Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 43

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

     Улсын яллагч                                        М.Энхбаатар

     Нарийн бичгийн даргаар                      Б.Эрдэнэдөш нар  оролцов.

       Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаантуг овогт Төмөрийн Авирмэдэд холбогдох 1831004230021 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

          Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Увс аймгийн Давст суманд 1960 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Ерөө сумын 2 дугаар баг, Энхталын 702 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цагаантуг овогт Төмөрийн  Авирмэд,  /РД: ТА60021514/

          Шүүгдэгч Т.Авирмэд нь нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг Ерөө сумын Тавин 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шороон зам дээр 82-65 СЭҮ улсын дугаартай “Лого” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Б.Батбаатарын унаж явсан 43-09 СЭА улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан иргэн Г.Энхмаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                                    

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Т.Авирмэдийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ерөө суманд найз болох Даваадоржтой 0.75 литрийн архи хамт хувааж уучихаад “Ганга” нэртэй газар руу явах ажилтай болоод өөрийн эзэмшлийн “Хонда Лого” маркийн 82-65 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Явж байхад эсрэг урсгалд “Приус” маркийн тээврийн хэрэгсэл явж харагдсан. Тэгээд явж байгаад урдаас дөхөөд ирэх үед нь би тормоз гишгэсэн чинь миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл гулгаад эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслийг очоод мөргөсөн. Уг тээврийн хэрэгсэл Шаравдагва гэх хүний нэр дээр байгаа боловч би худалдаж авсан тул миний эзэмшлийнх мөн болно. ..гэх мэдүүлэг,/хх-ийн 58-59-р ху/,

2.Шүүгдэгч Т.Авирмэдийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр манай найз нэг шил 0.75 граммын архитай ирэхээр нь би хувааж уугаад машинаараа найзыгаа хүргэж өгөөд явж байхдаа эсрэг урсгалд явж байсан машиныг мөргөчихсөн. Тэгээд дотор нь сууж явсан Энхмаагинй биед хүндэвтэр гэмтэл учирсан. Тэгээд Энхмааг Дарханд аваачаад үзүүлээд эмнэлэгт хэвтүүлэх гэсэн чинь хэвтэхгүй гэсэн. Би хохирогч Энхмаа болон иргэний нэхэмжлэгч Батбаатар нарын хохирлыг төлж барагдуулсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,

            3.Хохирогч Г.Энхмаагийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Ерөө сумын Тавин 1 дүгээр багт гэртээ байж байгаад хүүхдээ сургуульд хүргэх гэж явж байгаад тус сумын 1 дүгээр багийн нутагт манай багийн дарга Батбаатар өөрийн “Приус-11” маркийн машинтай явж таараад “хүргээд өгье” гэж хэлээд намайг суулгасан юм. Би машины арын суудал дээр суусан юм. Тэгээд явж байтал урдаас нэг жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. ...Тухайн үед би эмнэлэгт хандаж чадаагүй, зүгээр байх гээд бодоод явж байтал сүүлдээ цээж хэсгээр өвдөөд байсан юм. Сүүлд нь Дархан-Уул аймагт очиж цээжний зураг авахуулахад “хавирга хугаралтай байна, хэвтэж эмчлүүл” гэж хэлж байсан юм. Надад одоогоор мөнгө байхгүй болохоор хэвтэн эмчлүүлж чадахгүй байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

           4.Иргэний нэхэмжлэгч Б.Батбаатарын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах гэртээ байж байгаад ажил руугаа явах гээд өөрийн эзэмшлийн “Приус-11” маркийн 43-09 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа гарсан. ...Өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн ар талд Энхмаа эгч болон түүний хүүхдийг суулгасан. Хөдлөөд 30-40 метр явж байсан өөдөөс хар өнгийн машин явж байгаа харагдсан. Яг дөхөж ирээд гуйвалзаж байгаад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн талаас орж ирээд мөргөчихсөн. Би тэгээд замаас гарч зогсоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Т.Авирмэд нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

5.Гэрч Ч.Даваадоржийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Уг өдөр Авирмэд над руу залгаад “хүрээд ирээч” гэхээр нь би 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад очсон юм. Бид хоёр миний авсан архийг хувааж уучихаад Авирмэд намайг өөрийнхөө машинтай гэрт хүргэж өгөөд яваад өгсөн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02ий өдрийн 436  тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Г.Энхмаагийн биед зүүн талын 2 хавирганы зөрүүтэй битүү хугарал, цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна ...гэх дүгнэлт, /хх-ийн 21-р ху/, 

7.Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 тоот дүгнэлт хэсэгт:

1.”Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал юм. Иймд зам тээврийн осол мөн байна гэж дүгнэлт гаргав.

2.Жолооч Т.Авирмэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдпыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Жолооч Б.Батбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 

4. Жолооч Т.Авирмэд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. 3.7.а гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав.

5.Дээрх асуултуудаар хариулсан болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 34-р ху/,

8. “Бан хас” ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  18/01/01808 тоот  үнэлгээний тайлангаар Иргэний нэхэмжлэгч Б.Батбаатарын  жолоодож явсан  43-09СЭА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд  хохиролын үнэлгээг 1.755.000 төгрөг гэж тогтоосон үнэлгээ, /хх-ийн 25-р ху/,

 

Шүүгдэгч Т.Авирмэдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 68-р ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-02-р ху/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 10-13-р ху/, баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 14-16-р ху/,  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 53-54-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 58-59-р ху/, жолоочийн согтуурлын хэмжээг  шалгасан тэмдэглэл, /хх-ийн 08-р ху/, Ерөө сумын эмчийн тодорхойлолт, /хх-ийн 23-р ху/,  шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 20,24-р ху/,  хохирогч, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 22, 31-32,36-38-р ху/, Иргэний нэхэмжлэгч Б.Батбаатарын хохирлоо төлүүлж авсан тухай тодорхойлолт, /хх-ийн 47-р ху/, хохирогч Г.Энхмаа хохирлоо төлүүлж авсан тухай тодорхойлолт, /хх-ийн 77-р ху/,  шүүгдэгчийн хувийн байдлын тухай баримтууд, /хх-ийн 62-67-р ху/,тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 70-71-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 16-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 75–р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 74–р ху/,иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл хх-ийн 73–р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 80-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 85-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Авирмэд нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг Ерөө сумын Тавин 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шороон зам дээр 82-65 СЭҮ улсын дугаартай “Лого” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Б.Батбаатарын унаж явсан 43-09 СЭА улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан иргэн Г.Энхмаагийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл,эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, жолоочийн согтуурлын хэмжээг  шалгасан тэмдэглэл,  Ерөө сумын эмчийн тодорхойлолт,шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, хохирогч, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, Иргэний нэхэмжлэгч Б.Батбаатарын хохирлоо төлүүлж авсан тухай тодорхойлолт, хохирогч Г.Энхмаа хохирлоо төлүүлж авсан тухай тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдлын тухай баримтууд,тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, хэрэгт хууль сануулагдан асуугдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр  батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Авирмэд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэрэг болон эд мөрийн баримтаар жолоочийн № 958829 тоот үнэмлэх, № 01176195 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураагдан ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Цагаантуг овогт Төмөрийн Авирмэдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн  хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1-т заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Цагаантуг овогт Төмөрийн Авирмэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч Т.Авирмэдийг согтууруулах ундаа хэрэглэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд үүрэг биелүүлээгүй, мөн шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл  шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Авирмэдэд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Т.Авирмэд нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.   

6.Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн жолоочийн 958829 тоот үнэмлэхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, №01176195 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Авирмэдэд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7.Шүүгдэгч Т.Авирмэдэд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН