Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 225/МА2024/00013

 

 

 

 

 

 

Х.Лы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Э, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2024/00302 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Лы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э, Б.А, Н.Г, Э.У нарт холбогдох

Гэм хорын хохиролд 168,044,233 (нэг зуун жаран найман сая дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, түүний өмгөөлөгч Ч.П, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Н.Г, өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие өөрийн хүү Л.Дийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн ослын улмаас алдаж нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирсан. ...Энэ хэргийн гол буруутан болох Э.Э нь насанд хүрээгүй, жолоодох эрхгүй байж машин барьж, хурд хэтрүүлэн явсны улмаас осол гарсан болох нь 23/85 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Гэвч энэ хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газраас шалгаад жолооч нь насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн. ...Талийгаач хүүгийнхээ амь хохирсон асуудалд оршуулгын зардал 27,794,233 төгрөг, хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 140,250,000 төгрөг, нийт 168,044,233 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. ... Хариуцагч нараас авсан мөнгөөрөө хүүхдийнхээ хойдын насанд буян хийх гэсэн болохоос хүүхдийнхээ амь насыг мөнгөөр үнэлээд байгаа асуудал байхгүй.

-Буян ажлын зардалд 27,794,233 төгрөг нэхэмжилсэн. Үүнд:

-Хүнсний зардалд 6,018,100 төгрөг,

-Өглөг болон бусад хүмүүст өгсөн зардал нь 15,914,533 төгрөг,

-Ном уншуулсан болон лам нарт өгсөн зардал 5,861,600 төгрөг, нийт 27,794,233 төгрөгийг тус тус зарцуулсан.

...Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67,3 байдаг гэсэн статистикийн мэдээлэлд үндэслээд шинээр батлагдсан хуульд нөхөн олговор олгох, хохирлыг барагдуулах талаар зохицуулсан байсан тул бид нар талийгаач хүүгээ 51 жил 2 сар насална гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 2,750,000 төгрөгийг 51 жил 2 сараар нь үржүүлж, нийт 140,250,000 төгрөгийг нэхэмжилсэн.

...Иймд хариуцагч нараас оршуулгын зардал 27,794,233 төгрөг, хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 140,250,000 төгрөг, нийт 168,044,233 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Лы итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талийгаач хүүгийн маань оршуулгын зардал 25,794,233 төгрөг, хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 140,250,000 төгрөг, нийт 166,044,233 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тэгэхээр бид нарын зүгээс нийтдээ 15,000,000 төгрөгийн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. ...Сэтгэл санааны гэм хортой холбоотой асуудлыг хууль, дүрэм, журам, хуульд орсон нэмэлт өөрчлөлт зэргээс хамаарч шүүх шийдэх байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж тооцож байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө үр хүүхдээ алдсан нэхэмжлэгч Х.Лы гэр бүлд эмгэнэл илэрхийлье. ... Манай гэр бүлийн зүгээс 5,000,000 төгрөгийг өгье гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэлж байсан ба өөрсдийн хэрэглэх хэрэгцээ, хувцас, хоол ундаа хасаад нэмж 5,000,000 төгрөгийг буюу нэхэмжлэлийн шаардлагаас нийт 10,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Харин хохирогч нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 140,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хариуцагч Э.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг Э.У нь 2016 онд унаж байгаад яндангаас нь утаа гараад байна гээд манай хашаанд 4 дугуйг нь аваад бүтээгээд тавьсан байсан. Ингээд 2019 онд хариуцагч Н.П хадам аав н.П гэх өвгөн дэлгүүрийн үүдэнд надтай таараад чиний унаж байсан машин хаана байгаа вэ гэхээр нь явахаа болиод манай хашаанд байгаа гэж хэлсэн чинь ахдаа арьсыг нь зарчих хэрэг болоод байна гээд, бид хоёр манай хашаанд очиж үзсэн. Тэгээд би машины арьсыг нь 300,000 төгрөгт н.П гэх өвгөнд зарсан, би зарахдаа машин дотор тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгааг мэдээгүй. Тухайн үед хариуцагч Н.Г нь хадам аавтайгаа ирээд манай хашаанаас уг машиныг чирээд аваад явсан. Ингээд тухайн машины арьсыг сэлбэгт оруулаад янзлаад машин болгоод унаад явсан байсан. ...Энэ тээврийн хэрэгсэл нь ямар ч ашиглах боломжгүй байсан. 2016 оноос 2019 оны хооронд явсан тээврийн хэрэгсэл байсан. Надтай наймаа хийсэн н.П гэх хүн одоо нас барчихсан. Н.Г энэ талаар мэдэж байгаа. Энэ асуудал нь надад ямар ч хамаа байхгүй... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 155/ШШ2024/00302 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар хариуцагч Б.А, Б.Э нараас 15,000,000 төгрөгийг, хариуцагч Н.Гас 10,000,000 төгрөгийг, хариуцагч Э.Уаас 794,233 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 140,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Б.А, Б.Э нараас 232,950 төгрөгийг, хариуцагч Н.Гас 174,950 төгрөгийг, хариуцагч Э.Уаас 23,612 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Л болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: ... сэтгэл санааны гэм хор /сэтгэцэд учирсан хор уршиг/ нөхөн төлбөр 140,250,000 төгрөг гаргаж өгөх боломжгүй гэсэн. Бид өвдөх өвчингүй эрүүл саруул, хамгаас эрхэм нандин хүүгээ хүний хүмүүжилгүй дураараа хүүхдүүдийн гарт байхгүй болгуулчаад тэднээс өөрсдийгөө өмгөөлж хэцүү байгаа гэдэг үгээр аргацааж байгаа хүмүүст гомдолтой байна. Хурлын тогтоол гаргах гэж шүүгч нар гарахдаа танхимаас гарахгүй шүү гарах бол харгалзагчтай гар гэхэд 3 өмгөөлөгч нь хоорондоо ярьж инээлдэн дураараа гарч, орж гүйлдээд энэ тогтоол бидний хүссэнээр гарна гэсэн шиг байсан. Тэнд гэмшсэн хүн байхгүй хурал болгонд л тийм хандлагатай байсан. Шүүгч нар ч бас хэд хэдэн төгрөг төлөх үү гээд хоорондоо зөвхөн оршуулгын зардлын талаар ярьж зөв тэрийг нь төлнө гэж тохиролцсон юм шиг хандлагатай байсан. Одоо бидний амьдрал ямар байгааг үгээр илэрхийлж хэлэхэд хэцүү байна. Тийм болохоор үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн хувьд хүүгээ алдсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршигийг тооцох талаар 2023 оны 07-р сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, УДШүүхийн 2023-07-03-ны өдрийн 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолыг тус тус үндэслэн дараах байдлаар нэхэмжилсзн. Үүнд:

Талийгаач Л.Пнь 2007 оны 05 сарын 07-ний өдөр төрсөн бөгөөд 2023 оны 06-р сарын 01-нд нас барах үедээ 16 нас 24 хоногтой байсан.

Иймээс Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67,3 байдаг гэсэн Статистикийн мэдээлэлд үндэслэн нийтдээ 51 жил 2 сар наслах байсан гэж үзээд үүнийг дээрх аргачлалын дагуу бодож 2023 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж 2,750,000 төгрөгийг дээрх наслалтын зөрүү 51 жил 2 сараар үржүүлж нийтдээ 140,250,000 төгрөг нэхэмжилсэн.

Гэвч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэж хариуцагч нараас 25,794,233 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгож, үлдэх 140,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хангаагүй үндэслэлээ тайлбарлахдаа зөвхөн шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-г баримталж Иргэний хуулийн 511 дүгэзр зүйлийн 511.5-д заасан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна гэж үзэж шиидвэрлэсэн нь нэхэмжлэгч талын эрхийг дордуулсан хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр боллоо гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан сэтгэцэд учирсан уршгийг нөхөн төлүүлэх эрх олгосон заалт нь Иргэний хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрэөс эхэлж нэмэгдэн орсон ба ийнхүү орсон цагаасаа эхэлж албан ёсоор хэрэгжих ёстой. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар дотоодын хууль тогтоомжийн хүчин чадлын эрэмбийн хувьд Иргэний хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох хүчин чадал бүхий хууль учир бусад салбар хууль тоггоомжид захирагдахгүйгээр хэрэгжих ёстой.

Өөрөөр хэлбэл манай тохиолдолд анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасныг баримталж Монгол Улсын Иргэний хуулийн нэхэмжлэгчид эрх олгосон зүйл, заалтыг хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа нь буруу ба манай үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ шүүх хууль бусаар хэрэгжүүлээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 155/ШШ2024/00302 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 140,250,000 төгрөгийг насанд хүрээгүй яллагдагч Э.Эы хууль ёсны асран хамгаалагч аав Д.Э, ээж Б.А, Э.У, Н.Г нараас гаргуулж нэхэмжлэгч Х.Лд олгуулах байдлаар өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч Х.Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П нарын гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Х.Л нь хариуцагч Д.Э, Б.А, Н.Г, Э.У нарт холбогдуулан гэм хорын хохирол 168,044,233 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 166,044,233 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хохирогч нас барсантай холбогдуулан оршуулахтай холбогдсон зардалд 15,000,000 төгрөг, хариуцагч Н.Г 10,000,000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч Э.У нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрсөн тайлбарыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нас барагчийн буяны ажлын зардалд нэхэмжилсэн 25,794,233 төгрөгөөс хариуцагч Д.Э, Б.А нараас 15,000,000 төгрөг, хариуцагч Н.Гас 10,000,000 төгрөг, хариуцагч Э.Уаас 794,233 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, ...хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч Э.Уын нэр дээр бүртгэлтэй Тоёота Дуэт маркын 8703 ХӨВ улсын дугаартай суудлын автомашиныг Э.Э жолоодож яваад зам тээврийн осол гаргаж Л.Пийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон тул автомашины эзэмшигч Э.Уаас 794,233 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэмт хэргийн улмаас хохирогч нас барсантай холбогдуулан түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 140,250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Уг хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.

Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.  

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно.

Нэгэнт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

Л.Пнас барсан гэмт хэрэг нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу дээрх хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршиг болох 140,250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулуулахаар гаргасан нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 155/ШШ2024/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                             Л.Э  

Н.БАЯРХҮҮ