Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 395

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ийн *******ийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 78 144 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэрэгт 50 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, төрийг төлөөлж прокурор С.Эрдэнэбаяр, иргэдийн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн Цагдаагийн газраас иргэн П.*******гийн 39 470 000 төгрөг, 30720 ам доллар, иргэн Д.*******ын 10 000 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр надад холбогдуулан Эрүүгийн 209452254 тоот хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тогтоол үйлдэж, 5 удаагийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, нэг удаа ял шийтгэж, 2 удаа хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дүүргийн прокурорын газраас 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн хохирогч гомдол гаргаснаар, Улсын ерөнхий прокурорын газраас хянаж, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр "дүүргийн прокурорын шийдвэрийг үндэслэлтэй" гэж дүгнэсэн. Энэ хугацаанд 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 154 хоног, 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 253 хоног нийт 407 хоног цагдан хоригдож, ээж нас барж, оршуулганд ч оролцож чадаагүй сэтгэл санааны маш их хохирол амссан. Мөн биеийн байдал муудаж, бөөр болон зүрхний өвчин хүндэрсэн. Ийнхүү хэрэгт шалгагдах 3 жилийн хугацаанд ар гэр, амьдрал ахуйн хувьд хүнд байдалд орж, барьж босгосон барилгын материал тоногдож, жижиг бизнесийн үйл ажиллагаа зогсож, орлогын эх үүсвэргүй болж, сэтгэл санаа эдийн засгийн их хохирол учирсан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан торгох ял шийтгүүлсэн ялтан цагдан хоригдсон байвал түүний цагдан хоригдсон нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож торгох ялаас хасаж тооцно" гэсэн хуулийн заалтыг үндэслэж нэг хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хохирлыг арилгуулах нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд хүн бүр тэгш эрхтэй, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчимтай нийцнэ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.1, 389.2.3-т зааснаар үндэслэлгүйгээр 407 хоног цагдан хоригдсоны 78 144 000 төгрөгийн хохирлыг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.******* Ц.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг мөн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжин, өөрчилж байна. Ц.******* нь бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн 407 хоног цагдан хоригдож 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 жил шалгагдах хугацаанд эд хөрөнгө, эрүүл мэнд болон сэтгэл санааны их хохирол амссан. Тухайлбал, Улаанбаатар хотын тоот хашаанд 2009 онд нийтийн байрны орон сууц барьж байсан боловч эрүүгийн хэрэг үүссэнээс хойш барилгын ажил бүрэн зогсож, өрөгдсөн блокон торх бүрэн тоногдож, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэхэд суурь нь үлдсэн байсан. Гэрэл зураг, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ баримт байгаа. Хэрэгт шалгагдах хугацаанд, эрхэлж байсан жижиг бизнесийн үйл ажиллагаанууд зогсож, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй өдөр бүр цагдаа дээр бүртгүүлж байсан учир орлогын ямар ч эх үүсвэргүй болсон төдийгүй ар гэрийнхэн нь эргэж тойрох гэхчлэн эдийн засгийн болон сэтгэл санааны асар хохирол амссан нь тодорхой боловч энэ бүх эд хөрөнгийн хохирлыг нэхэмжлээгүй. Гэвч энэ нь сэтгэл санааны дарамт хүндрэлд хүргэж байсан нь ойлгомжтой. Ц.******* нь цагдан хоригдож байх хугацаанд ээж нь нас барж, сэтгэл санааны хувьд маш их хүнд байдалд орсон. Цусны даралт А/Д 170/100, 180/100 хүрч, артерын даралт ихдэлтийн 2-р зэрэг, ходоодны архаг үрэвсэл, зүрхний цусан хангамжийн дутагдал зэрэг хүндрэлд хүрч байсныг Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтод дурдсан байдаг. Ийнхүү Ц.*******эд учирсан сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөгийг нөхөн төлүүлэхийг хүссэн. Гэмт хэрэг үйлдсэн гэж удаан хугацаагаар шалгаж, улмаар шүүхээр таслагдах хэмжээнд хүрсэн учраас Ц.******* оргон зайлж, барьцаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны 500 000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр улсын орлого болгон хураажээ. Гэвч хэргийг эцэслэн шалгаж дуусахад гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй тул барьцаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээгээр авагдсан 500 000 төгрөгийг эргүүлэн авах хүсэлтэй байна. Иймд Ц.*******эд учирсан сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, улсын орлогод хураагдсан барьцаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээний 500 000 төгрөг нийт 50 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тооцож үзэхэд 427 хоног цагдан хоригдсон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөгөөр бодож 81 984 000 төгрөг. 2010 оны 4 дүгээр сарын  14-ний өдрөөс сэжигтнээр тооцогдоод 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийг шалгаж дуусгаад хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд 3 жил 5 сар 21 хоногийн хугацаанд шалгагдаж сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, ял шийтгүүлсэн, бусдын батлан даалтад байх, барьцаа авах зэрэг арга хэмжээ авагдсан. Энэ хугацаанд ажил хийх, орлого олох боломжгүй байсан. 3 жил 5 сар 21 хоног нь 41 сар 21 хоног болно. Энэ хугацаанд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр 8.009.142 төгрөг болж байгаа. Үүнийгээ тэгшлээд 8.000.000 төгрөгийг олох байсан орлого хэмээн тооцож байгаа. Үүнийг сэтгэл санааны хохирлын хэмжээ дотроо багтааж байгаа. Ингээд үндэслэлгүйгээр цагдан хоригдсоны 81.984.000 төгрөг дээр орох байсан орлого 8.000.000 төгрөг, барьцааны 500.000 төгрөг нийт 90.484.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 38.160.000 төгрөг нийт 124 644 000 төгрөгийг өөрчилж нэхэмжилж байна гэв.

Төрийг төлөөлж оролцсон прокурор С.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Ц.*******ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1.-д зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтнаас оргон зайлж зардал гарган эрэн сурвалжлагдаж зүйл анги нэмж сонсгосон. Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4., 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Үүнийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо буруу гарсан гэж дахин тооцоо хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин шалгах явцад хохирогч “эрүүгийн хэргээ хаалгая, иргэний журмаар шалгуулж хохирлоо барагдуулуулая, цаашид цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй” гэсэн гэсэн хүсэлтийг бичгээр өгсөн тул прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хохирогчид хохирлоо төлж барагдуулаагүйгээс 2016 онд хохирогч Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан байна. Эдгээрээс аваад үзэхэд Ц.******* бусдыг залилан мэхэлсэн гэж үзэж төрөөс мөнгө шаардах эрхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар татагдан  үндэслэлгүй цагдан хоригдсон 407 хоногийн хохиролд 78 144 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгч С.******* Ц.*******ийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан шаардлагаа дэмжин өөрчилж, 427 хоног цагдан хоригдсоны хохирол 81 984 000 төгрөг, хэрэгт шалгагдаж байсан 41 сар 21 хоногт орох байсан орлогод 8 000 000 төгрөг, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээний улсын орлого болгосон 500.000 төгрөг, сэтгэл санааны буюу эд хөрөнгийн бус хохирол 38.160.000 төгрөг нийт 124 644 000 төгрөгийг төрөөс гаргуулахаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

Нэхэмжлэлд ирүүлсэн баримтуудаар;

2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5/53 дугаар Налайх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ц.******* нь иргэн Д.Энхбаатарын байрны ордерыг барьцаалан оос 10 000 000 төгрөг залилсан гэх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан,

2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ц.*******ийн иргэн П.*******гээс 34 170 000 төгрөг, 28 620 ам доллар залилан авсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т зааснаар эрүүгийн 20942254 дугаар хэрэг үүсгэсэн,

2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар Налайх дүүргийн прокурорын газрын тогтоолоор Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Сансарзолбоогийн 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5/53 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ц.*******эд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2. дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн,

2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.-т заасан хэрэгт сэжигтнээр тооцож тогтоолыг танилцуулсан,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.-т заасан эрүүгийн хэрэг үйлдсэн гэж ял сонсгож яллагдагчаар татах тогтоол үйлдсэн,

Налайх дүүргийн прокурорын газраас 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ц.*******ийг 2007 оны 5 дугаар сарын 23-наас 2009 оны 6 дугаар сарын 03-ны өдрүүдийн хооронд давтан 34 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч мэхлэн итгэл эвдэн залилж мэхэлсэн үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дахь хэсэгт зааснаар 82 дугаар яллах дүгнэлт үйлдсэн,

82 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад Ц.*******ийг 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 сар 19 хоног цагдан хоригдсон, мөн эд хөрөнгө барьцаалах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, барьцааны 500 000 төгрөгийг шүүхэд шилжүүлснийг дурдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17Б дугаар шүүгчийн захирамжаар сэжигтэн Ц.*******ийг 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагаас эхлэн ШШГЕГазрын харъяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17В дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийг 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагаас эхлэн цагдан хорьсон,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17д1 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийн хорьж мөрдөх 1 дүгээр хугацааг 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 30 хоногоор сунгасан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 17д2  дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийн хорьж мөрдөх 2 дугаар хугацааг 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 30 хоногоор сунгасан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17д3  дугаар шүүгчийн захирамжаар яллагадагч Ц.*******ийн хорьж мөрдөх 3 дугаар хугацааг 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 30 хоногоор сунгасан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17д4 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийг хорьж мөрдөх 4 дүгээр хугацааг 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 30 хоногоор сунгасан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17г дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан,

2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/01 дугаар Налайх дүүргийн прокурорын тогтоолоор Ц.*******ээс 500 000 төгрөгийг барьцаалж, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсан,

2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/10 дугаар Налайх дүүргийн прокурорын тогтоолоор яллагдагчийн зарим үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосон. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.*******эд холбогдох эрүүгийн хэргээс иргэн Гантөмөрийн 250 000 төгрөг залилан мэхэлж авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шүүхийн тогтоолоор Ц.******* нь 2011 оны 1 сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтад авсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн хугацаанд 3 удаа шүүх хуралдаан хойшилж товлосон зарыг мэдсээр байж зориуд шүүн таслах ажиллагааг тасалдуулж шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилсан боловч хаягтаа байхгүй, байгаа газар нь мэдэгдэхгүй байх тул Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1.-д заасан ял нэмж сонсгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж барьцааны 500 000 төгрөгийг улсын орлогод оруулсныг дурдан шийдвэрлэсэн,

2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/11 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч Ц.*******ийг эрэн сурвалжилсан,

2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/56 дугаар прокурорын тогтоолоор түдгэлзүүлсэн хэргийг сэргээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацааг 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 30 хоногоор тогтоосон,

2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.*******ийг давтан үйлдлээр бусдаас мөнгө залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ шалгагдаж байхдаа шүүхээс оргон зайлсан хэрэгт сэжигтнээр тооцсон,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 51А  дугаар шүүгчийн захирамжаар сэжигтэн Ц.*******ийг 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагаас эхлэн ШШГЕГазрын харьяа Налайх дахь ШШГхэсгийн баривчлах байранд баривчилсан,

2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн тогтоолоор Ц.*******эд сонсгосон эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дэх хэсэгт заасан ял дээр нэмж таслан сэргийлэх арга хэмжээ зөрчиж шүүхээс оргон зайлсан хэрэгт мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан ялыг нэмж сонсгосон,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 51д5 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийг хорьж мөрдөх 5 дугаар хугацааг сунгаж 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 30 хоногоор сунгасан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 51д6 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийг хорьж мөрдөх 6 дугаар хугацааг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 30 хоногоор сунгасан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд 2 өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Ц.*******ийг бусдын хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүн таслах ажиллагаанаас зориудаар зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т зааснаар шүүгдэгч Ц.*******эд 300 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т зааснаар шүүгдэгч Ц.*******эд 300 000 төгрөгийг эд хөрөнгийг хурааж, 10 жил 6 сарын хорих ял мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 12 жилийн хорих ялаар тогтоож, Ц.*******ийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцон, дээрхи 12 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ц.*******ийн цагдан хоригдсон 245  хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож....” шийдвэрлэсэн байна

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар магадлалаар Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.*******эд холбогдох хэрэгт яллах дүгнэлтэд бичсэн хохирлын хэмжээ зөрүүтэй тооцсон, шууд бус хохирол нэмж гаргуулсан, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Багахангай, Налайх дүүргийн прокурорын газарт буцаасан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 17д10 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийг хорьж мөрдөх 10 дугаар хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоногоор сунгасан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 17д11 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийг хорьж мөрдөх 11 дүгээр хугацааг 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 30 хоногоор сунгасан,

Налайх дүүргийн прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/12 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргээс яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон Үүнд: хохирогч П.*******гээс 9 870 000 төгрөг, 8 920 ам доллар залилсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/12А дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргээс яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үүнд: Ц.*******эд холбогдох хэргээс иргэн *******аас 10 000 000 төгрөг залилан авсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/43 дугаар прокурорын яллах дүгнэлтээр Ц.******* 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын хооронд нийт 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр иргэн П.*******гийн 29 600 000 төгрөг 21 800 ам доллар бүгд 54 880 800 төгрөгийг 2 давхар хувийн сууц барьж өгнө хэмээн залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4. дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 1 жил 8 сарын хугацаанд шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1. хэсэгт зааснаар яллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаар захирамжаар яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар сунгасан

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан эхлэх хүртэл  шүүгдэгч Ц.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх дүүргийн прокурорын газарт буцааж Ц.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17г дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.*******ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг авсан,

2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/203 дугаар Налайх дүүргийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Ц.*******эд холбогдох эрүүгийн 20942254 дугаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/203 дугаар прокурорын тогтоолд иргэн П.*******гээс гаргасан хохирол барагдуулж, хариуцлага тооцуулах тухай гомдлыг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Налайх дүүргийн прокурор Н.Найгалдоржийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/203 дугаар шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан үйл баримтууд бий болжээ.

Эндээс үзэхэд 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ц.*******эд бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.-т зааснаар, мөн шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэлд эрүүгийн 20942254 дугаар хэрэг үүсгэн шалгаж байсан, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/203 дугаар Налайх дүүргийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Ц.*******эд холбогдох эрүүгийн 20942254 дугаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэх явцад Ц.******* 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд 427 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна.

Ц.*******эд холбогдуулж шалгасан эрүүгийн хэрэг Налайх дүүргийн прокурор Н.Найгалдоржийн тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн, Ц.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тул 427 хоног хууль бусаар цагдан хоригдсон гэж үзэх үндэслэл бий болж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1., 389.2.3.-т заасан үндэслэлээр Ц.*******эд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсчээ.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр нь авч үзвэл;

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3. дах хэсэгт заасан хугацааны дотор шаардсан байгаа нь мөн хуулийн 396.1.-д зааснаар хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй, хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1.-д заасныг үндэслэн хууль бус ажиллагааны улмаас иргэний амьжиргааны үндсэн эх үүсвэр орлогыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2., 59.3.-т заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, хохирлын хэмжээг тооцож олгох нь хуульд нийцнэ.

2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 174 хоногт Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосны дагуу нэг цагт 642,85 төгрөг, сард 108 000 төгрөгөөр тооцож, /642,85төгрөг х 8 цаг=5142,8төгрөг х 174хоног=/894847 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолд зааснаар бодоход, 253 хоногт нэг цагт 835,71 төгрөг, сард 140 400 төгрөгөөр тооцож, /835,71 төгрөг х 8 цаг=6685,68төгрөг х 253хоног=/1 691 477 төгрөг нийт 2 586 324 төгрөгийг бүгд 427 хоног хууль бус цагдан хоригдсоны хохиролд тооцон олгох үндэстэй.

2. 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Налайх дүүргийн прокурорын тогтоолоор 500 000 төгрөгийн эд хөрөнгө барьцаалж таслан сэргийлэх арга хэмжээ авсан, уг барьцаа болгож хураагдсан 500 000 төгрөгийг, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шүүхийн тогтоолоор улсын орлого болгосон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дугаар зүйлийн 390.1.3., 390.5. дах хэсэгт заасныг баримтлан улсын төсвөөс буцаан олгож нөхөн төлөх үндэстэй.

3. Хэрэгт шалгагдах явцад ажил эрхлэх боломжгүй байснаас олох байсан орлого гэж 8 000 000 төгрөг шаардсан нь ямар ажил үүрэг эрхэлж ямар орлоготой байсан болон 8 000 000 төгрөгийн орлогоо алдсан болохоо баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлд туссан эд хөрөнгийн, хуулийн 391 дүгээр зүйлд туссан эдийн бус хохирлоос бусад хохирол буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т заасан зайлшгүй орох байсан орлогоо ямар нэг баримтаар тодорхойлоогүй, энэ шаардлага нотлогдохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4.-т “хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй” гэжээ.

4. Нэхэмжлэгч тал шүүхэд 50 сая төгрөгийн сэтгэл санааны хохирол гэж нэмэгдүүлж шаардсанаа шүүх хуралдаан дээр 38 160 000 төгрөг болгож өөрчлөн шаардсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1.1. дэх хэсэгт эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлөхөөр зохицуулсан ба Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.”Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан зохицуулалттай нийцүүлж үзэхэд, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн зохицуулалтад хууль бус ажиллагааны улмаас учирсан сэтгэл санааны хохирол хамаарахгүй байгаа нь энэ хохирлыг шаардах эрх үүсэхгүй болж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дугаар зүйлийн 390.2. дох хэсэгт нарийвчлан заасан улсын төсвөөс нөхөн олгогдох хохиролд эд хөрөнгийн бус хохирол хамаарахгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэлээр шаардаж буй 38 160 000 төгрөгийн сэтгэл санааны бодит хохирол тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтод хоригдож байхдаа өвдсөн тухай тодорхойлсон байх ба харин хоригдсоны улмаас өвчилсөн, өвчин хүндэрсэн, эмчилгээний зардал гарсныг нотлохгүй, мөн ээж нь нас барсан үйл баримт сэтгэл санаанд ямар үр дагавар хор хохирол учирсан нь баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасан хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.4., Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д заасныг тус тус баримтлан Төрийн сан буюу Засгийн газрын нөөц сангаас /894 847+1 691 477+500 000/ 3 086 324 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******эд олгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тооцон шаардсан нийт дүн болох 124 644 000 төгрөгөөс үлдэх 121 557 676 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.8. “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон прокурор, шүүхийн байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас улсад учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг холбогдох байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүхэд гаргана.” гэж заасан ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5. “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж зохицуулсныг үндэслэн төр учирсан хохирлоо хуульд заасан журмаар шаардан гаргуулах эрх нээлттэй олгогдсоныг тэмдэглэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.4., Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д заасныг тус тус баримтлан Төрийн сан буюу Засгийн газрын нөөц сангаас 3 086 324 /гурван сая наян зургаан мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ийн *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121 557 676 /нэг зуун хорин нэг сая таван зуун тавин долоон мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.УРАНЧИМЭГ                                                                                                               ШҮҮГЧИД                            Б.НАРМАНДАХ                                                                                                                                                             З.ТҮВШИНТӨГС