Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Сосорбарам |
Хэргийн индекс | 155/2021/00567/И |
Дугаар | 225/МА2024/00012 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар , |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 225/МА2024/00012
2024 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 225/МА2024/00012 |
З.Чийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2024/00251 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: З.Чийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О, Э.Б, Л.Л нарт холбогдох
Хариуцагч Э.Боос 16 толгой адууны үнэ 10,500,000 төгрөг, хариуцагч Л.Лгээс 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, хариуцагч Б.Огаас 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, 207 ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА49-300 улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, нийт эд хөрөнгө, малын үнэ 38,240000 (гучин найман сая хоёр зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.А, З.Ч бид нар 2007 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. ...Нөхөр маань ...2020 оны 6 сарын орчимд Б.Ог гэртээ авчирч хамт амьдрах болсон. ...Нөхөр маань 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амиа хорлож нас барсан, би өөрийн гэр бүлийн мал, эд хөрөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрч байна. Иймд: 1. Хариуцагч Э.Боос азрага 1 толгой үнэ 1,000,000 төгрөг, морь 2 толгой (нэгж үнэ 800,000 төгрөг), нийт 1,600,000 төгрөг, гүү 4 толгой (нэгж үнэж 800,000 төгрөг) нийт 3,200,000 төгрөг, даага 4 толгой (нэгж үнэ 300,000 төгрөг) хийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 1,400,000 төгрөг, бүгд 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий 16 толгой адууг,
2. Хариуцагч Л.Лгээс бяруу 4 толгой (нэгж үнэ 250,000 төгрөг) нийт 1,000,000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой (нэгж үнэ 500,000 төгрөг) нийт 1,500,000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 1,400,000 төгрөг, үнээ 4 толгой (нэгж үнэ 800,000 төгрөг) нийт 3,200,000 төгрөг, бүгд 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхрийг,
3. Хариуцагч Б.Огаас хуц 1 толгой, үнэ 120,000, төлөг насны хонь 67 толгой (нэгж үнэ 70,000 төгрөг) нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой (нэгж үнэ 100,000 төгрөг) нийт 3,500,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой нэгж үнэ (100,000 төгрөг), нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой (нэгж үнэ 150,000 төгрөг), нийт 4,650,000 төгрөг, нийт 20,760,000 төгрөгийн үнэ бүхий 212 толгой хонь, ухна 1 толгой, үнэ 120,000 төгрөг, борлон 64 толгой (нэгж үнэ 40,000 төгрөг), нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой (нэгж үнэ 50,000 төгрөг), нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой (нэгж үнэ 100.000 төгрөг), нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой (нэгж үнэ 50,000 төгрөг), нийт 3,600,000 төгрөг нийт 10,980,000 төгрөгийн үнэ бүхий 207 толгой ямаа, ХӨА49-33 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркын мотоциклийн 1,000,000 төгрөг, бүгд 38,240,000 (гучин найман сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус гаргуулж өгнө үү. ...хариуцагч Л.Л нь надад байсан үхрийг Б.О авсан гэж тайлбарласан учраас нэхэмжлэх зүйлгүй, тухайн үхрүүдийг хариуцагч Б.Огаас гаргуулах саналтай байна. ...Л.Лгийн охин нь 1,050,000 төгрөгийг шилжүүлсэн учир 1,050,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасна гэжээ.
Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжилсэн адууны хувьд өнгөрдөг дүү маань ч З.Ч ч надад тоолж, зүсэлж хүлээлгэж өгсөн адуу мал байхгүй. Би өмнө ч, одоо ч өөрөө гардаж мал маллаж байгаагүй, сумын төвт амьдардаг. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би талийгаач Б.Атэй 2019 оны 11 сараас эхлэн хамт амьдрахдаа өөрийн хуваарьт эд хөрөнгө болох Түнэл сумын 6 дугаар багт байрлах өвлийн сууцтай хашаа байшин, приус 20 маркийн автомашин, мал бүхий хуваарьт эд хөрөнгөтэй нийлсэн. Тэгээд бид хоёр 2019 оны 11 дүгээр сараас талийгаачийг нас барах хүртэл хугацаанд өөрсдийн хүч хөдөлмөрөөр портер автомашин, мотоцикль, мал, иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр, шинээр өвөлжөөний хашаа зэрэг дундын эд хөрөнгийг бий болгосон. Гэтэл нэхэмжлэгч З.Ч нь Б.О надаас 202 толгой хонь, 207 толгой ямаа, ХӨА 49-33 дугаартай портер машин, мустанг мотоциколь зэргийг нэхэмжилсэн байгаа нь талийгаач бид хоёрын дундын хөрөнгө, мөн миний болон хүүхдүүдийн минь хуваарьт эд хөрөнгөд халдаж, бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.
Учир нь талийгаач Б.А 2019 оны намар салсан эхнэр Чтээ аймгийн төвд байдаг хашаа, байшин, портер автомашин, мотоцикль, монгол гэр, 300 тооны нарийн мал зэргийгээ өгч гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаанаа дуусгавар болгож өөрөө өмссөн хувцастайгаа, банкны зээлтэй үлдсэнээр бид 2 нэг гэртээ орж хамтын амьдралаа эхлүүлсэн юм.
...Одоо надад байгаа зүйл гэх юм бол эсгий гэр л байна. Нэхэмжлэгч нь портер машин, мотоцикль нэхэмжилж байна. Тухайн хоёр тээврийн хэрэгслийг би өөрийнхөө хашаа, байшинг зарсан мөнгөөрөө авсан учир өөрийнхөө эзэмшилд байлгаж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Мөн нэхэмжлэгч нь надаас 400 толгой хонь, ямаа нэхэмжилж байх боловч ийм олон тооны хонь, ямаа талийгаачид байгаагүй үлдсэн малаар нь талийгаачийн малчны зээлийг ах, дүү нартай нь ярилцаж байгаад төлж барагдуулсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... ... гэжээ.
Хариуцагч Л.Л шүүхэд гаргасан тайлбартаа: ... Бидний мэдэхээр эмээгээс нь өвлөж ирсэн 1 ширхэг тугалтай үнээ, 2018 онд 2 ширхэг тугалтай үнээ, 2019 оны зун 1 ширхэг тугалтай үнээ худалдан авч өсгөж байгаад эзгүй орхиод явсан хойно үхрүүд нь манай үхэртэй хамт бэлчиж байхад нь бид харж байх үед талийгаач Б.А өөрөө идшинд 1 үхэр гаргаж аймаг оруулж өгсөн. Үлдсэн бүх үхрийг 2020 оны 3 дугаар сард талийгаач Б.А нь хамтран амьдрагч Б.Отай хамт ирж бүх малаа ялгаж аваад явсан.
... З.Чийн биднээс шаардаад буй 13 толгой үхэр манайд байхгүй, талийгаач бүгдийг аваад явсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2024/00251 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1, 495 дугаар зүйлийн 495.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Огаас 36,190,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Б.Огаас Мустанг маркын мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Э.Боос азарга 1 толгой, даага 2 толгой, гүү 1 толгой, шүдлэн морь 3 толгой, хязаалан морь 2 толгой, нийт 9 толгой адууны үнэ 5,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 550,650 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Б.Огаас 338,900 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 220,150 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.Чт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.О давж заалдах гомдолдоо: ...Шүүх шийдвэрээр надаас 36,190,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
...1. ХӨА49-33 улсын дугаартай хөх өнгийн портер маркын автомашиныг би талийгаачтай хамтран амьдарч эхэлснээс хойш 2020 оны 5 дугаар сард өөрийн мөнгөөр худалдаж авсан ба мөн машиныг босгохын тулд өчнөөн сэлбэг худалдаж авсан баримтаа би хэрэгт хавсаргаж өгсөн...
2. 212 толгой хонь, 207 толгой хонийг А дансанд бичигдсэн учраас надаас гаргуулна гэж шийдвэрлэжээ. Гэвч бодит байдал дээр надад өнчин ишиг ч байхгүй. А дансанд тоологдсон малуудыг талийгаач А, Ч нарын гэр бүлийн дундын хөрөнгө гэж шүүхийн шийдвэрт тайлбарласан байгаа боловч тэдгээр малыг яагаад надад байгаа гэж үзсэн, яагаад надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн талаараа ямар ч дүгнэлт бичээгүй байна. Хэрэгт авагдсан баримтууд дотор хонь, ямаа нь надад байгаа гэсэн баримт байдаггүй. Түүнчлэн талийгаач банкны зээлтэй байсан ба тус зээлийг нь түүнийг нас барсны дараа буюу 2021 оны 8 дугаар сард Амгалан гэх хүн хааж, оронд нь 87 толгой нарийн мал авсан тухай баримт хэрэгт авагдсан байдаг. Гэтэл энэ баримтыг шүүх үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаараа шийдвэртээ дурдаагүй байна. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа эд хөрөнгүүдийг гэр бүлийн дундын өмч гэж үзээд Чт өгөх ёстой юм бол банкны зээл төлөх үүрэг нь яагаад над дээр үлдэж, банкны зээл төлсөн мөнгийг нь хасч тооцохгүй байгааг ойлгохгүй байна.
3. Талийгаач А, нэхэмжлэгч Ч хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулаагүй боловч 2019 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Салахдаа эд хөрөнгөө хуваасан болохыг гэрчүүд мэдүүлдэг. Ч нь өөрийн хуваарьт малаа авч яваад махны үйлдвэрт тушаан мөнгийг нь өөрийн дансаар авсан тухай баримт хэрэгт авагдсан байхад эдгээр баримтуудыг шүүх үнэлээгүй, миний тайлбарлаж байгаа нөхцөл байдлуудад ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зөвхөн хууль ёсны гэрлэлттэй гэсэн үндэслэлээр миний талийгаачтай хамт бий болгосон эд хөрөнгийг Чт өгөхөөр шийдвэрлэсэн нь шудрага ёсонд нийцэхгүй. Хэрэг хянан шийдвзрлэх ажиллагаа 3 жилийн турш үргэлжилж, олон гэрчүүд асуулгаж, олон баримтууд цуглуулсан байдаг. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтуудыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн, гэрчүүдийн мэдүүлгийг яагаад үнэлээгүй тухайгаа шийдвэртээ тусгаагүй. Миний талаас цуглуулсан баримт, тайлбарт ямар ч үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байгаа нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэсэн хардлагыг төрүүлж байна.
Иймд 251 дугаартай шийдвэрийг хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.Нэхэмжлэгч З.Ч нь хариуцагч Э.Боос 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий 16 толгой адуу, хариуцагч Л.Лгээс 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхэр, хариуцагч Б.Огаас 20,760,000 төгрөгийн үнэ бүхий 212 толгой хонь, 10,980,000 төгрөгийн үнэ бүхий 207 толгой ямаа, ХӨА49-33 улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, мустанг маркын мотоциклийн 1,000,000 төгрөг, нийт 38,240,000 (гучин найман сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Л.Лгээс нэхэмжилсэн үхрийг хариуцагч Б.Огаас гаргуулахаар хариуцагчийг солих хүсэлт гаргасан байх ба анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШЗ2021/03430 дугаартай захирамжаар ...нэхэмжлэгч Б.Ог хариуцагчаар татаж түүнд нэхэмжлэл гардуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч З.Чийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Ч 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхрийг хариуцагч Б.Огаас гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн эсэх, уг шаардлагыг түүнд танилцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх Б.Огаас мал, эд хөрөнгө гаргуулах шаардлагад дээрх үхрийг нэмж ...нэхэмжлэгч З.Ч нь Л.Лг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж хариуцагч Б.Огаас ...13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг гаргуулна ...шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. гэж дүгнэн хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчжээ.
Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах; ажиллагаа явуулаагүй, хариуцагчийн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх; эрхийг зөрчсөн байна.
2.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 155/ШЗ2023/03715 дугаартай захирамжаар өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангасан байх ба захирамжид заасан ажиллагааг явуулаагүй, захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ...өөрөө олж авах боломжгүй, ...тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. гэж заасныг зөрчжээ. Иймд захирамжид дурдсан ажиллагааг явуулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ. Мөн талийгаач Б.А мал, мах худалдсан эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтойг дурдах нь зүйтэй.
3.Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ХӨА 49-33 дугаартай портер машиныг хариуцагч ...би худалдан авсан гэх тайлбар гаргасан ба уг машиныг хэдэн онд авсан нь тодорхойгүй байх тул энэ байдлыг тодруулах шаардлагатай. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг талуудын тэгш байдлыг зөрчихгүйгээр тодруулж, тодорхой болгох үүрэгтэй бөгөөд ингэснээр тухайн маргааныг зөв шийдвэрлэх үндэс бүрдэнэ.
4.Нэхэмжлэгч нь нэр бүхий 3 хариуцагчид холбогдуулан өөр өөр үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан атал шүүгчийн захирамжаар ...Э.Б, Л.Л, Б.О нарт холбогдох 58,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж улмаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж зэрэгт дээрх байдлаар тусгажээ. Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх учиртай бөгөөд шүүгчийн захирамжууд дээрх шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн гомдолд дүгнэлт хийхгүй орхилоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2024/00251 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Огийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,900 /гурван зуун гучин найман мянга есөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ