Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 225/МА2024/00014

 

 

Д.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00361 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

2023 оны 9 дүгээр сарын 25-ны 23231795/09 дугаартай мэдэгдэл, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Д.М миний бие ШХХК-ийн 51%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1 гишүүнтэйгээр (З.Г эзэмшигч) барилгын дуусгах шатны ажил, хүнс барааны худалдаа, гадаад худалдаа, газар тариалан, мал амьтны ашиг шимийг авах, ХАА-н түүхий эд болон мал амьтдын бөөний худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1901 тоот шүүгчийн захирамжаар 78,750,000 төгрөг гаргуулж В.Эд олгохоор шийдвэрлэгдсэн байна. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ШХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж, зарим шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Тухайлбал: ШШГГазар нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23231795/09 дугаартай мэдэгдэл, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлж, дээрх мэдэгдлүүдийг компанийн хувьцаа эзэмшигч болох Д.М, З.Г нарт өгч, компанийн өр төлбөрийг Д.Мт 57,303,104 төгрөгийг хариуцуулж, хувь иргэний дансанд байрших 15,242,504 төгрөгийн барилт хийсээр өдий хүрч байна. Энэхүү дээрх хууль бусаар хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас иргэн надад банкны шугамын зээл авах эрх хаагдаж, банк бус болон хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө авч, бизнесийн үйл ажиллагааг явуулж байна. Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1901 тоот захирамжаар ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжилсэн 78,750,000 төгрөгийг хариуцагч ШХХК төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл төлбөр төлөгч нь дээрх захирамжийн дагуу хуулийн этгээд болох ШХХК байгаа нь тодорхой байхад компанийн хувьцаа эзэмшигч надаас төлбөрийг авах гэж байгаа нь хууль бус бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн үйлдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан байхад төлбөр төлөгч хуулийн этгээдийн нийт хөрөнгийг тодорхойлох ажиллагааг хийлгүйгээр, мөн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэж байгаа эсэхийг шалгалгүйгээр, Компанийн тухай хуулиар шийдвэрлэгдэх харилцааг шууд өөрсдийн үзэмжээр дураар шийдвэрлэж байгаа нь хууль бус юм. Компанийн тухай хуулийн 9,3, 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан байхад зааглагдсан эсэхийг тогтоолгүйгээр иргэний мөнгөн хөрөнгөнд халдаж байгаа нь хууль бус юм.

...Надад эрх зүйн харилцаа үүсэхээс өмнө үүссэн өр байгаа. Компанийн дүрмийн сан нь 1.000.000 төгрөг. Түүний 510.000 төгрөг буюу 51 хувийг би эзэмшдэг. Үлдсэн 49 хувийг З.Г эзэмшдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т тус заасныг хариуцагч тал авч хэрэглээгүй хууль бусаар намайг нийгмийн харилцаанаас тусгаарлаж байна. 6 сарын хугацаанд миний гадаадад зорчих эрх, банкнаас зээл авах бүхий л эрх зөрчигдөж байна. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт дээр 2023 оны 6 дугаар сард Шкомпанийн бэлэглэлийн 51 хувийг буцаах гэж Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч танай шилжих хөдөлгөөн хаагдсан байна гээд буцаасан.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг тус тус үндэслэн ШХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны 23231795/09 дугаартай, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдлийг тус бүр хууль бус болохыг тогтоолгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, Б.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1901 шүүгчийн захирамжаар ШХХК- аас 78,750,000 төгрөг гаргуулж Б.Эд олгохоор шийдвэрлэсэн. Тус газарт шүүхээс ШХХК-д холбогдох төлбөр, торгууль төлүүлэх 5 шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар 2 гүйцэтгэх баримт бичгийн төлбөр авагч Ц.Бийн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх тогтоолгох, 522,151 төгрөг гаргуулах, төлбөр авагч Б.Эд 78,750,000 төгрөг гаргуулах гүйцэтгэх баримт бичигт ШХХК-ны удирдлага, ерөнхий захирал, 51 хувийн хувьцаа эзэмшигч Д.М, гүйцэтгэх захирал 49 хувийн хувьцаа эзэмшигч З.Г нарт Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх мэдэгдэл хүргүүлж, төлбөр төлөхийг удаа дараалан шаардсан боловч төлөөгүй байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлж дуусах хүртэл, хугацаа тогтоон хүргүүлж байх мэдэгдэл бөгөөд өнөөдрийн байдлаар төлбөр бүрэн төлөгдөөгүй тул цаашид ч мэдэгдлийг ШХХК-ны удирдлагуудад хүргүүлсээр байх болно. Тухайн мэдэгдлүүдийг ямар шалтгаанаар хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Д.М нь шүүхэд нотлох баримт болгон өгсөн баримтад ШХХК-ны 51 хувийг эзэмшигч гэдгээ өөрөө нотлон ирүүлж мөн нэхэмжлэлдээ өөрийгөө 51 хувь эзэмшигч мөн гэдгээ илэрхийлжээ. Иймд цаашид ч *******ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас шүүхээс ирсэн тохиолдолд төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлнэ. Тухайн мэдэгдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 59 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулах анхааруулах мэдэгдлүүд бөгөөд 44 дүгээр зүйлийн 44.2.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/ бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ гэж заасны дагуу хүргүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаар... МЭДЭГДЭХ ҮҮРЭГТЭЙ мөн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эсвэл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу төлбөр төлүүлэхийн тулд МЭДЭГДЭЛ хүргүүлж байгаа нь хуулийн дагуу явуулах ажиллагаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00364 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Мт авсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ болох Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23231795/09 дугаартай мэдэгдэл, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдэх хуудас зэргийг тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.М нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 23230795/09 дугаартай, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны 23230798/09 дугаартай мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гарган түүнийг хүлээн авч ханган шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны байгууллага болон шүүхэд гомдол гаргах хугацааг тодорхой зааж өгсөн байтал шүүх гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрснийг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаас харсаар байж шийдвэрлэсэн.

Уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байтал гомдол гаргах хуулийн хугацааг огт харгалзаагүй, үүнийг нотлох баримт шийдвэрийн захирамжлах хэсгийн 9-д тодорхой бичсэн байна.

Шийдвэрийн захирамжлах хэсгийн 10-т... Төлбөр төлөгч *******ХХК-нийн хөрөнгийг шалгах, компани хөрөнгө тухайн өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй эсэхийг 

тогтоох, үүний дараа үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн хөрөнгөөс хэрхэн яаж гаргуулах талаар хуульд заасан журмын дагуу өр төлбөрийг төлүүлэх ажиллагааг явуулахаар байтал хариуцагч дээрх ажиллагааг гүйцэтгэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй... баримтгүй гэжээ.. Шүүгч энэ талаар шүүх хурал дээр асууж нэхэмжлэгч, хариуцагч талаас тайлбар авсан байтал шийдвэрт тусгаагүй, төлбөр төлөгч ШХХК-ны эд хөрөнгө нь банк, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд бүртгэгдсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар тайлбарлан хоёр тал хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг хэлж маргаагүй, хүлээн зөвшөөрч тогтоогдсон байтал баримт ирүүлээгүй гэх шалтгаанаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн нь хууль бус гэж үзсэн нь ойлгомжгүй мөн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгөхөөс өмнө явагдах ажиллагаа биш бөгөөд Шүүхээс шийдвэр, гүйцэтгэх хуудас хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн дариуд албадлагын арга хэмжээ авахаас өмнө буюу хөрөнгө хураан, худалдан борлуулж, дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулахаас өмнө төлбөр төлөгч, талуудыг сайн дураар мөнгөн хэлбэрээр төлбөрөө төлөх боломжийг олгож, хугацаа тогтоон өгч буй дарааллын дагуу явагдах ажиллагаа байтал үүнийг үгүйсгэн мэдэгдлийг хүчингүй болгосон нь хуульд заасан дарааллыг зөрчиж, Мэдэгдэл өгөх ёсгүй мэт нэхэмжлэгчид болон төлбөр төлөгч ШХХК-ны удирдлагуудад ойлгуулж байна.

Шүүхээс ШХХК-ны 51 хувийг эзэмшигч, ерөнхий захирал гэх нэхэмжлэгч Д.Мт Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх мэдэгдэл өгч болохгүй этгээд гэдгийг шүүх тогтоогоогүй, шүүх хурал дээр ШХХК-ны ерөнхий захирал, 51 хувийг эзэмшигч гэдгээ Д.М нь хүлээн зөвшөөрч, *******ХХК-ны дансанд дахь хөрөнгийг зарцуулах эрхтэй, ШХХК-нд төлөх бусдаас авах авлагыг өөрийн дансанд авч байгаагаа шүүх хурлын мэтгэлцэх явцад үгүйсгээгүй байтал энэ талаар шийдвэрт огт тусгаагүй.

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй... төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно гэж заасныг хэрэгжүүлэхийн тулд Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч, түүний удирдлагад тодорхой хугацаа зааж өгсөн мэдэгдлийг билүүлээгүй бол түүний дараагийн авах арга хэмжээ болох төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдлагын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаар мэдэгдэл хүргүүлэх бөгөөд төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд халдахаас өмнө явуулах дарааллын дагуу явагдах ёстой ажиллагаа юм.

Төлбөр төлөгч ШХХК-ны удирдлага буюу ерөнхий захирал 51 хувийн хувьцаа эзэмшигч Д.М, гүйцэтгэх захирал 49 хувийн хувьцаа эзэмшигч З.Г нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2.-т заасан төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд бөгөөд уг хуулийн 59.2-т Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ... гэж заасны дагуу мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй төдийгүй Компани тухай хуулийн 83, 84 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх удирдлага гэж төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал буюу Д.М нь тухайн компани 51 хувийн хувьцааг эзэмшигч, хувьцаа бүр 1 саналын эрхтэй гэж заасан байх тул тухай компани хувьд Д.М нь 51 хувийн саналтай давуу эрхтэйгээр үйл ажиллагаанд оролцох удирдлага бөгөөд гүйцэтгэх захирал болон бусад удирдлагуудыг томилох, солих бүрэн эрхтэй хувьцаа эзэмшигч, удирдлага юм. Д.М нь ШХХК-ны дүрэмд зааснаар 51 хувийн хувьцаа эзэмшигч буюу Ерөнхий захирал гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан үүнийгээ ч шүүх хурал дээр үгүйсгээгүй байтал шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгч ШХХК-ны удирдлагуудад хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 23230795/09 дугаар, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны 23230798/09 дугаартай мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг зөрчиж байгаа тул Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/00361 шийдвэрээр хүчингүй болгож өгөн үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай №23230798/05 дугаар бүхий мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр биелүүлэх №23230795/09 дугаартай мэдэгдэл хууль бус болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ч, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Мт авсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ болох Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 23231795/09 дугаартай мэдэгдэл, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23230798/05 дугаартай мэдэгдэх хуудас зэргийг тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч: ...анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгдсөн үндэслэлээр миний хувийн дансны барилт болон эрх сэргэсэн байгаа тул надад одоо ярих зүйлгүй, миний эрх зөрчигдсөн асуудал байхгүй болно... гэсэн,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ч: ... ШХХК-аас төлбөр авагч В.Эд олгуулах мөнгөн төлбөрийг ШХХК-ны дансанд орж ирсэн мөнгөн хөрөнгөнөөс 78 сая төгрөгийн төлбөрийг биелүүлсэн тул тус компаний Ерөнхий захирал Д.Мт өгсөн №9, №5 дугаартай мэдэгдлүүд хүчингүй болсон, одоо бидний хооронд дээрх асуудлаар маргаангүй болно... гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

3. Давж заалдах гомдол гаргасны дараа маргаж буй мэдэгдэл, мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож зохигч маргаангүй болсон нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4. Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 155/ШШ2024/00202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн

172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРХҮҮ

 

ШҮҮГЧИД                             Б.СОСОРБАРАМ

 

Л.ЭРДЭНЭБАТ