрөгийг 24.000.000 төгрөг болгон буцаан өгнө гэсэн. Хэрэв уг мөнгийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон. Ингээд Б.Мөнх-Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сар хүртлэх хугацаанд 13.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөр 11.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойшхи хугацааны алданги 5.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагчтай тохиролцоод алданги 5.500.000 төгрөгөөс татгалзсан. Харин хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгийг бэлэн төлж, үлдэх 5.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Г.Билэгт-Эрдэнэтэй орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, мөнгийг нь авсан. Гэвч орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул би Г.Билэгт-Эрдэнэд 24.000.000 төгрөг өгөхөөр гэрээ байгуулсан. Үүнээс 13.000.000 төгрөгийг төлсөн. Одоо 11.000.000 төгрөг төлөөгүй нь үнэн. Харин алданги 5.500.000 төгрөгийг төлөх боломжгүй юм.
Харин шүүхийн шатанд Г.Билэгт-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцсоны дагуу ба 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 6.000.000 төгрөгийг бэлэн өгч байна. Харин үлдэх 5.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр бүхэлд нь зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Билэгт-Эрдэнэ хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс орон сууц захиалгаар бариулж гэрээ цуцлагдсаны улмаас буцаан олгох 11.000.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 11.000.000 төгрөг болгон багасгаж, алданги 5.500.000 төгрөгөөс татгалзсан болно.
Нэхэмжлэгч Г.Билэгт-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “Би Жи Си Би” ХХК-д 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг тушаасан кассын зарлагын ордер, хариуцагч Д.Мөнх-Эрдэнэтэй 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын мөнгийг буцаан олгох тухай гэрээ, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Г.Билэгт-Эрдэнийн гаргасан хүсэлт, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Г.Билэгт-Эрдэнээс Г.Билэгтбаярт олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд баримтаар өгсөн байна. /хх-3-7/
Нэхэмжлэгч Г.Билэгт-Эрдэнэ орон сууц захиалгаар бариулахаар “Би Жи Си Би” ХХК-тай гэрээ байгуулж, 20.000.000 төгрөг төлсөн, буцааж 1.000.000 төгрөг авсан. “Би Жи Си Би” ХХК-д тушаасан 19.000.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ 24.000.000 төгрөг болгон Г.Билэгт-Эрдэнэд өгөхөөр тохирч 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан, мөн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон талаар зохигчид маргаагүй болно.
Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгтбаяр 16.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 11.000.000 төгрөг болгон багасгаж, 5.500.000 төгрөгнөөс татгалзсан.
Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ 11.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгтбаярт бэлэн өгч, үлдэх 5.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгтбаярт өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгийг биелүүлж, үлдэх 5.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамж хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.450 төгрөгөөс 190.950 төгрөгийн 50 хувь болох 95.475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
1. Хариуцагч Аврага овгийн Бүрэндээгийн Мөнх-Эрдэнэ орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцлагдсаны улмаас буцаан олгох 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр биелүүлж, үлдэх 5.000.000 /таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч Боржигон өөлд овгийн Гаваагийн Билэгт-Эрдэнэд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.Билэгт-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.450 /хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгөөс 95.475 /ерэн таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Мөнх-Эрдэнээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Билэгт-Эрдэнэд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС