Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2024/00015

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2024/00015

 

Х.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 155/ШШ2024/00583 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 61,648,028 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 5,000,000 төгрөг, шүүх хуралдаанд биечлэн оролцохтой холбогдон гарсан зардал 3,360,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан болон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ...Х.Гын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан хугацаа 2022 оны 1 дүгээр сарын 13-аас 2023 оны 10 дугаар сарын 10, энэ нь нийт ажпын 20 сар 19 өдөр буюу 21 сар байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үндэслэлгүйгээр цуцлагдсан олговрыг тооцвол; 2,935,620 төгрөг * 21 сар = 61,648,028 төгрөг,

Мөн ...Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний төлбөр 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх дүнг нэгтгэн тооцвол 66,648,028 төгрөг болж байх тул уг мөнгийг Хөвсгөл аймгийн Засаг даргаас гаргуулж олгуулах,

Мөн аймгийн Засаг дарга Ш.Игийн удаа дараагийн хууль бус шийдвэрээр халагдаж ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, мөн 2022 оны 1 дүгээр сарын 13- ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдийн хоорондох ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно.

...Шүүх хуралдаанд биечлэн оролцохтой холбогдон гарсан зардал 3,360,000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг нэхэмжилснийг багасгах хүсэлтэй байна. Бусад шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лшүүхэд гаргасан тайлбартаа: ...Х.Гт 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлс, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хууль тогтоомжийн дагуу тооцож олгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн.

...өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгч Х.Гын хуулиар олгогдсон эрхийн асуудал тул хууль зүйн туслалцааны 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг дэмжихгүй байна.

...шүүх хуралдаанд оролцох, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх нь нэхэмжлэгч Х.Гын эрх, үүргийн асуудал тул шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарах зардал болох 3,360,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргахыг дэмжихгүй байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х тайлбартаа: ...Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг Дундаж цалин хөлс олговор олгох журмын 2.3.5-д 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу тооцсон.

...Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 12 хоног ажилласан гэж үзэж байна. ...унаа, хоолны хөнгөлөлт зардлыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан тул нэг сард авсан цалин хөлс 1,422,528 төгрөгөөс 65,000 төгрөгийг хасаж, ажилласан 12 хоногт хувааж, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 430 хоногийн цалин хөлсийг үржүүлэхэд нийт 48,744,753 (дөчин найман сая долоон зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин гурван мянга) төгрөг болж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөөс 2, 4 дүгээр сарыг нөхөн төлсөн учраас бусад 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудыг нөхөн төлөхөө мөн хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн унааны зардал 3,360,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг зөвшөөрч байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 155/ШШ2024/00583 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,034,108 (арван дөрвөн сая гучин дөрвөн мянга нэг зуун найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 27,380,778 (хорин долоон сая гурван зуун наян мянга долоон зуун далан найман мянга) төгрөгөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны, 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөгөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, зохих бичилт хийлгэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,900 (таван зуун тавин есөн мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 413,820 (дөрвөн зуун арван гурван мянга найман зуун хорь) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Гт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Г давж заалдах гомдолдоо: ... ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 61,648,028 (жаран нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга хорин найм) төгрөг гаргуулна гэж шаардсан боловч ...хэрэв 3 сарын дундаж цалин олгох хугацаа хүрэлцэхгуй ... гэсэн үндэслэлээр 50,973,920 (тавин сая есөн зуун далан гурван мянга есөн зуун хорь) төгрөг ...гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ингэхдээ ямар нотлох баримт дээр үндэслэж миний ажилласан хоногийг тооцож байгаа нь тодорхойгүй байна.

Шүүх хуралд биечлэн оролцохтой холбоотой 3,360,000 төгрөгийн замын зардлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч Гын гаргасан тайлбар, 2021 оны 2 сараас хойш өдийг хүртэл үндсэн эрхээ зөрчүүлж, эдийн засгийн болон сэтгэл санааны хохирлыг харгалзан үзэлгүй, бүх нотлох баримт 100 хувь бүрдсэн байхад илт олгохгүй гэсэн байр сууринаас хандсанд гомдолтой байна.

...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Х.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 61,648,028 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд биечлэн оролцохтой холбогдон гарсан зардал 3,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдааны явцад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Л...Х.Гт 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хууль тогтоомжийн дагуу тооцож олгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, хууль зүйн туслалцааны 5,000,000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарах зардал 3,360,000 төгрөгийг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 50,973,920 төгрөгийг гаргуулж, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх болон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, зохих бичилт хийлгэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 14,034,108 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гэж болжээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль, журамд заасны дагуу тооцсон байх ба шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Нэхэмжлэгч сард 2,228,039-2,313,929 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан, харин 2020 оны 12-р сард 1,740,420 төгрөгийн цалингийн зөрүү нэмэгдэж 4,293,349 төгрөгийн цалин хөлс авсан нь түүний цалингийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогджээ. Нэхэмжлэгчийн 2020 оны 12-р сард авсан дээрх нэмэгдэл хэдэн сарын цалингийн зөрүү болох нь тодорхойгүй учир нэг удаагийн шинжтэй гэж үзэхээр байна. Ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцсон тохиолдолд байнгын бус, нэг удаагийн шинжтэй нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд  оруулан тооцож болохоор Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.2-т зохицуулсан. Ажил олгогч, ажилтан нар ийнхүү тохиролцсон эсэх нь тодорхойгүй, холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул цалингийн зөрүүгийн нэмэгдлийг дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд  оруулан тооцох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлд дурдсан хугацаагаар тооцсон үнийн дүнгээс дээрх нэмэгдлийг хасч тооцоход цалин хөлстэй тэнцэх олговор 47,109,587 төгрөг /7,066,438 төгрөг / 3 сар / 21.5 ажлын өдөр х 430 ажлын өдөр/ буюу анхан шатны шүүхийн ажиллаж байсан хугацааны цалингаас тооцсоноос бага байхаар байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 50,973,920 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй учир шийдвэрийг хэвээр үлдээнэ.

2.Нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдаанд биечлэн оролцохтой холбогдон гарсан зардал 3,360,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т ...шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэж тус тус зохицуулсан. Дээрх эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тохиолдолд хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т заасан шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэг хүлээнэ. Хэргийн оролцогч шүүх хуралдаанд ямар хэлбэрээр оролцох /биечлэн, цахим/, хэрхэн хүрэлцэн ирэх /онгоц, автобус, машин г.м/ нь тухайн оролцогчийн эрхийн асуудал учир холбогдох зардлыг өөрөө хариуцна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т ...шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон төлнө. гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа хуульд зааснаас илүү хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 155/ШШ2024/00583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,990 /дөрвөн зуун наян хоёр мянга есөн зуун ер/ төгрөгөөс 228,121 /хоёр зуун хорин найман мянга нэг зуун хорин нэг/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44.1 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 254,869 /хоёр зуун тавин дөрвөн мянга найман зуун жаран ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ