Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 451

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 71 дүгээр байр, 58 тоотод оршин суух, Боржигон овгийн Цогтбаатарын Содгэрэл /РД:УЕ76090403/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар байрны 56 тоотод оршин суух, Улаан малгайт овгийн Баярхүүгийн Түвшинтөр /РД:СЙ87070614/-д холбогдох

Эд хөрөнгөнд учирсан хохирол, ус, дулаан, цахилгааны төлбөр нийт 463.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Содгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Би Б.Түвшинтөртэй 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 25 тоот 1 өрөө байраа сарын 200.000 төгрөгөөр, 9 сарын хугацаатай хөлслүүлсэн. Тухайн үед хариуцагч төлбөрөө хугацаандаа төлж байгаад 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байрнаас гарахдаа ус, дулаан, цахилгааны төлбөр нийт 186.000 төгрөгийг төлөөгүй байсан. Мөн хаалга, цонх эвдсэн байсан тул 277.300 төгрөг нийт 463.300 төгрөгийг Б.Түвшинтөрөөс  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч Б.Түвшинтөртэй тохиролцоод ус, дулаан цахилгааны төлбөр 186.000 төгрөг, цонх, хаалга эвдсэний төлбөр 180.000 төгрөг нийт 366.000  төгрөг нэхэмжлилж, 97.300 төгрөгөөс татгалзсан.

Хариуцагч Б.Түвшинтөр 365.000  төгрөгийг 2016 оны 9 дүгээр  сарын 08-ны өдөр төлөхөөр зөвшөөрч, бид эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Түвшинтөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би Налайх дүүргийн 2 дугаар хороо, 55-25 тоот байрыг 9 сарын хугацаатай түрээслэсэн ба 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байраа суллан өгсөн. Би дулааны 8 сарын төлбөр, ус, цахилгааны 1 сарын төлбөр нийт 186.000 төгрөг, хаалга цонх эвдсэний 180.000 төгрөгийг төлнө. Харин Ц.Содгэрэлийн нэхэмжилсэн 463.300 төгрөгийг төлөх боломжгүй.

Бид шүүхийн шатанд ярилцаж тохиролцсон ба нэхэмжлэгч Ц.Содгэрэл нэхэмжлэлийн шаардлагаа 366.000 төгрөг болгон багасгасан. Би уг мөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төлөхөөр бүхэлд нь зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Содгэрэл хариуцагч Б.Түвшинтөрөөс эд хөрөнгөнд учирсан хохирол, ус, дулаан, цахилгааны төлбөрт нийт 463.3000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 366.000 төгрөг болгон багасгаж, 97.300 төгрөгөөс татгалзсан болно.  

Нэхэмжлэгч Ц.Содгэрэл нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, №000250443 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 07 дугаартай хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэл, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Налайх Дулааны станцын нэхэмжлэх зэргийг шүүхэд баримтаар өгсөн байна. /хх-3-7/

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй болно.

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ц.Содгэрэл 463.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 97.300 төгрөгийг   татгалзаж,

ус, дулаан цахилгааны мөнгө 186.000 төгрөг, цонх, хаалга эвдсэний 180.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Б.Түвшинтөр 366.000  төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дотор Ц.Содгэрэлд төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Хариуцагч Б.Түвшинтөр 366.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр  сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ц.Содгэрэлд төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамж хуваарьлах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.549 төгрөгөөс 11.630 төгрөгийн 50 хувь болох 5.815 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Түвшинтөрөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон

1. Хариуцагч Улаан малгайт овгийн Баярхүүгийн Түвшинтөр эд хөрөнгөнд учирсан хохирол, ус, дулаан, цахилгааны төлбөр нийт 366.000  /гурван зуун жаран зургаа/ төгрөгийг  нэхэмжлэгч Боржигон овгийн Цогтбаатарын Содгэрэлд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ц.Содгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.549 /арван дөрвөн мянга таван зуун дөчин ес/ төгрөгөөс 5.815 /таван мянга найман зуун арван тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Түвшинтөрөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Содгэрэлд олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол  гаргах,   тухайн асуудлаар   анхан  шатны   шүүхэд   дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС