Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 225/МА2024/00016

 

 

 

 

 

 

ТХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2024/00467 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ТХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б, Н.Бнарт холбогдох

Малчны зээлийн гэрээний үүрэгт 23,426,361.1 (хорин гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Зээлдэгч Н.Б, хамтран зээлдэгч Н.Бнар нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын *******наас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 000 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 18,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, сарын 1,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,990,158.90 (нэг сая есөн зуун ерэн мянга нэг зуун тавин найман төгрөг ерэн мөнгө) төгрөг, нийт 4,990,158.90 (дөрвөн сая есөн зуун ерэн мянга нэг зуун тавин найман төгрөг ерэн мөнгө) төгрөг төлж, нийт зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг болсон.

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэмэлтээр 6,000,000 төгрөг авч нийт зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг болсон. Зээлдэгч нь зээл хүүгийн төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 25-нд зээлийн хүүд 100,810 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5,479,129.37 (таван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун хорин есөн төгрөг гучин долоон мөнгө) төгрөгийн төлбөрийг төлж үндсэн зээл 18,000,000 төгрөг үлдсэн.

Зээлдэгч нар нь зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 344 хоног хугацаа хэтрүүлсэн болно.

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,258,952.88 (таван сая хоёр зуун тавин найман мянга есөн зуун тавин хоёр төгрөг наян найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,408.22 (зуун жаран долоон мянга дөрвөн зуун найман төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг, нийт 23,426,361.1 ( хорин гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нар зээлийн гэрээнд зурсан гарын үсэг өөрсдийнх нь мөн эсэх талаар маргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь зээлдэгч нарынх биш гэж гарсан хэдийч банк тухайн зээлийг зээлдэгч Н.Бгийн зээлийн дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нь өмнө авсан зээлээ төлж байгаад дахин зээл нэмж авсан болох нь нотлогддог.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,258,952.88 (таван сая хоёр зуун тавин найман мянга есөн зуун тавин хоёр төгрөг наян найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,408.22 (зуун жаран долоон мянга дөрвөн зуун найман төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг, нийт 23,426,361.1 (хорин гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөгийг зээлдэгч нараас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар: ...үндсэн зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,258,952.88 (таван сая хоёр зуун тавин найман мянга есөн зуун тавин хоёр төгрөг наян найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167,408.22 (зуун жаран долоон мянга дөрвөн зуун найман төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг, нийт 23,426,361.1 (хорин гурван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө) төгрөгийг зээлдэгч нараас гаргуулна. гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бгийн тайлбар татгалзлалын агуулга: ...2022 оны 2 дугаар сарын орчим намайг сумын төв орчим ...миний утас руу *******наас ярьж байна зээлээ төл гэж ярихаар нь юун зээл надад авсан зээл байхгүй шүү дээ гэхэд та *******наас зээл аваад уг зээлээ төлөөгүй байна гэсэн. Ингээд би *******ин дээр очиж Өлзийсайхан гэдэг теллертэй уулзахад би үндсэн зээлдэгчээр дүү Бхамтран зээлдэгчээр оролцоод 2021 оны 1 сарын 14-ний өдөр 18 сая төгрөг, 2021 оны 7 сарын 26-ны өдөр 6 төгрөг авсан байсан. Дүү бид 2 өөрсдөө зээл аваагүй байхад яагаад ийм их зээл гарчихдаг юм бол гээд тодруултал ээж Наранчимэгийн найз Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын *******ны эрхлэгчээр ажиллаж байсан Х гэдэг эмэгтэй бид нарын нэрийг барьж, хуурамч материал бүрдүүлэн дүү бид хоёрын өмнөөс гарын үсгийг зурж тус банкнаас мөнгө зээлж аваад уг мөнгөө буцаан төлөөгүй нь тодорхой болсон. ...Би бол банктай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй учраас төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй. Үндсэн зээлдэгчээр би банкнаас ямар нэгэн зээл аваагүй, харин тус банкны захирал байсан н.Х нь уг зээлийг өөртөө авсан гэсэн. Уг зээлнээс н.Х төлнө гэж байсан. Н.Хыг цагдаагийн байгууллагад өгсөн түүнийг шалгаж байгаа гэсэн ба холбогдох баримтыг ИХШХША-ны үед шүүхийн шатанд гаргаж өгөх болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Н.000, Н.Б нараас 18,000,000 (арван найман сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тхувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,426,361.1 (таван сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун жаран нэг төгрөг нэг мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Тхувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,082 (хоёр зуун далан таван мянга наян хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.000, Н.Б нараас 247,950 (хоёр зуун дөчин долоо есөн зуун тавь) төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 18 (арван найм) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, Тхувьцаат компанид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: ...Бид ТХК-тай зээлийн гэрээ огт байгуулж байгаагүй ба бидний нэр дээр зээл гарсан талаар огт мэдээгүй. Тухайн зээлийг н.Х гэх хүн гарын бидний үсэг дуурайлган зурж авсан байсан. Бид хоёр сум орж банкнаас зээл авах шаардлага байхгүй, сум орох боломж ч байдаггүй. Труу энэ амьдралдаа орж үзээгүй, тайгын мухарт амьдардаг. Бид хоёрт дансаа шалгах боломж байдаггүй. Бид Тдээр очиж зээлийн гэрээ байгуулж огт зээлж авч байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... ба өөрсдийн тайлбараа нотлох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ТХК, Н.Б, Н.Бнарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан дугаар 000, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан дугаар МЫ000 зээлийн гэрээнд зурагдсан зээлдэгч нарын гарын үсэг нь хариуцагч Н.Б, Н.Бнарын гарын үсэг мөн эсэхэд гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээн дээрх гарын үсэг нь бид нарын гарын үсэгтэй тохирохгүй тухай дүгнэлт гарч, хавтаст хэрэгт авагдсан.

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан, хариуцагч нар зээлийн гэрээнд гарын үсгээ өөрсдөө зурсан байх боломжтой боловч шинжээчийн дүгнэлтээр биш гэж гарч ирж байгаад гайхаж байна гэж тайлбарлаж байх боловч тухайн зээлийн гэрээ талуудын сайн дурын үндсэн дээр бичгээр байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан гэдэг нь хэрэг авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна....гэж дүгнэсэн. Шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, тухайн зээлийн гэрээ талуудын сайн дурын үндсэн дээр бичгээр байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан гэдэг нь хэрэг авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэсэн атлаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б, Н.Бнараас зээлийн төлбөрт 18,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлагынхаа үндэслэл болгосон нотлох баримт болох зээлийн гэрээн дээрх зээлдэгч нарын гарын үсэг нь хариуцагч нарын гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул талууд зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Мөн *******ны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвийн захирал Б.Х гэгч нь уг зээлийг Н.Б, Н.Бнар авсан мэтээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, баримт бүрдүүлэн, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын *******наас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18,000,000 төгрөгийн, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэмэлтээр дахин 6,000,000 төгрөгийн зээлийг тус тус авч захиран зарцуулснаа зөвшөөрдөг.

Энэ нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Баасанжавын...Намайг теллер дээр үйлчлүүлж байхад ТХК-ийн захирал н.Хишгээ дуудахаар нь өрөөнд нь орсон. Гэтэл та энэ данс руу 10,000,000 төгрөг хийгээд өгөөч маргааш буцааж өгье гэхээр нь шилжүүлсэн. Түүнээс биш яг хэний данс руу мөнгө шилжүүлсэн талаараа сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлгээр давхар нотлогддог. Гэтэл шүүх гэрчийн дээрх мэдүүлгийг эсрэг талаас нь үнэлж, ТХК, зээлдэгч Н.Б, Н.Бнарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр MN000, дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 000 дугаар зээлийн гэрээ тус тус байгуулагдсан болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан тул ТХК шаардах эрхтэй гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын заримт хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагатай нийцсэнгүй. Нөгөө талаар шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх ёстой гэтэл үндэслэх хэсэг дүгнэлт хоорондоо илт зөрүүтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч ТХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Б, Н.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,426,361.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. Зохигчийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 000 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 000 тоот барьцаат зээлийн гэрээ тус тус байгуулагдсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор уг зээлийн гэрээг бусад нотлох баримтын хамтаар шүүхэд ирүүлжээ.

Дээрх барьцаат зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсгүүд нь хариуцагч Н.Б, Н.Бнарын гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй талаар Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 36, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ.

  Учир нь хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, тухайн үед Баянзүрх тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Х тэдний нэр дээр зээл авсан гэх үйл баримтыг тайлбарласан ба үүнийг анхан шатны шүүх огт шалгаагүй байна.

Мөн хариуцагч нарын тайлбарласнаар Н.Б, Н.Бнарын гомдлоор Б.Хыг тэдний нэр дээр зээл авсан асуудлыг Авлигтай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа гэсэн ба энэхүү асуудал нь эрүүгийн хэргийн журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь иргэний хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Н.Б /1 дүгээр хавтаст хэргийн 205-р тал/, Хөвсгөл аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Л.Отгончимэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-р тал/ нар нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл уг иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШЗ2024/00221 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан.

Мөн хариуцагч нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Хын эрүүгийн хэргийг эцэслэж шийдвэрлэгдэж дуустал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2024/001618 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хангахаас татгазсан захирамжууд нь илт үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.

Учир нь Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1374 дугаартай ...Наранчимэгээс гаргасан охин Н.Бд зээл олгосон гэх асуудлыг шалгуулахаар гаргасан гомдлыг нэгтгэн шалгаж байна... гэх албан бичгээр хариуцагч Н.Б, Н.Бнарын гомдлоор Б.Хд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж үзэхээр байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болох юм.

Нөгөөтэйгүүр *******ны Хөвсгөл салбарын Баянзүрх тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Хыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй тохиолдолд уг хэрэгт нэхэмжлэгч буюу ТХК-ийн Хөвсгөл салбар нь иргэний нэхэмжлэгч эсхүл хохирогчоор тогтоогдсон эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний маргааныг нэг мөр шийдвэрлэхийн тулд дээр дурдсан үйл баримтыг нотлох баримтаар тогтоож, мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.

Гэтэл шүүх зээлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй гэж дүгнэсэн атлаа 18,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн дээр шүүх, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан, талуудыг мэтгэлцүүлэн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцэх юм.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Тхувьцаат компани, зээлдэгч Н.Б, Н.Бнарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 000 дүгээр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 18,000,000 төгрөгийг 22.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай байхаар талууд тохиролцож, зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н.Бгийн *******ны 000 дүгээр зээлийн дансанд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Малчин зээл олгов. Б НАРАНЧИМЭГ гэх утгаар 18,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлдэгч нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн хүү 4,676.50 төгрөг, 100,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,886,003.29 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үндсэн төлбөр 3,000,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлж, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг дээр нэмэлтээр 6,000,000 төгрөгийг нэмж Зээл олгов гэх утгаар шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж эсрэг дүгнэлт хийжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж, тэдгээрийн талаар шүүхийн хийж буй дүгнэлтийг тусгана гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүйн дээр шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцлийг хангасан байх шаардлага хангаагүй байна.

Мөн анхан шатны шүүхийн тогтоогдсон гэх үйл баримтад ирээдүйд болох цаг хугацаа буюу 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үндсэн төлбөр 3,000,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн гэж үзсэн нь ойлгомжгүй.

Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлсан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх юм.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Н.Бгийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 /хоёр зуун дөчин долоо есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

Н.БАЯРХҮҮ